Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 186

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2012/0199/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Тү.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

иргэдийн төлөөлөгч С.Банди, Ц.Цэндсүрэн, Д.Батчулуун,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

шүүгдэгч Л.П  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт Б  овогт Л.П т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000404 дугаартай хэргийг 2012 оны 9 дүгээр сарын 17ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б  овогт Л.П  /М.../, 19.. оны .. дугаар сарын ..-нд Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, авто механик засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Дархан сумын .. дүгээр баг .. тоотод оршин суудаг, ял шийтгэл үгүй. 

 

Шүүгдэгч Л.П  нь согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, ямар нэг шалтаг шалтгаангүйгээр, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн орчим Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хараа голын гүүрний орчим голын эрэгт иргэн М.О ийг ууж байсан архиныхаа хоосон шилээр толгойн тус газар нь цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.П  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би М.О , Маамуу, У  нартай нийлж голын эрэг дээр 2 литрийн гурван баавгайт гэх пиво хоёрыг, 0,5 граммын 2 шил ерөөл архины хамт уусан. Тэгээд М.О  нь Т.С /хоч Маамуу/-ыг голын усанд хийж дараад, ус залгиулаад дээрэлхээд байсан. Би М.О ийг болиоч гэж 2-3 удаа хэлсэн. Тэгэхэд танд хамаагүй, тоглож байна гэсэн юм. Би М.О ийг сайн танихгүй. Урьд нь надтай ам зөрж л байсан. Т.С нь бие муутай хүүхэд байсан юм. Тухайн үедээ би согтуу байсан болохоор М.О ийг цохисон үгүйгээ сайн санахгүй байна. Т.Сыг битгий дээрэлхээд бай гэж л хэлсэн. У  машин барьж явсан болохоор ерөөсөө уугаагүй. Би нилээн архи уусан байсан. М.О  бид хоёрын хооронд зодоон болох үед Т.С, У  нар цаана машинд хайрга ачиж байсан юм. Зодоон болсны дараа М.О  газар суух гэж байгаад хагарсан архины шилэн дээр суугаад бөгсөн хэсгээ гэмтээчихсэн. Би хохирол төлбөрт нийт 550.000 төгрөг төлсөн” гэв.

 

Шүүгдэгч Л.П  нь 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн орчим Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хараа голын гүүрний орчим голын эрэг дээр согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, ямар нэг шалтаг шалтгаангүйгээр, архины шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж иргэн М.О ийн толгой тус газар нь цохиж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж танхайрсан болох нь:

хохирогч М.О ийн “... Голын эрэгт архинаасаа дөрвүүлээ уугаад байж байгаад С, У.хоёр элс ачиж эхэлсэн. Тэгсэн П  ах бид хоёр архиныхаа хоёр талд өөд өөдөөсөө хараад сууж байтал П  ах ууж байсан архины шилээр миний толгойны дагз хэсэгрүү цохьсон. Тэгэхээр нь би толгойгоо бариад доошоо тонгойсон чинь П  ах миний өмдийг шувталж байгаад хагархай шилээрээ бөгсрүү хатгачихсан. Тэгээд миний уруул хэсэгрүү П  ах өшиглөж сэтэлсэн. ... Ямарч шалтгаангүйгээр намайг зодсон. Учир нь би П  ахыг урьд өмнө нь огт танихгүй  мөн маргаж муудалцаж байгаагүй. Тэр өдөр голын эрэгт П  ахтай огт маргаж муудаагүй байж байтал гэнэт юу ч хэлэхгүй ууж байсан архины шилээрээ миний толгойруу цохиод хагархай шилийг нь авч миний өмд шувталж байгаад бөгсрүү хатгасан мөн миний уруулруу өшиглөж сэтэлсэнд гайхаж байна. ... С бид хоёрыг усанд ноцолдоод тоглож байхад П  ах боль энэ тэр гэж огт хэлээгүй маргаж муудаагүй ш дээ. П  ах худал мэдүүлсэн байна. С бид хоёрын голын усанд ноцолдсон асуудлаас болоод П  ах намайг зодсон гэвэл энэ нь шал худлаа зүйл” гэсэн мэдүүлэг, /хэргийн 21, 22 дугаар хуудас/

гэрч Н.А.ийн “... Тухайн үед О ийн бөгсний хэсгээс их цус алдсан ба П  ахаас би давлаад яанаа П  ахаа та яачихсан юм бэ яагаад ийм юм болчихвоо гэтэл П  ах надад ах нь согтуудаа О ийг ийм болгочихлоо нэг их маргаж муудсан зүйлгүй гэснээ ах нь О ийг архины шилээр толгойруу нь цохиж шилээр бөгсрүү нь хатгасан гэдгээ өөрөө ч гэсэн надад хэлсэн ба ахыгаа ёстой уучлаарай энд нь зохицъё мөнгө төгрөг өгье гээд байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 23 дугаар хуудас/

гэрч Н.У.ын “... С бид хоёр голын эргээс П  ахын машинд хайрга ачиж байтал гэнэт барилцаад аваад зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би П  ахыг боль гэсэн үгэнд ороогүй. Маш  хурдан болж өнгөрсөн. О ийн толгойруу нь архины шилээр П  ах цохьсоныг би харсан юмаа. П  ах О ийг архины шилээр толгойруу нь цохиод тэгээд дараа нь барилцаж авсан юм аа” гэсэн мэдүүлэг, /хэргийн 27 дугаар хуудас/

гэрч Т.Сын “... У  бид хоёр хайрга машинд ачиж байтал гэнэт л П  ах, О  хоёр барилцаад авсан яасан юу болов гээд харсан чинь О , П  ах архины хоосон шилээр миний толгойруу цохьчихлоо гэсэн. ...Огт маргаж муудалцаагүй, маргаж муудалцахаар ч  зүйл болоогүй. ... Надаас болж маргаж муудалцсан гэдгийг би сонсоогүй ээ. Тийм маргаан миний мэдэхээр л тухайн үед болоогүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 30, 31 дүгээр хуудас/

гэрч М.Г.ын “... О ийн уруул нь сэтэрчихсэн, нүүр ам нь цус болчихсон бөгсний хэсгээс цус гарчихсан байж байсан. Тэгээд би юу болсон талаар О өөс болон У аас асуутал О  П  ахахд зодуулсан гэсэн. Яагаад юунаас болоод зоддог юм гэж П гээс өөрөөс нь асуутал П  ах тэрийгээ би сайн санахгүй байна  архи уугаад согтуурхаад архины шилээр О ийг цохьчихлоо цагдаа сэргийлэх гээд яахав эээ хэдүүлээ эндээ хоорондоо зохицьё гээд байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 32 дугаар хуудас/

Шүүх Эмнэлгийн үзлэг хийсэн ¹1576 дугаартай актын: “1. М.О ийн биед тархи доргилт, дээд уруул, баруун хонгон дахь шархын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл  болно” гэсэн дүгнэлт, /хэргийн 36 дугаар хуудас/

Шинжээч эмч Д.Туяагийн “М.О ийн биед үзлэгийн явцад тогтоогдсон дээрхи гэмтлүүдээс тархи доргилт, дээд уруулын гэмтэл нь тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болоно” гэсэн мэдүүлэг, /хэргийн 39 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Л.П  нь тухайн өдөр архидан согтуурч, ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр архины хоосон шилээр иргэн М.О ийн толгой тус газар нь цохиж, дээд урууланд нь өшиглөж танхайрчээ.

Л.П ын архины шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хувь хүний эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл танхайрах гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул уг хуулийн зүйл, хэсгээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.П  болон түүний өмгөөлөгчөөс М.О  нь Т.Сыг усанд толгойг нь дүрж дээрлэхсэн шалтгаанаар зодсон, мөн согтуу хүмүүс хоорондоо маргалдаж зодолдсон тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэж мэдүүлж, санал гаргасан байх боловч энэ хэрэгт хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, шүүгдэгч, хохирогч нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн зэрэг байдал энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй байна.

 

Хохирогч М.О ийг шүүх хуралдаанд удаа дараа дуудсан боловч оршин суугаа хаягтаа байдаггүй тухай багийн Засаг даргын  тодорхойлолт ирүүлсэн бөгөөд тэрээр “П д гомдох голдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн баримт ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гэм хорын хохиролд гаргуулах төлбөргүй байна.

 

Л.П ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Л.П  урьд ял шийтгүүлж байгаагүй бөгөөд гэмт хэрэг анх удаа үйлдсэн, энэ тогтоолоор гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлуудыг харгалзан шүүгдэгчид хуульд зааснаас хөнгөрүүлж ял оногдуулж уг ялыг эдлүүлэх дэглэмийг мөн хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Б  овогт Л.П ыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Б  овогт Л.П ыг 3 /гурван/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоног хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Л.П т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар Л.П  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар Л.П  нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.П т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Л.П т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                             

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.АЛТАНХУЯГ                                        

ШҮҮГЧИД                                                     Б.МАНЛАЙБААТАР

           

                                                                         Тү.ЭНХЖАРГАЛ