Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01471

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр  даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00931 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Т” ХХК,

Хариуцагч “Х банк” ХХК, “Б ” ХХК, “Р” ХХК-д холбогдох,

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн 465 519 990 төгрөгийг Х банкаас гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

Хариуцагч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөгс, Э.Мөнх-Эрдэнэ, Д.Мөнхзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК нь 2013 онд Монгол улсад хөрөнгө оруулж барилга угсралтын ажил хийхээр Монгол улсад бүртгэлтэй “Б ” ХХК-ийн захирал Ө.Ашхүүтэй харилцан тохирч, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй Ургах наран хороололд орон сууцны барилга угсралтын ажлыг өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барихаар Хөрөнгө оруулах гэрээг 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан бөгөөд тус гэрээтэй холбоотойгоор “Т” ХХК, “Б ” ХХК, “Р” ХХК, “Х банк” ХХК хамтран 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан. Гэтэл дээрх гэрээний Хятад, Монгол хэл дээр бичигдсэн гэрээ нь ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг сүүлд хийсэн гэрээний орчуулгаас мэдсэн.

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн зүгээс төсөл хэрэгжүүлэгч буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0231410 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий нэгж талбарын 303870062 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалт бүхий 640 000 м.кв буюу 64 га газрыг эзэмшиж байсан “Б ” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой тусгагдсан агуулгаар 64 га газар дээр 100 хувь хөрөнгө оруулж барилга барих, хөрөнгө оруулалтын баталгаа болгож 0231410 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 64 га газрыг холбогдох эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж нэхэмжлэгч “Т” ХХК-д барьцааны эрхийг шилжүүлсэн тохиолдолд хөрөнгө оруулалтыг хийх гол нөхцөлтэй гэж ойлгож байгуулсан. Гэтэл тус гэрээгээр нэхэмжлэгч нь бусдын өрийг шууд төлөх болсноо мэдээгүй, харин төсөл хэрэгжсэнээр төлнө гэж ойлгосон. Банкны зүгээс болоод бусад хариуцагч нар нэхэмжлэгчид үнэн зөв мэдээлэл өгөөгүйгээс “Т” ХХК гэрээг байгуулсан байна.

Иймд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Т ХХК, Х банк ХХК, Б  ХХК, Р ХХК нарын хооронд байгуулагдсан 4 талт гэрээний агуулгыг нэхэмжлэгчийн зүгээс ноцтой төөрөгдсөн, хариуцагч нар хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэн, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4 талт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах тул гэрээг үндэслэн нэхэмжлэгч байгууллагын данснаас Х банкны шилжүүлэн авсан 465 519 990 төгрөгийг банкнаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Х банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан дөрвөн талт гэрээний товч агуулга нь “Х банк” ХХК зээлдэгч “Р” ХХК-ийн зээлд газраа барьцаалуулсан “Бльюскай партнерс” ХХК нь өөрийн газар дээр хэрэгжүүлж буй Ургах наран хороолол төслийн барилгыг “Т” ХХК барихыг зөвшөөрөх, ийнхүү зөвшөөрсөнтэй холбоотойгоор “Т” ХХК нь “Р” ХХК-ийн нэрийн өмнөөс зээл төлөх, Х банк нь “Т” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Мандал суманд барьж ашиглалтад оруулсан 96 айлын орон сууцыг зээлээр худалдахад хамтран ажиллах, “Р” ХХК-ийн зээлийн зээлдүүлэгч, барилга баригдах газрын барьцаалагчийн хувьд “Т” ХХК-аас төлбөрийг шаардах тухай байсан. “Р” ХХК-ийн зээлийн эргэн төлөлт 2013 оны 10 дугаар сараас хугацаа хэтэрч Х банк энэ талаар “Т” ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг амаар болон бичгээр мэдэгдэж байсан ба дөрвөн талт гэрээний 1.1, 1.2, 2.6, 2.9, 2.15, 3.1.4-т “Т” ХХК нь “Р” ХХК-ийн зээлийн төлбөр төлөх, үл маргах журмаар өөрийн данснаас, тухайлбал Зүүнхараа дахь орон сууцны борлуулалтын орлогыг төвлөрүүлж төлбөр суутгуулах эрхийг Х банкинд олгосны дагуу 2013 оны 12 дугаар сарын 31, 2014 оны 01 дүгээр сарын 13, 28, 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд дөрвөн удаагийн гүйлгээгээр нийт 465 519 990 төгрөгийг “Р” ХХК-ийн зээлийн дансанд шилжүүлж, зээлд төлсөн.

Дээрх 4 талт монгол хэл дээрх гэрээг нэхэмжлэгч Т ХХК орчуулгын эрх бүхий этгээдээр орчуулан баталгаажигдсан гэрээг банкинд танилцуулж улмаар банк гэрээнд оролцож байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хятад хэл дээр бичигдсэн хувилбарыг банкны зүгээс хянах, нийцэж байгаа эсэхэд хяналт тавих шаардлагагүй буюу үүрэггүй. Мөн нэхэмжлэгч орчуулгын алдаатай байдлаас болж ноцтой төөрөгдөж гэрээ байгуулсан гэж байгаа боловч гэрээний зөрүүтэй гэх орчуулгын агуулгаас харахад банктай холбоотой зүйл, заалтуудын хувьд агуулгын зөрүүгүй байна. Шүүхийн журмаар шинжээч томилж хийлгэсэн хоёр удаагийн орчуулгаар ч гэсэн үндсэн агуулгаараа “Т” ХХК бусдын өрийг төлөх болсноо бүрэн ойлгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Р” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Талуудын хооронд дөрвөн талт гэрээ байгуулагдахаас өмнө Р ХХК, Бльюскай Партнерс ХХК болон Т ХХК нар нь хамтран ажиллах тохиролцоонд хүрч, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа Х банкинд хандсан. Р ХХК, Бльюскай Партнерс ХХК, Т ХХК нараас Банкинд тавьсан санал, Т ХХК-иас зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлнө гэсэн амлалтын дагуу Х банк дөрвөн талт гэрээ байгуулсан бөгөөд гэрээгээр Т ХХК нь үл маргах журмаар өөрийн данснаас төлбөр суутгуулах эрхийг Х банкинд олгосон. Талуудын хооронд байгуулсан дөрвөн талт гэрээ хэрэгжсэн бөгөөд Т ХХК-ийн зүгээс барилгын зураг төслөө гаргуулж, Бүгд найрамдах хятад ард улсаас ажиллах хүч оруулж ирэхээр холбогдох байгууллагуудад хандсан байдаг. Т ХХК-ийн захирал Лянхуа гэрээг хэрэгжүүлж дээр дурдсан ажлуудыг хийж байсныг манай компанийн зүгээс баталж байна гэжээ.

Хариуцагч “Б ” ХХК шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй болно.

Шүүх: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасныг баримтлан Х банк, Б  ХХК, Р ХХК, Т ХХК нарын хооронд байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн 465 519 990 төгрөгийг Х банкнаас буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 555 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан өдөр төсөл хэрэгжүүлэгч хариуцагч Бльюскай партнерс ХХК-ийн 64 га газрыг хөрөнгө оруулагч Т ХХК-д барьцаалахад хариуцагч Х банк ХХК, Р ХХК-иудтай дахин 4 талт гэрээ байгуулах шаардлагатай байна гэж монгол, хятад хэл дээр бичигдсэн гэрээг нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал Шин Сү Жианд хариуцагч Х банк ХХК-ийн хятад хэлний орчуулагч байлцаж 4 талт гэрээний заалтын талаар тайлбарлаж монгол хэл дээр бичигдсэн гэрээний зүйл заалт хятад хэл дээр бичигдсэнтэй агуулгын хувьд таарч байгааг тайлбарлан ойлгуулж 4 талт гэрээнд гарын үсэг зуруулсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн зохигчид буюу нэхэмжлэгч Т ХХК болон хариуцагч Х банк ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлтээр Нью Галакси ХХК, Төв азийн гарц ХХК-г шинжээчээр томилсон. Шинжээч Нью галакси ХХК болон Төв азийн гарц ХХК-иуд 2.9-т заасан заалтыг Р ХХК нь 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 2 162 000 ам.долларын зээлийг хөрөнгө оруулалтад зарцуулан, хугацаа 36 сар, зээлийн төлбөр төлөх хугацааг нэмэлт гэрээнд тусгасан гэж хятад хэлнээс орчуулсан агуулгаар бол хариуцагч Р ХХК-ийн зүгээс Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төслийн газарт баригдах 5000 айлын орон сууцыг барих хөрөнгө оруулалтад зориулан 2 162 000 ам.долларыг Х банк ХХК-аас зээлж хөрөнгө оруулах байсан байна. Нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал Шин Сү Жианы зүгээс тийм агуулгаар ойлгосон байдаг. Хариуцагч Ха банкны зүгээс 4 талт гэрээтэй холбоотойгоор талуудтай нэмэлт гэрээ, хавсралт, зээлийг ямар цаг хугацаанд ямар хуваарийн дагуу төлөх эсэх талаар гэрээний хуваарь зэрэг байхгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар удаа дараагийн шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Шинжээч нарын зүгээс гэрээний 2.14-т заасан заалтыг хөрөнгө оруулагч нь орон сууцыг борлуулах үед, энэ гэрээний 2.9-д заасны дагуу 5 хувийг банкинд шилжүүлнэ гэж хятад хэлнээс орчуулсан байна. Гэтэл 4 талт гэрээний 2.14-т заасан монгол хэл дээр бичигдсэн “2.9-т заасан төлбөрийг үл маргах журмаар суутган авах эрх олгосон болохыг” гэх агуулга хятад хэл дээр огт бичигдээгүй болох нь 2 шинжээчийн орчуулгаар нотлогддог.

2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4 талт гэрээний 2.14-т дурьдагдсан 2.5-т “хөрөнгө оруулагч нь Хөрөнгө оруулах төслийн орон сууцны м.кв тутмын үнийн 5 хувийг төсөл хэрэгжүүлэгчид газар дээр нь барилга барьж орлого олсны дараа хариу төлбөр болгож шилжүүлэх” гэж монгол хэл дээр бичигдсэн байдгийг шинжээч нарын зүгээс 2.5-т заасан заалтыг “хамтын ажиллагааны үр дүнгийн дагуу төсөл хэрэгжүүлэгч нь барилга тус бүрийн цэвэр талбайн 5 хувийг эзэмших эрхтэйг” гэж хятад хэлнээс орчуулсан байдгаар болон 4 талт гэрээний 3.3.4-т “гэрээний 2.5-д заасан төлбөрөөс Р ХХК-ийн зээлийн өр төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэгтэй” гэснээс дүгнэхэд Баянзүрх дүүргийн төсөл хэрэгжих газарт баригдсан орон сууцны борлуулалтын орлогын 5 хувийг төсөл хэрэгжүүлэгч Б  ХХК-д шилжүүлэхээр тодорхой заасан байхад шүүхийн зүгээс нэхэмжлэгч Т ХХК-ийн Зүүнхараа дахь орон сууцны борлуулалтын орлогын 5 хувийг зээлийн төлбөрт хариуцан төлөх үүрэгтэй байна гэж үзсэн нь илт үндэслэлгүй болжээ.

2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4 талт гэрээний 2.15-д монгол хэл дээр “гэрээний 2.14-т заасан дансаар Т ХХК-ийн хөрөнгө оруулсан Зүүнхараа орон сууцны борлуулалтын орлогыг мөн дамжуулан хийх бөгөөд уг орлогыг банк 2.9-д заасан зээлийн төлбөрт суутган авах эрхийг олгосон болохыг” гэж тусгасан байдаг. Шинжээч нарын зүгээс гэрээний 2.15-д заасан заалтыг “энэ гэрээний 2.14-д заасны дагуу Т ХХК-ийн Зүүнхараа дахь орон сууцны борлуулалтын орлогыг банкны дансанд шилжүүлж болох бөгөөд мөн гэрээний 2.9-р зүйлд заасны дагуу Зүүнхараа дахь орон сууцны борлуулалтын орлогыг банкинд байршуулна” гэж хятад хэлнээс монгол хэл рүү орчуулсан. Эдгээр шинжээч нарын орчуулснаар 4 талт гэрээнд монгол хэл дээр бичигдсэн байгаа зээлийн төлбөрт суутган авах эрхийг олгосон гэх өгүүлбэр огт бичигдээгүй, гэрээний талууд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төслийн газарт баригдах 5000 айлын орон сууцны борлуулалтын орлогоос олсон 5 хувийг данс нээж байршуулах талаар огт тохиролцож байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Түүнчлэн хэрэгт хариуцагч Б  ХХК, Р ХХК-ийн 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл авагдсан бөгөөд хариуцагч Р ХХК-ийн 2 160 000 ам.долларын зээлийн төлбөрийг Ургах наран хороололд орон сууцны барилга баригдсан тохиолдолд нэхэмжлэгч Т ХХК-тай харилцан тохиролцсон барилгын цэвэр ашгийн 5 хувиас барагдуулахаар хариуцагч Х банк ХХК-тай урьдчилан тохиролцсон байсан болох нь нотлогддог атал анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт дүгнэлт хийгээгүй болно.

Хариуцагч Х банк ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр барьцаат зээлийн гэрээг Р ХХК, Б  ХХК-тай байгуулж 2 162 000 ам.долларын зээлийг тухайн өдрийн ханшаар тооцож 2 875 395 000 төгрөгийг олгосон гэдэг боловч тухайн барьцаат зээлийн гэрээгээр нийт 5 229 653 000 төгрөгийн эд зүйлийг хариуцагч Х банк ХХК-д барьцаалсан байдгаар үүрэг гүйцэтгэгч Р ХХК-ийн 2 160 000 ам.долларын зээл хангалттай төлөгдөх хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байдаг. 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Х банк ХХК нь “зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгч Р ХХК, Б  ХХК, Г.Цогоо, Х.Эрдэмбилэг нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардсан боловч арга хэмжээ авалгүй гэрээний үүргээ зөрчин өнөөдрийг хүрсэн, 2 416 175 ам.доллар гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэх нэхэмжлэл гаргаж, хариуцагч Р ХХК, Б  ХХК нар хүлээн зөвшөөрснийг 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 650 дугаар шүүгчийн захирамжаар баталсан талаар нэхэмжлэгч Т ХХК 2017 онд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн болно. Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан Т ХХК-аас Х банкинд 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 017 тоот, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 001 тоот албан бичгээр хожим хийсэн уг үйлдлээрээ хэлцлийг ойлгож ухамсарлаж байсан болох нь нотлогдож байна гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан 4 талт гэрээний агуулгыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэрээ гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч Т ХХК-ийн эзэмшлийн Х банкны 5001020967 тоот данснаас 465 499 900 төгрөгийг суутган авсан үйлдлийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг огт хийгээгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т ХХК-ийн зүгээс 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Р ХХК, Б  ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан бөгөөд хариуцагч нарын зүгээс шүүхэд тайлбар огт гаргаж өгөөгүй байхад хариуцагч Р ХХК-ийг тайлбар өгсөн мэтээр шийдвэрт дурдсан байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг хэрэглэх ёстой байхад хэрэглээгүй нь буруу болжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “Түн Жөү” ХХК нь Х банк, Бльюскай партнерс ХХК, Р ХХК-иудад холбогдуулан 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4 талт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн 465 519 990 төгрөгийг Х банкнаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ 4 талт гэрээний орчуулга алдаатай байсны улмаас хүссэн хэлцлээс өөр хэлцлийг зөвшөөрч байгуулсан, үүнийг 2017 оны дундуур мэдсэн, Р ХХК-ийн банкинд төлбөл зохих зээлийг төлөх болсныг бүрэн ойлгоогүй, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэж тайлбарлажээ.

“Түн Жөү” ХХК нь “Бльюскай партнерс” ХХК-тай харилцан тохиролцож 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ургах наран орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэх, холбогдон гарах төлбөрийн асуудлыг шийдвэрлэх Хөрөнгө оруулах гэрээг байгуулсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Мөн “Түн Жөү” ХХК нь 2013, 2014 онд өөрийн данснаас 4 удаагийн шилжүүлгээр 465 519 990 төгрөгийг Р ХХК-ийн банкинд төлбөл зохих зээлийн үүрэгт шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч гэрээний орчуулгын алдаатай, зөрүүтэй байдлаас үүдэн ноцтой төөрөгдсөн гэх үндэслэлээ нотлохоор гэрээг эрх бүхий мэргэжлийн орчуулгын товчоогоор орчуулуулах хүсэлтийг шүүхэд гаргасныг шүүх хангасан, шинжээчээр томилогдон гэрээг орчуулсан “Нью галакси” “Төв Азийн гарц” орчуулгын товчооны орчуулга хэрэгт авагдсаныг харьцуулан үзвэл гэрээний маргаж буй заалтуудын монгол хэл дээрх хэсэг, хятад хэл рүү орчуулсан орчуулгыг харьцуулахад үг үсэг нэгбүрчлэн шууд тохирохгүй ч гэрээний 1.1, 1.2, 2.6, 2.10, 3.1.4 дэх заалт нь агуулгаараа хөрөнгө оруулагч тал болох “Түн Жөу” ХХК нь зээлийн өрийг төсөл хэрэгжүүлэгч Р ХХК-ийн нэрийн өмнөөс банканд хариуцан төлөх үүрэг хүлээсэн гэдэг нь илэрхийлэгдсэн, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар агуулгаар нь авч үзвэл нэхэмжлэгч Түн Жөу ХХК-ийг 4 талт гэрээгээр зээл төлөх үүрэг хүлээгээгүй гэх үндэслэлгүй, гэрээ байгуулах үндэслэл, шалтгаан, гэрээний талуудын эрх, үүрэг, гэрээний агуулгыг ойлгоогүй төөрөгдсөн гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч компаниас 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 017 тоот албан бичгээр Х банканд санал хүргүүлэхдээ 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 4 талт гэрээ байгуулагдсан болон уг гэрээний 3.1.4-т зааснаар зээл төлөх үүрэг хүлээснээ дурдаад Сэлэнгэ аймгийн Зүүн хараад баригдаад, ашиглалтад хүлээлгэн өгч байгаа орон сууцнаас худалдан авч байгаа айл өрхөд танай банкнаас олгож байгаа зээлийг төвлөрүүлэн, зээлийн төлбөр болох 864 849,26 ам.доллараас Х банкинд байрших Түн Жөу ХХК-ийн 5001020967 тоот дансанд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл орсон мөнгөөр төлөх хүсэлтэй байна гэжээ. /хх1-79/ Иймд гэрээний үүргээ анхнаасаа ойлгож, хүлээн зөвшөөрсөн, харин төлбөрийн үүргээ гүйцэтгэхтэй холбоотой саналыг банкинд гаргаж байжээ. Иймд 4 талт гэрээнд Баянзүрх дүүргийн төсөл хэрэгжих газарт баригдсан орон сууцны борлуулалтын орлогын 5 хувийг төсөл хэрэгжүүлэгч “Бльюскай партнерс” ХХК-д шилжүүлэхээр тодорхой заасан байхад Түн Жөу ХХК-ийн Зүүн хараа дахь орон сууцны борлуулалтын орлогын 5 хувийг зээлийн төлбөрт хариуцан төлөх үүрэг үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

“Түн Жөу” ХХК-ийн дээрх албан бичигт гарын үсэг зурсан Лю Лянхуа нь компанийг төлөөлөх эрхгүй гэх боловч хэргийн тус компанийн Ерөнхий захирал Шин Сү Жианаас гүйцэтгэх захирал Лю Лянхуад шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэлийг шүүхэд баримтаар гаргасан нь хэргийн 38, 60 дугаар талд авагдсан, мөн тус компанийг төлөөлөн бусадтай Гүйцэтгэх захирлын хувиар гэрээ байгуулсан баримтууд хэргийн 235-237 дугаар талд авагдсанаас үзвэл тус компанийн Гүйцэтгэх захирал Лю Лянхуа гэж гарын үсгээр баталгаажуулсан санал нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсэгт заасан тогтсон практик, ажил хэргийн хүрээнд байх бөгөөд Х банк хүлээн авсныг буруутгах боломжгүй, нэхэмжлэгчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Мөн 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 001 тоот албан бичигт ч зээлийн үүрэг хүлээснээ дурдсан, харин гэрээний дагуу харилцан хүлээх үүргээ зөрчвөл гэрээг цуцлах тухайгаа мэдэгджээ. /хх1-80/

Иймд талуудын хооронд 2013 оны 5 дугаар сарын 20-ны байгуулагдсан өдөр 4 талт гэрээг хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн буюу ноцтой төөрөгдсөн гэж үзэх Иргэний хуулийн 56.2.1-д заасан үндэслэлгүй байх бөгөөд мөн хуулийн 56.4 дэх хэсэгт зааснаар үр дагаврыг арилгуулна гэж 465 519 990 төгрөгийг Х банкнаас гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг, хэрэгт авагдсан бичгийн баримтыг маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг зөв шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00931 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Түн Жөу ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 555 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР

 

                                           ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ