| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Алтанхуяг |
| Хэргийн индекс | 171/2012/0196/Э/ |
| Дугаар | 185 |
| Огноо | 2012-09-25 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0196/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
иргэдийн төлөөлөгч С.Банди, Ц.Цэндсүрэн, Д.Батчулуун,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,
хохирогч Х.М ,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт Т овогт Б.Г эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000449 дугаартай хэргийг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Т овогт Б.Г /РД:О..../, 19.. оны .. дугаар сарын ..-нд Увс аймагт төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан сум .. дугаар баг ..дугаар хэсэг .. тоотод оршин суудаг, ял шийтгэл үгүй.
Шүүгдэгч Б.Г нь 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ..дугаар баг.. дугаар хэсгийн .. тоотод байх өөрийн гэрийн хашаанд согтуугаар эхнэр Х.М г зодож биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр архи ууж гэртээ ирээд эхнэрээ зодож хүнд гэмтэл учруулсан. Тухайн үед болсон үйл явдлыг би санахгүй байгаа юм. Маргааш нь манай эхнэр хагалгаанд орсныг мэдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр манай дүү айлаас гэрийн унь худалдаж аваад янзлаад сууж байхад манай нөхөр Г гаднаас согтуу орж ирээд над руу тэр унийг авч шидсэн. Тэгээд би ухаан алдаад унасан байсан. Дараа нь намайг сэргэх гэж байхад дээрээс дэвсэж, миний дээрээс хүйтэн ус асгасан гэсэн. Удалгүй цагдаа нар ирж манай нөхрийг авч яваад, намайг эмнэлэгт хүргэж өгч би хагалгаанд ороод, эмнэлэгт нийт 9 хоног хэвтсэн. Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Манай нөхөр ер нь их архи уудаг, эрүүлжүүлэхэд орж, мөн захиргааны арга хэмжээ авагдаж байсан. Миний хувьд маш их гомдолтой байна” гэв.
Шүүгдэгч Б.Г нь 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 2 дугаар хэсгийн 13 тоотод байх өөрийн гэрийн хашаанд согтуугаар эхнэр Х.М г унины мод хугалан зодож, хэвлий тус газар нь хөлөөрөө дэвсэж түүний биед хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт
D:\Uyanga\Sh.Ts togtool\2012.09.25 B.Gansuh 96.1-185.doc
цуглуулсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтууд болох:
Хохирогч Х.М гийн “2012 оны 7 дугаар сарын 18-ний өдөр манай дүү Д маань гэрийн мод айлаас худалдан авсан юм. Тэгээд тэр гэрийн модыг нь би будаж өгч байтал 16 цагийн орчим нөхөр Г гаднаас архи уусан согтуу орж ирсэн. Тэгээд шууд бид нарын будаж янзалж байсан гэрийн мод болох унь модыг шүүрч аваад тэгээд хашаанд байсан цемент дээр цохиж хугалаад тэгээд бүдүүн талаар нь миний нуруун тус газарт хоёр удаа цохиод авсан. Тэгээд би зугтсан чинь араас Г намайг цохьсон хугархай унь модоо шидсэн чинь тэр мод нь яг миний нуруулуу цохьсон юм. Тэгээд би газар ухаан алдаад уначихсан юм. Тэгээд намайг гэрт оруулсан юм. Цагдаа дуудъя гэж бодоод тэгээд цагдааруу түрүүлж залгаад манай нөхөр намайг зодчихлоо гээд дуудлага өгч байтал гаднаас Г ороод ирсэн юм. Тэгээд би утсаар яриад дууссан Г хүрч ирээд миний гэдэсрүү өшиглөсөн. Тэгээд би эмнэлэгт хүргэгдэн очиж хагалгаанд орсон юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 8, 9 дүгээр хуудас/
Гэрч Б.М.ын “... дүү Д гэрийн мод авсан байсан бөгөөд тэрийг нь М эгч бид хоёр урт богиноор нь ялгаад тоолоод тавиад хашаандаа зогсч байтал гаднаас Г ах архи уучихсан согтуу орж ирээд тэгээд та нар ийм унь, хана зэргийг үнэтэй авлаа та нар наадахаа хая барь гэж орилж ирээд нэг унь мод аваад манай хашаанд байдаг цементэн хашааны булан цохьсон чинь тэр барьж байсан унь мод нь гурван хэсэг болж хугарсан. Тэгэхэд Г ах гартаа барьж байсан хэсгээ аваад шидсэн чинь тэр нь М эгчийн зүүн талын ар нурууны бөөр хавьцаа нь оносон. Тэгэхэд би Г ахыг та яаж байгаа юм бэ гэж хэлээд очоод бариад авсан бөгөөд М эгч унь модон цохиулаад ёоё гэдэс дотор болохоо больчихлоо гэдэс ороолдоод байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дуудсан бөгөөд тэрээд би гараад явсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 11 дүгээр хуудас/
Гэрч Х.Б.ийн “... би гэртээ байж байсан чинь Г ахын дуу гадаа гараад та нар ийм унь, ханаар яадаг юм бэ наадхаа гаргаж хая лалруудаа гээд орилоод унахаар нь би юу болов гээд гадагшаа гарсан чинь манай нөхөр Г ахын гэдсээр нь тэврээд авчихсан тэгээд эгчийг харахад эгч доошоо газар унасан наадах чинь эгчийг нь алчихлаашдээ гэдэс дотор тасарчихлаа гээд орилж байсан. Тэгэхэд М эгчийн хажууд гэрийн нь мод хугарсан байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 12 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №666 дугаартай баримтын
“1. Х.М гийн биед дэлүүний хагарал, дотуур цус алдалт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно” гэсэн дүгнэлт, /хэргийн 19 дүгээр хуудас/
Х.М гийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан тухай баримтууд, /хэргийн 23-34 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Г ийг бусдыг зодож биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хохирогч Х.М нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гэм хорын хохиролд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.Г ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь урьд ял шийтгүүлж байгаагүй бөгөөд гэмт хэрэг анх удаа үйлдэж, энэ тогтоолоор гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлуудыг харгалзан шүүгдэгчид хуульд зааснаас хөнгөрүүлж ял оногдуулж уг ялыг эдлүүлэх дэглэмийг мөн хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт Б.Г ийг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар Т овогт Б.Г ийг 3 /гурван/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Г эд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Б.Г ийн энэ хэрэгт 2012 оны 7-р сарын 26-ны өдрөөс 2012 оны 9-р сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн гурван хэсэг унины модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар Б.Г нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Г эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Д.ОЮУНДАРЬ