Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 149

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хэргийн индекс:171/2012/0165/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,

улсын яллагч У.Солонго,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,

хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,

хохирогч С.Д ,

шүүгдэгч А.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт Бовогт А.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000304 дугаартай хэргийг 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Монгол улсын иргэн, Б овогт А.Б  /РД:Т..../, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Өвөрхангай аймаг Хайрхандулаан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, жолооч мэргэжилтэй, Дархан сумын .. дугаар цэцэрлэгт манаач ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Дархан сумын .. дугаар баг .. тоотод оршин суудаг, ял шийтгэл үгүй.

 

Шүүгдэгч А.Б  нь 2012 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан сумын .дугаар баг . дугаар гудамжны ..тоот хашааны өмнөх шороон зам дээр ... ДАР дугаартай эксел маркийн авто машиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /цусанд 1.5 хувийн этилийн спирт илэрсэн ба энэ нь дунд зэргийн согтолттой/ жолоодож яваад тээврийн хэрэгсэлийг хашаанд оруулахаар ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7А, мөн 7 дугаар бүлгийн 7.6 дугаар заалтуудыг зөрчиж эхнэр С.Б ыг дайрч амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ээлжийнхээ амралтыг аваад хашаандаа байшин барьсан. Тэр өдөр орой 18 цагийн үед машинаа асаагаад мужаанаа хүргэж өгсөн. Тэгээд тэднийд очсон чинь тэр өдөр сувилагч нарын баярын өдөр гээд нэг шил архи гаргасан. Тэрийг бид нар уусан. Тэгээд хүний юмыг яаж зүгээр уух юм бэ гарахаа нэг юм авчихъя гэсэн. Тэгээд нэг шил архи авч уусан. Тэгээд юу болсон яасан талаар ерөөсөө мэдээгүй.

 

C:\Documents and Settings\User\Desktop\À.Áàÿðòîãîî 215.3-.doc

Бид нар амьдрах хугацаандаа муу амьдарч байсан гэж хэлэхгүй сайхан л амьдарч байсан.  Хохирогчийг дандаа зоддог байсан гэж хэлж байна. Манай том хүү бол багаасаа өвөө, эмээ дээрээ өссөн энэ бүгд нөлөөлж байгаа гэж бодож байна. Хүүхэн шууханы асуудал ярьж байна. Тэр нь охиныхоо ангийн багшийг авчирч байцаалтанд суулгасан. Багш нь бол манай байгууллагад ажилладаг. Тэр багш болохоор хүүхдийн ангийн багш байгаа юм” гэв.

 

Хохирогч С.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний эгч Б , Б  нар 2005 онд гэр бүл болсон. Айл гэр бүл болсон цагаасаа авахуулаад л эсвэл чи үхнэ, эсвэл би үхнэ гэж байнга заналхийлж байсан. 2006 онд Өвөрхангай аймагт амарч байхдаа авто машинаар дайрч алах гээд хөөж байсан тухай том хүү нь аав уурлаад ээжийг дайраад алчихья гээд хөөгөөд байсан гээд том хүү нь уйлаад ярьж байсан. Эгчийгээ салгаж аваа гэж хэлж байсан. Энэ хүн урьд нь гэр бүлтэй байсан хүн. Салж ирэхдээ шар торонд 2 ширхэг бандашаа хийчихсэн ирж байсан. Тэр өдөр гэртээ хоол хийж байсан хүнийг явъя гэсээр байгаад аваад гарсан гэсэн. Манай аав ээжийг хүчээр авч гарсан гэж хүү нь ярьсан. Б  мөрдөн байцаалтын шатанд би хашааны хаалган дээр очиж зогссон. Онгойлгох боломжгүй байсан болохоор хойшоо ухарсан. Юман дээгүүр гарсан. Талийгаач бууж хашааны хаалга онгойлгосон гэсэн мэдүүлэг өгсөн. Би хашааны хаалганд тулаад зогссон байсан. Бууж байсныг мэдээгүй гэсэн байгаа юм. Ингэж энэ хүний мэдүүлэг зөрж байгаа. Маш их зоддог байнга ална гэдэг байсан. Том хүүг нь ч гэсэн зоддог байсан. Манай аав, ээж би манай ах, дүү нар бүгдээрээ очсон. Хоёр хүүхдийг нь гэртээ авчирсан. Өмгөөлөгч суулгаж байгаад мэдүүлэг авсан. Дараагийн мэдүүлэг нь О.Алтанцэцэг гэдэг багшийг дагуулж очоод мэдүүлэг өгүүлсэн байсан. Хамгийн гол нь эгчийг маань машинаар зэвсэг хийж санаатайгаар алчихлаа. Ийм учраас гомдолтой байна. Хүүхэдтэй нь уулзах гээд гурван удаа очсон. Энэ хүүхдийг чамтай уулзуулахгүй, дахиад уулзахгүй гэсэн. Яагаад том хүүгээс нь нэг удаа мэдүүлэг авсан мөртлөө 6 настай хүүхдээс 2, 3 удаа мэдүүлэг аваад байгаа юм бэ. Буяны ажлын үеэр хүнээ алдчихаад сэтгэл санаа тайван бус байсан. Миний эгч бол байнгын дарамттай байдаг байсан. Оршуулганд тухайн үед оролцсон гэж худлаа ярьж байна. Хамгийн гол нь худлаа ярьж байгаад өмнөөс чинь ичээд байна. Аавд орой болгон утсанд нь мессэж ирдэг байсан. Аав гараад явдаг байсан. Гэртээ хонодоггүй байсан гэсэн асуудлыг хүүхэд нь ярьдаг. Гомдолтой байна. Оршуулгын зардалд 7.432.610 төгрөг хүлээн авсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтууд болох

2012.05.12-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мөн 2012.07.03-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд 14 ширхэг. /хэргийн 3-8 дугаар хуудас/,

2012.05.11-ны өдрийн зам тээврийн осол хэрэг дээр тогтоосон Замын цагдаагийн тасгийн байцаагчийн акт, 2012.05.23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт. /хэргийн 9-10, 63 дугаар хуудас/,

2012.05.12-ны өдрийн хохирогчийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд 7 ширхэг. /хэргийн 13-15 дугаар хуудас/,

2012.05.13-ны өдрийн ... ДАР дугаарын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд 6 ширхэг. /хэргийн 16-19 дүгээр хуудас/,

Хохирогч Б.С ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоож байцаалт авсан тэмдэглэл. /хэргийн 26 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Ө.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 27 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 30 дугаар хуудас/,

Гэрч Д.О.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 31 дүгээр хуудас/,

Гэрч Д.Ө.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 37 дугаар хуудас/,

2012.05.20-ны өдрийн 020 тоот авто тээврийн мэргэшсэн шинжээчийн дүгнэлт. /хэргийн 465-469 дүгээр хуудас/,

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 62 тоот акт. /хэргийн 51-58 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Б гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хэргийн  74 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Б  нь 2012 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан сумын . дугаар баг . дугаар гудамжны .тоот хашааны өмнөх шороон зам дээр ... ДАР дугаартай эксел маркийн авто машиныг жолоодож яваад тээврийн хэрэгсэлийг хашаанд оруулахаар ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а-д заасан “ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно, мөн 7 дугаар бүлгийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчиж эхнэр С.Б ыг дайрч амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараахь баримтууд болох хохирогч Б.С ын “... Би дуудагдаад 22 цагийн үед очиход миний охин машиных нь хажуу талд газар хувцас хунар нь шороо болсон байдалтай байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 26 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Б.Ө.ийн “... 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22 цаг өнгөрч байхад би гэртээ ганцаараа унтаж байхад гадаа машин чанга хаазлах чимээ гарсан юм. Тэгээд би босоод гараад харахад хашааны том хаалга онгойсон машин хашаа руу орох гээд хашааны гадаа урд хэсгээр харсан байдалтай зогсож байхаар нь би очиход манай ээжийн аль хөл гэдгийг санахгүй байна, нэг хөл нь машины жолооч талын урд хэсгийн дугуйны яг ард цухуйсан, бие нь харагдахгүй доор нь дайруулсан хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Аав согтуу машинаас гарчихсан хүн дайрчихлаа гээд орилж байсан. Миний найз Сүндээ юу болсон гээд машин дээр ирээд би машины доогуур банз хийгээд машин өргөж байгаад ээжийг гаргаж авахад нас барсан байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 27 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Б.Б.ийн “... Аав хашаандаа орох гэсэн хашааны нэг хаалга тулаад аав хойшоогоо ухрахад маш чанга чимээ гарсан нь үнэн, тэгээд аав машинаасаа буугаад орилоод уйлаад байсан. Д  эгч надаас цагдаа руу ирж байхдаа аав чинь хашаандаа ороод буцаж гараад ээжийг чинь мөргөсөн үү гээд асуугаад байсан юм тэгэхээр нь би ороогүй гэж хэлсэн чинь орсон гээд хэлээрэй гээд уурлаад байсан тэгээд би таны өрөөнд орж ирээд аав хашаанд ороод буцаж ухарч гарсан гэж хэлсэн юм. Тиймээс аав хашаанд ороогүй юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 30 дугаар хуудас/,

гэрч Д.О.ийн “2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн орой нэлээн орой болсон байсан. Гэртээ хүү Булгантөгсийн хамт /Сүндээ/ байхад гэрийн гадаа маш тод чимээ сонсогдсон. Тэгээд хүү маань гарчихаад удалгүй ээжээ цагдаагийн утас хэд вэ гээд орилохоор нь би гараад очтол 6 дугаар гудамжд эксель маркийн машины доороос пүүзтэй 2 хөл цухуйж байсан. Тэгээд би хүүгийнх нь хамтаар машиных нь доогуур хажууд нь байсан банзаар хөшиж өргөөд нөгөө хүүхдээр нь татуулж гаргахад аль хэдийн өнгөрсөн байсан. Хашаа налсан байдалтай байсан“ гэсэн мэдүүлэг, /хэргийн 31 дүгээр хуудас/,

гэрч Д.Ө.ы “... гарч харахад машины жолооч талд талийгаач газар байсан. Мөн урд талын айлынх нь хашаа нурсан байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 37 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний ¹ 62 тоот “Талийгаачийн биед уушигны няцрал, хагарал, цээжний баруун хөндийн цус хуралт 1л, уушигны шалчийлт, хуйх, нүүр, их бие, хүзүү, мөчдийн зөөлөн эдийн шарх, зулгаралт, цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. Талийгаач нь учирсан гэмтлийн улмаас амьсгалын хурц дутагдлаар нас баржээ. Талийгаачид зүрхний булчингийн хавдар төст үүсгэвэр тогтоогдсон бөгөөд энэ нь үхэлд хүргээгүй болно. Талийгаачийн цусанд 2.3 промиль этилийн спирт илэрсэн нь дунд зэргийн согтолт болно” гэсэн дүгнэлт /хэргийн 51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

 

Иймд Б овогт А.Б г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж буюу Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7.а, 7 дугаар бүлгийн 7.6 дугаар заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлийг хашаанд оруулах явцдаа ухрах үйлдэл хийх үедээ эхнэр С.Б ыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч С.Д өөс шүүхийн хэлэлцүүлэгт “Б  нь манай эгчийг санаатайгаар машиныг зэвсэг болгон ашиглаж алсан тул зүйлчлэлийг өөрчилж хүнийг санаатай алсан гэмт хэргээр зүйлчилж өгнө үү” гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад А.Б  нь Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөн мөн түүний үйлдэлд хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдоогүй байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй бөгөөд Прокуророос хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна гэж дүгнэлээ.  

 

Хохирогч С.Д  нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 7432610 төгрөг нэхэмжилж байна гэсэн бөгөөд шүүхийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс уг төлбөрийг төлсөн тухай баримт гаргаж өгсөн, хохирогч С.Д  хохиролд нийт 7.432.610 төгрөг хүлээн авсан тухайгаа шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгч А.Б гоос энэ тогтоолоор нэмж гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Б  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно. /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч А.Б  нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг сайн дураараа нөхөн төлөгдсөн байгаа байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт А.Б г тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн С.Б ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Бовогт А.Б г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрвөн/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар А.Б д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар А.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар У.Б  нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Шүүгдэгч А.Б гийн ¹021000 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ногоон ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн богино өмд 1 ширхэг, хар цагаан хосолсон эрээн өнгийн майк 1 ширхэг, эрээн өнгийн хөхний даруулга 1 ширхэг, шаргал өнгийн эмэгтэй дотуур өмд 1 ширхэг, улаан эрээн пүүз 1 ширхэг зэрэг зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар ... дугаарын тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Б д буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаалтын шатанд А.Б гийн эд хөрөнгийг битүүмжлэх тухай 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 308 дугаартай тогтоолыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар А.Б д оногдуулсан 4 /дөрвөн/ жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жил хугацаагаар тогтоосугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар А.Б д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн Газарт хариуцуулсугай.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар А.Б  нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар А.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

           14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Б д бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

                       

 

 

 

          

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.АЛТАНХУЯГ