| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2026/0110/З |
| Дугаар | 221/МА2026/0401 |
| Огноо | 2026-06-11 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2026/0401
“П” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “П” ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар албан бичгийг хүчингүй болгох, Сонгон шалгаруулалтын босго үнийн зөрүүг хуульд заасан хугацаанд хүлээн аваагүй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, босго үнийн зөрүүг хуульд заасан хугацаанд хүлээн авахыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0308 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2026/0110/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “П” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар албан бичгийг хүчингүй болгох, Сонгон шалгаруулалтын босго үнийн зөрүүг хуульд заасан хугацаанд хүлээн аваагүй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, босго үнийн зөрүүг хуульд заасан хугацаанд хүлээн авахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0308 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 20.5.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан "П" ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал газын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Сонгон шалгаруулалтын босго үнийн зөрүүг хуульд заасан хугацаанд хүлээн аваагүй хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, босго үнийн зөрүүг хуульд заасан хугацаанд хүлээн авахыг даалгаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э давж заалдах гомдолдоо:
“...Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нийтэд зарласан Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг 11358.96 гектар бүхий Хөх толгой нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 8209 дугаартай талбайд сонгон шалгаруулалтад оролцон 86 оноо авч шалгарсан ба сонгон шалгаруулалтад ирүүлсэн үнийн санал, босго үнийн зөрүү болох 1,670,487,280 төгрөгийг Төрийн сангийн MN480090100900018408 тоот дансанд Ашигт малтмал тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-т "геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын кадастрын асуудал хариуцсан нэгж шалгарсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай ажлын хоёр өдөрт багтаан мэдэгдэж, сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүүг ажлын 10 өдрийн дотор төлөх тухай мэдэгдлийг хүргүүлэх" гэж заасны дагуу төлөх талаар мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/5990 дугаар албан бичгээр "П" ХХК-д хүргүүлсэн байна. Уг мэдэгдлийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр огноолон дугаар өгч, "Явуулсан бичгийн бүртгэлд" 12 дугаар сарын 04-ний өдрөөр бүртгэн, "Монгол шуудан" ХК-ийн ажилтанд 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн байдаг... дээр дурдсан мэдэгдлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шуудангийн ажилтанд хүлээлгэн өгсөн зэргээр захиргааны байгууллага нь хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байна. Улмаар дээр дурдсан хуулийн заалтын дагуу баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд таван өдөр өнгөрсний дараа буюу 2025 оны 12 дугаар сарын 10-ы өдөр уг актыг мэдэгдсэнд тооцохоор байна. "Монгол шуудан" ХК нь дээрх албан бичгийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр "П" ХХК-ийн ажилтан Б.Б-д гардуулан өгсөн байдаг. "П" ХХК нь 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 16-ыг хүртэлх хугацаанд сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүүг хуульд заасан ажлын 10 өдрийн дотор төлөх хангалттай хугацаа байсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д "сонгон шалгаруулалтын үнийн саналыг үнэлэхдээ бүртгэл хаагдсан өдрийн дараагийн ажлын өдрөөс эхлэн үнэлгээг нээлттэйгээр нийтэд мэдээлэх" гэж заасны дагуу тус компанийн эрх бүхий төлөөлөгчид www.tender.gov.mn сайтаар орж сонгон шалгаруулалтын мэдээлэлтэй танилцах, хэддүгээр байранд орсон эсэхээ бүрэн мэдэх боломжтой байсан. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч "П" ХХК нь сонгон шалгаруулалтад ирүүлсэн үнийн санал, босго үнийн зөрүү болох 1,670,487,280 төгрөгийг төлж барагдуулах санхүүгийн эх үүсвэр, төлбөр төлөх боломжтой байсан эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. "П" ХХК нь Ашигт малтмал тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.6-д "энэ хуулийн 20.5.3, 20.5.4-т заасан төлбөрийг мэдэгдэлд заасан хугацаанд төлөөгүй оролцогчид босго үнийг буцаан олгохгүй." гэж заасны дагуу босго үнийн зөрүүг төлөөгүй байх тул Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нийтэд зарласан Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг 11358.96 гектар бүхий Хөх толгой нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шалгаруулалтад оролцон 86 оноо авч шалгарсан боловч үнийн санал, босго үнийн 8209 дугаартай талбайд сонгон зөрүү болох 1,670,487,280 төгрөгийг Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-т заасан хугацаанд төлөөгүй учир мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.5, 20.5.6-д заасны дагуу 10/5990 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий захиргааны акт байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх", 106.4-т "шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна." гэх шаардлагыг тус тус хангахгүй байх бөгөөд анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0308 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.1-д "нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож" шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “П” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “П” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар албан бичгийг хүчингүй болгох, Сонгон шалгаруулалтын босго үнийн зөрүүг хуульд заасан хугацаанд хүлээн аваагүй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, босго үнийн зөрүүг хуульд заасан хугацаанд хүлээн авахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.2. Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нийтэд зарласан Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших 11358,96 гектар бүхий Хөх толгой нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 8209 дугаартай талбайн сонгон шалгаруулалтад 86 оноо авч “П” ХХК шалгарч[1], хариуцагчаас 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/5990 дугаар “...сонгон шалгаруулалтад оролцон 86 оноо авч шалгарсныг үүгээр мэдэгдье. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн үнийн санал, босго үнийн зөрүү болох 1,670,487,280 төгрөгийг Төрийн сангийн MN480090100900018408 тоот дансанд Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-т заасны дагуу ажлын 10 өдрийн дотор төлөхийг мэдэгдэж байна.” гэх агуулга бүхий албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлжээ.
2.3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/5990 дугаар албан бичгийг явуулсан бичгийн бүртгэлд 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бүртгэж[2], 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Монгол шуудан” ХК-д хүргүүлж, улмаар шуудангаас “П” ХХК-ийн хаягаар 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч компанийн ажилтан Б.Б-д гардуулсан[3] байх ба хариуцагчийн “...2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр уг актыг мэдэгдсэнд тооцохоор байна...” гэх давж заалдах гомдлоос үзвэл энэ талаар маргаагүй байна.
2.4. Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар албан бичгээр “...үнийн санал, босго үнийн зөрүү болох 1,670,487,280 төгрөгийг Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-т заасан хугацаанд төлөөгүй байна. Иймд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.5, 20.5.6-д заасны дагуу 10/5990 дугаартай шалгарсан мэдэгдлийг хүчингүй болгосон” талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.
2.5. Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход дараах зарчмыг баримтална”, 20.5.3-д “геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын кадастрын асуудал хариуцсан нэгж шалгарсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай ажлын хоёр өдөрт багтаан мэдэгдэж, сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүүг ажлын 10 өдрийн дотор төлөх тухай мэдэгдлийг хүргүүлэх”, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д “Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.” 43.4-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно.” гэж тус тус хуульчилсан.
2.6. Анхан шатны шүүхээс “...эхний ээлжид зөвшөөрөл олгох эрх олгосон тухай мэдэгдэж, үүний дараагаар үнийн санал, босго үнийн зөрүүг ажлын 10 хоногт төлөх тухай мэдэгдлийг бичгээр хүргүүлэхээр байна...хуульд заасан дарааллыг орхигдуулсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйл ажиллагаа болжээ...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/5990 дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна.” гэж заасныг зөрчсөн байна.
2.7. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/5990 дугаар албан бичигт сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүүг хэдэн сарын хэдний өдрийн дотор төлөхийг хоёрдмол утга агуулгагүй, ойлгомжтой, тодорхой тусгах ёстой бөгөөд “...ажлын 10 өдрийн дотор төлөхийг мэдэгдэж байна” гэдгээс үзвэл нэхэмжлэгч мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор төлөх боломжит хугацааг хуулиар олгосон байна.
2.8. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.5-д “энэ хуулийн 20.5.3, 20.5.4-т заасны дагуу төлбөрийг төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага мэдэгдлийг хүчингүй болгож, энэ тухай бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр ажлын хоёр өдөрт мэдэгдэх” гэж зааснаас үзвэл хуулийн 20.5.3-т заасны дагуу босго үнийн зөрүүг төлөх мэдэгдэл зохих журмаар хүргэгдсэн эсэх, төлөгдсөн эсэхийг тодруулаагүй уг мэдэгдлээ хүчингүй болгох талаар мэдэгдсэн нь хуульд нийцээгүй байна.
2.9. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/5990 дугаар албан бичгийг “Монгол шуудан” ХК-иас 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч компанийн ажилтанд гардуулсан өдрөөс хойш сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүүг ажлын 10 өдрийн дотор төлөхөөр байхад нэхэмжлэгчийн тус эрхийг зөрчиж маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар албан бичгээр тус шалгарсан мэдэгдлийг хүчингүй болгосон нь хууль бус байх тул хариуцагчийн “... “П” ХХК нь 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 16-ыг хүртэлх хугацаанд сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүүг хуульд заасан ажлын 10 өдрийн дотор төлөх хангалттай хугацаа байсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна...хэддүгээр байранд орсон эсэхээ бүрэн мэдэх боломжтой байсан...төлж барагдуулах санхүүгийн эх үүсвэр, төлбөр төлөх боломжтой байсан эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
2.10. Нэгэнт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10/6370 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон энэ тохиолдолд хариуцагчид “сонгон шалгаруулалтын босго үнийн зөрүүг хуульд заасан хугацаанд хүлээн аваагүй үйлдлийг хууль бус болохыг тогтоож, босго үнийн зөрүүг хуульд заасан хугацаанд хүлээн авахыг даалгаж” шийдвэрлэх нь зүйтэй байх бөгөөд анхан шатны шүүхийн “...хариуцагчийг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээс идэвхгүй татгалзсан хууль бус үйлдэл гаргасан...” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э-с гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА