| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2020/02549/И |
| Дугаар | 102/ШШ2020/02464 |
| Огноо | 2020-09-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2020/02464
| 2020 09 04 | 102/ШШ2020/02464 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ө” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.О холбогдох,
310 050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ц, хариуцагч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 6 дугаар сар хүртэлх 13 сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 310 050 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагч Г.О-с 310 050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2019 оны 6 сараас өмнө төлбөрөө цаг тухай бүрд нь төлдөг байсан. Өмнө нь манай байрны СӨХ-ны төлбөр сарын 19 850 төгрөг байсан боловч сүүлд 23 850 төгрөг болгосон. “Ө” СӨХ-ноос төлбөрийг үндэслэлгүйгээр нэмсэн тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ө” СӨХ нь хариуцагч Г.О-т холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт нийт 310 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...СӨХ-ны төлбөр 19 850 төгрөг байсныг үндэслэлгүйгээр 23 850 төгрөг болгосон тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагчийн оршин сууж буй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Өнөр хотхон, 39 дүгээр байр, 140 тоотод орон сууц нь нэхэмжлэгч Ө СӨХ-д харьяалагддаг болох нь, мөн хариуцагч уг орон сууцанд оршин суудаг болох нь, мөн хариуцагч нь 2019 оны 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарууд, 2020 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар сарын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт нийт 310 050 төгрөг төлөөгүй болох нь Ө СӨХ-ны 265 дугаартай гэрчилгээний хуулбар, Төрийн банкны Цамбагарав 205 дугаар салбарын баримт болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна. Иймд Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж заасны дагуу хариуцагч нь тухайн СӨХ-ны гишүүн байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй.
Ө СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар шийдвэрээр СӨХ-ны төлбөр 14 850 төгрөг байсныг м.кв-аас шалтгаасан төлбөрийг сарын 19 850-22 850 төгрөг болгохоор шийдвэрлэсэн.
Улмаар Ө СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолоор СӨХ-ны төлбөр 19 850-22 850 төгрөг байсныг 4 000 төгрөгөөр буюу м.кв-аас шалтгаан 23 850-26 850 төгрөг болгон нэмсэн байх бөгөөд уг шийдвэр хүчингүй болсон талаар хэрэгт баримт авагдаагүй байна. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар төлбөрийг төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, төлбөрийн хэмжээг нэмсэн тогтоол хүчинтэй байгаа нөхцөлд хариуцагч төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд уг тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа нь төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч нь 2019 оны 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарууд, 2020 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар сарын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт нийт 310 050 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 310 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг баримтлан хариуцагч Г.О-с 310 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө СӨХ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9 982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 9 982 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН