Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2026/0380

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Цагдаагийн ерөнхий газар

Нэхэмжлэгч: Д.Г

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Б.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0395 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Г

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2026/0323/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Анх нэхэмжлэгч Д.Г-оос Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан “...нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгчээс Цагдаагийн ерөнхий газарт 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, цагдаагийн хурандаа цолыг сэргээхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн томилохыг даалгасан шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгах, Цагдаагийн хурандаа Б.Н-ийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын даргаар томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/442 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

 3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр  сарын 14-ний өдрийн 128/ШШ2026/0395 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.4, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 60.1.9 дэх заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, 61.1.4 дэх заалт, Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, 80.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчээс Цагдаагийн ерөнхий газрын даргад хандан 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, цагдаагийн хурандаа цолыг сэргээхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.Г-ийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, цагдаагийн хурандаа цолыг буцаан олгож, нэхэмжлэгчээс хариуцагчид хандан хүсэлт гаргасан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

3.1. Дээрх шийдвэрт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэмэлт оруулах тухай” 3661 дугаар захирамжаар шийдвэрийн “ТОГТООХ нь:” хэсгийн 1 дэх заалтын “даалгасугай” гэснийг “даалгаж” гэж өөрчилж, “даалгаж” гэс өөрчилсний ардаас “цагдаагийн хурандаа Б.Нийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргаар томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/442 дугаар тушаалыг хүчингүй болгосугай” гэж нэмсэн байна.

 4. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын давж заалдах гомдлын агуулга:

 4.1. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулахаар, Хөдөлмөрийн тухай хуульд Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулахаар тус тус хуульчилсан.

Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба болохын хувьд цагдаагийн алба хаагч Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон заалтыг дагаж мөрдөхөөр хуульчилсан.

Мөн хуульд гэмт хэрэг, зөрчил болон ёс зүй, сахилгын зөрчилд холбогдсон цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг шүүгчийн шийдвэрийг үндэслэн асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлэх бөгөөд тухайн алба хаагчийн албан үүргийг цагдаагийн албаны үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор өөр алба хаагчаар 3 сар хүртэл хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх зохицуулалттай.

Иймд цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа, эрх зүйн байдлыг Цагдаагийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрийн харилцаа нь ердийн хөдөлмөрийн харилцаанаас ялгаатай, төрийн тусгай албаны онцлогт нийцсэн зохицуулалттай тул салбарын хууль тогтоомжийг баримтлах нь зүйн хэрэг бөгөөд шүүхээс гагцхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 60.1 дэх хэсэг, 60.1.9 дэх заалт, 61.1 дэх хэсэг, 61.1.4 дэх заалтыг тус тус баримталсан нь үндэслэлгүй байна

4.2. Д.Гт холбогдох хэсгийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр биш хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэх болон нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээ үүссэн гэснийг үндэслэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэсэн байна.

Гэвч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээрх Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 2025/ДШМ/57 дугаартай магадлалын "Тодорхойлох" хэсгийн дээрх заалтыг анхааран авч үзээгүй бөгөөд энэ нь ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй нөхцөл байдал байсан. Учир нь шүүх тухайн үйлдэл, нөхцөл байдлыг бүрэн үгүйсгээгүй, харин эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээнд гэм бурууг эргэлзээгүй нотолж чадаагүй гэж дүгнэсэн байна.

Нөгөө талаар төрийн байгууллагын удирдлага ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх үүрэгтэйгээс гадна цагдаагийн төв байгууллага нь агентлагийн нийтлэг чиг үүргийн хүрээнд алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтан гэмт хэрэг, зөрчил үйлдэх, хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилга, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авах, цагдаагийн албаны дотоод хяналт- аюулгүй байдлыг хангах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Дээрх хууль буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Цагдаагийн албаны тухай хуулийн хүрээнд цагдаагийн төв байгууллагаас хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг нь харгалзан Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын даргатай адилтгах албан тушаал, цалингийн зэрэглэлтэй дүйцэхүйц Завхан аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, Сүүж-Уул амралт, сувиллын дарга, Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын сул орон тоонд тус тус томилуулахаар 3 удаагийн сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу явуулахад хүлээн зөвшөөрөөгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн "...Д.Г-ийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, цагдаагийн хурандаа цолыг сэргээх" тухай шаардлагуудыг хангаж шийдвэрлэх нь зөв байна." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 2025/ДШМ/57 дугаартай магадлалын "Тодорхойлох" хэсгийн дээрх заалтыг анхааран авч үзээгүй бөгөөд энэ нь ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй нөхцөл байдал байсан учраас Д.Гийг хуучин албан тушаалд нь бус, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор өөр дүйцэх албан тушаалд томилох эрх нь цагдаагийн төв байгууллагын даргад хадгалагдаж байна.

4.3. Шүүхээс энэ хэсэгт дүгнэлт хийхдээ "... Д.Г-т холбогдох эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ДШМ/57 дугаартай магадлалаар "... Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Г... нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ." гэж заасны дагуу эрүүгийн эрх зүй дэх "in dubio pro гео" зарчмыг хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн бөгөөд гэм буруугүй нь тогтоогдсон гэх бүрэн хангагдаагүй тул хэрэглэхгүй гэж үзсэн нь нэхэмжлэгчийг "Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, цагдаагийн хурандаа цолыг сэргээх тухай шаардлагуудыг хангаж шийдвэрлэх нь зөв байна." гэсэн дүгнэлттэй уялдаагүй, ялгаатай, зөрчилдөөнтэй байдлаар дүгнэлт хийсэн байна.

4.4. Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна үйл ажиллагаа нь тасралтгүй байх, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтлах бөгөөд цагдаагийн төв байгууллагын дарга нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангахаар хуульчилсан.

Мөн тус хуульд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор гурван сар хүртэл хугацаагаар түр эзгүй байгаа цагдаагийн алба хаагчийн албан үүргийг эрх бүхий албан тушаалтан цагдаагийн өөр алба хаагчаар түр орлон гүйцэтгүүлж болохоор зохицуулснаас гадна уг харилцааг нарийвчлан зохицуулсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/146 дугаар тушаалаар баталсан "Цагдаагийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам"-д хууль тогтоомжид заасан бусад шалтгааны улмаас түр эзгүй байх гэжээ.

Өөрөөр хэлбэл түр эзгүй гэдэг нь тодорхой хууль ёсны шалтгааны улмаас ажил үүргээ биечлэн гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдол буюу албан үүргээ биелүүлэх бүрэн эрхийг түр түдгэлзүүлсэн гэдэг ойлголт хамаарна. Дархан-Уул аймаг нь Нийслэл хотыг эс тооцвол бусад аймгаас 2-5 дахин их гэмт хэрэг, зөрчил үйлдэгддэг, Монгол Улсын Төвийн бүсийн гол зангилаа бөгөөд эдийн засаг, үйлдвэрлэлтэй бүс нутаг бөгөөд тус аймгийн цагдаагийн газрыг 2 жил гаруй хугацаанд (2023-2025 он) зөвхөн "түр орлон гүйцэтгэгч"-тэй байлгах нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй байх зарчимд нийцэхгүй байна. Нөгөө талаар цагдаагийн хурандаа Б.Н-ийг үндсэн албан тушаалаас нь чөлөөлөхгүйгээр албан үүргийнх нь зэрэгцээ удаан хугацаагаар түр орлох албан тушаалыг гүйцэтгүүлэх боломжгүй бөгөөд албан ажлын шаардлагаар нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилсон тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/442 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Шүүх хэргийн бодит нөхцөл байдалд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, цагдаагийн байгууллагын тасралтгүй, шуурхай ажиллах нийтийн ашиг сонирхлыг орхигдуулсан, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 128/ШШ2026/0395 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

             1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

   2. Нэхэмжлэгч Д.Г-оос Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан “...нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

  2.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газарт 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, цагдаагийн хурандаа цолыг сэргээхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн томилохыг даалгасан шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгах, Б.Н-ийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын даргаар томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/442 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Цагдаагийн ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/387 дугаар тушаалын 4 дэх заалтаар нэхэмжлэгч Д.Гийг 04 дүгээр сарын 13-ны өдрөөс Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилсон.

3.2. Нийслэлийн Прокурорын газраас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн 2202006870014 дугаартай хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Гийг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

3.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ЦХШЗ/13 дугаар захирамжаар “...Эрүүгийн 2202006870014 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал яллагдагч Д.Г-т төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авахаар” шийдвэрлэсний дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/99 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Гийг албан үүргээ биелүүлэх бүрэн эрхийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс түр түдгэлзүүлж, цагдаагийн хурандаа цолыг хураасан.

3.4. Нэхэмжлэгч Д.Г-ийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/100 дугаар тушаалаар гуравдагч этгээд Б.Н-ийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

3.5. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/442 дугаар тушаалаар гуравдагч этгээд Б.Н-ийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын даргаар жинхлэн томилжээ.

3.6. Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Г ... нарыг нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг Д.Г эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ДШМ/57 дугаар магадлалаар ...Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Г ... нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 820 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр хүчин төгөлдөр болсон.

3.7. Нэхэмжлэгч Д.Г-оос 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад хандан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулахаар гаргасан хүсэлтэд 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 12 дугаар сарын 25-ны өдөр Сүүж-Уул амралт, сувиллын даргын сул орон тоо, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн даргын сул орон тоо, 2026 оны 03 дугаар сарын 20 болон 24-ний өдөр Экологийн Цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын сул орон тоог тус тус санал болгожээ.

3.8. Нэхэмжлэгчээс дээрх сонсох ажиллагаанд санал болгосон ажил, албан тушаалд ажиллах боломжгүй, урьд эрхэлж байсан Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилогдож, нэр хүндээ сэргээлгэх хүсэлтэй байгаа талаар тухай бүрд нь тайлбар өгсөн байна.

4.1. Нэхэмжлэгчээс Цагдаагийн ерөнхий газарт 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, цагдаагийн хурандаа цолыг сэргээхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн томилохыг даалгасан шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

4.1.1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Ажилтанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргасан тохиолдолд ажил олгогч ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно”, 55.2-т “Энэ хуулийн 55.1-д заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгосон бол шийдвэр гаргасан этгээд энэ тухайгаа ажил олгогчид ажлын гурван өдрийн дотор мэдэгдэнэ”, 55.3-т “Энэ хуулийн 55.1-д заасан хугацаа өнгөрсөн, эсхүл энэ хуулийн 55.2-т заасан нөхцөл үүссэн өдрөөс ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдсэнд тооцно” гэж,

4.1.2. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална” гээд, 60.1.9-д “ажил үүрэг гүйцэтгэхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй”, 61.1.4-т “хуульд заасан бусад үндэслэл.” гэж заасан.

4.1.3. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, ажилтанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргасан тохиолдолд ажил олгогч ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсоох боловч уг хугацаанд ажлын байрыг хэвээр хадгалж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгосон өдрөөс ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдсэнд тооцож урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй.

4.1.4.   Ийнхүү албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн эрх зүйн үндэслэл арилсан нөхцөлд нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргэх боломж бүрдсэн гэж үзэх бөгөөд ажилтныг хууль ёсны үндэслэлээр албан үүргээс түр чөлөөлсөн нөхцөлд түүний ажлын байрны баталгааг хадгалах зорилготой зохицуулалт бөгөөд энэ нь эцсийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүрэн дуусгавар болсон гэж үзэхгүй байх эрх зүйн үр дагаврыг бий болгодог.

4.1.5. Нэхэмжлэгч Д.Г-т Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ЦХШЗ/13 дугаар захирамжаар төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЗ/222 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

4.1.6. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Гийн урьд эрхэлж байсан албан ажил болох Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргаар томилж, цагдаагийн хурандаа цолыг сэргээх үндэслэлтэй.

4.2. 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн томилохыг даалгасан шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

4.2.1. Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т “Гэмт хэрэг, зөрчил болон ёс зүй, сахилгын зөрчилд холбогдсон цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг уг асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлж болно”, 80.1.1-т “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн шийдвэрийг үндэслэн” гэж, мөн зүйлийн 80.3-т “Энэ хуулийн 80.1-д заасан үндэслэлээр бүрэн эрх нь түдгэлзсэн цагдаагийн алба хаагчийн гэм буруугүй нь тогтоогдсон бол бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцож, энэ хугацааны цалин хөлсийг нөхөн олгоно” гэж заажээ.

4.2.2. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу бүрэн эрх нь түдгэлзсэн цагдаагийн алба хаагчийн гэм буруугүй нь тогтоогдсон бол бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцож, энэ хугацааны цалин хөлсийг нөхөн олгохоор зохицуулагдсан боловч хуулийн хүчин төгөлдөр болсон Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ДШМ/57 дугаар магадлалаар “…Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолын шүүгчдэгч Д.Г … нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлийг баримталсан.

4.2.3. Энэ тохиолдолд анхан шатны шүүхийн “…Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсгийг хэрэглэх урьдчилсан нөхцөл /гэм буруугүй нь тогтоогдсон гэх/ бүрэн хангагдаагүй тул хэрэглэхгүй гэж үзэн, харин Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс … хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж нэхэмжлэгчээс Цагдаагийн ерөнхий газарт хандсан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойших хугацааны цалин хөлсийг бүхэлд нь олгох ёстой гэх тайлбарыг энэ тохиолдолд хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно” гэж дүгнэн, дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

4.3. Б.Нийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын даргаар томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/442 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

4.3.1. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Г-ийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/100 дугаар тушаалаар гуравдагч этгээд Б.Нийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/442 дугаар тушаалаар 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын даргаар жинхлэн томилсон байна.

4.3.2.   Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд тодорхой нөхцөлд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны үндсэн дээр албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно” гэж заасан нь түр орлон гүйцэтгэх ажиллагаа нь үндсэн албан тушаалын эрх зүйн харилцааг дуусгавар болгох шинжгүй, харин тухайн албан хаагчийн суурь эрх зүйн байдлыг хадгалсан, зохион байгуулалтын түр шинжтэй зохицуулалт болохыг илэрхийлж байна.

4.3.3.   Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зөвхөн түр орлон гүйцэтгэгчийн хэлбэрт тулгуурлан хязгаарлан үзэх боломжгүй бөгөөд түүний анх томилогдсон эрх зүйн байдал, уг албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулсан  зохион байгуулалтын шинжтэй харилцаа, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох төрийн албаны хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх баталгаа, хөдөлмөрийн хуульд зааснаар ажлын байрыг нь хэвээр хадгалах, түүнчлэн эдгээрийн хоорондын эрх зүйн харилцааг авч үзэх шаардлагатай байна.

4.3.4. Энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгч Д.Г-ийн Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын даргын албан үүргээ биелүүлэх бүрэн эрхийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс түр түдгэлзүүлснээс хойших хугацаанд ажлын байрыг нь хадгалах үүрэгтэй бөгөөд энэ хугацаанд гуравдагч этгээд Б.Нийг маргаан бүхий албан тушаалд жинхлэн томилсон нь хуульд нийцэхгүй тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/442 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

    ШҮҮГЧ                                                З.ГАНЗОРИГ

 

    ШҮҮГЧ                                                М.ЦЭЦЭГМАА

 

                          ШҮҮГЧ                                                б.АДЪЯАСҮРЭН