| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2015/0062/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/40 |
| Огноо | 2016-01-29 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2016/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0062/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,
Хохирогч О.Н ,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К овогт Б-ы Б ад холбогдох 201509000827 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, К овогт Б-ны Б , ...... аймгийн ...... суманд ...... оны ... дугаар сарын .... -ний өдөр төрсөн, эрэгтэй, ... настай, ..... аймгийн ... сумын ..... дугаар баг ....... дүгээр хэсэг .... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизын оператор мэргэжилтэй, ам бүл ... , ........-ийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар: ........ /,
Холбогдсон хэргийн талаар: ( яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ....... сум ..... дугаар баг ...... дүгээр хэсэг ... тоотод өөрийн эхнэр болох О.Н ийг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж, хөл уруу нь өшиглөж бие махбодид нь “шилбэний тахилзуур яс хугарсан, зовхи, хацар, бугалгад хөхрөлт, цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 10 дугаар сарын 31-ний орой эхнэртэйгээ гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж муудалцсан. Тэгээд маргааш нь эхнэр Н гэртээ байхгүй болохоор нь утас уруу нь залгаад хаана байгаа талаар асуухад Н-д өөрийн төрсөн гэртээ байна гэсэн. Тухайн өдөр би .... аймаг уруу явах ажилтай байсан учраас найзыгаа дуудаад гэрийн тэндээс доошоо уруудаад явж байтал манай эхнэр шашны байгууллагын найз нартайгаа хамт явж байсан. Тэгээд би түүнээс чи гэртээ харих болоогүй юм уу? гэхэд гэртээ харих болоогүй гэсэн, би ажилтай байсан болохоор орхиод явсан. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны орой эхнэр Н ийг найзынхаас нь очиж аваад гэртээ хариад орой 20-21 цагийн үед буцаад гарах гэсэн чинь хаашаа явах гэж байгаа юм бэ? гэхээр нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлчхээд нэг алгадчихсан. Тэгээд тайвширч байгаад хэсэг хугацааны дараа гэрээс гарч явсан. Тэгсэн Н миний утас уруу янз бүрийн үгтэй мессеж бичээд “...Монгол хүүхнийхээ бөгсийг долоож яваарай Дох тусаж үхээрэй гээд...” янз бүрийн үгтэй мессеж бичээд байсан. Тэгээд би гэртээ очсон чинь Н гарах гээд хаалганы хажууд хувцсаа өмсөөд зогсож байхаар нь миний уур хүрээд мөр уруу нь цохиод нэг алгадаад тэгээд шилбэ уруу нь өшиглөсөн. Тэгээд унтахаар болж би том хүүхдээ аваад том өрөөндөө орж унтсан. Маргааш өглөө босоод шууд хот уруу явсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа гэртээ ирэхэд манай эхнэр надад хоол хийж өгсөн. Тухайн үед манай хадам аав, ээж хоёр гаднаас орж ирсэн. Яагаад ингэсэн талаар асууж, энэ талаар маргалдсан юм. Харин тэр хоёр намайг цагдаад өгнө гэж хэлээд цагдаад өгсөн байсан. Тэгээд би эхнэртэйгээ эвлэрээд цагдаад өгсөн өргөдлөө буцааж авах гэсэн чинь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүссэн гэж хэлсэн. “... би өөрийн эхнэр О.Н тэй гэр бүл болоод 5 жил болж байгаа. Бид хоёр 3 хүүхэдтэй, том нь 4 настай, дунд хүүхэд 2 настай, бага нь 6 сартай бид хамтран амьдарч эхэлнээс хойш янз бүрийн жижиг асуудлаас болоод муудалцах болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
Хохирогч О.Н ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би өөрийн нөхөр болох Б.Б тай гэр бүл болоод 5 жил болж байна. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй, одоо том нь 4 настай, дундах нь 2 настай, бага нь 7 сартай. Нөхөр бид хоёр Н дүүрэгт амьдарч байхдаа танилцаж гэр бүл болж .......... аймагт шилжиж ирсэн. Одоо .....-д 5 жил амьдарч байна. Гэр бүл болсноос хойш жижиг хэрүүл маргаан салдаггүй байсан. Би ........... дугаарын утас барьдаг байхад миний утас уруу өөр хүн мессеж бичээд байна гээд миний утсыг авсан. Тэгээд би сүүлд ....... дугаарыг худалдаж авсан. Тэр цагаас хойш ер нь хэрүүл салдаггүй, хэрэлдэхээрээ манай нөхөр их түргэн ууртай, намайг гараараа хамаагүй цохиод байдаг, уур нь гарахаараа зүгээр болчихдог. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б намайг манай найзын гэрээс ирж аваад гэрт хүргэж өгсөн. Намайг гэрт буулгачхаад явахаар нь би утсаар нь залгаад хаачих гэж байгаа юм бэ гэсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ” гээд утсаа салгасан. Тэгэхээр нь би “чи явалддаг хүүхэн уруугаа явж байгаа юм байна” гээд араас нь мессеж бичсэн чинь уурлаж орж ирээд “чи муу яах гээд байгаа юм бэ” гээд гараараа зүүн нүдний доод хэсэг уруу нэг удаа, тэгээд хөлөөрөө зүүн хөлийн гадна тал шагайны дээд хэсэг уруу өшиглөсөн. Мөн миний зүүн гарын булчин хэсэг уруу гараараа цохисон бас үснээс зулгаасан. Өөр зодсон зүйл байхгүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Зөндөө зодож байсан, би гэрийнхэндээ болон эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, нууж өнгөрдөг байсан. Гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, Хөлөндөө гипс тавиулаад 14 хоноод авсан, одоо хөл зүгээр” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
Гэрч Т.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай эхнэрийн утас уруу Н залгаад Б зодоод хөлийг нь хугалсан талаар хэлсэн. Эхнэр бид хоёр ....... дүүргээс 2 хоногийн дараа ......-д ирээд Б ын гэрт очсон. Охин маань зүүн хөлөө маарлаар боочихсон, хүүхдээ тэврээд Нэгдсэн эмнэлэгт очоод зургийг нь авахуулсан чинь шилбэний яс нь хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд Н ийн хөлийг шохойдуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Сүүлд Н 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр миний утас уруу залгаад “ээжээ Б намайг дахиад зодчихлоо, миний хөл хугарчихсан” гээд уйлаад байсан, ... би нөхрийн хамт ........ уруу 4-5 хоноод ирээд Н ийг аваад эмнэлэгт үзүүлээд зургийг нь авахуулж, хөлийг нь шохойдуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1377 дугаартай шинжээчийн “... О.Н ийн биед шилбэний тахилзуур яс хугарсан, зовхи, хацар, бугалгад хөхрөлт, цус хуралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21 дэх тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ...... сум ....... дугаар баг ...... дүгээр хэсэг ....... тоотод өөрийн эхнэр болох О.Н ийг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж, хөл уруу нь өшиглөж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Б ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “...уур хүрээд мөр уруу нь гараараа цохисон чинь газар унасан. Тэгээд босоод ир чи гээд нүүр уруу нь алгадсан, босохгүй байхаар нь босооч гээд зүүн хөлнийх нь гадна тал уруу хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/, хохирогч О.Н ийн: “...уурлаж орж ирээд “чи муу яах гээд байгаа юм бэ” гээд гараараа зүүн нүдний доод хэсэг уруу нэг удаа, тэгээд хөлөөрөө зүүн хөлийн гадна тал шагайны дээд хэсэг уруу өшиглөсөн. Мөн миний зүүн гарын булчин хэсэг уруу гараараа цохисон бас үснээс зулгаасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/, гэрч Т.О-ын: “.............-т очоод зургийг нь авахуулсан чинь шилбэний яс нь хугарсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1377 дугаартай шинжээчийн “... О.Н ийн биед шилбэний тахилзуур яс хугарсан, зовхи, хацар, бугалгад хөхрөлт, цус хуралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 21 дэх тал/ шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Б ад эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэгдэхэд хангалттай байна.
Иймд шүүгдэгч Б.Б ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Б ад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч О.Н-ийн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт, Б.Б , ОН нар бага насны хүүхэдтэй, шүүгдэгч ганцаар хувиараа хөдөлмөр эрхэлж өрхийн амьжиргаагаа залгуулдаг, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч К овогт Б-ны Б ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ад 01 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Б ад оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэг хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ад оногдуулсан 01 жил /нэг/ хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б ад авсан хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД