Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2026/0421

 

 

                                           Н.Б***ийн нэхэмжлэлтэй

                                              захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Н.Б***,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/237 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, тус захирамжийг үндэслэн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол Натурын замын ар талд байрлах түргэн үйлчилгээний цэгийн объектыг захирамж танилцуулахгүй хүч хэрэглэж, эвдэлж авч явсныг хууль бус болохыг тогтоолгох, эд хөрөнгөд учруулсны хохиролд 22,088,250 төгрөгийг гаргуулах,

Нэхэмжлэгч: Н.Б***,

Хариуцагч: нийслэлийн Засаг дарга,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0227 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, Т.С,

хариуцагчийн өмгөөлөгч Л.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э,

Хэргийн индекс: 128/2025/0564/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Б***ээс анх нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/237 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/237 дугаар захирамжийг үндэслэн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, Натурын замын урд талд байрлах Түргэн үйлчилгээний цэгийн объектыг захирамж танилцуулахгүй хүч хэрэглэж, эвдэж, дахин ашиглах боломжгүй болгосон хохиролд 22,088,250 төгрөг гаргуулах” хэмээн нэмэгдүүлэн тодорхойлсон.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0227 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг баримтлан Н.Б***ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/237 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, тус захирамжийг үндэслэн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол Натурын замын ар талд байрлах түргэн үйлчилгээний цэгийн объектыг захирамж танилцуулахгүй хүч хэрэглэж, эвдэлж авч явсныг хууль бус болохыг тогтоолгож, хохиролд 22,088,250 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1 ...Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжийг Засаг дарга нарт үүрэг болгосон гэж анхан шатны шүүх буруу дүгнэсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжид Түргэн үйлчилгээний цэг ачих, зөөх, эвдэх ямар ч заалтгүй байж хувиараа бизнес эрхэлж байгаа иргэдэд шууд дарамт шахалт өгч, хүч хэрэглэж, эвдэж сүйтгэсэн үйл баримт хэрэгт тодорхой харагддаг. Миний бизнес явуулж байсан газар явган хүн зорчих, хортой хүнсний бүтээгдэхүүн худалдаж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Нийслэлийн газрын албанаас огт мэдэгдээгүйд гомдолтой байна.

3.2 Нотлох баримт анхан шатны шүүхээс хариуцагч байгууллага Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт явуулж байснаас үүдэж баримтыг шүүхэд гаргаж өгөхгүй, байхгүй гэх албан бичиг өгсөнд гомдолтой. Шүүх өөрийн санаачилгаар архивт үзлэг хийх боломжтой байсан..

3.3 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоол хүчингүй болоогүй байхад нийслэлийн Засаг дарга нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр А/237 дугаар захирамж гаргасныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

       ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” хэмээн тус тус заасан.

   4. Нэхэмжлэлийн “нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/237 дугаар захирамжийг хүчингүй болгох” шаардлагын хувьд:

4.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” хэмээн тухайлан заасан.

4.2. Хэрэгт нотлох баримтаар авагдсан маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2025 оны “Хууль тогтоомжийн хэрэгжилт, орчны аюулгүй байдлыг хангуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/237 дугаар захирамж нь агуулгын хувьд, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль,Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг тус тус үндэслэсэн. 

4.3. “Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь арилгуулах, шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд арга хэмжээ авч зөрчлийг арилгах, хашаа хайсыг албадан буулгах, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан барилга, байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг шилжүүлж зам талбайг чөлөөлөх, хотын стандартыг мөрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авах үүрэг бүхий” ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамж, үйл ажиллагааны зардлыг тус тус баталсан агуулгатай.

4.4. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, давж заалдах гомдол болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...уг захирамжийн шууд үр дагавар өөрт нь үүссэн буюу түүний ажиллуулдаг түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэн шилжүүлсэн, үүний улмаас хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, эдийн засгийн хувьд хохирол хүлээсэн...” хэмээн тайлбарлан маргах хэдий ч хариуцагч нийслэлийн Засаг даргын гаргасан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/237 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд газрын болон барилгын хууль тогтоомж, норм ба дүрмийг мөрдүүлэх ажлыг зохион байгуулах чиглэлийг харьяа эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгож шийдвэрлэсэн агуулгатай, нэхэмжлэгч Н.Б***т хаяглагдаж, эрх зүйн шууд үр дагаврыг бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... маргаан бүхий захирамжийн хувьд, ...нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахыг хориглосон шийдвэрийг гаргаагүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.

5. Нэхэмжлэлийн “тус захирамжийг үндэслэн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол Натурын замын ар талд байрлах түргэн үйлчилгээний цэгийн объектыг захирамж танилцуулахгүй хүч хэрэглэж, эвдэлж авч явсныг хууль бус болохыг тогтоолгож, хохиролд 22,088,250 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах” шаардлагын тухайд:

5.1. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-аар түргэн үйлчилгээний цэгээр худалдаа эрхлэхэд тавигдах шаардлагыг тус журмын 3.1-д “Дүүргийн нутаг дэвсгэрт энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хангуулах чиг үүрэг бүхий "Худалдаа, үйлчилгээг зохицуулах Зөвлөл" (цаашид "Зөвлөл" гэх) дүүргийн Засаг даргын дэргэд ажиллана”, 3.4.-т "Зөвлөл" нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ: гээд 3.4.4-т “ТҮЦ, улирлын чанартай түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ болон явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгийн байршлыг тогтоож, дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулах;”, 5.2.3.3-т “ТҮЦ нь дүүргээс баталсан байршилд байрлах ба тухайн байршил нь худалдаа эрхлэгчийн ариун цэврийн шаардлагыг хангах боломжтой байх, орчны цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах” үүрэгтэй хэмээн тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулж байсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Натурын замын хойд хэсэгт байрлах байршил нь дүүргийн Засаг даргын захирамжаар батлагдсан тухайн төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөгдсөн байршилд хамаарахгүй.

5.2. Нэхэмжлэгчээс дээрх журамд заасны дагуу тухайн дүүргийн нутаг дэвсгэрт  түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг эрх бүхий этгээдэд хандан гаргаж байгаагүй.

5.3. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”, 56 дугаар зүйлийн 56.5-д “... тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж, 59 дүгээр зүйлийн 59.1-д “Газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэхэд цагдаагийн байгууллага дараах үүрэгтэй” гэж, 59.1.1-д “... зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах” гэж,

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”  хэмээн  тус тус заасан.

Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтын агуулгыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 02 өдрийн  001/ХТ2025/0109 дүгээр тогтоолд “...захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдэд шууд чиглээгүй, эрхийг хөндөөгүй боловч захиргааны шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны улмаас тэдгээрт хохирол үүсэж болох хэдий ч ... уг үүссэн хохирол нь материаллаг бөгөөд тухайн захиргааны үйл ажиллагааны улмаас шууд учирсан, шалтгаант холбоотой, бодит хохирол байх шаардлагыг хангасан байх ёстой” хэмээн тайлбарласан.

5.4. Тухайн тохиолдолд, Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Газрын зөрчил дуудлага шийдвэрлэх тухай” А/108 дугаар захирамжийг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлж, газрын зөрчил арилгах тухай” А/247 дугаар захирамжийг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд түргэн үйлчилгээний цэг байршуулахыг хориглох тухай” А/289 дугаар захирамжийг тус тус гаргаж, дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгч Н.Б***т 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 18/3, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 08/01, 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18х/5 дугаар бүхий газар чөлөөлөхийг мэдэгдэх хуудсыг тус тус өгсөн.

Улмаар нэхэмжлэгч сайн дураараа газрыг чөлөөлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул дүүргийн Газрын албанаас газар албадан чөлөөлөх үйл ажиллагааг явуулсан.

Нэхэмжлэгчийн хувьд тухайн үйл баримттай холбогдуулан дүүргийн Засаг даргын дээрх захирамжуудтай маргаагүй. Маргахгүй болохоо шүүхэд удаа дараа илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчид учирсан материаллаг хохирлыг маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/237 дугаар захирамжийн улмаас шууд учирсан, шалтгаант холбоотой гэж үзэж, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0227 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ШҮҮГЧ                                                  Ц.САЙХАНТУЯА

 

                              ШҮҮГЧ                                                  Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

                   ШҮҮГЧ                                                   Г.МӨНХТУЛГА