Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 123/ШШ2020/0031

 

 

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 04 өдөр Дугаар Зуунмод сум

123/ШШ2020/0031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ЗБХХК

Хариуцагч: Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжийн ЗБХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, Ц.Анхбаяр, хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

ЗБХХК-ийн захирал Д.Баасансүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, Б.Нандин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ЗБХХК нь Төв аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутагт хүнсний ногоо, малын тэжээл тариалах зориулалт бүхий 40 га газрыг Б сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 168 тоот захирамжийн дагуу 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж, мөн хүнсний ногоо малын тэжээлийн зориулалт бүхий 27 га газрыг 15 жилийн хугацаатай Төв аймгийн Б сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/88 тоот захирамжаар тус тус эзэмшиж байна.

Бид маргаан бүхий захирамжийн ЗБХХК-д холбогдох хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

   - Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулалгүйгээр газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн

   - Манай компанийн газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Гэтэл бид 40 га талбайдаа 2016 онд царгас тариалсан ба тариалсан царгасаа 2017, 2018, 2019 онуудад хураан авч, малынхаа тэжээлийг хангаж байсан. Үлдсэн 27 га талбайдаа малын ногоон тэжээлийг жил бүр тариалж байсан.

   - Маргаан бүхий захирамжийн нэг дэх хэсэгт гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй 38 иргэн, аж ахуй нэгжийн нийт 326.8 га газрыг хүчингүй болсонд тооцсугай гэжээ. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зохицуулалт нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай юм. Гэтэл захирамжаар газар эзэмших эрхийг бус газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаартай захирамжийн ЗБХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Тус сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/88 дугаар захирамжаар 27 га газрыг хүнсний ногоо, малын тэжээл тариалах зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж нийт 67 га газарт эзэмших гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс уг газартаа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байсан. Тухайн газраа тойруулан хашаа барьж хашаалсан байдаг. Мөн олон наст малын тэжээл болох царгас ургамлыг тариалсан. Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжаар ЗБХХК-ийн 47 га газрыг гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй. Тухайн захиргааны актыг гаргах ямар нөхцөл байдал үүссэн талаар үйл баримтыг тогтоогоогүй. Захирамжаар ЗБХХК-ийн нийт 67 га газрын аль хэсгийг нь хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй, утга агуулгын илэрхий алдаатай. Ийнхүү Б сумын Засаг даргын захирамжийн талаар Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Иймд нэхэмжлэгч ЗБХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Төв аймгийн Б сумын Засаг даргаас газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр огт гараагүй. Нэхэмжлэгч хоёр тусдаа захирамжаар газар эзэмшдэг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг хүчингүй болгох заалт бий. Хариуцагч талаас ЗБХХК нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр захирамж гаргасан. ЗБХХК-иас баримтууд гаргаж өгөх эрх, мөн 2016 онд царгасаа тариалсан компаниас тодорхойлолт зэргийг гаргаж өгөх боломжоор хангаж сонсох ажиллагааг огт хийлгүйгээр захирамжаа гаргасан. Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 07/392 дугаар албан бичгээр маргаан бүхий захирамж нь илэрхий алдаатай гэж үзэж Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгосон шийдвэр гаргана уу гэх чиглэл хүргүүлээд байхад хариуцагч ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй байна. Иймд Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжийн ЗБХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг дарга Д.Ганболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЗБХХК-иас Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

- ЗБХХК нь эзэмшил газартаа 2017, 2018, 2019 онуудад тариалалт хийгээгүй нь Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6, 20.3, 20.4 дэх заалтуудыг зөрчсөн,

- ЗБХХК-д Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь хэсэгт заасны дагуу ажлын хэсэг 2020 оны 04 сарын 14-ний өдөр биечлэн уулзаж мэдэгдлийг танилцуулсан, мэдэгдэл хүлээн авсан тухай гарын үсэг зурахаас татгалзсан,

- Маргаан бүхий захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх заалтыг удирдлага болгосон. Тус аж ахуй нэгж нь 2016 онд олон наст царгас тариалсан мөн 2017, 2018, 2019 онуудад ургац хураасан гэх мэдээлэл нь газар тариалангийн мэргэжилтний сумын агротайлан мэдээнд тусгагдаагүй тариалалт, ургац хураалтын мэдээ өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл, Тариалангийн тухай хуульд тухайн газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй бол газрыг хэсэгчлэн болон бүрэн хураана гэсэн заалт байгаа. Нэхэмжлэгч 2016 онд царгас тариалсан гэх боловч 2018 онд 20 га газраа хүнд түрээсэлж тариулсан. 2020 онд ажлын хэсэг үзлэг хийхэд газар нь атаршсан байдалтай, царгас гэх зүйл байхгүй байсан. Шүүхийн үзлэгээр очиход хүртэл царгас ургаагүй байсан. Ийм учраас Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжийг хууль зүйн үндэстэй гэж үзэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

ЗБХХК нь Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжийн ЗБХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

ЗБХХК нь Төв аймгийн Б сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/168 дугаар захирамжаар[1][1] төмс, хүнсний ногоо, малын тэжээл тариалах зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар 40 га, 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/88 дугаар захирамжаар[2][2] малын тэжээл тариалах зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар 27 га нийт 67 газрыг 0206433, 000297609 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг[3][3] үндэслэж эзэмшсэн байна. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч нь хариуцагч Төв аймгийн Б сумын газрын даамалтай иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ[4][4].

Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.6 дахь хэсгийг баримталж нийт 38 иргэн, аж ахуй нэгжийн 326.8 га газрыг хүчингүй болгосон гэх бөгөөд хавсралтаас үзвэл ЗБХХК-ийн эзэмшил бүхий газраас 47 га газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийг заасан байх бөгөөд Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжид ...газар эзэмших эрхийн гэрээний заалт зөрчсөн, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй 38 иргэн аж ахуйн нэгжийн нийт 326.8 га газрыг хүчингүй болгосонд тооцсугай.. гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.1 дэх хэсэгт утга агуулгын илэрхий алдаатай байх бөгөөд захирамжид баримталж байгаа хуулийн зүйл заалт нь тодорхойлох хэсгийн агуулгатай нийцэхгүй байна.

Мөн ЗБХХК нь 2 эрхийн гэрчилгээгээр 40 га, 27 га нийт 67 га газрыг эзэмшдэг атал маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газрын аль гэрчилгээг хүчингүй болгосон нь ойлгомжгүй, тариалалт явуулаагүй гэх газар нь гэрчилгээгээр эзэмшүүлсэн газрын аль хэсэгт хамааралтай болох нь тодорхой бус байх тул мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2 дахь хэсэг Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.3 дахь хэсэгт Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ. 24.4 дэх хэсэгт Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж зааснаар Б сумын Засаг дарга шийдвэр гаргахын өмнө эдгээр ажиллагааг явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 Хуульд үндэслэх, 4.2.5 Зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан зарчмыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Түүнэчлэн Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 406 тоот албан бичгээр ирүүлсэн ...2018 онд 68 га эргэлтийн талбайтай 20 га-д үйлдвэрлэл явуулсан, 2019 онд 68 га талбайтай 20 га-д үйлдвэрлэл эрхэлсэн... гэх тайлбар[5][5], Төв аймгийн Б сумын 2018, 2019 онуудын үйлдвэрлэлийн агро тайлан[6][6], Б сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 05/136 тоот албан бичигт тус аж ахуй нэгж нь 2016 онд царгас тариалсан... гэх тайлбар[7][7], Монскай ХХК-иас нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газрын 40 га талбайд царгас, 20 га талбайд ногоон тэжээлийн ургамал тариалуулсан нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт[8][8] зэргээс үзвэл нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж зааснаар буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр ЗБХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжийг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж зааснаар хүчингүй болгож, шүүх шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ЗБХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А\258 дугаар захирамжийн ЗБХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЗБХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                        Л.ӨЛЗИЙЖАРГАЛ