Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1069

 

 

   2023         10         26                                    2023/ШЦТ/1069

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

Улсын яллагч: Ч.Батбаатар,

Шүүгдэгч: С.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1997 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, Дорнод аймагт төрсөн 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, засварчин ажилтай, ам бүл 3,

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн яамны баруун хойд замд 2022 оны 03 дугаар сарын 28-ны орой 17 цаг 05 минутын орчим “Ниссан тийда” маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч А.Э, Д.С нарыг мөргөж эрүүл мэндэд нь тус тус хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед будгийг нь авах гээд явж байсан. Засуулах гэж өгсөн машин байсан. Жы машин байсан. Явган хүний гарц дээр ундааны сав авах гэж байхад тиймэрхүү зүйл болсон. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...”гэв.

 

Эрүүгийн 0 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-9, 12-13 дугаар хуудас/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-18 дугаар хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Жы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 38, 41 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.Аы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 46 дугаар хуудас/,

 

Гэрч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

Хохирогч А.Эын эмчилгээний зардалд гарсан мөнгөний баримт /1-р хх-ийн 26-28 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Сийн эмчилгээний зардалд гарсан мөнгөний баримт /1-р хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №0 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 56-57 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №0 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 66-75 дугаар хуудас/,

 

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай албан бичиг /2-р хх-ийн 61 дүгээр хуудас/,

 

2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №0 дугаартай мөрдөгчийн магадлагаа /2-р хх-ийн 172 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2-р хх-ийн 165 дугаар хуудас/, 

 

Шүүгдэгч С.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 52 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 62 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 53 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2-р хх-ийн 54 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хх-ийн 64-76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн яамны баруун хойд замд 2022 оны 03 дугаар сарын 28-ны орой 17 цаг 05 минутын орчим “Ниссан тийда” маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч А.Э, Д.С нарыг мөргөж тэдгээрийн эрүүл мэндэд нь тус тус хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 

Дуудлагын лавлагааны хуудас,

 

Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...16:59:35 цагт явган зорчигч ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд шаргал өнгийн Ниссан Тийда маркийн автомашин гарч ирээд 16:59:37 цаг явган зорчигч нарыг мөргөөд зогсож байна...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Хохирогч А.Эын “...1 дүгээр эгнээг өнгөрөөд 2 дугаар эгнээ рүү ороод дуусаж явтал Ниссан Тийда маркийн автомашин зогсолгүй орж ирээд намайг мөргөсөн. Би мөргүүлээд манараад явчихсан бөгөөд хүмүүс шуугилдаад явчихсан...Миний ард явж байсан эмэгтэй жолоочийг загнаад байхаар нь намайг өмөөрч байна гэж бодсон боловч тэр эмэгтэйг бас мөргөсөн байсан....надад ясны хугарал байхгүй, зөөлөн эдийн гэмтэлтэй байна, хэвтрийн дэглэм бариад хүйтэн жин тавь гэж хэлсэн...Өвдөгний шөрмөс хэрэв сэмэрсэн бол зардлыг бүрэн даалгана гэж бодож байна. Цаашид ямар зардал гарахыг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Д.Сийн “...Би 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ажлаа тараад 1 дүгээр эмнэлгээс гараад төв номын сангийн автобусны буудал орох зорилгоор ганцаараа явган алхаж байсан. Эрүүл мэндийн яамны хойд талын явган ий гарцаар гарахын өмнө урагшаа харахад урдаа нийлэн холоос автомашин ирж сан бөгөөд миний урд талд 1 настай эрэгтэй хүн арай түрүүлээд явахаар нь би ас нь алхаад гарч явтал 1 дүгээр өнгөрөөд 2 дугаар эгнээ рүү орж явтал Н.Тийда маркийн автомашин маш хурдтай орж ирээд бид 2-г мөргөсөн...Эмчилгээний зардлын тооцоог дараа гаргаж өгнө. Эмнэлэгт сайн үзүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Жы “...Би 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн Н.Тийдаа маркийн автомашинаа хойд буферыг нь болон багажыг нь засуулахаар зурагтын эцэст байх Анд гэх нэртэй засварын газарт машинаа өгсөн. Шилийг нь хагалчихсан байсан. Гэхдээ засуулсан. Одоо ямар нэг асуудалгүй болсон...” гэсэн мэдүүлэг,

 

Иргэний хариуцагч Д.Жы “...Тухайн үед автомашиныг унаж явсан хүмүүс нь хариуцана гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг,  

 

Гэрч Ц.Аы “...Шангриллагаас талбай орох гээд О автомашин унаад би хойд талд Отгоо урд талд нь суугаад явж байсан. Эрүүл мэндийн яамны баруун талаар хойшоо явж байтал гэнэт машин огцом зогсохоор нь буугаад хартал 2 хүн мөргөсөн байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №0 дугаартай шинжээчийн дүгнэлт “...А.Эын биед зүүн өвдөгний чагтан холбоосны урагдал, Meniscus-н урагдал, зүүн гуянд цус хуралт, өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №0 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Д.Сийн биед зүүн өвдөгний дотор коллатерал холбоос, тойгны дотор даруулган холбоосны хэсэгчилсэн урагдал, өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт,

 

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай албан бичигт “...Соддалайн Б...-ийн мэдээллийг Жолоочийн бүртгэлийн нэгдсэн сан /dis.police.gov/-д шүүхэд жолоочийн бүртгэлгүй /тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй/ байна...” гэсэн баримт,

 

2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №972 дугаартай мөрдөгчийн магадлагаа “...1. Жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” болон “16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч, хохирогч А.Э, Д.С нар нь ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна....” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Шүүгдэгч С.Бгийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Шангрилла орчхоод буцаад Гандан орох зорилгоор манай засварын газарт засуулахаар өгсөн байсан автомашин болох Ниссан Тийда маркийн 0 улсын дугаартай автомашиныг жолоодон Эрүүл мэндийн яамны баруун замаар урдаасаа хойш чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал зүүнээс баруун тийш чиглэлд 2 явган зорчигч цувраад гараад ирсэн. Би хараад тоормос гишгэсэн боловч гулгаад мөн хэтэрхий тулчихсан байсан учир 2 явган хүнийг мөргөөд зогссон. Машины урд гуфер хэсгээр хүмүүсийг мөргөөд хоёулаа газарт унасан. Би зогсоод бууж очоод босгоход цагдаа ирсэн... Д.О хамт яваагүй. Би жолооны үнэмлэхгүй учир Д.Оын нэр, регистрийн дугаарыг хэлсэн. Би машин байнга унадаггүй бөгөөд тэр өдөр яаралтай шаардлага гарсан учир машин унаж явсан. Д.О намайг өөрийнх нь регистрийн дугаарыг хэлээд машин унаж явж байсныг мэдэхгүй. Би ослын дараагаас цагдаагийн байгууллага буюу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст ирж мэдүүлэг өгөхдөө Д.О гэж хэлээд мэдүүлэг өгөөд явж байсан. Лавлагаа авчирч өг гэхээр нь манай гэрт байсан иргэний үнэмлэхийн лавлагааг авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, С.Б жолоодон явсан “Nissan tiida маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгслээр явган зорчигч А.Э, Д.С нарыг мөргөсөн болохыг хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр, хохирогч А.Э, Д.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр, шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг мөрдөгчийн магадлагаа, бусад баримтуудаар тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

                                

Шүүгдэгч С.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар байтал А.Э, Д.С нарыг мөргөж тэдгээрийн эрүүл мэндэд тус бүрт хүндэвтэр гэмтэл учруулан зам тээврийн осол гаргасан болох нь нотлогджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

“Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэ үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулдаг.

 

“Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэдэгт Монгол Улсын хууль /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль/ түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт /Замын хөдөлгөөний дүрэм/-ыг зөрчиж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журамд халдсан аливаа үйлдлийг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж заасан.

 

Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн холимог хэлбэрээр буюу санаатай гэмт үйлдэл хийж, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч нарт учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүх шүүгдэгч С.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс  хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

                                                  

Хохирол, төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч А.Эт 920.977 төгрөгийн, хохирогч Д.Сд 906.400 төгрөгийн гэм хорын хохирол тус тус учирсан байх ба хохирогч А.Эт 920.977 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр /2хх 140 хуу/ тогтоогдсон тул шүүгдэгчийг хохирогч А.Эт нэхэмжилсэн баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Д.С нь “...Баримтаар 906.400 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилж байна....” гэсэн хүсэлтээ илэрхийлж энэ талаарх нотлох баримтын шаардлага хангасан баримтууд /1хх 34-35, 131-133 хуу/ хэрэгт авагдсан тул шүүх тухайн 906.400 төгрөгийн гэм хорын хохирлыг шүүгдэгч С.Бгаас гаргуулж хохирогч Д.Сд олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч А.Э, Д.С нар цаашид гарах гэм хорын хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Бгаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй болохыг дурдлаа.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч С.Бг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч С.Б нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч С.Бгийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн нөхцөл байдал, эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түрээсийн байранд амьдардаг. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон учир хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргасан байна.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Бгийн ар гэрийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхдээ хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байдал, хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй, түүнийг тодорхой зүйлд бодитой, шударга байх зан байдал дутагдалтай байсан хувийн зан байдал зэргийг тус тус харгалзан тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.  

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч С.Бгаас замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй байдал зэрэг нь нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон      

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Соддалайгийн Б-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

            2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар С.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй хохирогч А.Эт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай. 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бгаас 906.400 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Сд олгосугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч А.Э, Д.С нар цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ДУЛАМСҮРЭН