| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2026/0183/З |
| Дугаар | 221/МА2026/0367 |
| Огноо | 2026-05-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2026/0367
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “А” ХХК
Хариуцагч Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Катодын зэсийн үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол 1-ийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /цаашид "Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл” гэх/ хуралдаанаараа хэлэлцэж дүгнэлт гаргахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг Техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол І-ийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гаргахыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2026/0324 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2026/0183/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдуулан “Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Катодын зэсийн үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол І-ийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /цаашид "Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл” гэх/ хуралдаанаараа хэлэлцэж дүгнэлт гаргахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг Техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол І-ийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гаргахыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2026/0324 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5, 44 дүгээр зүйлийн 44.1, Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 48 дугаар зүйлийн 48.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, "А" ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Катодын зэсийн үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1-ийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг Техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1-ийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, зохих шийдвэрээ гаргахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо:
“..."А” ХХК нь "Э" ТӨҮГ-тай 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр "Овоолго ашиглуулах гэрээ" 5/199-15 дугаар гэрээ байгуулж үүсмэл орд ашиглаж байсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлээр "... "Э" ХХК (хуучин нэрээр) болон "А" ХХК-ийн хооронд байгуулсан овоолго ашиглуулах, газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулах, цэвэр усаар хангах гэрээнүүдийг цуцалж, дуусгавар болгон, гэрээ дахин шинээр байгуулахгүй, цаашид төрийн өмчийн эд хөрөнгийг тухайн компанид ашиглуулахгүй байх..." талаар шийдвэр гаргасан байдаг. Үүний дагуу "Э" ТӨҮГ-аас 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр "А" ХХК-д мэдэгдэл хүргүүлж уг гэрээг цуцалсан байдаг. “А" ХХК-аас хүсэлт гаргасны дагуу тус компанийн хэрэгжүүлж буй "Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Эрдэнэтийн овооны зэс молибденийн үүсмэл ордыг L-SX-EW технологиор ашиглах катодын зэсийн үйлдвэрийн төсөл"-ийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголыг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж, "Э” ТӨҮГ-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус болсон цаашлаад байгаль орчин, нөхөн сэргээлт, хаалтын менежмент тодорхой бус, төслийн эдийн засгийн тооцооллыг бүхэлд нь шинэчлэн тооцох шаардлагатай, молибдений нөөцийг хэрхэх талаар тусгагдаагүй, мөн нэр томьёо, мэргэжлийн хэллэгийн алдаатай зэрэг үндэслэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/195 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм"-ийн 8.10-д "Зөвлөлийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэх явцад буцаахаар шийдвэрлэсэн бол уг шийдвэрийн шалтгаан, нөхцөл байдлын талаар тодорхой тусгасан хяналтын хуудас гарган тусгай зөвшөөрөл эзэмшигч, холбогдох этгээдэд хүргүүлнэ." гэж заасны дагуу техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголыг буцаах шийдвэрийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн бүрэн эрхийн хүрээнд гаргасан байна... “Э" ТӨҮГ-тай үүсмэл орд ашиглах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээ байгуулсан тохиолдолд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдахаар дахин хэлэлцүүлэх боломжтой болно... Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нөхцөлүүдийг тусгайлан заасан бөгөөд 54.1.3-т "Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой", 109 дүгээр зүйлийн 109.2-д "Энэ хуулийн 54.1-т заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана" гэж заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрдсэн байна. Иймд анхан шатны шүүх дээрх хуулийн заалт болон хэргийг нөхцөл байдлыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь заалтад заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2026/0324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “А” ХХК нь “Э” ТӨҮГ-тай байгуулсан гэрээний[1] дагуу Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Катодын зэсийн үйлдвэрийн үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд тус үйлдвэр нь Э-ийн хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй бага агуулгатай, балансаас хасагдсан холимог хүдрийн овоолго буюу үүсмэл ордыг ашиглаж катодын зэс үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг.
2.2. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн[2] 26.5-д “..."А" ХХК-тай байгуулсан овоолго ашиглуулах гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн нөхцөл болох төрийн эзэмшлийн 34 хувийг эзэмшүүлээгүй, орхигдуулсан, илт нэг талын эрх ашгийг хангуулж, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн гэрээ байгуулан ажилласан байх тул уг нөхцөл байдлыг үүсгэсэн асуудлыг шалгаж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Э-т, "Э” ТӨҮГ, “А" ХХК-ийн хооронд байгуулсан овоолго ашиглуулах, газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулах, цэвэр усаар хангах гэрээнүүдийг болон "Э” ТӨХК болон "А" ХХК-ийн хооронд байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг цуцалж, дуусгавар болгон, гэрээ дахин шинээр байгуулахгүй, цаашид төрийн өмчийн эд хөрөнгийг тухайн компанид ашиглуулахгүй байх талаар шуурхай арга хэмжээ авахыг...даалгав, "А" ХХК болон "Э" ХХК (хуучин нэрээр)-ийн хооронд байгуулагдсан 2010, 2013 оны гэрээгээр талуудын тохиролцсон 34 хувьд ногдох ногдол ашгийг "Э” ТӨҮГ-т нөхөн төлүүлэх болон овоолго ашиглалтаас байгаль орчинд учирсан хохирол, байгаль орчны нөхөн сэргээх төлбөрийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, зохих төлбөрийг гаргуулах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг... даалгаж” шийдвэрлэжээ.
2.3. “Э” ТӨҮГ нь “А” ХХК-д 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12/2750 дугаар албан бичгээр[3] дээрх Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлээр гарсан шийдвэрийг үндэслэн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 5/199-15 дугаар “Овоолго ашиглуулах гэрээ”-г цуцалж байгаа талаар мэдэгдсэн байна.
2.4. Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаас 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 01/197 дугаар албан бичгээр[4] “Э” ТӨҮГ-д “..."А" ХХК-ийн катодын зэс боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосноос байгаль орчны болон технологийн ноцтой эрсдэл үүсэж буй тул эрсдэлийг бууруулах шаардлагын үүднээс үйлдвэрлэлийн ус, цахилгаан, зам ашиглалтын хязгаарлалтыг зогсоож, үйл ажиллагааг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн эрсдэл бүрэн арилах хүртэл хугацаанд хэвийн явуулах...” гэж чиглэл өгсний дагуу “Э” ТӨҮГ-аас 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 12/5797 дугаар албан бичгээр[5] “...2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс үйлдвэрлэлийн ус, зам ашиглалт, цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг зогсоож, энэ талаар протокол үйлдсэн. Өнөөдрийн байдлаар тус компанийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд ус, зам ашиглалт, цахилгааны хязгаарлалтыг зогсоосон арга хэмжээ нь тус үйлдвэрийн байгаль орчинд учруулах болон технологийн процесс алдагдах эрсдэл бүрэн арилах хүртэл хугацаанд үргэлжлэхийг анхааруулж, протоколд тэмдэглэсэн..” гэх агуулга бүхий хариуг хүргүүлжээ.
2.5. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолоор[6] “...Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч “А” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, баялгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хэлэлцээр хийж, компанийн хувь эзэмшлийн тодорхой хэсгийг төрийн өмчид шилжүүлэх, цаашид уг хувь хэмжээг нэмэгдүүлэх, түүнчлэн өмнөх хугацаанд ногдох өгөөжийг тооцох асуудлыг хэлэлцсэн талаар нийтэд илэрхий нөхцөл байдал бий болсон бөгөөд талуудын эрх, үүргийн харилцаа бүрэн эцэслэгдээгүй, өөрөөр хэлбэл, маргаан бүхий харилцаа үргэлжилж байна...” гэж дүгнэн, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5 дахь хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн.
2.6. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ХЭГ/2874 дугаар албан бичгээр[7] “А” ХХК-нд “...үндэслэл бүхий саналын хувилбарууд, санхүү болон үр өгөөжийн тооцооллыг үнэн зөв, бодит тооцоо, судалгаа, ирээдүйн санхүү, үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд тулгуурлан эцэслэн боловсруулж, хэлэлцээнд бэлтгэх шаардлагатай байх тул төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлнэ үү.” гэж мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч “А” ХХК нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайдад хандан 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1/269 дүгээр албан бичгээр[8] “...шинэчлэн боловсруулсан Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийн тодотгол I-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, баталгаажуулж өгнө үү” гэж хүсэлт гаргасан, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл тус тодотголын тайланг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаанаар хэлэлцэж, буцаахаар шийдвэрлэсэн байна.[9]
2.7. Нэхэмжлэгч “А” ХХК-иас 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1/288,[10] 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/302 дугаар[11] албан бичгүүдээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хандан “...Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны тэмдэглэл болон буцаасан талаарх албан ёсны шийдвэрийн баталгаажуулсан хувийг бидэнд гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг удаа дараа гаргасны дагуу тус яамнаас 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 02/3730 дугаар албан бичгээр[12] “...Тус компанийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцсэн. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10-д заасны дагуу хяналтын хуудсыг техник эдийн засгийн үндэслэл боловсруулагч "Г" ХХК-д хүргүүлсэн.” гэх хариуг хүргүүлжээ.
2.8. Үүний дагуу “А” ХХК нь “Г” ХХК-иас 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/10 дугаар албан бичгээр[13] Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг шаардахад “Г” ХХК-иас 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26/01 дугаар албан бичгээр[14] “...зөвлөлөөс гарсан шийдвэрийг албан ёсоор ирүүлээгүй” гэж хариу мэдэгдсэн байна.
2.9. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д “үүсмэл орд” гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг, 4.1.28-д "үүсмэл орд ашиглах" гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.15-д “үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журмыг батлах”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.1.9-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий мэргэшсэн мэргэжилтнээс бүрдсэн гишүүдтэй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрэм, шинжээчийн ажлын хөлс тооцох аргачлалыг батлах”, 26.10-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч гуравдагч этгээдэд үүсмэл ордыг ашиглуулах тохиолдолд уг гуравдагч этгээдтэй үүсмэл орд ашиглах тухай гэрээ байгуулж, энэ гэрээний талаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 14 хоногийн дотор мэдэгдэнэ.”,
Засгийн газрын 2017 оны 61 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам”-ын 4.3-д “Үүсмэл ордын нөөц, орд ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд шаардлагатай тохиолдолд тодотгол хийж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, холбогдох дүгнэлт, шийдвэр гаргуулна.” гэж тус тус хууль, тогтоомжоор зохицуулсан.
2.10. “Э” ТӨҮГ-ын “А” ХХК-тай байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 5/199-15 дугаар “Овоолго ашиглуулах гэрээ”-г цуцлах үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5 дахь хэсгийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолоор хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч “А” ХХК-иас Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ХЭГ/2874 дугаар албан бичгийг үндэслэж техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх хүсэлтээ гаргасан, хуульд тогтоомжид заасан эрхийн хүрээнд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус тайланг хэлэлцсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.[15]
2.11. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/195 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийн 3.1-д “Зөвлөлийн үйл ажиллагаа явуулах хэлбэр нь хуралдаан байна.” 3.2.5-д “Боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ хэлэлцэх салбар хуралдаан”, 4.5-д “Дүрмийн 3.2.5-д заасан салбар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ”, 4.5.1-д “Боловсруулах, цэвэршүүлэх, гүн боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ, түүний тодотгол”, 5.5-д “Дүрмийн 3.2.5-д заасан салбар хуралдаанаар”, 5.5.1-д “Боловсруулах, цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг оновчтой техник, технологийн шийдэл, нийгэм, эдийн засагт үзүүлэх байдлын үнэлгээ, судалгааг үндэслэлтэйгээр боловсруулсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсны дараа хэлэлцэж хүлээж авах, эсэх тухай дүгнэлт, зөвлөмж гаргах.”, 8.9-д “Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудал нь бичиг баримтын бүрдэл дутуу, хуульд заасан шаардлага хангаагүй бол хурлын товд орсон, эсэхээс үл хамааран зөвлөлийн хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, зөвлөлөөс тухайн асуудал хариуцсан геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад асуудлыг дахин хянуулахаар албан бичгээр буцаана.” 8.10-д “Зөвлөлийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэх явцад буцаахаар шийдвэрлэсэн бол уг шийдвэрийн шалтгаан, нөхцөл байдлын талаар тодорхой тусгасан хяналтын хуудас гарган тусгай зөвшөөрөл эзэмшигч, холбогдох этгээдэд хүргүүлнэ.” гэж заасан.
2.12. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч “А” ХХК-ийн техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I тайланг хуралдаанаар хэлэлцэж буцаахаар шийдвэрлэхдээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийг зөрчсөн буюу тодруулбал шийдвэрийн шалтгаан, нөхцөл байдлын талаар тодорхой тусгасан хяналтын хуудас гарган нэхэмжлэгч болон холбогдох этгээдэд хүргүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр “хяналтын хуудас гэдэг нь танилцах хуудас[16]” гэх тайлбараас үзвэл тус танилцах хуудасны “хийгдэх засвар хэсэгт: “Э” ТӨҮГ-тэй байгуулсан гэрээг шинэчлэн байгуулах; байгаль орчин, нөхөн сэргээлт, хаалтын менежментийг тодорхой болгож дахин боловсруулах; төслийн эдийн засгийн тооцооллыг бүхэлд нь дахин шинэчлэн тооцох; молибдены нөөцтэй холбоотой асуудлуудыг ТЭЗҮ-д нэмж тусгах; нэр томьёо, хэллэгийг засах, редакцын алдааг хянах;” гэсэн байх ба буцаасан шийдвэрийн шалтгаан, нөхцөл байдлын талаар тодорхой тусгаагүй, мөн үүнийг “А” ХХК болон “Г” ХХК-д хүргүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “...шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байх тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
2.13. Нэгэнт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас шийдвэр гаргахдаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийг зөрчсөн, тодруулбал “А” ХХК-ийн техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I тайланг ямар үндэслэлээр буцаасан шалтгаан, нөхцөл байдал нь тодорхойгүй, хяналтын хуудас гэж тайлбарлах танилцах хуудсаа “А” ХХК-д хүргүүлээгүй, төсөл боловсруулагч “Г” ХХК-д хүргүүлсэн гэдэг боловч хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй энэ тохиолдолд захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааг журамд заасны дагуу явуулсан гэж үзэхгүй бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
2.14. Нэхэмжлэгч “А” ХХК-иас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хандан 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/288 дугаар, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/302 дугаар албан бичгүүдээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг удаа дараа шаардсан байх тул гомдол гаргах хугацааг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
2.15. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд “А” ХХК-ийн техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I тайланг буцааж шийдвэрлэхдээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 8.10-д заасныг зөрчсөн нь тогтоогдсон хэдий ч шүүхээс шууд Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргахыг даалгах боломжгүй гэж үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан байх төдийгүй утга, найруулгын алдаа гаргасан байх тул залруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2026/0324 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5, 44 дүгээр зүйлийн 44.1, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27, 4.1.28, 9 дүгээр зүйлийн 9.1.15, 10 дугаар зүйлийн 10.1.9, 26 дугаар зүйлийн 26.10, 48 дугаар зүйлийн 48.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, "А” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Катодын зэсийн үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1-ийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргахгүй байгаа үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, уг Техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол-І-ийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгасугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 хавтаст хэргийн 70-83 дахь тал
[2] 1 хавтаст хэргийн 68 дахь тал
[3] 1 хавтаст хэргийн 84 дэх тал
[4] 1 хавтаст хэргийн 85-86 хуудас
[5] 1 хавтаст хэргийн 87 -88 хуудас
[6] 3 хавтаст хэргийн 13-20 хуудас
[7] 1 хавтаст хэргийн 14 дэх тал
[8] 1 хавтаст хэргийн 107 дахь тал
[9] 3 хавтаст хэргийн 1-12 хуудас
[10] 2 хавтаст хэргийн 224 дэх тал
[11] 2 хавтаст хэргийн 225 дахь тал
[12] 1 хавтаст хэргийн 93 дахь тал
[13] 1 хавтаст хэргийн 36 дахь тал
[14] 1 хавтаст хэргийн 37 дахь тал
[15] 3 хавтаст хэргийн 1-10 хуудас
[16] 3 хавтаст хэргийн 11 дэх тал