Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/02261

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/02261

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: В.Б хүсэлттэй,

 

Хариуцагч: Б.М холбогдох,

 

гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.Б, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

  

Нэхэмжлэгч В.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 10 дугаар сард Австрали улсад суралцахаар явсан. 2019 оны 3 дугаар сард Австрал улсаас амралтаараа гэртээ ирчихсэн байх үед Б.М холбогдож уулзаад чи намайг өөрийнхөө визний эрхэн дээр виз гаргуулж өгөөч гэж гуйсан. Миний хувьд Б.Мг өмнө нь таньдаг байсан тул зөвшөөрч визэнд оруулахын тулд гэрлэлтээ батлуулсан. Би Б.Мтай гэр бүл болох хүсэл зориг байгаагүй, хамтдаа амьдарч байгаагүй. Иймд бидний гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би гадаад улс руу сургуульд явах зорилгоор В.Бтэй гэрлэлтээ батлуулсан. Гэвч миний виз гарах боломжгүй гэсэн хариу авсан. Иймд бидний гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.Б нь Б.Мтай гэрлэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэхь хэсэгт заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хүсэлт байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хүсэлт гаргахдаа хариуцагчаар Б.Мг тодорхойлсон боловч энэ нь хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхэд саад болохгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар гэрлэгчид мөн хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.

 

Хүсэлт гаргагч В.Б нь анхнаасаа гэр бүл болох зорилгогүй, Б.М нь Австрал улсад суралцах зорилгоор виз авахын тул В.Бтэй гэрлэлтээ бүртгүүлж 6540000012 дугаартай гэрлэгсдийн гэрчилгээ авсан, Б.М болон хүсэлт гаргагч В.Б нар гэр бүл болж хамтран амьдраагүй болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, гэрлэгчдийн гэрчилгээ, гэрлэлт бүртгүүлэх тухай өргөдөл, эрүүл мэндийн хуудас, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 3-6, 16-22 дугаар тал/

 

Ийнхүү хүсэлт гаргагч В.Б нь Б.Мтай гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10 дахь хэсэгт заасны дагуу шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцож, хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос гэрлэгчийн эрх, ашиг сонирхол хохирсон нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн тал өөрт учирсан материалын болон сэтгэл санааны хохирлыг буруутай этгээдээс Иргэний хуульд заасны дагуу гаргуулах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 135.2.10-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг баримтлан Хууз боржигон овогт В.Б, Тайж овогт Б.М нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

         

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН