Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2016/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                  Хэргийн индекс: 171/2015/0312/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч П.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Иргэдийн төлөөлөгч Ж.О,
Улсын яллагч Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Хохирогч Б.Г ,
Шүүгдэгч С.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт Ч  овогт С ийн Э -д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000199 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч  овогт С ийн Э , .......  аймгийн ......  суманд ...... оны ......  дугаар сарын .. -ны өдөр төрсөн, эрэгтэй, .....  настай, .....  аймгийн .....  сум, ...  дугаар баг, .........  тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл ..... , ..........-ийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, /регистрийн дугаар: .......... /, 

Шүүгдэгч С.Э  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр .....  аймгийн ........ сумын ........  дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ....  дугаар байрны ......  тоотод иргэн Б.Г той цамцаа өгсөнгүй гэснээс болж маргалдан улмаар түүнийг зодож, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/,

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 14 цагаас 15 цагийн орчим Г , М , лам Ц  нартай хамт Б ын гэрт нэг шил Чингис архитай орж хувааж уугаад гараад явсан. Тэгээд би Г ыг хэдэн цагт буцаж орж ирсэн гэдгийг санахгүй байна. Би ууж байгаад тасарчихсан байсан, тухайн үед Г той хэрэлдэж зодолдсоноо санахгүй байгаа. Б ын гэрээс гараад гэр үрүүгээ очсоноо санаад өөр зүйл санахгүй байна. Би архи уугаад согтохоороо үйл явдлыг санадаггүй атлаа үйлдэл хийгээд яваад байдаг юм. Архинаас болж энэ үйл явдал болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчтой уулзаж, ажил хийж байгаад хохирол төлбөрийг төлнө гэсэн бодолтой байгаа, 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б ын гэрт Ө , Б  бид гурав согтуу байж байтал өдрийн цагаар байх /цагийг нь сайн санахгүй байна/ М , лам хочтой Ц , Г  нар орж ирэхдээ том шилтэй Чингис архи авч орж ирээд тэр архийг хувааж уусан. Архи дуусаад М , Ц , Г  нар гараад явсан. Үүнээс хойш би согтоод юу болсныг сайн санахгүй байна. Миний санаж байгаа зүйл гэвэл ээжтэй утсаар яриад гэртээ очихоор болсон. Энэ үед Ө , Б , Г  нар байсан. Ө , Б  бид гурав том өрөөнд архи ууж байсан, Ө  жижиг өрөө рүү ороод Г ыг дуудаж босгосон. Ө , Г  хоёр түрүүлж гарсан. Б  бид хоёр араас нь гарахад Ө  орцны гадаа ганцаараа зогсож байсан. Тэгээд түүнээс Г ыг хаачсан талаар асуухад харилаа гээд явсан гэж хэлсэн. Ө , Б  бид хоёрыг комфорт зочид буудлын урдаас таксинд суулгаад гэр үрүү явсан. Би архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлж уухаараа болсон үйл явдлыг мартчихдаг юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105, 107-108, талууд/, 

Хохирогч Б.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 19 цагаас 20 цагийн орчим .........  дугаар байрны урд зүс таних Ө  гэгчтэй тааралдсан, тэр надаас тамхи асуухад би түүнд тамхи байхгүй гэж хэлсэн. Ө  хоёулаа 3 дугаар байрны захын орцны 3 давхарт байдаг Б ын гэр үрүү оръё тэнд тамхи байж магадгүй гэсэн би цуг явж ороход Б , Э  хоёр жижиг өрөөндөө сууж байсан. Ө  бид хоёр тэр хоёроос тамхи асуухад байхгүй гэсэн. Миний утасны цэнэг дуусаад байсан болохоор би Б , Э  хоёроос нокианы бүдүүн цэнэглэгч байна уу гэхэд Б  цэнэглэгч байгаа гээд надад цэнэглэгч өгөхөд нь би утсаа жижиг өрөөнд нь цэнэглээд сууж байтал Э  жижиг өрөөнөөс гарч явчхаад буцаж орж ирээд ноосон цамцаа өгчих гэхээр нь би түүнд чамд юу гэж өөрийнхөө өмсөж байгаа цамцаа өгөх юм бэ гэхэд Э  тэр өрөөнд байсан хар өнгийн цүнхнээс бэлтгэлийн өмд гаргаад чи энэ өмдийг өмсөөд жинсэн өмд, ногоон цамцаа надад тайлаад өгчих гэж хэлэхээр нь би “үгүй” гэж хэлсэн. /тухайн үед Ө , Б  нар хажууд байсан/ Тэгсэн Э  “би чамаас гуйж авах юм уу, чамайг алаад хаячихсан ч яадаг юм бэ” гээд куртканы захаас татаж, толгой дээгүүр давуулаад хавсарч шалан дээр унагааж, миний чээж үрүү нилээн хэдэн удаа өшиглөсөн. 
Ө , Б  нар боль гээд Э ыг надаас салгасан. Э  гар утсыг нь авчихъя гэхэд би цэнэглэж байсан утсаа аваад гартаа атгачихсан байсан. Би Б ын гэрээс гарах гээд жижиг өрөөнөөс коридор руу гарахад Э  араас /куртканы захаас/ татсан. Би эргээд харахад Э  намайг коридорын хананд шахаж байгаад хоёр гараараа ээлжилж хоёр талын хавирга руу хэд хэдэн удаа цохисон. Би амьсгаа авч чадахгүй байсан болохоор больё гэж хэлсэн. Э од цохиулж байх үед миний гутал тайлагдчихсан. Э  минйи гутлыг аваад жижиг өрөөний цонхны салхивчаар шидчихсэн. Ө  гарч миний гутлыг оруулж ирж өгсөн. Би гутлаа өмсөөд гарах гэж байтал Э  намайг дахин зодох гээд байсан. Харин Б , Ө  хоёр Э ыг хориглоод “болио чи хүн аллаа” гэж байсан. Ө  бид хоёр Б ын гэрээс түрүүлээд гарах гэж байтал Э  надаас “мөнгө байна уу би Б ыг дагуулаад тосгон явах гэж байна, зардлын мөнгө өгчих” гэхээр нь би “мөнгө байхгүй” гэж Э од хэлчхээд Ө гийн хамт түрүүлээд гарсан. Э  “чамайг ална” гээд орилоод байсан. Орцноос гараад 3 дугаар байрны булан тойроод нуугдчихсан байсан. Ө  байрны буланд зогсож байсан. Б , Э  хоёр гарч ирээд комфорт буудлыг чиглээд явчихсан. Ө  нөгөө хоёр чинь явчихлаа гээд намайг түшээд тэр хоёрын араас явсан. Б , Э  хоёр хуучин ....... чиглэлийн таксинд комфорт буудлын урдаас суугаад явсан. Ө  намайг комфорт буудлын урд хүртэл дөхүүлж өгөхдөө надаас “гар утас чинь байгаа юу, гайгүй биздээ” гэж асуухад нь би ”миний гар утас надад байгаа, би гайгүй ээ” гэж хэлсэн. Энэ үед миний гар утас дуугарсан. Тэгэхэд Дархан зочид буудлын хажуугийн хийдийн лам Ц  гэдэг найз маань над руу залгаж “юу хийж байна” гэж асуусан. Би түүнд “Э од зодуулчихлаа хамраас цус гараад байна, амьсгалж болохгүй байна” гэж хэлэхэд Ц  “эмнэлэгт очиж үзүүлээч” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “гайгүй байлгүйдээ” гэж хэлээд утсаа тасалсан. 
Би гэртээ очоод жижиг өрөөндөө ороод шууд унтсан. Тэр орой миний чээжээр хөндүүрлээд амьсгалж болохгүй байсан болохоор би унтаж чадаагүй, өглөө нь аав Б д “миний хавирга хугарчихсан юм шиг байна, амьсгалж чадахгүй байна” гэж хэлэхэд аав надаас “яасан юм бэ хүнд зодуулчихсан юм уу” гэхэд би зөвхөн хавирга хугарчихсан байх гэж бодоод хүнд зодуулаагүй, уначихсан” гэж хэлсэн. Аав хүнд зодуулчихсан юм биш үү гэхэд нь би “үгүй” гэж хэлсэн. 2015 оны өглөө биеийн байдал муудаад түргэн дуудахад түргэний эмч ирж үзээд өвчин намдаах тариа хийгээд хүлээн авахад хүргэсэн. Чээжний зургаа авахуулахад биеийн байдал хүнд байна гэж эмч нар хэлж байсан. Гэмтлийн тасагт хэвтэж чээжний хөндийгөөс 2 литр цус авсан. Эмчилж байсан эмч “чи унасан бол энэ гэмтлийг авах ёсгүй, хүнд зодуулсан юм биш үү үнэнээ хэл” гэсэн. Тэгээд ээж Э-т хүнд зодуулсан гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, 

Хохирогч Б.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Одоо миний биеийн байдал зүгээр байгаа, шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
 
Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 3 дугаар сарын 02-ны өглөө 06 цагаас 07 цагийн орчим санагдаж байна. Г  өрөөнөөсөө ааваа та ороод ирээч намайг босгоод өгөөч гээд байсан. Би өрөөнд яваад ороход “чээжний орчим өвдөөд байна. Би шээмээр байна, босож чадахгүй байна” гэж хэлсэн. Би эхнэр Э-ийг дуудаж босгоод хажуугаар нь хэвтүүлж байгаад шилэн саванд түүнийг хөнгөнөөр бие засуулсан. Тэгээд “яасан юм бэ” гэж асуухад өчигдөр явж байгаад халтираад уначихсан гэж хэлж байсан. Г  өдөржин ёолж хэвтээд байхаар нь эхнэр Э  рүү утасдаж “хүүгийн биеийн байдал муу байх шиг байна, ёолоод хэвтээд байна” гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш цагийг нь нарийн сайн санахгүй байна, эхнэр Э-ийн суудаг лангуун дээр очиж /.......  дэлгүүр/ хүүгийн бие дээрдэхгүй байна, түргэн дуудах юм уу, яах вэ” гэж хэлсэн. Тэр өдрөө түргэн дуудалгүй харж хоноё, чээжээр нь өвдөөд байгаа юм чинь хавирга нь хугарсан байх, босоод ирэхээр нь рентгенд очиж харуулъя гэж бодоод эмнэлэгт хандалгүй дахин нэг хоносон. Г  шөнө нь унтаж чадахгүй, шөнөжин ёолсон. Маргааш нь 2015 оны 3 дугаар сарын 03-ны өглөө Г ын биеийн байдал бүр муудаад байхаар нь түргэн тусламжийн 103 дугаарын утсанд дуудлага өгөхөд түргэний эмч ирж үзээд яаралтай хэвтүүлэх шаардлагатай гэж авч яваад Г ыг гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Түүний эмчлэгч эмч Г д дотор эрхтэн гэмтэлтэй байна, яаралтай хагалгаанд орно, энэ гэмтэл нь хүнд зодуулахад үүсэх гэмтэл. Хэрэв унасан бол ийм гэмтэл учрах ёсгүй. Үнэнээ хэл гэж хэлсэн. Ээж нь сахиж үлдээд би гэр үрүүгээ харьсны дараа ээждээ бусдад зодуулсан талаар үнэнээ хэлж бид цагдаагийн байгууллагад хандах болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Гэрч Ц.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Шөнө нь Г  өрөөндөө ёолоод байсан. Маргааш нь 2015 оны 3 дугаар сарын 02-ны өглөө унтаж байхад нөхөр Б  намайг сэрээгээд хүү босож чадахгүй байна, бие засмаар байна гэнээ” гэж хэлсэн. Г ын өрөөнд ороход хувцсаа тайлалгүй унтсан байсан. Тэгээд ээжээ би өндийж чадахгүй байна гэсэн. Би яасан юм бэ гэж асуухад халтираад уначихсан гээд чээжнийхээ зүүн тал руу заагаад амьсгалж чадахгүй байна гээд байсан. Түүнийг халтирч унахдаа хавиргаа гэмтээсэн байна гэж бодоод босож чадахгүй байна гэхээр нь хэвтээгээр шилэнд бие засуулахад шээсэн нь улаан өнгөтэй байсан. Хавирга чинь хугарсан байж магадгүй шил сайн үлээгээрэй гээд гараад явсан. Намайг лангуун дээрээ ирээд сууж байхад нөхөр Б  утасдаад “хүү эвгүй байна, хоол, цай ч идэж уухгүй, ёолоод байна гэсэн. Би түүнд хавирга нь хугарсан юм байлгүй бие нь гайгүй болохоор рентгенд харуулъя гэж хэлсэн. Үдээс хойш Б  ирээд хүүгийн бие нэг л муудаад байна гэж хэлсэн. Тэгээд орой 20 цагийн үед гэртээ очиход Г  “ээжээ миний бие муу байна, амьсгалж чадахгүй байна” гээд байсан. Би хүүгийнхээ биеийг тэнхрэхгүй бол маргааш өглөө эмнэлэг рүү дагуулж явж үзүүлнэ гэж бодож хоносон. Тэгтэл тэр шөнөдөө унтаж чадалгүй ёолоод хоносон. 2015 оны 3 дугаар сарын 03-ны өглөө биеийн байдал хүндэрсэн байхаар нь яаралтай түргэн тусламжид дуудлага өгсөн. Эмч ирж үзээд эмнэлэгт хандалгүй яагаад удаж байгаа юм, яаралтай хэвтүүлэх шаардлагатай байна гээд аваад явсан. Миний хүүг гэмтлийн тасагт хэвтүүлсэн байсан. Эмч хэлэхдээ “биеийн байдал хүнд байна, дотор эрхтэн гэмтэлтэй байна яаралтай хагалгаанд орно. Г  өөрөө унасан гээд байх юм энэ гэмтэл нь хүнд зодуулснаас болж үүсэх гэмтэл учраас болсон явдлын талаар үнэнээ хэлэх шаардлагатай. Та сайн ярилц гэсэн тэгэхээр нь би Г д эмчийн хэлснийг дамжуулж хэлэхэд би халтирч унаагүй, худлаа хэлсэн юм. 2015 оны 3 дугаар сарын 01-ний орой Энхүүш гэдэг залууд зодуулсан. Түүний овгийг нь С  гэдэг юм гэж хэлсэн. Тэгээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, 

Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... шөнө 00 цаг өнгөрч байхад Г  над руу залгаад хаана байна гэж асуусан. Би гэртээ байна гэж хэлэхэд би цусаар бөөлжөөд байна гэж хэлэхэд нь эртхэн харь гэж хэлээд салгачихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 366 дугаартай шинжээчийн: “... Б.Г ын биед хавирга, чээжинд хий хуримталсан, хэвлийд цус хурсан чээжинд битүү гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28 дахь тал/, 

Хохирогч Б.Г ын өвчний түүх /хавтаст хэргийн 33-48 дахь талууд/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дахь тал/, согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3 дахь тал/,

Хохирогч Б.Г ын дахин байцаалт өгсөн: “... надад байгаа хохирлын баримт гэвэл Аймгийн нэгдсэн эмнэлэгт 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр тушаасан 300,000 төгрөгийн баримт байна. С.Э оос ямар нэг төлбөр мөнгө нэхэмжлэхгүй байгаа учраас өөр баримтуудыг хэрэгт хавсаргахгүй байх саналтай байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Э  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ........  аймгийн .......  сумын ........  дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах .......  дугаар байрны ........  тоотод иргэн Б.Г той цамцаа өгсөнгүй гэснээс болж маргалдан улмаар түүнийг зодож, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б , Ц.Э нарын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 366 дугаартай шинжээчийн дүгнэлт, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна. 
С.Э -д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Г  шүүхийн хэлэлцүүлэгт “одоо миний биеийн байдал зүгээр байгаа, шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч С.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч С.Э -д ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч С.Э  анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн, энэ хэргийн хохирогч нэхэмжлэх зүйл гомдол саналгүй, шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэлт гаргасан, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, мөн нөхцлийг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч С.Э ын үйлдсэн гэмт хэрэг нь Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул С.Э -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, үлдэх 1 жил 5 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна. 

С.Э ын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 86 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 , 284, 286, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ч  овогт С ийн Э ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э ыг 03 жил 05 сар /гурван жил, таван сар/-ын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.Э -д оногдуулсан 03 жил 05 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт зааснаар С.Э -ын цагдан хоригдсон 86 /наян зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч С.Э  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6.Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар С.Э -д оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, үлдэх 1 жил 5 сарын /нэг жил таван сар/ хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар С.Э -д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Э -д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Г.ГЭРЭЛТ-ОД

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Я.ТУУЛ

                                      ШҮҮГЧ                                         П.БАТТУЛГА