| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0018/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/11 |
| Огноо | 2013-01-04 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2013/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0018/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат,
хохирогч Б.Б ,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт З овогт ******* д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000641 дугаартай хэргийг 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн З овогт ******* /РД:Ч...1/ 19.. оны .. дугаар сарын...-ны өдөр З овогт ******* д Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын .. дугаар баг ..тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч ******* нь 2012 оны 11 дүгээр сарын 13-ны орой 22 цаг 30 минутийн орчим Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотын чиглэлд өөрийн эзэмшлийн ..... СБА улсын дугаартай тоёота кролла маркийн автомашин жолоодон явахдаа Дархан сумын 14 дүгээр багийн нутагт байрлах Дархан-2 өртөө орчмын авто зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 15 дугаар бүлгийн 15.1 дэхь хэсгийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж явган зорчигч Б.Батсүхийг дайрч амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Сэлэнгэ аймгаас 2012 оны 11 сарын 13-ны орой 8 өнгөрч байхад Сэлэнгээс гараад Дархан орж ирээд автовакзал дөнгөж өнгөрөөд том ачааны машинтай зөрж өнгөрсөн. Том машин гэрлээ шилжүүлээгүй, би гэрлийн гялбаанд ороод замын голд хар хувцастай нэг эрэгтэй хүн явж байсаныг мөргөсөн. Тэр хүн машин дээгүүр даваад замын хаажууруу унасан. Машинаасаа буугаад нөгөө хүнлүү очих замдаа замын цагдаад мэдэгдсэн, бас түргэн тусламж дуудсан. Эхлээд түргэн тусламж ирээд, дараа нь замын цагдаа ирсэн” гэв.
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\******* -125.3-18.doc
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж хэлэх мэдүүлэг байхгүй, болсон явдлыг үнэнээр нь шийдэж өгөхийг хүсч байна. Бид нар хоорондоо ярилцаад санаатай гэмт хэрэг биш, бас энэ хүн бидэнд тусламж дэмжлэг үзүүлж байсан учраас нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Гэхдээ одоо авгайгийнх нь бие тааруу байгаа, энэ хүн буруугаа үнэн зөвөөр хүлээж байна гэсэн учраас хүндэтгэж үзээд болж бүтэхээрээ аль аль талдаа тусалж дэмжээд явцгааж байя гэж бодож байна.” гэв.
Шүүгдэгч ******* нь 2012 оны 11 дүгээр сарын 13-ны орой 22 цаг 30 минутийн орчим Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотын чиглэлд өөрийн эзэмшлийн ..... СБА улсын дугаартай тоёота кролла маркийн автомашин жолоодон явахдаа Дархан сумын 14 дүгээр багийн нутагт байрлах Дархан-2 өртөө орчмын авто зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 15 дугаар бүлгийн 15.1 дэхь хэсгийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж явган зорчигч Б.Батсүхийг дайрч амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна:
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-7 дахь тал/,
хохирогч Б.Б гийн мөрдөн байцаалтанд өгсөн “ ... Миний хувьд бол гэрээсээ гарах үедээ ямар хувцастай явсаныг нь мэдэхгүй байна. Ер нь бол өдөр нь гэрт ороход манай ах шар өнгийн түрийтэй гуталтай, хар өнгийн юүдэнтэй куртиктэй байсан. Тэр хувцастайгаа л явж байсан байх гэж бодож байна. Эхнэр нь телевизийн зар сайн харсан байсан. Тэгээд зараар явж байсан содон шинж тэмдэг хувцас хунараар нь сайн таньсан. ... Надад одоо нэмж шалгуулах зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Жолооч Г нь талийгаачийн ажил явдал болон бусад зардалд өөрөө сайн дураараа бэлэн 5,000,000 /таван сая/ төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дахь тал/,
гэрч Д.Д мөрдөн байцаалтанд өгсөн “ ... Гэтэл нэг мэдсэн ямар нэг юм мөргөсөн бололтой пид хийх чимээ гарахаар нь би адуу мал мөргөж байгаа юм болов уу гэж бодоод сэрээд хартал манай машин зам дээр хоёр тийшээ займчаад байснаа зогсохоор нь яасан бэ гэж асуухад хүн дайрчихлаа гэж хэлээд машинаасаа буугаад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дахь тал/,
гэрч М.О мөрдөн байцаалтанд өгсөн “... Тэгээд унтаж явтал нэг их удалгүй гэнэт бидний сууж явсан машин автомашин ямар нэг мөргөж байгаа бололтой түс тас хийх чимээ гаргахаар нь сэрээд хартал бидний сууж явсан машин зам дээр хоёр тийшээ дайвалзаж байгаад зогссон. Гэтэл жолооч ах хүн мөргөчих шиг боллоо гэж хэлээд машинаасаа буусан” гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,
гэрч Г.С мөрдөн байцаалтанд өгсөн “... Тэгээд би унтаж яваад нэг мэдсэн чинь жолооч хүн мөргөчихлөө гээд машинаасаа буугаад явчихсан. Тэгэхээр нь араас нь буутал Дархан хотруу ороод ирчихсэн Дарханы автовокзал өнгөрөөд төв зам дээр зогсч байсан. Тэгэхээр нь жолоочоос юу болчихвоо гэж асуутал өөдөөс ирж явсан том машин гэрлээ шилжүүлэхгүй байсан. Тэр машинтай зөртөл замын голд хүн явж байсан. Тэр хүнийг би мөргөчихлөө гэж хэлсэн. Би очоод хартал бид нарын явж байсан чиглэлийн баруун гар талд замын хажууд ургаа модны дэргэд эрэгтэй хүн түрүүлгээ хараад хэвтэж байхаар нь ойртож очоогүй. Тэгээд жолооч цагдаа түргэн дуудсан. Удалгүй түргэний машин ирээд эмч нөгөө машинд мөргүүлсэн хүнийг үзчихээд нас барчихсан байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 27 дахь тал/,
гэрч Б.Э мөрдөн байцаалтанд өгсөн “ ... Дархан дөнгөж өнгөрөөд явж байтал жолооч хүн дайрчихлаа гээд зогсох үед нь сэрээд хартал автовокзал өнгөрөөд зогсч байсан. Жолооч хүн дайрчихлаа гээд машинаас буух үед араас нь буугаад хартал замын хажууд буюу ургаа модны хажууд хүн бололтой бараан юм харагдаж байсан. Би айгаад ойртож хараагүй” гэх мэдүүлэг /хэргийн 28 дахь тал/,
гэрч Б.Н мөрдөн байцаалтанд өгсөн “... Гэтэл 2012.11.15-16-нд шилжих шөнө гэртээ зурагт үзээд байж байтал зам тээврийн осол гарч хүн нас барсан тухай зар явж байхаар нь хартал осолд орж нас барсан хүн нь манай нөхөр байсан. Тэгээд л бид цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хэргийн 29 дэхь тал/,
гэрч С.Б мөрдөн байцаалтанд өгсөн “ ...Тэр өдөр Хөвсгөлийн чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ явагдаагүй. Учир нь тэр өдөр хүн байхгүй байсан” гэх мэдүүлэг /хэргийн 30 дахь тал/,
2012 оны 11 сарын 19-ны өдрийн 10/07/025/046 тоот Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт, баримтжуулсан материалын хамт /хэргийн 32-39 дахь тал/,
Эд хөрөнгийн зах зээлийн судалгаа /хэргийн 42 дахь тал/,
Цогцосонд шинжилгээ хийсэн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ №126 тоот дүгнэлт, тэмдэглэл /хавтаст хэргийн 44-49 дэхь тал/,
Замын цагдаагийн газраас Зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал /хэргийн 52-53 дахь тал/,
2012 оны 11 сарын 27-ны өдрийн Замын цагдаагийн байцаагч Цагдаагийн дэслэгч З.Ганбатын шинжээчийн дүгнэлт /хэргийн 57 дахь тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 68 дахь тал/,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн Засаг даргын 2012.11.15-ны №2354 тоот тодорхойлолт /хэргийн 69 дэхь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.
Шүүгдэгч нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн /хавтаст хэргийн 23 дахь тал/, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт ******* ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улсмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч ******* д 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ******* ийн эдлэх 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, ..... дугаарын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж, тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ******* д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* д мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН