| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Алтанхуяг |
| Хэргийн индекс | 171/2012/0161/Э/ |
| Дугаар | 148 |
| Огноо | 2012-08-01 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | У.Солонго |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0161/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч У.Солонго,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурай /0-304/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт С овогт Н.Н , А овогт С.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000312 дугаартай хэргийг 2012 оны 7 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн А овогт С.Э , /РД:Д...../, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Говь-Алтай аймгийн . сумын . баг гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
2. Монгол Улсын иргэн С овогт Н.Н , /РД:И./, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Завхан аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн . сумын .-ын гүүр гэх газар оршин суудаг, урьд Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.
Шүүгдэгч Н.Н , С.Э нар нь бүлэглэн 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймаг Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт байрлах "Зүнма" ХХК-ийн эзэмшлийн бульдозерийн чиглүүлэгч дугуй, экскаваторын нурууны цилиндр, 20 метрийн урттай 219 труба зэрэг сэлбэгийг хулгайлж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр би Шарын гол суманд байдаг “ЗҮНМА” нэртэй ХХК-нд манаачийн ажил хийхээр очсон юм. Удалгүй хоёр хоногийн дараа буюу 4 дүгээр сарын 22-ны өдөр Н.Н тай ярилцаж байгаад ажиллаж байсан компаниасаа төмөр гаргаж ачсан юм. Тэгээд төмөрөө хүнээр ачуулаад зарсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр би хадам ах буюу С.Э н ажиллаж байсан газар нь очсон юм. Тэгээд Э ахын ажиллаж байсан байгууллагын хашаанаас нь төмөр авч Шаазгайтад байдаг төмөр авдаг газар 530.000 төгрөгөөр зарсан. Бид хоёр тэдгээр төмөрнүүдийг хаягдал төмөр юм байх гэж бодоод авсан юм. Одоо хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Н.Н , С.Э нар нь бүлэглэн 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймаг Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт байрлах "Зүнма" ХХК-ийн эзэмшлийн бульдозерийн чиглүүлэгч дугуй, экскаваторын нурууны цилиндр, 20 метрийн урттай 219 труба зэрэг сэлбэгийг хулгайлж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Х.М ийн: ...”Манайх Шарын гол сумын нутаг дэвсгэр болох Санжинт гэх газар "Зүнма" нэртэй алтны уурхайтай юм. Гэтэл 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр манай уурхайн манаач Э хүргэн ах гэл үү, хүргэн дүү ч гэл үү нэг хүнтэй нийлж манай байгууллагын хашаан дотроос бульдозерийн чиглүүлэгч дугуй, 20 метрийн урттай 219-ийн труба, эксковаторын нурууны цилиндр зэрэг эд зүйлсийг хулгайлж төмөр авдаг газар зарж байна гэж би сонссон. Миний алдсан сэлбэгүүд бүгд хэрэгцээтэй эд анги материалууд байгаа юм ” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-25 дахь тал/,
иргэний нэхэмжлэгч Д.Ө ын: ...”2012 оны 4 дүгээр сарын дундуур байсан байх нэг өдөр 15-16 цагийн орчимд хоёр үл таних залуу мотоциклтой манайд ирээд надад хандан “танайх төмөр авч байгаа юу” гэж асуухад нь би тэдэнд хандан “авч байгаа, би хулгайн төмөр авахгүй, шөнийн цагаар авдаггүй шүү” гэж хэлээд явуулсан юм. Гэтэл орой харанхуй болохоос өмнө нөгөө хоёр залуу цэнхэр өнгийн портер машинтай 2 метр орчим урттай шар өнгийн цилиндр төмөр, 200-ын пошикний хэмжээтэй төстэй цул дугуй төмөр, өөр бас залгаж холбосон трубанууд зэргийг авчирч надад өгсөн юм. Тэгээд тэр хоёр залуу мөнгөө аваад явсан дахиж ирээгүй харин би худалдаж авсан төмөрөө зарсан. Тухайн үед төмөрөө зарчихсан болохоор хохирогч М т 1.000.000 төгрөг өгсөн юм. Одоо би уг мөнгө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 37, 80 дахь талууд/,
гэрч М.Г ын: ...”Тэр хоёр залуу өөрсдийгөө алтны уурхайн харуул гэж хэлсэн. Өчигдөр бид хоёр төмөр тушаасан өнөөдөр дахиад төмөр тушаах хэрэгтэй байна гэж хэлэхэд нь би тэр хоёр залуугаас танай компани чинь ажиллаж байгаа юм уу гэж асуухад тэр хоёр залуу надад хандан чи үз үз гэж хэлсэн юм. Тэгээд тэр хоёр надаас портер машин олоод өгөөч гэж гуйхад нь би Түшигээ гэдэг залууд хандан “хүн төмөр ачуулмаар байна гэнээ” гэж хэлээд тэр өдрөө буюу 16-17 цагийн орчимд Түшигийг машинтай нь авчирч өгсөн. Тэгэхэд тэр хоёр залуугийн ахмад настай нь гэрт ороод архи дарс уугаад байсан ба насаар бага залуу нь тусад нь ялгасан хаягдал төмөрнүүдээс Түшигийн машинд ачиж байсан. ... Түшиг, Серк хоёрт хүн тус бүрт нь 20.000 төгрөг өгсөн гэсэн” гэсэн мэдүүлэг /28-30 дахь тал/,
гэрч Б.Б ийн: ...”Тэгээд тэр алтны компанийн хашаа руу орж урт байшингийн урдхан талд овоолчихсон байсан төмөрнүүдээс баахан төмөр ачсан. Мөн Галтын эксель нэртэй машины багажинд жижиг төмөрнүүдийг ачсан. Тэгээд хоёр машинтайгаа явж уг төмөрнүүдийг тушаасан. Надад тэр хоёр залуу ажлын хөлс гэж 30.000 төгрөг өгсөн юм. Би тэр хоёр залууг харвал танина. Тэр хоёр надад нэрээ хэлээгүй, өөрсдийгөө мотоциклтой явж байгаа гэсэн. Би тухайн үед 1 тонн гаран төмөр ачиж явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32 дахь тал/,
гэрч М.С ийн: ...”Тэр хоёр залуугийн намхан нь Галт ахын машинд төмөр ачуулж байсан. Тэгээд ачуулсан төмөрөө тушаасан. Тэгээд тэр хоёр залуу дахиад төмөр тушаах хэрэгтэй байна портер олоод өг гэхэд нь манай ах Галт, Баттүшиг гэдэг цэнхэр портертой хүнтэй уулзаж түүнийг дагуулж ирсэн. Тэгээд портер дээр нь төмөр ачаад төмөр авдаг газарт очиж тушаагаад надад 20.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 33 дахь тал/,
гэрч Ч.Э ын: ...”Өнгөрсөн 4 дүгээр сарын сүүлээр манай компанийн алтны уурхай дээрээс бульдозерийн чиглүүлэгч дугуй 1 ширхэг, экскаваторын цилиндр, мөн 219-ын труба зэрэг эд зүйлийг алдагдсаныг би сүүлд ажилдаа ирээд мэдсэн. Өнгөрсөн намар ажил зогсоход манай компанийн скаладны баруун талд байсан юм. Дээрх эд зүйлс бүгд хэрэгтэй байнга хэрэглэгддэг эд зүйлүүд юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 35 дах тал/,
эд зүйлд зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 43 дахь тал/,
хүн таньж олуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч С овогт Н.Н , А овогт С.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, уг гэмт хэргийг Н.Н нь давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Э нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогдож байна. /хэргийн 72 дахь тал/.
Шүүгдэгч Н.Н нь урьд Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан байна.
Үүнээс үзвэл тэрээр ялтай байх хугацаандаа тухайн төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн нь нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Х.М т шүүгдэгч Н.Н гаас 750.000 төгрөгийг, С.Э 750.000 төгрөгийг, мөн иргэний нэхэмжлэгч Д.Ө т шүүгдэгч Н.Н гаас 500.000 төгрөгийг, С.Э 500.000 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Н , С.Э нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, С.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С овогт Н.Н г давтан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан,
А овогт С.Э г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Н.Н д эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял, С.Э д эд хөрөнгө хураахгүйгээр 6 /сар/ баривчлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар Н.Н д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил хорих ял дээр, өмнөх Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 5 сар хорих ялын зарим болох 6 /зургаа/ сар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Н.Н гийн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Н д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Н.Н , С.Э нарын энэ хэрэгт 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Н гаас 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Нийслэлийн Хан-Уул дүүргийн дугаар хороо тоотод оршин суух Б овогт Х.М т /РД:Ж /,
500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын баг, тоотод оршин суух Б овогт Д.Ө т /РД:..../,
Мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Э гаас 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Нийслэлийн Хан-Уул дүүргийн .. дугаар хороо ... тоотод оршин суух Б овогт Х.М т /РД:Ж..../,
500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг, Уурхайчдын 3-11 тоотод оршин суух Б овогт Д.Ө т /РД:У..../ тус тус олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар С.Э н эзэмшлийн эрэгтэй хүний 1 ширхэг мөнгөн бөгж, эмэгтэй хүний 1 ширхэг мөнгөн бөгж зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 284 дугаар тогтоолыг, Н.Н гийн эзэмшлийн “Мустанг-5” нэртэй хуучин мотоциклыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болсонд тооцсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С.Э , Н.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Э , Н.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ