Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2016/ШЦТ/37

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0055/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогч А.Э ,
Иргэний нэхэмжлэгч Л.М ,
Шүүгдэгч Д.Б  /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татаж, ял нэмж сонсгох тогтоол баталж ирүүлсэн С   овогт Д-ийн Б од холбогдох 201509000574 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, С   овогт Д-ийн Б  /РД:..... /, .... оны ... дүгээр сарын ... -ний өдөр .....-д төрсөн, ...... настай эрэгтэй, дээд боловсролтой, ......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... , ........-ийн хамт .........  аймгийн .....  сумын ...... дүгээр баг ......  дугаар хороолол  .......  дүгээр байрны ......  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй

Шүүгдэгч Д.Б  нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр иргэн А.Э ээс 3600000 төгрөг залилан мэхэлж авсан, мөн .......  аймаг дахь Сум дундын шүүхийн ....... оны ..  дугаар сарын ...... -ны өдрийн .....  дугаартай шийдвэрийн дагуу П.Б-д 3000000 төгрөг төлөх, 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаартай шийдвэрийн дагуу Э.М т 2044000 төгрөг төлөх шийдвэрүүдийг сайн дураар биелүүлэхээс зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Д.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би А.Э ээс 3600000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан. ..... аас тэтгэврийн зээл авах гэтэл өгөхгүй байсан тул ..... аас аваад өгье гэж хэлсэн. Э ийг нотариат дээр зээлийн гэрээ хийе гэхэд зөвшөөрч гарын үсэг зурсан. Би хэнийг ч залилаагүй. Мөн би шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны мөнгийг өөрийн боломжоор өгч байгаа. Би П.Б д 3000000 төгрөг өгч дуусгасан, харин Э.М ийн хувьд бид хоёр хамтран амьдарч байсан миний хань юм. Э.М ийн төлбөрт 1 сая гаран төгрөг үлдсэн байсан. Би А.Э т 3100000 төгрөг өгсөн, үлдсэн 500000 төгрөгийг удахгүй өгнө. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг,  

-Хохирогч А.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 7 дугаар сарын 20-ний өдөр Д.Б  надтай утсаар яриад “..... инд 3600000 төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байгаа, ..... инд дахин зээл авах гэж  материалаа бүрдүүлж өгсөн, 5000000 төгрөг авах гэж байгаа, одоо байгаа зээлийг хаах 3600000 төгрөг хэрэгтэй” гэж надад хэлсэн. Би Д.Б той ..... ны Төв салбар дээр уулзаад “таныг тэтгэврийн зээлтэй эсэхийг мэдэхгүй, надад баталгаа өг” гэж хэлэхэд теллерээс нь зээлийн дансны хуулга авчирч үзүүлсэн юм. Тухайн үед надад “манай эхнэр Америк улсад байдаг, хүүхдээ явуулах гэж байгаа юм, яаралтай мөнгө хэрэгтэй байна” гэж хэлж, шагналд нь 30000 төгрөг надад өгөхөөр тохирч, 3600000 төгрөг бэлнээр авсан. Тэгээд банкнаас гарч ирэхдээ “.....  зээл өгөхгүй гэж байна, ..... наас авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та ..... наас тэтгэврийн зээл авна гэж хэлсэн яасан юм бэ? гэхэд надад “тэтгэврээ .....  уруу шилжүүлсэн, ..... наас аваад өгье” гэж хэлээд .....  уруу явсан юм. Д.Б  ..... наас гарч ирээд  “надад зээл өгөхгүй байна, 8 сарын 1-ний өдөр тэтгэвэр орохоор ав гэж байна”  гэхээр нь би “тэгвэл би баримтттай үлдмээр байна” гээд үйлчилгээний төвийн тэнд байдаг нотариат дээр очиж зээлийн гэрээ байгуулсан. Д.Б  нь надад 3100000 төгрөг өгсөн учир 500000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,  

-Иргэний нэхэмжлэгч Л.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай байгууллагад Д.Б той холбоотой 2 шүүхийн шийдвэр байгаа. 2012 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн, мөн 2011 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн шүүхийн шийдвэрүүдийн дагуу манай байгууллага 2011, 2013 онд .......  ажиллагаа үүсгэх тогтоол гаргасан. Шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч сайн дураараа биелүүлэх үүрэгтэй. Шийдвэр гүйцэтгэгч бол төлбөр гаргуулахын тулд дансан дахь гүйлгээг хаах, эд хөрөнгийг битүүмжлэх зэрэг бүх талын үйл ажиллагааг хийдэг. 2011, 2013 оноос хойш иргэн Д.Б од төлбөр төлөх маш олон боломж байсан. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир 2015 оны 8 сарын 21-ний өдөр .....  аймаг дахь ....... инд мэдэгдэл явуулсан. Тухайн үед Д.Б ын ....... ны дансанд 900000 орчим төгрөг байсан. Д.Б  .......  ерөнхий газарт өөрийн биеэр очиж “Би төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс болж 22070000 төгрөг гаргуулж авна, 22070000 төгрөг .......  Ерөнхий газрын дансаар миний дансанд шилжиж орж ирэхээр уг мөнгөнөөс 4513200 төгрөгийг төлнө” гэсэн хүсэлт гаргасан байдаг. Тиймээс 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ....... инд “төлбөр төлөгч Д.Б ын  дансанд байгаа мөнгийг олгож, .......  ерөнхий газраас 22070000 төгрөгийн гүйлгээ хийгдэх бөгөөд уг мөнгөнөөс 4513200 төгрөгийг манай албаны дансанд шилжүүлнэ үү” гэсэн мэдэгдлийг явуулсан. Д.Б ын дансанд 2015 оны 8 дугаар сарын 25-ний өдөр 22070000 төгрөгийн орлого орсон байхад Д.Б  нь манай байгууллагад 4513200 төгрөгийг шилжүүлж шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул цагдаад хандсан юм. Д.Б ын хамгийн эхний үүрэг нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх юм. Энэ бол Д.Б ын буруу байсан.” гэх мэдүүлэг, 
    -Зээлийн гэрээний хуулбар /хэргийн 7 дахь тал/,
    -..... ны зээлийн дансны хуулга /хэргийн 8, 37 дахь тал/,
    -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 23 дахь тал/,
    -Гэрч Р.Да-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...хамгийн сүүлд 2015 оны 7 дугаар сарын 20-нд зээлээ бүрэн төлж дууссан байна. 2015 оны 7 дугаар сарын 20-нд 3409986 төгрөг төлж зээлээ дуусгасан байна. 
    ...зээл олгохдоо дэвтрийг нь барьцаалдаг юм. Зээлдэгч нь өөрөө өөр бусад банкнаас тэтгэврээ авах хүсэлт гаргасан тохиолдолд дэвтрийг нь эргүүлэн өөрт нь өгдөг юм.
    ...Д.Б  нь манайд зээлээ хааж дуусгасны дараа дахин зээл авах эрхгүй юм. Учир нь тэтгэврийн дэвтрээ өөр банк руу шилжүүлсэн учир тухайн харьяалагдах банкнаас зээл авах эрхтэй.” гэх мэдүүлэг /хэргийн 31-32 дахь тал/,
    -Шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас /хэргийн 52-53, 56-57, 69-73, 88-92 дахь тал/
    -Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 62 дахь тал/,
    -Төлбөрийн хүсэлт /хэргийн 78-86, 94-103 дахь тал/,
    -Гэрч Н.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “.......... ны дансыг нь хаачихсан байхад миний дансанд 980000 төгрөг байгаа, түүнийг авмаар байна, би улсаас 22 сая төгрөг удахгүй авна, тэрнээс 2 хүнийхээ 4500000 төгрөг хийнэ, байгаа мөнгөө авчихмаар байна гэж хэлээд .......  ерөнхий газар хандсан байсан. Түүний дагуу манайхаас 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 980000 төгрөгийг нь олгохын тулд дансыг нь түр хугацаагаар нээлгэхээр банк руу тоот явуулан дансыг нь нээлгэсэн. Тэгсэн тэр өдрөө мөнгөө авахгүй байж байгаад тэр оройноо 22 сая төгрөг дансанд нь нэмэгдэж ороод 2015 оны 8 дугаар сарын 24-ний өглөө ........ -ын ....... ны салбараас 22980000 төгрөгийг Д.Б  нь өөрийн данснаасаа гарган авсан байсан. 
    ...мөн өөрөө ........ ауди-А4 маркын автомашинтай хирнээ худалдаж авсан хүнээсээ машинаа нэр дээрээ шилжүүлж аваагүй унаад яваад байдаг. Тэр машиныг хамтран амьдрагч М ээрээ зээл авахуулж худалдан авч байсан юм билээ.” гэх мэдүүлэг /хэргийн 133 дахь тал/,
    -Гэрч Э.М ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...шийдвэр гүйцэтгэх алба миний 2 сая төгрөгийг Д.Б оос гаргуулж өгөхийг хүсч байна.” гэх мэдүүлэг /хэргийн 134 дэх тал/,
    -Гэрч М.Г-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Д.Б  нь 2015 оны 7 дугаар сарын 21-нд ........  хот ....... төв салбараас 2328000 төгрөгийн тэтгэврийн зээл авсан байна. Үүний дараа 2 сарын хугацаанд эргэн төлөлт 250000 төгрөгөөр 2 сар төлөөд 2015 оны 9 дүгээр сарын 10-нд үлдэгдэл зээл болох 1881550 төгрөгийг Капитал төв салбарт аваачин өгч зээлийн үлдэгдлээ хаасан байна.” гэх мэдүүлэг /хэргийн 135 дахь тал/,
    -Гэрч Л.О-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...уг албан бичиг 2015 оны 8 дугаар сарын 21-нд үдээс хойш ирсэн. Албан бичгийн дагуу Д.Б ын дансыг хаасан. Уг өдөр баасан гариг байсан. Тэгээд 2015 оны 8 дугаар сарын 24-нд .......  албанаас ......  албан бичиг ирсэн. Уг албан бичиг “одоо байгаа мөнгийг Д.Б од олгож, .......  ерөнхий газраас 22070000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэх мөнгөнөөс 4513200 төгрөгийг ..... ны ........  дансанд шилжүүлэхийг мэдэгдэе” гэсэн байсан. Үүний дагуу 8 дугаар сарын 24-нд Д.Б ын дансыг нээсэн. Орой ажлаасаа гарахдаа дансыг харахад Д.Б  данснаасаа мөнгө аваагүй, мөн дансанд нь орлогын гүйлгээ хийгдээгүй байсан. 2015 оны 8 дугаар сарын 25-нд өглөө ажилдаа ирээд Д.Б ын дансыг үзэхэд мөн мөнгө аваагүй, орлого ороогүй хэвээрээ байсан. Гэтэл 8 дугаар сарын 25-нд 12 цагт Д.Б ын дансанд 22 сая төгрөг орсныг 13 цагт Д.Б  авсан байсан. Дансанд нь мөнгө орсон талаар надад мэдээлэл ирээгүй. Д.Б ын дансанд хэзээ, хэдний өдөр, хэдэн цагт мөнгө орох ёстойг мэдэгдээгүй учир байнга дансыг нь хараад сууж байх боломжгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 138-139 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Д.Б  нь “иргэн А.Э ээс 3600000 төгрөг авсан асуудал бол иргэний хэрэг, иймд асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэж мэтгэлцэж байна.

Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинж нь эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд оруулж, захиран зарцуулах эрхийг олж авдаг идэвхтэй үйлдлээр илэрнэ. 

Шүүгдэгч Д.Б  нь “..... наас дахин зээл авах талаар өнгөрсөн 7 хоногийн баасан гаригт материалаа өгсөн, зээлээ хаагаад дахин зээл авч, мөнгийг чинь өгнө” гэж итгүүлэн хохирогч А.Э ээс 3600000 төгрөг авсан байх бөгөөд шүүгдэгч Д.Б  тухайн үед ..... наас зээл авах боломжгүй байсан гэдэг нь гэрч Р.Д-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Д.Б  нь манайд зээлээ хааж дуусгасны дараа дахин зээл авах эрхгүй юм. Учир нь тэтгэврийн дэвтрээ өөр банк руу шилжүүлсэн учир тухайн харьяалагдах банкнаас зээл авах эрхтэй.” гэх мэдүүлгээр /хэргийн 31-32 дахь тал/ нотлогдож байна.

Улмаар шүүгдэгч Д.Б  нь 2015 оны 7 дугаар сарын 21-нд ..... наас 2328000 төгрөгийн тэтгэврийн зээл авсан болох нь гэрч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Д.Б  нь 2015 оны 7 дугаар сарын 21-нд ........ хот ........ төв салбараас 2328000 төгрөгийн тэтгэврийн зээл авсан байна.” гэх мэдүүлэг /хэргийн 135 дахь тал/, ..... ны зээлийн дансны хуулгаар /хэргийн 8, 37 дахь тал/ тус тус нотлогдож байх боловч “тэтгэврийн зээл аваад мөнгийг чинь өгнө” гэж хохирогч А.Э ээс авсан 3600000 төгрөгийн төлбөрөөс тухайн үед огт төлж барагдуулаагүй бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж, 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр сэжигтнээр тооцож, мэдүүлэг авсаны дараа буюу 20\15 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1 сая төгрөг төлсөн болох нь хохирогч А.Э ийн мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/, шүүгдэгч Д.Б ын мэдүүлгээр /хэргийн 19 дэх тал/ нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Б  нь итгэл эвдэх аргаар бусдыг залилан мэхэлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

Харин шүүгдэгч Д.Б ыг шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татаж, ял нэмж сонсгох тогтоол баталж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь шүүгдэгч Д.Б  нь ........  аймаг дахь Сум дундын шүүхийн .... оны ......  дугаар сарын ...... -ний өдрийн ...... дугаартай шийдвэрийн дагуу П.Б д 3 сая төгрөг, .....  оны ..... дугаар сарын ......-ний өдрийн .......дугаартай шийдвэрийн дагуу Э.М т 2000000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу шүүгдэгч Д.Б  нь П.Б , Э.М  нарт төлөх төлбөрөөс 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 4513200 төгрөг төлөөгүй байжээ.
 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 2 минутанд  .......  ерөнхий газраас төрийн албан хаагчийн буруутайн нөхөн олговорт 22070000 төгрөг Д.Б ын ..........  дугаартай дансанд орлого болж орсон бөгөөд уг орлогоос .......  4513200  төгрөгийн хасалт хийж, .....  аймаг дахь .......  албаны ..... ны 1....... тоот дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан ч энэ үүргээ биелүүлээгүй байна.
Д.Б ын дансанд 22070000 төгрөгийн орлого орно гэдгийг шийдвэр гүйцэтгэгч сайн мэдэж байсан бөгөөд Д.Б  нь 22070000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэнэ гэдгийг .......  албанаас санаатай нуугаагүй, худал мэдээлэл өгөөгүй, өөрийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөгүй болох нь .....  аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ......  оны ..  дугаар сарын .... -ны өдрийн ... , .....  оны ......  дүгээр сарын .......-ний өдрийн .....   дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байгаа, нөгөө талаас 4513200  төгрөгийн хасалт хийхийг даалгасаар байхад энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд буруутай этгээдийг .......  тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-т зааснаар төлбөл зохих төлбөрийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг ахлах шийдвэр гүйцэтгэгч оногдуулах эрхтэй боловч ийм арга хэмжээ аваагүй атлаа шүүгдэгч Д.Б ыг шүүхийн шийдвэр үл биелүүлсэн гэмт хэрэгт буруутгах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

    Хохирогч А.Э т 3100000 төгрөг төлсөн талаар талууд маргахгүй байх тул үлдэх 500000 төгрөгийг шүүгдэгч Д.Б оос гаргуулж, хохирогч А.Э т олгохоор шийдвэрлэлээ.

    Шүүгдэгч Д.Б ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд тэрээр 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр иргэн А.Э ээс 3600000 төгрөг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдснээс хойш 6  сарын хугацаа өнгөрсөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан байх тул шүүгдэгч Д.Б ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, ял нэмж сонсгох тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
    
2.Шүүгдэгч С  овогт Д-ийн Б ыг итгэл эвдэх аргаар бусдыг залилан мэхэлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-ийг журамлан  Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан эрүүгийн хариуцлагаас  чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Д.Б од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Б оос 500000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч .........  тоотод оршин суух А-ын Э т /....... / олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б од оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Б од оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ              Я.ТУУЛ