Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/02283

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/02283

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Н-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.О-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Н, хариуцагч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Отай 2007 онд танилцаж дотносон 2008 онд гэр бүл болсон. 2010 онд хүү О.Буянбатыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаандаа С.О нь байнга хэрүүл үүсгэж, намайг бусадтай хардаж, гэрээсээ хөөж, сэтгэл санааны дарамтад оруулдаг байсан. Хувийн таарамжгүй харьцаанаас болж ар гэрийн амгалан тайван байдал алдагдах, цаашлаад хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж болзошгүй байсан тул 2018 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч, хүү О.Буянбат миний асрамжид үлдсэн. Иймд цаашид бид хамтран амьдрах боломжгүй байх тул бидний гэрлэлтийг цуцалж, С.Оаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Нтэй 2007 онд танилцаж, 2008 онд гэр бүл болж, 2010 онд бидний хүү О.Буянбат төрсөн. Бид сүүлийн хоёр жил хувийн таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэргээс болж тусдаа амьдарч байгаа. Одоо гэрлэлт цуцлуулах хүртэл асуудал үүссэн. Салах өргөдлийг хүлээн аваад гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийг эхийн асрамжид үлдээж, хуульд заасан хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч С.От холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ж.Н болон хариуцагч С.О нар нь 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болж, 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2010 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүү О.Буянбат төрсөн нь №0000542049 Г-3229 дүгээр төрсний гэрчилгээ болон 394 дүгээр гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байхаас гадна талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Талууд хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар талуудад эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн хүү О.Буянбат нь эхийн асрамжид байгаа, талууд хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх талаар маргаагүй байхаас гадна хүүхдүүдийн насны онцлого, санал болон Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно” гэж заасныг үндэслэн хүү О.Буянбатыг эхийн асрамжид үлдээв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээ, хугацаагаар хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хуульд нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигин овогт С.О, Төгрөг овогт Ж.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2010 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү О.Буянбатыг эх Ж.Нгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү О.Буянбатыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг С.Оаас гаргуулан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 107 230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 107 230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН