Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Г.Буяннэмэх, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

иргэдийн төлөөлөгч Ж.Эрдэнэ-Очир,

улсын яллагч П.Нямцэцэг,

шүүгдэгч Б.Энхбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Бичээч овгийн Батмөнхийн Энхбатад холбогдох эрүүгийн 201625031777 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бичээч овгийн Батмөнхийн Энхбат, 1978 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустай ЗМЗ гудамжны 5 тоотод оршин суудаг гэх,

Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 676 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 384 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 131 дүгээр зүйлийн 131.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 254 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 278 дугаар зүйлийн 278.3-т зааснаар нийт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж бүгд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 10 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 28 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 4 жилийн хорих оногдуулж, хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 82 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар бүгд 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2007 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 194 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 295 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2013 оны 2 сарын 17-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1043 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дугаар сарын 6-ны өдрийн 399-Ө тоот шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 8 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж байсан, регистрийн дугаар Ш378073115:

 Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/;

Шүүгдэгч Б.Энхбат нь 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр суллагдаж ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1 дүгээр гудамжны 253 тоотод оршин суух Б.Дэлгэрмөрөнгийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж Самсунг маркийн 32 инчийн хар өнгөтэй зурагт 1 ширхэг, нэкст брэндийн хар өнгийн, ногоон хайрцагтай ДВД тоглуулагч 1 ширхэг, самсунг МЛ-2160 брэндийн цагаан өнгийн принтер 1 ширхэг, чирэх зориулалттай дугуйтай цүнх 1 ширхэг, хар хөх өнгийн даавуун цүнх 1 ширхэг, шар өнгийн арьсан гутал 1 ширхэг, эмэгтэй хүний куртик 1 ширхэг, савхин материалтай эрэгтэй хүний богино куртик 1 ширхэгийг хулгайлж нийт 765.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдэж 2007 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дуусаж суллагдсанаас хойш 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэрэгт, 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэрэгт, 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэрэгт ял шийтгүүлж буюу 2004 оны 02            дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт ял шийтгэгдсэнээс хойш ялгүй болох хугацаанд гэмт хэрэг шинээр дахин үйлдэж ялгүй болох хугацаа тасарч ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбат мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Энхбат нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “…2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр цагийг нь тодорхой санахгүй байна. Арсогоотод найз Баярмаагийн гэрт очсон юм. Тэгээд Баярмаагийнд оччихоод Баярмаа болон түүний аав, найз Батмөнх нарын хамтаар 2 литрийн пиво хоёр ширхэгийг хувааж уусан. Тэгээд тэдний гэрээс гараад явж байгаад урд /хойд/ талд нь байдаг гурвалжин дээвэртэй байшингийн гадаа очоод хаалгыг хүчтэй татсан чинь цоож нь сэтрээд онгойсон. Ороод зурагт, ДВД тоглуулагч, принтер, 2 ширхэг цүнх, куртик, хүрэм, гутал зэргийг авсан. Тухайн үед нь байшин дотор эд зүйлээ үлдээчихээд зам руу яваад такси барьсан. Такситай буцаж ирээд эд зүйлсээ аваад явсан. Тэгээд дэнжийн 1000-н зах руу очоод комиссын бараа зардаг хүнд зурагтаа зарах гэж байхад Чингэлтэй дүүргийн эрүүгийн төлөөлөгчид баригдсан. Тухайн үед пиво уусан нилээд согтолттой байсан учир мөнгө олох гэж тэр айлаас хулгай хийсэн. Тухайн айл руу нэвтрэхдээ ямар нэгэн багаж ашиглаагүй, гараараа хаалганы цоожийг сэтэлж татаад орсон юм. …Цагдаагийн байгууллагаас дуудсан цагт очоогүй учир би хэрэг хаагдчих болов уу гэж бодоод явсан юм. Миний араас айхтар хөөцөлдөхгүй байх гэж бодсон. Би одоо шоронд орно гэхээс залхаж байна. Шүүх, шорон гэхээр очмооргүй байсан юм…” гэжээ /хх-152/.

Хохирогч Б.Дэлгэрмөрөн мэдүүлэхдээ: “…2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өглөө 06 цаг 50 минутад гэрээ цоожлоод гэр бүлийнхэнтэйгээ гарсан. Өдөр ажлаа хийж байгаад орой 18 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай байшингийн гадаа цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд байшингийнхаа гадаа ирэхэд хаалга нь онгорхой, далд цоожтой байсан учир хаалганы модыг нь сэт татаад онгойлгочихсон цонх онгорхой байж байсан. Гэртээ ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд нэг давхарт байсан 32 инчийн ЛСД зурагт, хоёр давхраас ДВД тоглуулагч, принтер, хүүхдийн хувцас алдагдсан байсан. Манай гэрээс алдагдсан зурагт нь 32 инчийн дэлгэцтэй, самсунг нэртэй ЛСД зурагт байсан. 2011 онд НЕКСТ төвөөс 750.000 төгрөгөөр авч байсан. ДВД тоглуулагч нь НЕКСТ нэртэй 2016 онд авч байсан, шинээрээ байгаа, хар өнгөтэй, 100.000 төгрөгөөр авч байсан. Принтер нь цагаан өнгийн самсунг МЛ-2160 гэсэн нэртэй байсан. 2015 оны 9 дүгээр сард РС молл дэлгүүрээс 200.000 төгрөгөөр авч байсан, хар өнгөтэй, хэрэглээгүй шинээрээ байсан. Цэнхэр өнгийн даавуун үүргэвч, ногоон өнгийн даавуун гадаргуутай, чирдэг дугуйтай, 8 настай хүүхдийн өвлийн куртик, эрэгтэй хүний савхин хүрэм, эмэгтэй хүний шар өнгийн арьсан гутал алдагдсан. Алдагдсан эд зүйлээ буцаагаад авчихсан. Хаалганы модоо өөрөө хадаад янзалчихсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх19-20/,

Гэрч Л.Түвшинжаргал мэдүүлэхдээ: “...2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би жижүүрийн төлөөлөгчөөр ажиллаж байсан энэ хугацаанд биеийн байцаалтаа хэлэхээс татгалзсан эрэгтэй ирээд Дэнжийн 1000 орчимд хулгай хийсэн байж болзошгүй хүн байна. Миний таксигаар үйлчлүүлээд буулаа гэж хэлсэн. Тухайн хулгай хийсэн хүн нь Дэнжийн 1000-н захын комиссын бараа руу орсон гэсэн мэдээлэл өгсний дагуу тухайн чиглэлийн эргүүлийн машинтай очих үед Батмөнхийн Энхбат гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн комиссын бараа худалдаалдаг Амаржаргал гэдэг эмэгтэйд зурагт зарах гээд байж байсан. Энхбатыг шалгахаар саатуулж цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Энхбат нь ЛСД зурагт, принтер, ДВД тоглуулагч, хувцас гутал зэрэг эд зүйл авч явж байсан...” гэжээ /хх-154/.

Гэрч Д.Батмөнх мэдүүлэхдээ: “...Миний батлан дааж авсан хүү Энхбат 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй болчихоод байна. Ер нь манай гэрт байдаггүй юм. Танайд хонохгүй гээд гадуур гараад явчихдаг. Урьд өмнө гэрээсээ олон хоногоор явчихдаг байсан. Найз нөхдийнхөөрөө байна, ажил хийж байна гээд л явж байдаг юм. Гэрээсээ гарахдаа цагдаа дээр очлоо гээд л гарсан. Түүнээс хойш холбоо бариагүй...” гэжээ /хх-22/.

Б.Энхбатад 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-27/.

 Б.Энхбатыг эрэн сурвалжилж, олох талаар Эрүүгийн цагдаагийн тасагт Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 202 дугаар Мөрдөн байцаагчийн даалгавар /хх-16/.

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлэх санал /хх-100/,

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хх-101/,

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Түдгэлзүүлсэн хэргийг сэргээх тухай санал /хх-133/,

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Түдгэлзүүлсэн хэргийг сэргээх тухай прокурорын тогтоол /хх-134/,

Мөн шүүгдэгчийн оршин суух хаягийн тодорхойлолт (Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо) /хх-33/, иргэний үнэмлэхийг лавлагаа /хх-35/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-36-78/, эд зүйлийн үнэлгээ /хх-21/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-12/, эд зүйлийг хохирогч Б.Дэлгэрмөрөнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-13/ зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Энхбат нь 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр суллагдаж ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1 дүгээр гудамжны 253 тоотод оршин суух Б.Дэлгэрмөрөнгийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж Самсунг маркийн 32 инчийн хар өнгөтэй зурагт 1 ширхэг, нэкст брэндийн хар өнгийн, ногоон хайрцагтай ДВД тоглуулагч 1 ширхэг, самсунг МЛ-2160 брэндийн цагаан өнгийн принтер 1 ширхэг, чирэх зориулалттай дугуйтай цүнх 1 ширхэг, хар хөх өнгийн даавуун цүнх 1 ширхэг, шар өнгийн арьсан гутал 1 ширхэг, эмэгтэй хүний куртик 1 ширхэг, савхин материалтай эрэгтэй хүний богино куртик 1 ширхэгийг хулгайлж нийт 765.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох хохирогч Н.Дэлгэрмөрөнгийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон шүүгдэгч Б.Энхбатын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл түр хураан авсан буцаан олгосон тэмдэглэл зэргээр,   

Мөн 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдэж 2007 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дуусаж суллагдсанаас хойш 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэрэгт, 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэрэгт, 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэрэгт ял шийтгүүлж буюу 2004 оны 02            дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт ял шийтгэгдсэнээс хойш ялгүй болох хугацаанд гэмт хэрэг шинээр дахин үйлдэж ялгүй болох хугацаа тасарч ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь Б.Энхбатыг эрэн сурвалжилж, олох талаар Эрүүгийн цагдаагийн тасагт Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 202 дугаар Мөрдөн байцаагчийн даалгавар, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлэх санал, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Түдгэлзүүлсэн хэргийг сэргээх тухай санал, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Түдгэлзүүлсэн хэргийг сэргээх тухай прокурорын тогтоол, батлан даагч Д.Батмөнхийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Энхбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу 765.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Б.Дэлгэрмөрөнд буцаан олгосон бөгөөд хохирогч нь мэдүүлэхдээ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Энхбатыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Шүүгдэгч Б.Энхбат нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3, 78.5 дахь хэсэгт тус тус заасан ялтай байдал дуусаагүй байхдаа бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгч Б.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

            Шүүх, шүүгдэгч Е.Отгонбатад ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бичээч овгийн Батмөнхийн Энхбатыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,  

-Мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбатыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг багтааж, нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбатад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Энхбатын цагдан хоригдсон нийт 67 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХАЛИУН

 

                            ШҮҮГЧИД                                     Г.БУЯННЭМЭХ

 

                                                                                 С.БАТГЭРЭЛ