| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/02253/И |
| Дугаар | 101/ШШ2020/02789 |
| Огноо | 2020-08-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2020/02789
| 2020 08 07 | 101/ШШ2020/02789 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.А холбогдох
8,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, хариуцагч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2019 оны 3 дугаар сард Мөрөн сумын харьяат Э.******* нь Улаанбаатар хотод байдаг манай танил А.А гэдэг хүн байшингийн торх хэрэгтэй байна гэж надад захиад байгаа юм, би зуучлаад уулзуулаад өгье гэж ярьсан. Түүнээс хойш Э.******* нэхэмжлэгч Т.*******тай хэд хэдэн удаа уулзаж 6x7 харьцаатай бөөрөнхий дүнзэн байшингийн торхыг нь хотод оруулж барьж өгөх, А.А нь нэхэмжлэгчид 15,000,000 төгрөг өгье гэж тохирсноор Т.Мнь Чандмань- Өндөр сумаас байшингийн торхны гоожин /хэрэглээний модны гарал үүслийн эрхийн бичиг/ авч, модыг Хатгал тосгонд оруулж байшингийн торх болгон өрж байхад Э.******* ирж үзээд их гоё болж байна гэж зургийг нь дараад А.Аэд үзүүлэхээр явуулсан. Хариуцагч А.А нь Т.Мруу 4,000,000 төгрөг явуулаад, дараа нь тээврийн зардал 2,000,000 төгрөг явуулсан. Хариуцагч нь мөн 3 см-ийн 3 м3 банз авна гэж 450,000 төгрөг явуулсан боловч банзаа авахаа больсон, нэхэмжпэгч Т.Мнь торхыг хотод аваачиж барьж өгсөн тэгэхдээ 350,000 төгрөгөөр 1 хөрөө авахуулсан, торхыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “*******” гэдэг газар бариулсан. Хөдөөнөөс торхоо ачиж хотод ирээд “*******” гэдэг газар торхоо буулгахад хариуцагч А.А нь ирж харсан торхыг өрж байхад хугацаанд хүртэл ирж уулздаг байсан. Торхыг өрж дуусаад А нуруу босгохоор бэлдсэн модыг голсон, А нурууны модыг Э.******* нь болно гээд бэлдүүлсэн. Гэвч хариуцагч нь голсон учир нэхэмжлэгч Т.Мнь Хатгал сум руу мэргэжлийн байгууллагаар А нурууны мод бэлдүүлсэн боловч А.А нь бэлдсэн модыг хугацаандаа аваагүйгээр ажил зогссон. Хариуцагч А.Аээс Т.Мнь 6,800,000 төгрөг авсан тул үлдэгдэл 8,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А нь 3,370,000 төгрөг нэхэмжлэгч Т.*******д шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэгдэл 4,830,000 төгрөгийг А.Аээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* овогтой Аптансүх нь 2019 оны 3 дугаар сард өөрийн танил болох Э.*******той 6х7 харьцаатай бүтэн дүнзэн торх авахаар тохиролцсон. Үүнд зургийн дагуу дүнзэн торхыг бэлтгэх, дүнзний диаметр нь 25 см-ээс дээш байхаар үнийн дүн нь 13,000,000 төгрөгөөр тохиролцсон болно. Хатгал орж Т.Мгээд мод бэлтгэж байгаа залуутай хамт уулзаж зураг болон дүнзний диаметрийг тохиролцсон болно. Ингээд 6 дугаар сард Т.Мнь торхоо авчирж өрөхөд зураг болон модны диаметр нь тохиролцсон хэмжээснээс зөрсөн. Мөн дээврийн дүнзэн моднууд нь огт ирээгүй болно. Ийм учраас дээврийн дүнзэн моднуудыг авчирахаар Хатгал руу явсан. Энэ өдрөөс хойш Т.*******тай холбогдоогүй, 7 дугаар сард эхнэртэй нь холбогдож “Яасан бэ? Т.Мхаачсан бэ? Байшингаа барьж дуусгаж өгөхгүй юм уу?” гэж асуухад “Мод байхгүй ээ, дуусгах боломжгүй болсон” гэж хэлсэн. Тэрнээс хойш Э.*******той байнга холбоо барьж торхоо дуусгах талаар асуухад “Т.*******г хайж байна” гэдэг байсан. Сүүлдээ Т.Мбарьж чадахаа болилоо гэж байна. Би барьж дуусгаж өгье гэсэн. Одоо энэ торхны мод тохиролцсоноосоо 70 хувийн гүйцэтгэлтэй нийт 10 сая 300 мянган төгрөг Э.******* болон Т.Мнарт шилжүүлсэн болно. 6 дугаар сард шүүхээс бичиг ирэхэд Э.*******той холбогдож “Т.Мшүүхэд гомдол гаргасан байна” гэхэд Э.******* 3,370,000 төгрөгийг одоо шилжүүлчих. Бид нар гомдлоо татаж авья” гэж тохироод мөнгөө 6 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлж авсан. Ингээд би хоорондоо өгөө аваагүй болсон гэж ойлгосон. Цаашдаа Э.*******, Т.Мнар хоорондоо учраа ололцсон нь дээр болов уу гэж бодож байна. Миний хувьд бол захиалсан торх нь хэмжээндээ хүрээгүй, бүрэн гүйцэт байгаагүй, барьж өгөөгүй дутуу орхиж зугтаагаад явцгаасан тул гомдолтой байсан.
Иймд А нурууны модоо авчирч өгвөл үлдэгдэл 2,830,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Мнь хариуцагч А.Аэд холбогдуулан 8,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 3,370,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр энэхүү шаардлагаасаа татгалзаж, одоо үлдэгдэл 4,830,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч А.А нь 6х7 харьцаатай торх авах болон бариулахаар 13,000,000 төгрөгөөр тохирч, миний бие 10,300,000 орчим төгрөгийг төлчихсөн, хэрвээ А нурууны модоо авчраад өгвөл үлдэгдэл 2,830,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж маргаж байна.
А.А нь 2019 оны 3 дугаар сард Э.*******оор зуучлуулан Т.*******тай холбогдож, Хөвсгөл аймгаас 6х7 харьцаатай бөөрөнхий дүнзэн байшингийн торхыг Улаанбаатар хотод оруулж ирүүлэх, мөн бариулахаар, хөлсийг 13,000,000 төгрөгөөр тохирсон болох нь зохигчдын тайлбар, гэрч Э.*******ын мэдүүлэгээр тогтоогдож байна.
Харин зохигчид 15,000,000 төгрөгөөр тохирсон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Т.Мнь 2019 оны 6 дугаар сард дүнзэн байшингийн торхыг Улаанбаатар хотод А.Аэд авчирч өгсөн, ийнхүү авчирч өгөхөд А нурууны дүнзний диаметр нь 25 см-т хүрэхгүй байгаа талаар А.А нь Э.******* болон Т.Мнарт мэдэгдэж, улмаар Т.Мнь хүлээн зөвшөөрч, Хөвсгөл аймгийн Хатгал сум руу мэргэжлийн байгууллагаар мод бэлдүүлсэн, торхыг Т.Мнь барьж байсан боловч дутуу орхисон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч А.А нь өөрийн Хаан банкны ******* тоот данснаас 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 450,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, мөн Т.Мнь торхыг барьж өгөхдөө 350,000 төгрөгөөр хөрөө авахуулсан, нийтдээ 6,800,000 төгрөгийг Т.*******д шилжүүлсэн болох нь Т.*******гийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3,370,000 төгрөгийг шилжүүлээд бүх асуудлаа дуусгавар болгоё гэсэн агуулгаар А.А нь 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Э.******* руу 3,370,000 төгрөгийг шилжүүлж, Э.******* нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 6 дугаар сарын 11-ний өдөр 370,000 төгрөгөөр тус тус Т.Мөнхдалагийн Хаан банкин дахь ******* тоот дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Ингээд А.А нь нийт 10,170,000 төгрөгийг Т.*******д шилжүүлж, одоо үлдэгдэл нь 2,830,000 төгрөг байна.
Эдгээрээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” үүргийг ажил гүйцэтгэгч хүлээх бөгөөд Т.Мнь ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул хариуцагч А.А нь Т.*******гийн нийлүүлсэн торх болон ажлын хөлсөнд тохирох зардлыг төлсөн гэж тайлбарлаж буй нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2, 346 дугаар зүйлийн 346.2-т заасан зохицуулалтад нийцэж байна.
Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан журмыг хариуцагч баримталж буйг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч А.Аээс 4,830,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Мөнхдалагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ