| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2020/01769/И |
| Дугаар | 102/ШШ2020/02097 |
| Огноо | 2020-07-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2020/02097
| 2020 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2020/02097 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч А.Сарантуяа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.О-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Б-д холбогдох,
2 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2 669 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.О, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.А, иргэдийн төлөөлөгч Ч.Нина, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өөрийн өмчлөлийн Тоёота приус-20 /Toyota prius/ маркийн, 01-73 УАА улсын дугаартай автомашиныг жолоодон явж байхад Г.Б нь 34-68 УБК улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчин, миний жолоодон явсан автомашиныг мөргөсний улмаас миний эрүүл мэнд болон автомашинд хохирол учруулсан.
Тэрээр автомашинд учруулсан 5 971 000 төгрөгийн хохирлыг барагдуулсан боловч уг ослын улмаас надад учирсан 1 270 400 төгрөгийн эмчилгээ, шинжилгээний болон бусад зардлыг төлж барагдуулаагүй. Мөн цаашид эмчилгээний зардалд гарах 1 229 600 төгрөгийг төлөөгүй. Иймд Г.Бас нийт 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Н.Оийн жолоодон явсан автомашиныг мөргөж осол гаргасан нь үнэн бөгөөд түүнд учирсан хохирлыг төлж барагдуулсан. Түүний автомашинд 5 971 000 төгрөгийн эвдрэл учирсан. Мөн түүний эрүүл мэндэд учирсан хохирол болон бусад зардлыг нийт 7 700 000 төгрөг гэж үзэн, миний бие Тоёота Пасс /Toyotа Passo Sette/ маркийн, 35-28 УБЗ улсын дугаартай автомашиныг түүнд шилжүүлж барагдуулсан. Түүнчлэн, Н.О нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн учир эмчилгээний зардалд 700 000 төгрөг төлсөн. Журмын хашааны болон машин зөөвөрлөх хөлс 240 000 төгрөгийг би төлсөн. Миний зүгээс нийт 11 940 000 төгрөгийг түүнд бэлнээр болон автомашин оролцуулан төлсөн. Хэргийн улмаас учирсан хохирлоос миний төлсөн үнийн дүн 5 969 000 төгрөгөөр илүү байна. Мөн эвдэрсэн автомашиныг Н.О авч үлдсэн.
Нэхэмжлэлийн шаардлагаас цаашид эмчлүүлэх зардал гэх 1 229 600 төгрөг нь баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн хууль бус үйлдлийн улмаас Н.Оийн автомашинд учруулсан эвдрэл 5 971 000 төгрөгийн хохирол болон түүний эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардалд бэлнээр 700 000 төгрөг, мөн автомашиныг тээвэрлэх зардалд 240 000 төгрөг, нийт 940 000 төгрөг төлсөн. Мөн Тоёота Пасс /Toyotа Passo Sette/ маркийн, 35-28 УБЗ улсын дугаартай автомашиныг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу 7 700 000 төгрөгөөр тооцож, нийт 8 638 000 төгрөгийн өмч хөрөнгө шилжүүлэн өгсөн. Ингэхдээ автомашинд учирсан шинжээчийн тогтоосон хохирлоос 5 971 000 төгрөгөөс гадна 2 669 000 төгрөгийг түүний эмчилгээний болон бусад зардалд тооцон төлсөн. Энэ тухай Н.О нь иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэгтээ дурдсан.
Дээрх хохиролд миний бие нийт 2 669 000 төгрөгийг Н.О илүү төлсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 2 669 000 төгрөгийг Н.Оээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.О шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тухайн авто ослын улмаас миний автомашинд 5 971 000 төгрөгийн хохирол учирсан ба хохиролд автомашин өгөхөөр тохирсон. Тухайн автомашинд нийт 1 043 000 төгрөгийн засвар орсон. Харин миний автомашиныг зарах зах зээлийн ханш нь 5 500 000 төгрөг болж байгаа бөгөөд түүний хохиролд тооцон өгсөн автомашин нь хохирлыг бүрэн барагдуулах хэмжээнд хүрэхгүй байгаа. Авто ослын улмаас миний бие нуруундаа гэмтэл авсан, тархинд их хэмжээний хаван үүссэн бөгөөд одоо нуруу байнга өвддөг, чихний сонсгол буурсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Г.Бд холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд нийт 2 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан хохиролд илүү төлсөн 2 669 000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. 2 500 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зам тээврийн ослын улмаас учирсан хохирол буюу эмчилгээний болон бусад зардалд 1 270 400 төгрөг, цаашид эмчлүүлэх зардалд 1 229 600 төгрөг, нийт 2 500 000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...эмчилгээний болон бусад зардлыг төлж барагдуулсан, ...цаашид эмчлүүлэх зардал нь баримтаар тогтоогдоогүй тул үндэслэлгүй” гэж үгүйсгэн маргажээ.
Хариуцагч Г.Б нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 30 минутын үед Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Алтай хотхоны зүүн замд Тоёота приус-41 /Toyota prius/ маркийн, 34-68 УБК улсын дугаартай автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а, 12.3 дугаар зүйлийг зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн Тоёота приус-20 /Toyota prius/ маркийн, 01-73 УАА улсын дугаартай автомашиныг мөргөж, автомашинд 5 971 000 төгрөгийн эвдрэл, уг автомашиныг жолоодож явсан нэхэмжлэгч Н.Оийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь Тээврийн прокурорын газрын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 234 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2904 дугаар дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байхаас гадна зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй.
Тээврийн прокурорын газрын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 234 дугаар тогтоолоор дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үндэслэлээр уг хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн боловч хариуцагчийн гэм буруутай үйлдэлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэнд болон эд хөрөнгөнд хохирол учирсан үйл баримт илэрхий болсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй боловч эмчилгээний зардал болон бусад зардал нь баримтаар тогтоогдсон байхыг шаардана.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон эмчилгээний болон бусад зардал болох нийт 1 270 400 төгрөгийн баримтуудаар /хх 28-31 дүгээр тал/ дээрх хэмжээний хохирол нэхэмжлэгчид учирсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь, зам тээврийн ослын улмаас тухайн баримтуудад бичигдсэн эм, шатахуун, бараа, үйлчилгээг нэхэмжлэгч нь худалдан авсан эсэх, улмаар нэхэмжлэгчээс дээрх хэмжээний зардал гарсан эсэх, мөн тухайн эд зүйлийг зам тээврийн ослын улмаас зайлшгүй худалдан авах шаардлагатай байсан эсэх нь тогтоогдохгүй байхаас гадна зарим баримт нь уншигдахгүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Түүнчлэн, хэрэг бүртгэлтийн шатанд нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрт учруулсан эд хөрөнгийн болон эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан талаар мэдүүлсэн бөгөөд дээрх баримтууд нь цаг хугацааны хувьд хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнөх хугацаанд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хэрэг бүртгэлтийн шатанд хохиролд нийт 7 700 000 төгрөгийн мөнгө, хөрөнгийг нэхэмжлэгчид төлсөн, үүнээс хойш нэхэмжлэгчид эмчилгээний болон бусад зардалд нийт 1 270 400 төгрөг зарцуулсан гэж үзэх үндэслэл дээрх баримтуудаар тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгчийн цаашид эрүүл мэндээ эмчлүүлэхэд гарах зардал гэх 1 229 600 төгрөгийн шаардлага нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэлээр хохиролд 2 500 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
2. 2 669 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ “...хэрэг бүртгэлтийн шатанд хохиролд илүү төлсөн 2 669 000 төгрөг буцаан гаргуулах” гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь уг шаардлагыг үгүйсгэн маргажээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдолд буцаан шаардах эрхтэй.
Хариуцагч нь хэрэг бүртгэлтийн шатанд буюу 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд 700 000 төгрөг, зам тээврийн осолд орсон автомашиныг ачин тээвэрлэсэн зардалд 240 000 төгрөг, нэхэмжлэгчийн автомашинд учирсан эвдрэлд болон бусад заардалд тооцон 7 700 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг шилжүүлсэн нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэгчийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байхаас гадна талууд уг үйл баримтын талаар маргаагүй.
Дээрх байдлаар хэрэг бүртгэлтийн шатанд хариуцагчаас нэхэмжлэгчид хохиролд нийт 8 638 000 төгрөгийн мөнгө, хөрөнгө төлсөн нь тогтоогдож байх боловч уг хэмжээгээр нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байна. Учир нь, зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг хуульд зааснаар хариуцагчид үүссэн, үүний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид хохирол төлсөн гэж үзэхээр байна. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2 669 000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй.
Иймд дээрх үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.Бд холбогдох, 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Оийн үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Н.Од холбогдох, 2 669 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Баттулгын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 57 660 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД А.САРАНТУЯА
Х.ЭНХЗАЯА