| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/01058/И |
| Дугаар | 2053 |
| Огноо | 2020-06-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ***** хаягт байрлах, “ТБанк” ХХК-ийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ***** тоот хаягт оршин суух, Э*******ын Мд /РД: 0000/ холбогдох,
37,634,162.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ТБанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ТБанк нь 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 349901263416 тоот цалингийн зээлийн гэрээг Э.Мтэй байгуулан 20.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 14.4 хувийн хүүтэй олгосон.
Мөн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 340004099321-1 тоот кредит карт эзэмших гэрээг Э.Мтэй байгуулан 10.000.000 төгрөгийн зээлийн лимиттэй алтан картыг 2 жилийн хугацаатай, жилийн 24-30 хувийн хүүтэй олгосон.
Зээлдэгч эдгээр зээлийг авах үедээ ТБанкны Худалдан авалт, аюулгүй байдлын газарт захирлын ажил үүргийг гүйцэтгэж байсан. ТБанкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Б/1345 тоот тушаалын дагуу Э.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж ажлаасаа чөлөөлөгдсөн.
Зээлдэгч 2017 оны 5 дугаар сараас эхлэн цалингийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн ба төлөлт хийхээ больсон. Мөн кредит картынхаа эрхийн 10.000.000 төгрөгийг ашигласан бөгөөд үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байсаар уг 2 зээл тусгай активын албанд 2018 оны 6 дугаар сард шилжин ирсэн.
ТБанк зээлдэгчээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг гаргуулахаар 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тэрээр нэхэмжлэлд дурьдсан Баянзүрх дүүрэг, **** тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй тул хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Э.М банктай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй тул цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 14.728.140,45 төгрөг, үндсэн хүү 6.137.668,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 919.761,66 төгрөг, нийт 21.785.570,56 төгрөг, кредит картын зээлийн үлдэгдэл 6.098.312,33 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүү 5.315.555,83 төгрөг, шимтгэлийн авлага 450 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 4.434.273,68 төгрөг, нийт 15.848.591,84 төгрөг, бүгд 37.634.162,40 төгрөгийг Э.Мгээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.М шүүхэд гаргасан тайлбартаа:
Э.М миний бие ТБанкны нэхэмжилсэн мөнгийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа болно.
Миний бие 2019 онд банктай уулзан “Нутгийн буян” хотхонд 3 өрөө шинэ байрыг өгөх, мөн 8 хувийн зээлэнд оруулсан тохиолдолд хүн авах гэж байгаа талаар ярилцсан бөгөөд шийдэж өгөөгүй.
Одоо миний бие 3, 4 дүгээр хороололд үйлчилгээний зориулалттай 2 давхар, 384 метр квадрат, өөрийн эзэмшлийн газартай обьект 700.000.000 төгрөгийн бартерт авсан ба 500.000.000 төгрөгт зарах гээд чадахгүй байна.
Энэ байрыг банк 500.000.000 төгрөгөөр бодож аваад нэхэмжилсэн мөнгөө хасаад авч туслалцаа үзүүлнэ гэдэгт найдаж байна. Миний бие одоо Дорнод аймагт хайгуулын компани ажиллуулж байгаа бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан мөнгө орж ирэхгүй авлагатай ажиллаж байгаа.
Хэрэв банк энэ обьектыг авахгүй тохиолдолд миний бие тжс мөнгийг 2020 оны 10 дугаар сарын 1 хүртэл төлж чадахгүйй нөхцөл байдалтай байгааг минь харгалзаж үзнэ үү гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТБанк нь хариуцагч Э.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37.634.162,40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
/2016.08.12-ны өдрийн цалингийн зээлийн гэрээний үүрэгт:
Үндсэн зээлийн үлдэгдэл 14.728.140,45 төгрөг,
Зээлийн хүү 6.137.668,45 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү 919.761,66 төгрөг, нийт 21.785.570,56 төгрөг,
/2016.04.14-ний өдрийн кредит карт эзэмших гэрээний үүрэгт:
Зээлийн үлдэгдэл 6.098.312,33 төгрөг,
Зээлийн хүү 5.315.555,83 төгрөг,
Шимтгэлийн авлага 450 төгрөг,
Хугацаа хэтрэлтийн шимтгэл 4.434.273,68 төгрөг, нийт 15.848.591,84 төгрөг,
Бүгд 37.634.162,40 төгрөг/
Хариуцагч Э.М нь нэхэмжлэгч ТБанктай 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 349901263416 тоот тусгай нөхцөлт цалингийн зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг жилийн 14.40 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
мөн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 340004099321-1 тоот кредит карт эзэмших гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийн зээлийн эрхтэй алтан картыг 2 жилийн хугацаатай эзэмшин, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь, бэлэн гүйлгээний хүү жилийн 30 хувь, хугацаа хэтрүүлсэн шимтгэл нийт төлбөрийн 1 хувь, эргэн төлөлт нийт төлбөрийн 20 хувь нөхцөлтэй байхаар харилцан тохирч тус тус гэрээ байгуулсан нь зохигчдын тайлбар, гэрээнүүдээр тогтоогдож байна.
/ХХ-ийн 7-11, 16, 17, 19, 21 дүгээр тал/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заажээ.
ТБанк болон хариуцагч Э.М нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.
Зээлдэгч Э.М нь 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн цалингийн зээлийн гэрээний дагуу 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр үндсэн зээл 734.519,99 төгрөг, зээлийн хүү 228.821,91 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээл 735.323,08 төгрөг, зээлийн хүү 228.018,83 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үндсэн зээл 736.715,56 төгрөг, зээлийн хүү 226.626,36 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн хүү 7.925,71 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр нэмэгдүүлсэн хүү 13.55 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр үндсэн зээл 2.271.842,21 төгрөг, зээлийн хүү 83.342,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.663,84 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээл 793.374,88 төгрөг, зээлийн хүү 176.625,12 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн хүү 108.695,51 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр нэмэгдүүлсэн хүү 89.50 төгрөг тус тус төлсөн ба тэрээр үүнээс хойш хугацаанд буюу 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хойш цалингийн зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн тэрээр 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 340004099321-1 тоот кредит карт эзэмших гэрээний дагуу 10.000.000 төгрөгийн зарцуулалтыг хийсэн боловч төлбөрийг мөн гэрээнд заасны дагуу төлөх үүргээ биелүүлээгүй нь кредит дансны хуулгаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 9-11, 13-14, 18, 22-31 дүгээр тал/
ТБанк нь зээлдэгч Э.Мг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардан 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 01 тоот, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 01 тоот мэдэгдлийг тус тус гардуулан өгч байсан ба зээлдэгч буюу хариуцагч Э.М нь зээлийн гэрээнүүдийн дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч ТБанк түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.
Хариуцагч Э.М зээл, зээл хүүгийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй буюу гэрээний үүргийг зөрчсөн талаараа болон зээлийн төлбөрт төлөх зээлийн тооцооллын талаар маргахгүй байгаа болно.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Э.Мгээс цалингийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 14.728.140,45 төгрөг, зээлийн хүү 6.137.668,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 919.761,66 төгрөг, нийт 21.785.570,56 төгрөг, кредит карт эзэмших гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 6.098.312,33 төгрөг, зээлийн хүү 5.315.555,83 төгрөг, шимтгэлийн авлага 450 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 4.434.273,68 төгрөг, нийт 15.848.591,84 төгрөг, бүгд 37.634.162,40 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ТБанкинд олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Э.М нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатарын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Э.Мгээс 37.634.162,40 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБанкинд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ТБанкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346.121 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мгээс 346.121 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБанкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН