Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2026/0402

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай        

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:   

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа  

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл    

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа   

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал А.Т

 Хариуцагч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Х.Э

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Б” ХХК   

Хариуцагч  “Э” ХК

                   “Э” ХК-ийн ЭТТХК/2025/0101643 дугаартай Тендерийн үнэлгээний хороо

Гуравдагч этгээд “М” ХХК

                             “С” ХХК     

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Э" ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/0477 дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, "Э" ХК-ийн ЭТТХК/20250101643 дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт "Б" ХХК-д гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгохыг "Э" ХК-д даалгуулах, 2.”Э" ХК-ийн ЭТТХК/2025/0101643 дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарласан ЭТТХК/20260101116/01/01 урилгын дугаартай, тендер шалгаруулалтын ЭТТХК/20260101116 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай                  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0430 дугаар шийдвэр       

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х

Хариуцагч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э

Хариуцагч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Хариуцагч “Э” ХК-ийн ЭТТХК/2025/0101643 дугаартай Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А

Хариуцагч “Э” ХК-ийн ЭТТХК/2025/0101643 дугаартай Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У

Гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Гуравдагч этгээд “С” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан   

Хэргийн индекс: 128/2026/0357/3       

ТОДОРХОЙЛОХ нь:      

1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас “Э” ХК, “Э” ХК-ийн ЭТТХК/2025/0101643 дугаартай Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Э" ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/0477 дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, "Э" ХК-ийн ЭТТХК/20250101643 дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт "Б" ХХК-д гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгохыг "Э" ХК-д даалгуулах, 2.”Э" ХК-ийн ЭТТХК/2025/0101643 дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарласан ЭТТХК/20260101116/01/01 урилгын дугаартай, тендер шалгаруулалтын ЭТТХК/20260101116 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.               

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0430 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18, 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.2, 13 дугаар зүйлийн 13.1, 17 дугаар зүйлийн 17.2.4, 26 дугаар зүйлийн 26.4.2-т заасныг тус тус баримтлан "Б" ХХК-ийн ""Э" ХК-ийн ЭТТХК/20250101643 дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт "Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгохыг "Э" ХК-д даалгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.4-т заасныг тус тус баримтлан "Э" ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" №01/477 тоот албан бичгийг болон "Э" ХК-ийн "2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тендер шалгаруулалтын ЭТТХК/20260101116 дугаартай, ЭТТХК/20260101116/01/01 урилгын дугаартай тендер шалгаруулалтыг зарласан шийдвэр"-ийг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 25 хүртэл хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:   

Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал А.Т давж заалдах гомдолдоо:  

... "Б” ХХК нь өөрийн эзэмшлийн 229 мм-ийн өрмийн машин болох 68-70 MMA, 68-71 MMA, 68-72 MMA, 68-74 MMA, 23-37 MMA, 01-68 MMA, 18-68 MMA, 81-08 ММА, мөн 165 мм-ийн өрмийн машин болох 68-07 MMA, 74-50 ΜΜΑ улсын дугаартай нийт 10 тооны өрмийн машиныг ТШББ, тендерийн өгөгдлийн хүснэгт (ТӨХ)-д нийцүүлэн санал болгож, тендерийн жишиг маягтуудад (Б ХХК-аас цахим системээр хүргүүлсэн файл 5, Маягт 3. Үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл 1-2 хуудас, хавсралт 1 хүснэгт 4.Уурхайд ажиллах тоног төхөөрөмжийн жагсаалт 3-р хуудас) холбогдох мэдээллийг үнэн зөв бөглөн, гарын үсэг болон тамгаар баталгаажуулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар ("Б” ХХК-аас цахим системээр хүргүүлсэн файл 5, 15-24 дүгээр хуудаст санал болгосон)-ын хамт мэдээллийн үнэн зөв байдалд компани хуулийн өмнө бүрэн хариуцлага хүлээж илгээсэн болно. Түүнчлэн 2-р хавтаст хэргийн 24 дэх талд "Э" ХК-аас 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр оролцогч этгээдүүдэд хандан хүргүүлсэн 01/2470 тоот “Тодруулга хүргүүлэх тухай” албан бичгийн хавсралт №3, тодруулга №2 -т заасан "Санал болгох өрмийн машин тус бүр нь зохих 165 мм болон 229 мм диаметртэй өрөмдөх техникийн чадавхтай болохоо нотлоход шаардлага хангасан гэж үзэж" гэснээр анхан шатны шүүх "Б” ХХК нь өөрийн санал болгож буй өрмийн машины хошууны диаметр 165 мм болон 229 мм болохыг нотлоогүй, үүнийг нотлох үйлдвэрлэгчийн танилцуулга, мэдээлэл /хэргийн оролцогчдын тайлбарлаж байгаагаар брошюр, каталог/-ийг тендертээ хавсарган илгээгээгүй байна гэж дүгнэсэн байх боловч дээр дурдсанчлан захиалагч тухайн 01/2470 тоот албан бичгийн хавсралт №3-ийн тодруулга №2-оор тендерийн баримт бичигт байхгүй “нотлох тухай" шинэ шаардлага нэмж оруулсан боловч тухайн нотолгоо нь зохих ямар баримт бичгээс бүрдэх, эсхүл хэрхэн яаж нотлох талаар тодорхой мэдээлэл байхгүй нь шүүхэд авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Тодруулбал, тус тодруулгыг хэлэлцэх үеийн тэмдэглэл болох Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл №5-д энэ асуудал тусгагдсан байх бөгөөд үнэлгээний хорооны гишүүд анх ямар санаа зорилгоор оролцогчид хандан тодруулгад хариу өгч илгээснийг үзэж болох бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт болох 1-р хавтаст хэргийн 250 дугаар хуудасны доод хэсэгт үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга А.А, 2-р хавтаст хэргийн 1 дүгээр хуудаст гишүүн Л.Д, Г.Г нарын харилцан ярианы тэмдэглэлээс шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарласан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон үйлдвэрлэгчийн танилцуулга, мэдээлэл /хэргийн оролцогчдын тайлбарлаж байгаагаар брошюр, каталог/-ийг тендертээ хавсарган илгээх агуулга тусгагдаагүй байх ба гишүүдийн хоорондын "... хангасан гэж ойлгож болох юм биш үү, 165 мм болон 229 мм гээд ирүүлчихсэн юм чинь... тэгэхээр тэгж ойлгогдож болно гэдэг байдлаар хариуг нь хүргүүлчих үү? Тэгье" гэх харилцан ярианаас ТӨХ-д "техникийн чадавхыг нотолж ирүүлнэ" гэж заагаагүй, мөн тодруулгаар хэрхэн нотлох арга, хэлбэрийг нарийвчлан тогтоогоогүй байна. Ийм нөхцөлд оролцогч нь тухайн техникийн үзүүлэлтийг тендерийн жишиг маягтад "хангана" гэж мэдэгдэж, өмчлөл, эзэмшлийг улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотолсон нь шаардлагад нийцсэн гэж үзэх нь тендер шалгаруулалтын нийтлэг практик болон эрх зүйн ойлголтод нийцнэ. Мөн манай санал болгосон өрмийн машин болон тэдгээрийн өрмийн диаметрүүдийг улсын дугаараар хайхад Автотээврийн үндэсний төвийн цахим систем https://www.autobox.mn/ Autobox-ийн олон нийтэд нээлттэй мэдээллийн сангийн гааль хэсэгт харагддаг бөгөөд энэ талаар Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 03/11394 тоот “Гомдол хянасан тухай” албан бичигт "... Авто тээврийн үндэсний төв ТӨҮΓ-ын авто тээврийн цахим систем (www.autobox.mn) -ээс шалгахад "Б" ХХК-ийн тендерт санал болгосон өрмийн машины сериал, өнгө, нүхний хэмжээ, диаметр урт, модель, хүчин чадал, морины хүч, эргэлтийн хүч зэрэг мэдээлэл бүртгэлтэй байх тул дээрх журамд заасны дагуу тус мэдээлэлд үндэслэн шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх зүйтэй байна" гэжээ. Ийнхүү захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгон хуулийн 59.10.2 дах хэсэгт заасны дагуу дахин үнэлгээ хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс оролцогч "Б” ХХК нь тухайн ажлыг хийж гүйцэтгэх техникийн чадавхтай болохоо нотолж чадаагүй байна гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэхээр байна. Санал болгосон өрмийн машин тус бүр нь зохих 165 мм болон 229 мм диаметртэй өрөмдөх техникийн чадавхтай болохоо "нотлох" тухайд дээр дурдсан Сангийн яамны яамны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 03/11394 тоот шийдвэрт заасны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн "... нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй", Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/248 тушаалын хавсралтаар баталсан журмын 2.18 дахь "... мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээлэлд үндэслэн тендер хянан үзэж болно" гэж заасны дагуу "Э" ХК-ийн ЭТТХК/20250101643 дугаартай “Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо шалган үзэх боломжтой байсан ба 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Үнэлгээний хорооны хурлаар Гаалийн ерөнхий газраас тодруулга авахаар шийдвэрлэсэн байдаг. Гэхдээ тухайн тодруулгыг авахдаа анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт болох 2-р хавтаст хэргийн 187 дугаар хуудаст 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/77 дугаартай "Э" ХК-аас Гаалийн ерөнхий газрын дарга Л.Д-д хандсан албан бичигт "тендер оролцогчдын санал болгож буй өрмийн машинуудыг Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн болохыг" ирүүлэхийг хүссэн байх ба тус машины өрмийн машинуудын диаметртэй холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг шаардаагүй. Мөн хариуцагч энэ талаар шүүхэд гаргасан хариу тайлбартаа "тус тодруулгад өрмийн диаметртэй холбоотой мэдээлэл тусгагдаагүй ба зарим машины огноо нь цахим системийн импортлогдсон огноотой зөрүүтэй мэдээлэгдсэн байх тул ... хянан үзэх хууль зүйн боломжгүй гэж Тендерийн үнэлгээний хороо үзсэн" гэжээ. Гэтэл бодит нөхцөл байдалд тус тодруулга ирж амжаагүй байхад 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Үнэлгээний хороо хуралдаж "С" ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, зөвлөмж гаргасан /2-р хавтаст хэргийн 215-223 дугаар хуудаст/ байдаг. Мөн Гаалийн ерөнхий газраас 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02-2-5449 тоот албан бичиг /2-р хавтаст хэргийн 233-234 дүгээр хуудас/ ирсний дараа дахин Үнэлгээний хороо 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хуралдан дахин "С" ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, зөвлөмжийг гаргажээ. Ийнхүү сүүлд 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх заалт хангагдах боломжгүй болсон гэж шийдвэрлэгдсэн. Анхан шатны журмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Б" ХХК-аас Гаалийн ерөнхий газраас тус 10 өрмийн машины гаалийн дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж өгөхийг хүсэхэд 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02-3.1/2165 албан бичиг, хавсралтаар тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийгдсэн барааны мэдээлэл бүхэлдээ авагдсан мэдээллийг ирүүлсэн ба "Зориулалт" хэсэг буй өрмийн хошууны диаметрийн мэдээллүүд тусгагдан ирсэн билээ. Мөн тэдгээр мэдээлэл Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын авто тээврийн цахим систем (www.autobox.mn)-д буй мэдээлэлтэй тус хэсэг таарч байдаг. Уг баримтыг бид шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн ба хэргийн оролцогч нар хавсралтын талаар нотлох баримтын шаардлага хангахгүй гэж маргасан тул хуралдааны үеэр Гаалийн ерөнхий газарт шүүгч эрхийн хэмжээнд үзлэг хийж шийдвэрлэсэн билээ. Гэсэн хэдий ч хариуцагчийн шүүх хуралдаан гаргасан тайлбарт "Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын авто тээврийн цахим систем (www.autobox.mn)"-ээс тендерт оролцогчдын санал болгосон өрмийн машины мэдээллийг шалгахад тендерт оролцогч компаниудын санал болгосон өрмийн машины мэдээлэл цахим системийн "гааль" хэсэгт харилцан адилгүй байсан гэж маргадаг боловч "Б” ХХК-ийн өрмийн машинууд бус бусад оролцогч нарын машинуудын асуудал яригддаг. Гэтэл захиалагч болох "Э" ХК нь тендерийн баримт бичигт өрмийн хошууны диаметрийг ямар баримт, эх сурвалжаар нотлох талаар огт тусгаагүй атлаа шүүх хуралдааны явцад үйлдвэрлэгчийн танилцуулга, брошюр, каталог зэрэг баримтын аль нэгийг заавал хавсарган ирүүлэх ёстой байсан гэх тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, тендерийн баримт бичигт урьдчилан тавигдаагүй шаардлагыг тендер нээсний дараа болон шүүх хуралдааны шатанд нөхөн бий болгож, оролцогчид өөр өөр шалгуур хэрэглэн үнэлсэн нь тэгш байдал, шударга өрсөлдөөний зарчимд нийцэхгүй бөгөөд тодорхой этгээдэд давуу байдал олгосон гэж үзэхээр байна. Олон нийтэд нээлттэй мэдээллийн сан болох "Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын цахим системд бүртгэлтэй мэдээллийг үл харгалзан, оролцогчдын өөрсдийн бэлтгэн ирүүлсэн мэдээллийг илүүд үзэн үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нотлох баримтыг харилцан адилгүй шалгуураар үнэлсэн нөхцөл байдлыг бий болгож байна. Үнэлгээний хорооны гишүүд тендер нээсний дараа 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар өрмийн хошууны диаметрийн талаар тусгай техникийн мэдлэггүй тул захиалагч нэгжээс тодруулга авахаар шийдвэрлэдэг  ба тус захиалагчийн тодруулгын хариу 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирсэн. Тодруулгын Хариу 1-д "гүйцэтгэгчид тавигдах шаардлагад заасан тоног төхөөрөмжийн хүчин чадал болон тоо хэмжээнд дурдсан өрмийн хошуу нь техникийн үзүүлэлтэд тодорхойлсон 165-229 мм-ийн хүрээнд багтсан тохиолдолд шаардлага хангасан гэж үзнэ" гээд "№, марк, нийцэх эсэх" зэргээр хүснэгтлэн нийт оролцогчдын хүргүүлсэн 11 төрлийн өрмийн машиныг шаардлага хангах эсэхэд тодруулга ирүүлжээ... Гэтэл үнэлгээний хороо дээрх мэргэжлийн нэгжийн тодруулга, техникийн дүгнэлтийг үнэлгээ хийхдээ хэрхэн харгалзан үзсэн, ямар үндэслэлээр няцаасан эсхүл үнэлгээнд тусгаагүй талаар баримтаар тогтоогдохгүй, тодорхойгүй байгаа нь үнэлгээний ажиллагааны бодит байдал, шударга байдалд үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна. Техникийн чадавхтай болохоо нотолж чадаагүй, өрмийн машинтай эсэх талаар маргаагүй атлаа өрмийн машины диаметрийг нотлоогүй гэх зэрэг харилцан адилгүй, зөрүүтэй үндэслэлээр хариуцагч нар шүүхэд хариу тайлбар гаргадаг. Нийт 489,491,200,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий улс орны эдийн засагт онц их ач холбогдолтой, хариуцлагатай тендерт ийнхүү удаа дараагийн татгалзал, дээд шатны байгууллагын шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн, хугацаа хоцорсон нөхцөл байдлуудаас үзэхэд тус үнэлгээний хороог үнэн зөвөөр дахин үнэлгээ хийхэд эргэлзээтэй байна. Түүнчлэн, үнэлгээний хорооноос нийт 3 удаа “хамгийн сайн тендер ирүүлсэн” гэж шалгаруулсан "С" ХХК-ийн хувьд манай нэхэмжлэлд дурдсан тендерээс татгалзах үндэслэлүүд байсаар байхад удаа дараа шалгаруулсан нь үнэлгээний ажиллагааны бодит байдал, шударга байдалд эргэлзээ төрүүлж байна.

... Гэтэл "С" ХХК-ийн өмнө ил болсон тендерийн баримт бичгийн 2. Тендерийн баталгаа, баримт бичиг, тодорхойлолтууд.pdf гэх оноосон нэр бүхий файлын 6-7 хуудсанд "С" ХХК-ийн Үйлдвэрийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, тэсэлгээний ажил явуулах 960 тоот дугаартай тусгай зөвшөөрөл нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн огноотой байх бөгөөд тус тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендер нээсэн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 8 сарын туршлагыг илэрхийлж байгаа бөгөөд Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил гүйцэтгэх ажлын даалгаврын 2.1 гүйцэтгэгчид тавигдах ерөнхий шаардлагын 1 дэх хэсэгт заасан 3-аас доошгүй жилийн туршлагын шаардлагыг хангаагүй... Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой, харьцуулан үнэлээгүй, тендерийн баримт бичигт урьдчилан тусгагдаагүй шаардлагыг шүүхийн шатанд нөхөн бий болгож дүгнэсэн, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан өрсөлдөх тэгш боломжтой, ил тод байдлын зарчмыг хангаж дүгнээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. “Б” ХХК нь тендерийн баримт бичигт заасан шаардлагын хүрээнд өөрийн эзэмшлийн өрмийн машинуудын мэдээлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, техникийн мэдээллийг зохих маягтын дагуу бүрэн ирүүлсэн бөгөөд уг мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээллийн сан болон эрх бүхий байгууллагын мэдээллээр шалган тогтоох боломжтой байсан. Гэтэл үнэлгээний хороо болон анхан шатны шүүхээс тендерийн баримт бичигт тусгагдаагүй “үйлдвэрлэгчийн брошюр, каталог" зэрэг нэмэлт шаардлагыг нөхөн тайлбарлаж, зөвхөн манай компанид хатуу байдлаар хэрэглэсэн нь хуульд нийцэхгүй байна. Нөгөө талаас, "С" ХХК-ийн хувьд тендерийн баримт бичигт заасан тусгай зөвшөөрөл, хүний нөөц, туршлагын шаардлагыг хангаагүй нөхцөлүүд байхад үнэлгээний хороо удаа дараа “хамгийн сайн тендер" гэж дүгнэсэн нь оролцогчдод ялгавартай хандсан, нотлох баримтыг харилцан адилгүй шалгуураар үнэлсэн нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь дахин үнэлж, хууль хэрэглээний алдааг залруулан шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0430 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, "Б" ХХК-д гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, гэрээ байгуулах эрх олгохыг "Э" ХК-д даалган шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэв.   

 

“Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Х.Э нар давж заалдах гомдолдоо:

“..Гэтэл анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, захиалагчийн үүрэг гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Тодруулбал хуульд заасан боломжит хугацаанд Тендерийн үнэлгээний хороо шийдвэрээ гаргаж, захиалагчид хүрүүлэх үүргийг хуулиар хүлээдэг. Гэтэл Үнэлгээний хорооны шийдвэр нь тендерийг үнэлэх эцсийн өдөр гарч, Захиалагчид шийдвэрээ хүргүүлсэн байхад шүүхээс Захиалагчийг хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, захиалагч хуульд заасан үүргээ биелүүлэхийн тулд боломжит хугацааны дотор Үнэлгээний хорооны шийдвэрээ гаргаж захиалагчид хүргүүлэх ёстой атал сүүлийн өдөр гаргасан үнэлгээний хорооны зөвлөмжийг хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих цаг хугацаа, хуулийн боломжгүй байсныг шүүх харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 22-29 дахь хэсгүүдэд... тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох, зөвлөмж дүгнэлт гаргах эрх нь шүүхийн биш үнэлгээний хорооны эрх хэмжээ гэсэн агуулгаар тусгасан өөрөө хуулийн зөрчилдөөнтэй байдлыг үүсгэж байгаа тул үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна. Учир нь үнэлгээний хорооноос шийдвэрээ гаргасан, захиалагч гаргасан шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих эрхийг хэрэгжүүлэх боломжгүй буюу хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тодруулах, хянах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон тул хуулиар олгосон эрхийн хүрээнд шийдвэр гаргаж, бүх тендерээс татгалзсан. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаж, дахин шийдвэр гаргаж, үүнийг захиалагч баталгаажуулсны дараа тус шинэ акт нь дахин маргаан дагуулж, холбогдох төрийн байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж, дахин шинэ эрх зүйн маргааныг бий болгож, манай компанийн үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг доголдох, улмаар улсын төсөвт орлого төвлөрүүлэх боломжгүй байдлыг бий болгож байна. “Б" ХХК-ийн "2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/477 тоот мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, "Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил"-н гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг аль хариуцагчид холбогдуулан гаргасныг шүүх анхаараагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, үнэлгээний хорооны хууль зөрчсөн тогтоогдоогүй, үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа хуульд заасан хугацаанд буюу 15 хоногийн дотор шийдвэрээ гаргаагүй гэх зөрчилдөөнтэй дүгнэлтийг хийсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн агуулга байхгүй бөгөөд хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэрийг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн дагуу дээрх хугацаанд ямар нэгэн шинэ акт гараагүй тохиолдолд хүчингүй болсон ч ямар ч эрх зүйн үйлчлэл, нөлөөлөл үзүүлэхгүй мөн шүүхээс маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн буюу нэхэмжлэлийн шаардлага нь тендерийг дахин үнэлүүлэх, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж гаргуулах гэж тодорхойлоогүй байхад шүүхээс дүгнэлт өгсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасан нийцэхгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0430 дугаартай шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

 

ХЯНАВАЛ:  

 

   1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.    

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлаас  гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.     

2.1. “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/231 дүгээр тушаалаар байгуулагдсан “Цанхийн баруун уурхайн тэсэлгээ” гүйцэтгэгчийг сонгох үнэлгээний хороо[1] нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тендер шалгаруулалтыг зарлаж[2], 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цаг хүртэл хүлээн авч, 09 цаг 30 минутад тендерийг нээхэд[3]  “Б” ХХК, “С“ ХХК, “М” ХХК, “Альфа Б” ХХК-иуд  тендер ирүүлжээ.  

2.2. Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “захиалга гаргасан нэгжээс тендерт санал болгож ирүүлсэн хүний нөөцийн үнэмлэх, агуулахын хэмжээ, өрмийн машины диаметрийн талаар тодруулга авахаар” шийдвэрлэж,[4] 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Уул уурхай, технологийн газрын дарга Ч.А-д хаяглан албан бичиг илгээсний дагуу[5] 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “...Гүйцэтгэгчид тавигдах шаардлагад заасан тоног төхөөрөмжийн хүчин чадал болон тоо хэмжээнд дурдсан өрмийн машины хошуу нь техникийн үзүүлэлтэд тодорхойлсон 165-229 мм-ийн хүрээнд багтсан тохиолдолд шаардлага хангасан гэж үзнэ. Sunward, SWDE165A-165 мм хошуутай өрмийн машинд нийцнэ, Sunward, SWDB200A-229 мм хошуутай өрмийн машинд нийцнэ, Sandvik, D50KS-165-229 хошуутай өрмийн машинд нийцнэ, Jinke Drilling, JK830-2- 165-229 хошуутай өрмийн машинд нийцнэ, Zega, D490A- 229 мм хошуутай өрмийн машинд нийцнэ, Epiroc, DM45LP- 165-229 хошуутай өрмийн машинд нийцнэ, Atlas copco, DM45E-165-229 хошуутай өрмийн машинд нийцнэ, Atlas copco, DM45HP- 165 хошуутай өрмийн машинд нийцнэ, Atlas copco, PV275D- 229 хошуутай өрмийн машинд нийцнэ, Atlas copco, ROC L8.25-165 хошуутай өрмийн машинд нийцнэ.” гэх хариуг ирүүлсэн байна.[6]  

2.3. Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар “...”Б" ХХК-ийн ирүүлсэн тендерээс хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, тендерийн баримт бичгийн 19.1 дэх заалтад заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж үзэж, "С" ХХК-ийн ирүүлсэн тендерийг "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үзэж байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр” шийдвэрлэж, [7] үүний дагуу “Э” ХК-иас 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/2866 дугаар албан бичгээр[8] нэхэмжлэгч “Б” ХХК-д “...шалгараагүй тухай тайлбар хэсэгт: санал болгосон өрмийн машины хошууны диаметр нь 165 мм болон 229 мм болохыг нотлох баримт ирүүлээгүй нь шаардлага хангахгүй байна.”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн танай ирүүлсэн тендерээс үүгээр татгалзаж байна. Дээрх тендер шалгаруулалтад "С" ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлсэн болно” гэх агуулга бүхий мэдэгдэл хүргүүлжээ.  

2.4. Үүнийг эс зөвшөөрч  гаргасан “Б” ХХК-ийн гомдлыг Сангийн яам хянаж, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 03/11394 дүгээр албан бичгээр[9] “...Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын авто тээврийн цахим систем (www.autobox.mn)-ээс шалгахад “Б” ХХК-ийн тендерт санал болгосон өрмийн машины сериал, өнгө, нүхний хэмжээ, диаметр, урт, модель, хүчин чадал, морины хүч, эргэлтийн хүч зэрэг мэдээлэл бүртгэлтэй байх тул дээрх журамд заасны дагуу тус мэдээлэлд үндэслэн шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх нь зүйтэй байна. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/2865, 01/2866 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна. Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье” гэсэн байна.

2.5. “Э” ХК-иас “Б” ХХК-д ирүүлсэн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/20 дугаар “...Сангийн яам 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 02/9550 дугаартай гомдол хянасан тухай албан бичгийг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу Захиалагч тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг ажлын 15 хоногоор сунгаж байгааг үүгээр мэдэгдэж байна. Иймд өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг ажлын 60-аас дээш хоног байхаар тооцон баталгаажуулан 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.” гэх албан бичгийн[10] дагуу тус компаниас 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02/24 дүгээр “...2025 оны 11-р сарын 14-ний өдөр худалдан авах ажиллагааны цахим системээр илгээсэн "Маягт-1 Тендер илгээх маягт"-ын хүчинтэй байх хугацааг ажлын 60-аас дээш хоног байхаар тооцон шинэчлэн илгээж байгааг үүгээр мэдэгдэж байна.” гэх хариу албан бичгийг хүргүүлжээ.[11]

2.6. Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар[12] “Гаалийн ерөнхий газраас тодруулга” авахаар шийдвэрлэсний дагуу “Э” ХК-иас 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 01/77 дугаар албан бичгээр Гаалийн ерөнхий газраас “...Тендер оролцогчдын санал болгож буй өрмийн машинуудыг Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн болохыг нотлох гаалийн мэдүүлгийн хуулбарыг яаралтай ирүүлж хамтран ажиллахыг хүсье” гэх агуулга бүхий тодруулга хүсжээ.  

2.7. Улмаар Үнэлгээний хороо 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж “...”Б” ХХК-ийн ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, тендерийн баримт бичгийн 19.1 дэх заалтад заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзаж, "С" ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн...” гэж шийдвэрлэсэн дүгнэлтээ захиалагчид танилцуулахад “Сангийн яамнаас ирсэн гомдлын шийдвэрлэлтийн дагуу бүх зүйлийг нягтлан дахин танилцуулах, захиалагч хууль хэрэгжүүлэх боломжит хугацааг олгох хуулийн хугацаанд гэрээ байгуулах боломжтой хугацаа үлдэж буй эсэхийг дахин магадлах” гэж Үнэлгээний хороонд буцаасан байна.[13]  

2.8. Дахин Үнэлгээний хороо 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж өмнөх шийдвэрийн адил “Б” ХХК-ийн тендерээс татгалзаж, "С" ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзсэн[14] зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхэд “...Хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д заасан хугацаанд шийдвэр тодруулгаас хамаарч гарах боломжгүй болсон тул бүхэлд нь хүчингүй болгож 2026 оны төсвөөр дахин зарлах” гэж буцаажээ.[15]  

2.9. Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэж,[16] “Э” ХК-иас 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр холбогдох албан бичгүүдийг тус тус тендер шалгаруулалтад оролцогч компаниудад хүргүүлсэн байна.[17]

2.10. “Э” ХК-иас 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 01/477 дугаар албан бичгээр “Б” ХХК-д дээрх мэдэгдлийг хүргүүлэхдээ “санал болгосон өрмийн машины хошууны диаметр нь 165 мм болон 229 мм болохыг нотлох баримт ирүүлээгүй нь шаардлага хангахгүй байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн танай ирүүлсэн тендерээс үүгээр татгалзаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх заалт хангагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийн дагуу тус тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн дагуу 2026 оны батлагдсан төсвийн дагуу тус тендер шалгаруулалтыг зохион байгуулах болсныг мэдэгдье.” гэсэн бол “Альфа Б” ХХК болон “М” ХХК болон “Мера” ХХК-иудын түншлэл нарт “...2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр танай компанид хүргүүлсэн шийдвэр өөрчлөгдөөгүй болохыг үүгээр мэдэгдэж байна... тус тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн дагуу 2026 оны батлагдсан төсвийн дагуу тус тендер шалгаруулалтыг зохион байгуулах болсныг мэдэгдье.” гэсэн байна.

2.11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг”, 4.1.18-д "техникийн тодорхойлолт" гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг”, 11 дүгээр зүйлийн 11.2-д “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана.”, 12 дугаар зүйлийн 12.2-д “Техникийн тодорхойлолтод бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэх түүхий эд, материал болон ажлын хүрээнд нийлүүлэх барааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлно.” 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.”, 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй.” гэж тус тус заасан.  

2.12. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д 2.Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл: “Шаардана”. Үүнд: 2.“Өрмийн машин (165 мм болон түүнээс дээш өрмийн хошуутай 2 ширхэг, 1-ээс доошгүй өөрийнх, 229 мм болон түүнээс дээш өрмийн хошуутай 8 ширхэг, 4-өөс доошгүй өөрийнх)” гэж, захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/2470 дугаар тодруулга хүргүүлэх тухай албан бичигт "... Гуравдугаар хавсралтаар сонирхогч этгээдээс ирүүлсэн тодруулгын хариу. Дээрх тодруулга нь тендер шалгаруулалтын баримт бичгийн салшгүй хэсэг болно.” гэж, хавсралт №3-т

... Тодруулга №2. Санал болгох өрмийн машин тус бүр зохих 165 мм болон 229 мм диамертэй өрөмдөх техникийн чадавхтай болохоо нотлоход шаардлага хангасан гэж үзнэ." гэжээ.[18]

            2.13. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас санал болгосон 68-70 ММА (Zega.D490A, М, Евро III) , 68-71 ММА (Zega.D490A, M, Евро III), 68-72 ММА (Zega. D490A, М, Евро III), 68-74 ММА (Zega. D490A, М, Евро ІII), 23-37 ММА (Sunward SWDB200A, М, Евро II), 01-68 ММА (Sunward SWDB200A, М, Евро II), 18-68 ММА (Sandvik D50KS), 81-08 ММА (Sandvik D50KS), 68-07 ММА (Sunward SWDE165А, М, Евро III), 74-50 ММА (Atlas Copco ROC L8.25, М, Евро ІІІ) гэх өрмийн машинууд нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан техникийн чадавхад нийцсэн нь Уул уурхай, технологийн газрын дарга Ч.А-аас 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн тодруулгын хариу, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын авто тээврийн цахим систем (www.autobox.mn) сайтад тавигдсан мэдээлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан “...техникийн чадавхын хувьд нийцсэн. Каталог ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан...” гэх тайлбаруудаар тус тус нотлогдож байна.  

2.14. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1.2-т.“Өрмийн машин (165 мм болон түүнээс дээш өрмийн хошуутай 2 ширхэг, 1-ээс доошгүй өөрийнх, 229 мм болон түүнээс дээш өрмийн хошуутай 8 ширхэг, 4-өөс доошгүй өөрийнх)” гэдгээс өөрөөр каталог ирүүлэх ёстой гэж заагаагүй атлаа тус баримтыг ирүүлээгүй гэж үзэж нэхэмжлэгч “Б” ХХК-ийн тендерээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй.  

2.15. Өөрөөр хэлбэл тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд заагаагүй баримтыг ирүүлээгүй гэж үзэж “Б” ХХК-ийн тендерээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй төдийгүй дээр дурдсанчлан нэхэмжлэгчээс санал болгосон өрмийн машины техникийн чадавх нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцсэн байх тул “Э" ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/0477 дугаартай мэдэгдэл хууль бус болох нь тогтоогдож байна.   

2.16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.22-д "харьцуулах үнэ" гэж энэ хуульд заасны дагуу шаардлагад нийцсэн тендерийг эрэмбэлэх зорилготой тоон утгыг”, 11 дүгээр зүйлийн 11.4-т “Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх доор дурдсан үндсэн шалгуурын аль нэгийг сонгон тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 11.4.1-д “харьцуулах үнэ”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ.” 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж тус тус заасан.

2.17. Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 32.1-д “Тендер үнэлэх үндсэн шалгуурыг харьцуулах үнээс өөрөөр тогтоох эсэх: Үгүй” гэх бөгөөд “Б” ХХК нь 435,647,168,000, “С" ХХК нь 461,665,600,000, “М” ХХК болон Мера ХХК-иудын түншлэл нь 477,224,000,000,  “Альфа Б” ХХК нь 489,191,200,000 үнийг тус тус санал болгосон байх ба хамгийн бага үнийг санал болгосон “Б” ХХК-ийг хамгийн сайн тендер гэж үзэх үндэслэлтэй байна.  

2.18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана.” 24.3-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.10-т заасан шийдвэр гаргасан, эсхүл гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас шалтгаалан захиалагч энэ хуулийн 24.1-д заасан хугацааг ажлын 15 хүртэл өдрөөр нэг удаа сунгаж болно.”, 24.4-д “Захиалагч энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд шийдвэр гаргаагүй бол тухайн төсвийн жилд тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулахыг хориглоно.”, 48 дугаар зүйлийн 48.2-т “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 48.2.1-д “худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах”, 48.2.4-т “энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах” гэж тус тус хуульчилсан.  

2.19. Захиалагчийн шийдвэр гаргах эцсийн хугацаа хуульд заасны дагуу 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байтал Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 03/11394 дүгээр албан бичигт дурдагдаагүй ажиллагааг хийсэн буюу “Э” ХК-иас 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 01/77 дугаар албан бичгээр Гаалийн ерөнхий газраас тодруулга хүссэн нь худалдан авах ажиллагааны үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг зөрчсөн, Үнэлгээний хороо нэхэмжлэгч “Б” ХХК-иас ирүүлсэн тендерээс каталог, танилцуулга ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан гэх атлаа өрмийн машинуудын тодруулгыг Гаалийн ерөнхий газраас авч байгаа нь захиалагч хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй болох үндэслэл болсон байна.    

2.20. Нэгтгэн дүгнэвэл, “Э” ХК-ийн ЭТТХК/20250101643 дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримтын бичигт заасан шаардлагад нийцсэн, хамгийн бага үнийг санал болгосон “Б” ХХК-иас ирүүлсэн тендерийг тендерийн баримт бичигт заагаагүй буюу каталог ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан нь, мөн захиалагчаас 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож байгаа талаар нэхэмжлэгчид бусдаас өөр байдлаар мэдэгдэл хүргүүлсэн нь, нэхэмжлэгч компаниас ирүүлсэн тендерээс каталог ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан гэж хариуцагч тайлбарлах атлаа Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 03/11394 дүгээр албан бичигт дурдаагүй ажиллагаа буюу 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 01/77 дугаар албан бичгээр Гаалийн ерөнхий газраас өрмийн машинуудыг Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн болохыг нотлох гаалийн мэдүүлгийн хуулбарыг шаардсан нь худалдан авах ажиллагааны тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг зөрчсөн байх төдийгүй хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй үндэслэл болсон байх тул “Э" ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/0477 дугаартай мэдэгдэл, "Э" ХК-ийн ЭТТХК/20250101643 дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт "Б" ХХК-д гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй тус тус хууль бус болох нь тогтоогдож байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...сүүлийн өдөр гаргасан үнэлгээний хорооны зөвлөмжийг хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих цаг хугацаа, хуулийн боломжгүй байсныг шүүх харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн...нэхэмжлэлийн шаардлагыг аль хариуцагчид холбогдуулан гаргасныг шүүх анхаараагүй...нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.21. Нэгэнт  “Э" ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/0477 дугаартай мэдэгдэл, "Э" ХК-ийн ЭТТХК/20250101643 дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт "Б" ХХК-д гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй тус тус хууль бус болох нь тогтоогдож байх энэ тохиолдолд ”Э" ХК-ийн ЭТТХК/2025/0101643 дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарласан ЭТТХК/20260101116/01/01 урилгын дугаартай, тендер шалгаруулалтын ЭТТХК/20260101116 дугаартай шийдвэр хууль бус байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал А.Т-ээс гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Х.Э нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

 

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0430 дугаар Тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтуудыг нэгтгэн “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17, 4.1.18, 4.1.22, 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.2, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас “Э” ХК, “Э” ХК-ийн ЭТТХК/2025/0101643 дугаартай Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Э" ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/0477 дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, "Э" ХК-ийн ЭТТХК/20250101643 дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт "Б" ХХК-д гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулах эрх олгох асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг "Э" ХК-д даалгаж, ”Э" ХК-ийн ЭТТХК/2025/0101643 дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарласан ЭТТХК/20260101116/01/01 урилгын дугаартай, тендер шалгаруулалтын ЭТТХК/20260101116 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосугай.” гэж, 5 дахь заалтын дугаарыг 2 болгон өөрчилж, хариуцагч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Х.Э нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.                

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.        

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               Ц.ОДМАА  

 

                      ШҮҮГЧ                                              О.ОЮУНГЭРЭЛ  

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] 1 хавтаст хэргийн 86-87 хуудас, 2 хавтаст хэргийн 33-35 хуудас

[2] 1 хавтаст хэргийн 111-124 хуудас

[3] 2 хавтаст хэргийн 64-65 хуудас

[4] 2 хавтаст хэргийн 66-78 хуудас

[5] 2 хавтаст хэргийн 79 дэх тал

[6] 2 хавтаст хэргийн 81-83 хуудас

[7] 2 хавтаст хэргийн 84-115 хуудас

[8] 2 хавтаст хэргийн 129-130 хуудас

[9] 2 хавтаст хэргийн 132-138 хуудас

[10] 2 хавтаст хэргийн 147 дэх тал

[11] 2 хавтаст хэргийн 150 дахь тал

[12] 2 хавтаст хэргийн 156-186 хуудас

[13] 2 хавтаст хэргийн 215 дахь тал

[14] 2 хавтаст хэргийн 235-241 хуудас

[15] 3 хавтаст хэргийн 3 дахь тал

[16] 3 хавтаст хэргийн 4-24 хуудас

[17] 3 хавтаст хэргийн 25-29 хуудас

[18] 2 хавтаст хэргийн 18 дахь тал