Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 144

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хэргийн индекс: 171/2012/0157/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,

хохирогч Д.Э.,

шүүгдэгч Э.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт Б овогт Э.Б.т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000139 дугаартай хэргийг 2012 оны 6 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн Б овогт Э.Б., /РД:../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн,  эмэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч бармен мэргэжилтэй, ... зочид буудалд бармен ажилтай, ам бүл 8, аав, ээж, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .. баг .. .. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл үгүй.

 

Шүүгдэгч Э.Б. нь 2011 оны 9 дүгээр сараас 03 дугаар сарын хооронд Дархан сумын . дүгээр баг Төмөр замын ... дүгээр байрны .. тоотод оршин суух иргэн Д.Э.гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс, бэлэн мөнгө хулгайлж 10.483.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би “Хаан бууз” кафенд 2011 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилласан. Захирал Э. гэрийнхээ түлхүүрээ кафенд үлдээчихдэг байсан. Тэгээд 2011 оны 9 сарын эхээр, 2012 оны 2 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд гэрийнх нь түлхүүрээр үүдийг нь онгойлгож ороод алт, монетан бөгж, ээмэгнүүд, мөнгөн аяга, зургийн аппарат, бэлэн мөнгө 280.000 төгрөг авсан. Үнэлгээнд явуулсан эд зүйлүүдээс алтан хослол, үнэт чулуун ээмэг болон 1 сая төгрөгөөр 1 удаа, 200.000 төгрөгөөр 2 удаа авсан гэсэн 1.400.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, би аваагүй. Хохиролд 5.510.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.

 

C:\Documents and Settings\User\Desktop\Ý.Áàÿðöýöýã 145.2,-.doc

 

Эрдэнээ эгчээс уучлалт гуйх гэхээр урдаас загнаад байдаг байсан. Одоо Эрдэнээ эгчээс уучлалт гуйж байна. Хийсэн зүйлдээ маш их харамсаж байна. Энэ асуудалд миний ээжийг битгий зовоогоорой гэж Э. эгчээс гуйж байна” гэв.

Хохирогч Д.Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2011 оны 8 сард кулонтой хослол бөгж зэргээ хайрцагт хийгээд орхисон. Дараа нь найздаа үзүүлэх гээд үзсэн чинь байхгүй байсан.Тухайн үедээ гэрээсээ хайгаад олдоогүй өнгөрсөн. Тэр үед гэрт хулгай орсон шинж байхгүй байхаар нь хүүхдээ авчихсан юм байх гэж бодож байсан. Тэгээд 10 сарын сүүлээр дахиад цэцэг хэлбэртэй монетон гинжтэй хослол, Swarovski шигтгээтэй хос ээмэг зэргийг шинээр аваад хайрцагандаа хийгээд орхисон. Дараа нь 2012 оны 02 дугаар сарын 08-ний өдөр юмнуудаа зүүхээр хайрцгаа онгойлготол бүх зүйлүүд маань алга болсон байсан. Миний сейфний цоож нь эвдэрчихсэн зөвхөн кодоор онгойдог байсан. Тэр үед бас л хүүхдээ авчихсан юм байх гэж бодоод гэр бүлд дотор маш эвгүй уур амьсгал бий болж байсан. Бэлэн мөнгөний хувьд эхлээд 1 сая төгрөгөөс 280.000 төгрөг, дараа нь 10 сард 800.000, 600.000 төгрөг, нийт 1.680.000 төгрөг мөн эд зүйлийн үнэлгээгээр үнэлсэн 15 зүйлүүд бас үнэлгээнд ороогүй ломбардаас авсан 1 гинж зэргийг хулгайд алдсан.  Хохиролд 5.510.000 төгрөг авсан. Одоо 4.973.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ хүүхэд багаасаа манайд ажиллаж эхэлсэн ийм зүйл хийсэнд  гомдолтой байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтууд болох

Хохирогч Д.Э.гийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоож байцаалт авсан тэмдэглэл. /хэргийн 26-30 дугаар хуудас/,

Гэрч Т.Б.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 35 дугаар хуудас/,

Гэрч Х.Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 37-38 дугаар  дүгээр хуудас/,

Гэрч Б.Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 52 дугаар хуудас/,

Гэрч Л.Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 55 дугаар хуудас/,

Гэрч Э.Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 48-49 дүгээр хуудас/,

Гэрч Л.О.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 50-51 дүгээр хуудас/,

Барьцаат зээлийн гэрээ /хэргийн 54 дүгээр хуудас/,

Барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээ. /хэргийн 57 дугаар хуудас/,

Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хэргийн 63-66 дугаар хуудас/,

Яллагдагч Э.Б.ийн мэдүүлэг. /хэргийн 72-75, 76-78 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Б.ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хэргийн 81 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.Б. нь 2011 оны 9 дүгээр сараас 2012 оны 03 дугаар сарын хооронд Дархан сумын . дүгээр баг .. замын .. дүгээр байрны .. тоотод оршин суух иргэн Д.Э.гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс, бэлэн мөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэж нийт 10.483.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Э.гийн “... Би 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн Солонгос улсад үйлдвэрлэсэн цэцгэн хэлбэртэй, дээрээ ногоон, ягаан хөх, цайвар ягаан, шар зэргийн олон өнгийн болор шигтгээтэй монетан ээмэг, бөгж, кулонтой нарийвтар гинжтэй зэрэг эд зүйлийг зүүж байгаад энэ өдрийн орой гэртээ зүрхэн хэлбэртэй улаан өнгөтэй өөрийхөө саванд хийгээд орхисон юм. Тэгээд 2012.02.08-ны өглөө 07 цагийн орчимд Улаанбаатар хот явахаар болоод дээрх ээмэг гинжээ зүүх гэсэн чинь алга болчихсон байсан. Мөн дээр нь улаан шаргал шигтгээтэй монетаны түрхэцтэй ээмэг бас алга болсон байсан...Манай гэрээс Монгол алтан 916 сорьцтой, унждаг хос ээмэг 1 ширхэг, Монгол алтан шигтгэдэг хос ээмэг 1 ширхэг, бөгж 1 ширхэг, Солонгос улсад үйлдвэрлэсэн ногоон өнгийн чулуун шигтгээтэй хос ээмэг, бөгж, кулонтай гинж, хар өнгийн чулуун шигтгээтэй бөгж 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, зургийн аппарат, үнэт чулуун шигтгээтэй хос ээмэг 1 ширхэг, бөгж, кулонтай гинж, 1 ширхэг зэрэг алтан хослол, монетан ээмэг, бөгж 1 ширхэг, монетан бөгж 1 ширхэг, монетан сарзгар дөрвөлжин хэлбэртэй хос ээмэг 1 ширхэг, Сваровски шигтгээтэй бөгж 1 ширхэг, Сваровски шаргал өнгийн шигтгээтэй, монетан түрхэцтэй унждаг хос ээмэг 1 ширхэг, бэлэн мөнгө 280.000 төгрөг нэг удаа, дараа нь 1.000.000 төгрөг, мөн 200.000 төгрөг, мөн нэг удаа 200.000 төгрөг нийт 1.680.000 төгрөг гэрээс алдагдсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 26-30 дугаар хуудас/,

гэрч Т.Б.ы “... 2012 оны 2 дугаар сарын эхээр Хаан бууз кафены эзэн болох 40 гаруй насны эмэгтэй зах дээр ирээд алтан эдлэл байна уу гээд асуугаад яваад байсан. ... Энэ асуудлын үед Бадамханд надаас 360.000 төгрөг авч 30 гаруй насны эмэгтэй хүнээс 10 гаруй орчим граммтай монетан эдлэл авсан байсныг эрүүгийн төлөөлөгч ахмад Болдсайхан та дээрх монетан эдлэл авсан юм бишүү гэхээр нь би аваагүй. Бадамханд авсан гэдгийг хэлсэн ба Бадамханд нь тухайн үед Хятад улс руу явсан байгаа гэдгийг хэлсэн” гэсэн мэдүүлэг, /хэргийн 35 дугаар хуудас/,

гэрч Х.Б.ын “... 2012 оны 2 дугаар сарын эхээр 18-26 орчим насны намхан бордуу, шаравтар ч юм шиг царайтай хүүхнээс зуувин хэлбэртэй, шигтгээг нь авчихсан ээмэг, бөгж, кулон зэргийг авсан ба грамм нь 10 грамм байсан. Би нэг граммыг нь 36.000 төгрөгөөр буюу нийт 360.000 төгрөгөөр уг монетан эдлэлийг авсан. Солонгос улсад үйлдвэрлэсэн 14 краттай эдлэл байсан ба шигтгээг нь аваад эвдэрсэн шалчийсан арзгар нимгэн эдлэл байсан” гэсэн мэдүүлэг, хэргийн 37-38 дугаар хуудас/,

гэрч Б.Б.ийн “... Манай барьцаалан зээлдүүлэх газарт 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн орчим 20-21 орчим насны нэг эмэгтэй ганцаараа орж ирээд Э. овогтой Б. гэдэг хүний иргэний бичиг баримт үзүүлээд эмэгтэй хүний Солонгос монетан гинж 150.000 төгрөгөнд тавьмаар байна гэж орж ирсэн юм. 4.2 граммын Солонгос улсад үйлдвэрлэсэн монетан гинж 14 кратт байсан. Тэгээд 150.000 төгрөгөнд 1 сарын хугацаатай тавьсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 52 дугаар хуудас/,

гэрч Л.Д.ын “... 2012 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь гаднаас үл таних 20-22 орчим насны эмэгтэй хүн орж ирээд зээл гаргаж байгаа юу, юм тавих гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би иргэний үнэмлэх байгаа юу гэхэд тэр эмэгтэй иргэний үнэмлэхний хамт барьцаанд тавих монетан гинж, кулон, монетан бөгжийг өгсөн. ... граммлахад нийлээд 4.7 грамм байсан. Тэгээд би Э.Б.тэй зээлийн гэрээ байгуулан 150.000 төгрөг өгсөн. ... Гэрээ хийсэн цагаас хойш Б. ирээгүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 55 дугаар хуудас/,

Гинж, кулон, бөгжний гэрэл зураг, /хэргийн 56 дугаар хуудас/,

гэрч Э.Ц.ийн “... Би 2011 оны 11 дүгээр сарын эхээр байх сайн өдрийг нь санахгүй байна. Улаанбаатар хотод найз дээрээ байж байхад Б. ирээд ярьж хөөрч байх үедээ Э.гийн гэрт орж мөнгө авдаг, тэр айлын гэрийн түлхүүр нь надад байгаа гэж ярьж байсан юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 48-49 дүгээр хуудас/,

гэрч Л.О.ийн “ ... Э. нь манай байрны манай орцны 2 давхарт байдаг учраас их сайн мэднэ. 2011 оны 9 дүгээр сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Би гэрээсээ гараад ажилдаа явж байхад 2 давхарт Э.гийн цайны газарт ажилладаг Б. гэдэг эмэгтэй таараад нэг зог тусаад зөрөөд дээшээ өгсөөд явсан юм. Дараа нь 2011 оны 11 сард байх би сайн санахгүй байна. Намайг гэрээсээ өглөөний 09 цаг гээд гараад ажилдаа явж байхад Б. 2 давхарт таараад өгсөөд явсан. Би тэр үед Э.гийн ажилчин Э.Б.ийг манай орцонд амьдардаг юм байна гэж бодсон” гэсэн мэдүүлэг,  /хэргийн 50-51 дүгээр хуудас/

“Түнш” барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээ, монетан гинжний гэрэл зураг, /хэргийн 53 дугаар хуудас/

“Шинэ Нөр Их” ХХК-ний барьцаат зээлийн гэрээний хуулбар, /хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Б.ийг иргэн Д.Э.гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Б.ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно. /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Э.гаас гэмт хэргийн улмаас нийт 10.483.000 төгрөгийн хохирол учирсан байх гэх ба шүүгдэгч Э.Б.ээс хохирогчид 5.510.000 төгрөг төлсөн гэж мэдүүлж байгаа бөгөөд үлдэх 4.973.000 төгрөгнөөс баримтаар тогтоогдохгүй байгаа 1.400.000 төгрөгийг хасч төлөгдөөгүй үлдсэн 3.573.000 төгрөгийг шүүгдэгч Э.Б.ээс гаргуулж хохирогч Д.Э.д олгуулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Э.Б.ийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б овогт Э.Б.ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Б.т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Э.Б.ийн энэ хэрэгт 2012 оны 06 сарын 20-ны өдрөөс цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дүгээр зүйлийн 298.1.2-т энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Э.Б.ээс 3.573.000 /гурван сая таван зуун далан гурван мянган/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сум .. дүгээр баг .. дүгээр байрны .. тоотод оршин суух Д.овогтой Э.д /РД:Г..1/ олгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай 216 дугаартай тогтоолыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Э.Б.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                            

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ