| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2020/02846/И |
| Дугаар | 102/ШШ2020/02417 |
| Огноо | 2020-09-01 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2020/02417
| 2020 09 01 | 102/ШШ2020/02417 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Р-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Р, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Бтай 2013 онд танилцаж, 2019 оны 6 дугаар сараас хамтран амьдарч, 2019 оны 9 дүгээр сард жирэмсэн болсон. Бид зан харилцааны тааламжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Бидний дундаас хүү Р.Энхтөгс нь 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн. Иймд эцэг Б.Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2013 онд танилцаж, 2019 оны 6 дугаар сараас хамтран амьдарсан. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Бидний дундаас хүү Р.Энхтөгс нь 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн. Би хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Р нь хариуцагч Б.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.Р болон хариуцагч Б.Б нар 2019 оноос хамтран амьдарсан ба 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тэдний дундаас хүү Ролзодмаагийн Энхтөгс төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хүүхдийн 4801000219 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байхаас гадна хүү Р.Энхтөгсийн төрсөн эцэг нь хариуцагч Б.Б мөн эсэхэд талууд маргаагүй, хариуцагч үүнийг зөвшөөрч байна.
Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй, хүүхэд эхээр овоглодог, хүүхэд төрсөн үеэс эхлэн эхийн асрамжинд өсөн торниж байгаа үйл баримт болон хүүхдийн насны онцлого, мөн хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийг эхийн асрамжинд үлдээх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хэдийгээр хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй боловч шүүх хүүхдийг эхийн асрамжинд үлдээх нь түүний эрх ашигт нийцнэ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хүү Р.Энхтөгст эцэг Б.Баас тэтгэлэг гаргуулж олгох үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр хүү Р.Энхтөгсийг эх Э.Ргийн асрамжинд үлдээж, эцэг Б.Баас тэтгэлэг гаргуулж олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Ролзодмаагийн Энхтөгсийг эх Э.Ргийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Ролзодмаагийн Энхтөгсийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.Баас гаргуулан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтран нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН