| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/00482/И |
| Дугаар | 101/ШШ2020/02838 |
| Огноо | 2020-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2020/02838
| 2020 08 12 | 101/ШШ2020/02838 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ШК ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.С
Хамтран хариуцагч: Д.Б нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 6,720,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтайхүү, Э.Батмөнх, хариуцагч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ШК” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтайхүү, Э.Батмөнх нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Б.С нь манай компанитай 2018 оны 9 дугаар сарын 30-ны өдөр SС1809301 тоот зээлийн гэрээ байгуулан 3,200,000 төгрөгийг, 30 хоногт 4 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлж авсан. Талууд зээлийн гэрээний нөхцлийг зөвшөөрөн гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан. Зээлдэгч зээлээ авснаас хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрийг шаардахад “Би аваагүй, манай захирал миний нэрээр гэрээ байгуулж авсан...” гэхчлэн хариуцлагаас зугтаасан тайлбар өгч байсан. “Фидуцийн зүйл буюу 02-25 УНД автомашин хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд хариуцагч тал фидуцийн зүйл хаана байгааг мэдээлэх, зээлийн төлбөрийг графикийн дагуу төлөөгүй тохиолдолд фидуцийн зүйлийг хураалгах зэрэг үүргээ биелүүлэхээс үл ойлгогдох шалтгаанаар татгалзах буюу мэдэн будилсаар байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хэтрүүлсэн хугацааны хүүг тооцож байна.
Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн 3,200,000 төгрөг, зээлийн хүүгийн 1,920,000 төгрөг, алдангийн 1,600,000 төгрөг, нийт 6,720,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хамтран хариуцагч А.Даас татгалзаж байгаа болно гэв.
Хариуцагч Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.С миний бие нь тухайн үед “Нандин Хул” ХХК-д нягтлан хийдэг байсан ба 2018 оны 9 дугаар сарын 30-ны өдөр "ШК” ХХК-иас 3,200,000 төгрөгийг манай компанийн захирал болох Алтангэрэл овогтой Давааням нь бичиг баримтгүй явж байсан учраас миний нэр дээр гэрээ хийлгэж зээл авсан билээ. 2018 оны 10 дугаар сарын 01-нд захирлын хүү болох Д.Бнь уг барьцаанд тависан машиныг унаж яваад машинаа алдчихлаа гээд ирсэн. Тиймээс би энэ зээлийн жинхэнэ хариуцагч нь би биш. Миний бие нь машин барьж чадахгүй бөгөөд жолооны үнэмлэх ч байхгүй. Мөн зээл олгогч тал болох “ШК” ХХК-ийн зээлийн эдийн засагч Э.Батмөнх гэх хүн манай захирал болох Алтангэрэл овогтой Давааням өөрсдөө биечилж удаа дараа уулзаж машинаа хамт явж хайж байсан, үнэн бодит байдлыг мэдэж байгаа хирнээ намайг энэ зээлийн хариуцагчаар татаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй бна. Мөн уг зээлийн гэрээг хийхэд гэрээн дээр яаралтай үед холбоо барих хүмүүсийн дугаар дээр манай захирлын дугаар /99105475/ болон компанийн ажилтан болох Х.Х.Э.А.ажилтан н.Ганбат гэх хүний утасны дугаар /89717157/, захирлын хүү болох Д.Бутасны дугаар /99720030/ бүгд бичигдсэн байгаа. Тиймээс энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь Алтангэрэл овогтой Давааням билээ.
Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Хамтран хариуцагч Д.Бшүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ШК” ХХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Б.Сийг татсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Д.Бат-Ирээдүй, А.Д нарыг оролцуулахыг хүссэн хариуцагч Б.Сийн хүсэлтийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тул хүлээн авч, хамтран хариуцагчаар оролцуулсан, мөн ажиллагааны явцад хамтран хариуцагч А.Даас нэхэмжлэгч нь татгалзаж, одоо Б.С, Д.Бнараас үндсэн зээл 3,200,000 төгрөг, зээлийн хүү 1,920,000 төгрөг, алданги 1,600,000 төгрөг, нийт 6,720,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч Б.С нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч би аваагүй Д.Бат-Ирээдүй, А.Д нар авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч “ШК” ХХК нь хариуцагч Б.Стэй 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр SС1809301 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, 3,200,000 төгрөгийг, 4 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлж, улмаар зээлийн 3,200,000 төгрөгийг Б.Сийн 5024470279 тоот дансанд шилжүүлж, уг зээлээс Б.С нь төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор 02-25 УНД улсын дугаартай, Toyota brevis маркийн, JCG100047917 арлын дугаартай, мөнгөлөг өнгийн автомашиныг барьцаалахаар харилцан тохирсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
Дээрх гэрээ байгуулагдсан өдрөө зээлдүүлэгч “ШК” ХХК нь автомашины эзэмших эрхийг гэрээний 4.2 дахь заалтын дагуу шилжүүлэн авсан байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.1-д тус тус зааснаар гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч нь дээрх гэрээ болон Иргэний хуульд заасан арга, журмаар фидуцийн зүйл болох автомашиныг төлбөрт тооцох боломжгүй буюу уг автомашин нь олдохгүй байгаа тул хариуцагчид зээлдүүлсэн 3,200,000 төгрөг, түүний хүү, алдангийг нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээний хугацаа сунгагдаагүй бөгөөд гэрээний дагуу 10 сарын хүүг тооцон хариуцагч Б.Сээс гаргуулах үндэстэй ба Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг үндэслэл болгон уг гэрээний үүрэгт хэтрүүлсэн хугацааны хүү тооцох үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.
Үндсэн зээл 3,200,000 төгрөг ба сарын 4 хувийн хүү нь 128,000 төгрөг, үүнийг 10 сараар тооцоход 1,280,000 төгрөг гарч байна.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1.7-д талууд алдангийн талаар тохирсон ба энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан зохицуулалтад нийцэх бөгөөд нэхэмжлэгч нь мөн зүйлийн 232.4-т зааснаар үндсэн зээлийн 50 хувиар тооцон 1,600,000 төгрөгийг нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй байна.
Хамтран хариуцагч Д.Бат-Ирээдүйтэй нэхэмжлэгч “ШК” ХХК нь ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх ба хариуцагч Б.Сийн би энэ зээлийг аваагүй тул хариуцах үндэслэлгүй гэх тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Б.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хэрвээ зээлийг аваагүй, би төлөх ёсгүй гэж байгаа бол өөрт учирсан хохирлыг буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зээлийн гэрээний үүрэгт 6,080,000 /3,200,000 + 1,280,000 + 1,600,000/ төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Сээс гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болон хамтран хариуцагч Д.Бат-Ирээдүйд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хамтран хариуцагч Д.Бат-Ирээдүйд шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар буюу 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр түүний 9972-0030 дугаарын утсаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, түүний эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг зохигчид гаргасан тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хамтран хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Сээс зээлийн гэрээний үүрэгт 6,080,000 /зургаан сая наян мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ШК” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 640,000 төгрөгт холбогдох хэсэг болон хамтран хариуцагч Д.Бат-Ирээдүйд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 105.5-д зааснаар нэхэмжлэгч “ШК” ХХК-ийн хамтран хариуцагч А.Дд холбогдох шаардлагаас татгалзсныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сээс улсын тэмдэгтийн хураамжид 112,230 /нэг зуун арван хоёр мянга хоёр зуун гуч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ШК” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ