| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Алтанхуяг |
| Хэргийн индекс | 171/2012/0164/Э/ |
| Дугаар | 147 |
| Огноо | 2012-07-31 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2012/0164/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа,
шүүгдэгч Д.М ,
хохирогч Р.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.М д холбогдох эрүүгийн 201209000360 тоот хэргийг 2012 оны 7 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн Б овогт Д.М , /РД:.../, 19.. оны .-р сарын ..-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, У.. ХХК-ний Дархан гурилын үйлдвэрт хөдөлмөр хамгааллын инженер ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Дархан сумын ..-р баг . дүгээр байрны .. тоотод оршин суудаг, ял шийтгэл үгүй.
Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 01 цагийн орчим Дархан сум . дугаар баг . дүгээр байрны .. тоотод оршин суух иргэн Г.У ын гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдардаг Р.А ыг нүүр, толгой, бие орчимд нь зодож мөн тухайн өдрийн өглөө 10 цагийн орчимд мөн дээрх айлд байхад нь дахин түүнтэй маргалдан зодож зүүн гарын 3 дугаар хурууг гэмтээж биед нь хөнгөн гэмтэл давтан санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “5 сарын 31-нд 9 цагт найз У тай Техас ресторанд уулзсан. Тэгээд тэнд орж сууж байгаад А ыг дуудсан. Тэнд ороод сууж байхдаа А бид хоёр нэг хүүхнээс болж муудалцахад А уурлаж гарч явахдаа миний утсыг аваад явсан. Тэгээд би орой нь найзындаа байхдаа утас аваад ир гээд А ыг дуудсан. А ирэхдээ согтуу ирсэн. Тэгээд бид хоёр маргалдаад би нэг алгадаад хөлрүү нь нэг өшиглөсөн. Маргааш өглөө нь би уурлаад түлхсэн. Унахдаа гараа гэмтээсэн” гэв.
C:\Documents and Settings\User\Desktop\Ä.̺íõòóëãà 99.2-.doc
Хохирогч Р.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “5 сарын 31-нд М Техас ресторанд байна хүрээд ир гээд дуудсан. Тэгээд намайг очиход найзтайгаа сууж байсан. Тэнд Б гэдэг хүүхнээс болж маргалдсан. Би уурлаад гарахдаа утсыг нь аваад гарсан. Тооцоог нь хийх гэтэл 22.000 төгрөг гарсан гэхээр нь тооцоог нь хийгээгүй. Гараад би ажлынхантайгаа байж байхад М над руу залгаад утас аваад ир би микрт У ынд байна гэхээр нь очсон. Тэгээд Техас ресторанд болсон маргаан үргэлжлээд М намайг зодсон. Тэгээд би гарсан. Би гадаа гараад үзсэн миний утас байхгүй, түрийвчэнд байсан мөнгө байхгүй байсан. Тэгээд би буцаж ороод тэндээ унтсан. Өглөө нь 9 цагийн үед М архи пиво барьчихсан орж ирсэн. Тэгээд намайг нойлын өрөөнд нүүр гараа угаах гэж байхад орж ирээд яв гээд түлхсэн. Тэгээд би унахдаа гараа эвгүй болгосон. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Одоо хамт амьдарч байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтууд болох:
Хохирогч Р.А ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, /хэргийн 10 дугаар хуудас/,
Гэрч Г.У ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хэргийн 12 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн үзлэгийн 2012 оны 6 сарын 04-ны өдрийн 500 тоот акт, /хэргийн 15 дугаар хуудас/,
Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хэргийн 32 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.М ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн шөнийн 01 цагийн орчимд Дархан сум 8 дугаар баг 14 дүгээр байрны 68 тоотод оршин суух иргэн Г.У ын гэрт өөрийн хамтран амьдрагч Р.А тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Р.А ыг нүүр, толгой, бие орчимд нь зодож “тархи доргилт, нүүр, их бие, мөчдийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт зэрэг хөнгөн гэмтэл учруулсан мөн тухайн өдрийн өглөө 10 цагийн орчимд мөн дээрх айлд байхад нь дахин түүнтэй маргалдан түлхэж унагааж зүүн гарын 3 дугаар хурууг гэмтээж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь:
Хохирогч Р.А ын “... би 00 цаг өнгөрөөгөөд У ынд орсон. У , М нар пиво ууж байсан. Тэгээд Техас бааранд болсон маргаан үргэлжлээд М намайг зодож эхэлсэн. Эхлээд нүүр, толгой руу цохиод газар унагаад намайг чирсэн бас дээрээс дэвссэн. Бас хана мөргүүлээд миний толгой хагараад цус гарахаар нь би цүнхэнд алчуур байгаа аваад өг гэсэн чинь энэ миний алчуур гээд алчуур аваад гараад явсан.
... У миний нүүрэн дээр мах тавьж өгсөн. Би тэндээ хоносон. Өглөө нь 9 цагийн үед М архи, пиво авч орж ирсэн. Чи миний нүүр амыг яаж байгаа юм бэ гэсэн чинь хохь чинь гэхээр нь би нэг өшиглөсөн чинь намайг ахиж барьж аваад зодсон. Би нойлын өрөөнд ороод нүүр амаа угаах гэтэл М одоо гар яв гээд хөөгөөд араас өшиглөөд намайг түлхэж унагаасан. Би унахдаа гараа эвгүй болгочихсон. Гараа харсан чинь зүүн гарын ядам болон дунд хуруу хойшоо эргэчихсэн цус гарч байсан. Би цус гараад байна гэж хэлсэн чинь тэр хоёр цаад өрөөрүүгээ орчихсон. Тэгээд би гараад орцонд хүний утсаар цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 10 дугаар хуудас/,
гэрч Г.У ын “... М бид хоёр пиво ууж дуусаад манайд очоод М миний утсаар А руу залгаж дуудсан. 22 цаг өнгөрч байхад А орж ирсэн. Тэгээд өдөр Техас ресторанд болсон маргаанаа үргэлжлүүлээд хэрэлдээд байсан. Тэр хоёр манай гэрийн үүдэнд зогсоод маргалдаад байсан. Тэгсэн М цохьчих шиг болсон, би том өрөөндөө сууж байсан. Би босоод очтол М намайг зүгээр ээ цаашаа байж бай гээд би М д айлд ирчихээд найз эмэгтэйгээ оруулж ирээд маргаан үүсгэлээ гээд уурласан. Тэгээд би том өрөөндөө орчихсон. Тэгсэн чинь тэр хоёр хэрэлдээд нэг нэгнийгээ цохиод байсан. Найз эмэгтэй нь орилж чарлаад сүйд болохоор нь би очсон чинь А ын өмссөн хувцас нь цус болчихсон байсан ба би тэр хоёрыг яв гарч асуудлаа шийд гэсэн. Тэр хоёр гараад явсан. Хэсэг байж байгаад А шилтэй пиво барьчихсан орж ирсэн. Нүд нь хөхрөөд уруул нь хавдсан байсан. Тэгээд бид хоёр унтацгаасан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 12 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹500 тоот дүгнэлтэнд “Р.А ын биед тархи доргилт, зүүн гарын 3 дугаар хурууны шарх, нүүр, их бие мөчдийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 15 дугаар хуудас/,
Шинжээч эмч Д.Туяагийн “Р.А ын хурууны гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоогдоно. Р.А ын биед тархи доргилт, нүүр, их бие мөчдийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдсон. Дээрх онош нь хурууны хугарлын гэмтлээс гадна дангаараа гэмтлийн зэрэг тогтоогдоно” гэсэн мэдүүлэг /хэргийн 32 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.М нь өөрийн хамтран амьдрагч Р.А тай хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрэлдэж улмаар 2012 оны 6 сарын 01-ний өдрийн шөнө 01 цагийн орчим Р.А ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан мөн өдрийнхөө өглөө 10 цагийн орчим дахин зодож гарын хурууг нь гэмтээсэн нь цаг хугацааны хувьд завсарлагатайгаар хоёр удаа зодож тухайн зодох болгондоо хөнгөн гэмтэл учруулсан мөн гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.М , хохирогч Р.А нарын хувийн таарамжгүй харьцаа нөлөөлсөн болох нь шүүгдэгч, хохирогч, шинжээч эмч нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.М ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно. /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,
Хохирогч Р.А нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй, “арав хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардлыг Д.М гаргасан” гэж мэдүүлж байгаа болон одоо гомдол саналгүй эвлэрсэн тухайгаа мэдүүлж байх тул шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг ял шийтгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Д.М ыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар Д.М ыг 300 /гурван зуун/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нь Д.М нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар Д.М ас энэ тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.М д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ