| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2020/02079/И |
| Дугаар | 102/ШШ2020/02079 |
| Огноо | 2020-06-30 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2020/02079
| 2020 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2020/02079 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.О-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Ө-д холбогдох,
3 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.О, хариуцагч Ч.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Ч.Өд хамтран бизнес хийх зорилгоор 3 500 000 төгрөгийг өгсөн боловч өнөөдрийг хүртэл уг мөнгөө буцаан авч чадахгүй байна. Миний бие Ч.Өгийн хийсэн сургалтад сууж, түүний хэлсэн “нарны эрчим хүчний хавтанд хөрөнгө оруулалт хийснээр сар бүр ашиг авна” гэдэгт итгээд хөрөнгө оруулалт хийж 3 500 000 төгрөг төлж, “Ворлд алтан дэлхийн гайхамшиг” ХХК-тай гэрээ байгуулсан. Хариуцагч нь уг компанийн захирал. Иймд Ч.Өгээс 3 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие сургалт явуулсан нь үнэн. Хэрвээ Т.О нь надад хөрөнгө оруулалт гэж мөнгө өгсөн юм бол тэрээр үүнийгээ баримтаар шүүхэд нотлох үүрэгтэй. Миний бие нэхэмжлэгчээс мөнгө аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Ч.Өд холбогдуулан 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хамтран бизнес хийх зорилгоор төлсөн 3 500 000 төгрөгийг буцаан гаргуулна” гэж тодорхойлсон бол хариуцагч нь уг үндэслэлийг “...нэхэмжлэгчээс 3 500 000 төгрөг аваагүй” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“Ворлд алтан дэлхий гайхамшиг” ХХК болон нэхэмжлэгч Т.О нарын хооронд байгуулагдсан гэх 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээ” хэрэгт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч уг гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон.
Улсын бүртгэлийн байгууллагын лавлагаагаар “Ворлд алтан дэлхий гайхамшиг” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр хариуцагч Ч.Ө бүртгэлтэй байна.
Дээрх гэрээнд нийлүүлэгч “Ворлд алтан дэлхий гайхамшиг” ХХК-ийн санал болгож буй санхүүжилтэнд хөрөнгө оруулагч Т.О нь хөрөнгө оруулалт хийх, сар бүр хөрөнгө оруулсан хэмжээгээр ашиг хүртэхээр заажээ. /хх 104-108/
Улмаар, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 438 дугаар тогтоолоор Ч.Өд холбогдох, Т.О болон нэр бүхий иргэдэд нийт 104 103 530 төгрөгийн хохирол учируулсан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг. Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх, мөн мөн хуулийн мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагчийг 3 500 000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байх бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх бөгөөд нэхэмжлэгч нь Ч.Өг хариуцагчаар тодорхойлсон.
Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 3 500 000 төгрөг шаардахтай холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ дээрх гэрээ болон түүнтэй холбоотой үйл явдлыг үндэслэж байх боловч гэрээний нэг тал нь хариуцагч Ч.Ө бус “Ворлд алтан дэлхий гайхамшиг” ХХК байх тул нэхэмжлэгч нь хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үүргийг гэрээний оролцогч биш иргэн Ч.Өгээс шаардсан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, “Ворлд алтан дэлхий гайхамшиг” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ч.Ө байгаа хэдий ч тэрээр иргэний хувьд гэрээний үүргийг хариуцах үндэслэл болохгүй.
Иймд хариуцагчийг 3 500 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцвал зохих этгээд гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь түүнээс 3 500 000 төгрөгийг шаардах эрхгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасныг баримтлан хариуцагч Ч.Өд холбогдох, 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Оы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН