Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01052

 

                                                             ****, ****, ****, ****,

                                                              **** нарын нэхэмжлэлтэй

                                                                 иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2020/00862 дугаар шийдвэр, 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 114 дүгээр магадлалтай, 

****, ****, ****, **** **** нарын нэхэмжлэлтэй,

****т холбогдох 

Ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, Нар туссан цаг, Өнөөгийн **** ****уудын нүүрэнд уучлалт хүсэж мөн олон нийтийн Youtube сүлжээнд залруулга хийлгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ****ийн нэхэмжлэгч ****т холбогдуулан гаргасан нийгмийн байдал, үзэл бодол, насаар ялгаварлан гадуурхсан, ажлын байрны дарамт үзүүлсэн, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлээр олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчсөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч ****ийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ****, ****, ****, **** **** нар нь ****т холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, Нар туссан цаг, Өнөөгийн **** ****уудын нүүрэнд уучлалт хүсэж мөн олон нийтийн Youtube сүлжээнд залруулга хийлгэхийг даалгуулахаа шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, ****т холбогдуулж нийгмийн байдал, үзэл бодол, насаар ялгаварлан гадуурхсан, ажлын байрны дарамт үзүүлсэн, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлээр олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчсөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2020/00862 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ****, **** ****, ****, Б.Одонтуяа нарын хариуцагч ****т холбогдуулан гаргасан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх Нар туссан цаг, Өнөөгийн **** ****уудын нүүрэнд уучлалт хүсэж мөн олон нийтийн мэдээллийн Youtube сүлжээнд залруулга хийлгүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10-т заасныг баримтлан хариуцагч ****ийн нэхэмжлэгч ****т холбогдуулан гаргасан нийгмийн байдал, үзэл бодол, насаар нь ялгаварлан гадуурхсан, ажлын байрны дарамт үзүүлсэн, Үндсэн хуулийн 16-р зүйлээр олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчсөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 114 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2020/00862 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ****ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч ****ийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх “ **** ****” ****-ын боловсон хүчний захиргааны газрын дарга ****аас иргэн **** надад албан тушаалын дарамт үзүүлсэн гэх гомдлыг хэрэгсэхгүй болгосон гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй. Би дарамтад орсон тухайгаа, шүүмжлэл хэлж иргэний эрхээ эдэлсний төлөө цагдаагийн байгууллагад гомдол гаргаж бүтэн жилийн турш намайг ажил хийлгэлгүй цагдаагийн байгууллагад дуудуулж сэтгэл санааны дарамтад оруулсан тухай бүх баримтыг хангалттай өгсөн байхад нотлох баримтгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь шүүх нотлох баримтыг судлаагүй, үнэлээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн. Миний олон жил хийж ирсэн ажлыг өөрийн хамаарал бүхий найз нөхдөдөө хуваан өгч, намайг ажилгүй болгон өрөөний мануухай болгон, бүтэн жил суулгаж, өөрөөр минь өргөдөл бичүүлж, ажлаас халагдуулах дарамт үзүүлсэн арга байсан байхад шүүх үүнийг бас үнэлээгүй, нотлох баримт гэж үзээгүй, үнэлээгүй нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Анхан шатын шүүх миний гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны явцад шинжлээгүй, хариуцагчаас асуугаагүй, тодруулалгүй хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх дүгнээгүй нь магадлал хууль ёсны болж чадаагүй. Ажлын байрны дарамт учруулсан үйлдэл бүрийг шалгаагүйгээр хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны шийдвэр гаргах боломж олгоогүй байна. Иймд дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч ****ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ****, **** ****, ****, Б.Одонтуяа нарын хариуцагч ****т холбогдуулан гаргасан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх Нар туссан цаг, Өнөөгийн **** ****уудын нүүрэнд уучлалт хүсэж мөн олон нийтийн мэдээллийн Youtube сүлжээнд залруулга хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10-т заасныг баримтлан хариуцагч ****ийн нэхэмжлэгч ****т холбогдуулан гаргасан нийгмийн байдал, үзэл бодол, насаар нь ялгаварлан гадуурхсан, ажлын байрны дарамт үзүүлсэн, Үндсэн хуулийн 16-р зүйлээр олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчсөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

7.Анхан болон давж заалдах шатны шүүхээс ****, **** ****, ****, Б.Одонтуяа нарын хариуцагч ****т холбогдуулан гаргасан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, Нар туссан цаг, Өнөөгийн **** ****уудын нүүрэнд уучлалт хүсэж мөн олон нийтийн мэдээллийн Youtube сүлжээнд залруулга хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч нар хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хариуцагчийн гомдлын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

8. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

9. ****, **** ****, ****, Б.Одонтуяа нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хүний нөөцийн дарга нарын нэр төрд халдаж, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж, Нар туссан цаг ****ы 2019.07.06-ны өдрийн 12 дугаарт Ёс суртахуун гэдэг нь хүнлэг, шударга байдал юм гэсэн гарчигтай нийтлэл гаргасан бөгөөд уг нийтлэлд **** үйлдвэрийн хүний нөөцийн бодлого тодорхойлохын аргагүй будилаантай байна. Хүний нөөцийн дарга нь бусдад хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой...өндөр ёс зүйтэй, манлайлагч байх ёстой. Гэтэл мэдлэг чадвартай үнэт капиталуудыг хүндэлдэггүй, хүний нөөцийн бодлогыг гардан хийх туршлагагүй сулхан хүн тавигдсан явдалд харамсаж байна гэж олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019.09.22-ны өдөр Орхон аймгийн иргэдтэй уулзахад 400-аад хүний өмнө **** нь хүний нөөцийн дарга нар дээр маш шударга бус, хүний нөөцийн менежмент мэддэггүй, хүний үнэ цэнийг ойлгодоггүй, хүн капиталын үнэ цэнийг мэддэггүй хүмүүс ажиллаж байна гэх мэдээллийг хийж, түүний үг хэлж байгаа бичлэг Youtube дээр байршсан байгаа нь хүний нөөцийн дарга нар, Захиргаа хүний нөөцийн удирдлагын багт ажилладаг бидний ажил хэргийн нэр хүндэд халдсан байх тул дээрх мэдээллийн үнэн зөвийг нотлуулах, хэрэв нотолж чадахгүй бол Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар уг мэдээг тараасан хэлбэр, мэдээллийн хэрэгслээр залруулах үүргийг даалгуулах...” гэж тодорхойлсон байна. 

10. Хариуцагч **** “...Ерөнхий сайдын иргэдтэй хийсэн уулзалт дээр албан ёсоор хэлсэн үгэндээ ёс суртахуунтай удирдлагын чухлыг онцлон тэмдэглэсэн бөгөөд улс оронд болон дэлхий нийтийн удирдлагын менежментэд тулгамдаж буй бодлогын чанартай томоохон асуудлуудыг хөндөж ярьсан ба ерөнхийдөө хүний нөөцийн удирдлагад тулгарч буй асуудлыг дурдсан болохоос дээр дурдсан нэхэмжлэгч нарын нэрийг цохож нэр төрд нь халдаагүй. ...Нар туссан цаг ****д ярилцлага өгөхдөө ч, миний бие тус салбарт олон жил ажилласан, салбартаа мэргэшсэн мэргэжлийн хүний хувьд салбарынхаа хөгжилд тулгамдаж буй бэрхшээлтэй болон шийдвэрлэх шаардлагатай асуудлаар ярилцсан, өөрийн итгэл үнэмшлээ илэрхийлж ярилцлага өгсөн... ” гэж мэтгэлцжээ. 

11. **** үйлдвэр ****-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын мэргэжилтэн ажилтай **** нь Нар туссан цаг ****ы 2019.07.06-ны өдрийн №12/242 дугаарт Ёс суртахуун гэдэг нь хүнлэг, шударга байдал юм гэх гарчигтай ярилцлага өгсөн, түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019.09.22-ны өдөр Орхон аймгийн иргэдтэй уулзахад хүний нөөцийн дарга нар маш шударга бус, хүний нөөцийн менежмент мэддэггүй, хүний үнэ цэнийг ойлгодоггүй, хүн капиталын үнэ цэнийг мэддэггүй хүмүүс ажиллаж байна гэх үгийг хэлж байгаа бичлэг Youtube сүлжээнд байршсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

12. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д зааснаар хүн бүр  итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй боловч аливаа хүний эрх, эрх чөлөө нь бусдын эрх, чөлөөгөөр хязгаарлагддаг болно.

Хариуцагч **** нь Нар туссан цаг, Өнөөгийн **** ****уудад ярилцлага өгөх, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзахад өөрийн санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй боловч түүний үзэл бодол, сэтгэгдлээ илэрхийлж буй хэлбэр нь бусдын нэр төр, алдар хүндийг, тухайн тохиолдолд ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгатай байх учиргүй юм.

13. Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй, бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар аливаа иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд хамгаалагдана.

14.  Анхан болон давж заалдах шатны шүүх ****ийн Нар туссан цаг,  Өнөөгийн **** ****уудад болон Монгол Улсын Ерөнхий сайдын иргэдтэй хийсэн уулзалт дээр үзэл бодлоо илэрхийлж ярилцлага өгч, үг хэлсэн нь нэхэмжлэгч нарын нэрийг тодорхой зааж мэдээлэл хийгээгүй, уг мэдээллийн улмаас тэдний ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг доройтуулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

15. Хариуцагч **** нэхэмжлэгч **** нь намайг нийгмийн байдал, үзэл бодол, насаар нь ялгаварлан гадуурхсан, ажлын байрны дарамт үзүүлсэн, ажлын байрны тодорхойлолтод заагдсан бүх ажил, даалгавар, эрх үүрэг, хуваарийг надад огт мэдэгдэлгүйгээр өөрөө болон өөр хүмүүст хувааж өгсөн, Үндсэн хуульд заасан эрхүүдийг зөрчсөн үйлдэл гаргасан гэж сөрөг нэхэмжлэл гаргасныг **** эс зөвшөөрчээ. 

16. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”, Арван зургадугаар зүйлийн 4-т Монгол Улсын иргэн “...хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах...” эрхтэй, мөн зүйлийн 10-т “Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...хориглоно”, Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно” гэж тус тус заасан байна. 

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ****ийг нийгмийн байдал, үзэл бодол, насаар нь ялгаварлан гадуурхсан, ажлын байрны дарамт үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

Учир нь хариуцагч **** сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй байна. 

Анхан шатны шүүх хариуцагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан зарим ажил үүргийг ****, ****, **** нарт давхар хариуцуулж өгсөн болох нь тогтоогдож байх боловч өөрийн ажил үүргийн хуваарь, хөдөлмөрийн харилцаан дахь эрх зөрчигдсөн асуудлаар эрх бүхий албан тушаалтан, байгууллагад **** гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм. 

17. Хариуцагч ****ийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэсэн утга гомдлыг энэ тогтоолын 17 дугаарт дурдсан үндэслэлээр хангах боломжгүй. 

18. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч ****ийн гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2020/00862 дугаар шийдвэрОрхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 114 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч ****ийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД 

                                    ШҮҮГЧИД                                          Н.БАЯРМАА

   Б.МӨНХТУЯА 

   П.ЗОЛЗАЯА 

               С.СОЁМБО-ЭРДЭНЭ