| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2016/0120/Э/ |
| Дугаар | 2016/ШЦТ/110 |
| Огноо | 2016-04-15 |
| Зүйл хэсэг | 148.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2016/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0120/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***,
Хохирогч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** , ***** өдөр төрсөн, ***** настай, эрэгтэй, ******* оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, ******ийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *** /, /холбоо барих утасны дугаар: ***
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч *** 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ****** гадна эхнэр *** хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан *** эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр би зах дээр байхад манай охин *** над уруу залгаад аав аа та хаана байгаа юм бэ гэхээр нь би микрт явж байна гэж хэлээд салгасан. Тэгээд би *** уулзах гээд Нүүдэлчингийн урд явж байтал *** хоёр хүүхдээ дагуулж ирсэн. Тэгснээ над дээр ирээд *** орилоод дайраад тухайн үед их салхитай байсан учраас юу ч сонсогдохгүй байхаар нь би зам хөндлөн гарсан. Тэгсэн араас орилоод хоёр хүүхдийнхээ хамт хүрээд ирсэн. Тэгэхээр нь би гадаа гудамжинд ингэж байхаар нэг газар очиж хэл амаа ололцъё гэхэд *** зам дээр зогсож байсан цагдаа уруу гүйж очоод уулзаад байхаар нь би хоёр хүүхдийнхээ хамт араас нь очоод явъя гэсэн чинь *** явахгүй гээд орилоод байсан. Тэгээд би явсан. Би *** гар хүрээгүй. Нүүдэлчингийн гадаа байхад ирээд намайг заанадаж авсан, би тавь л даа хүмүүсийн хажууд байдалд оруулаад байх юм гэсэн чинь *** тавьсан. Охин надтай шооны мөнгө авна гэж утсаар яриагүй, аав та хаана байгаа юм бэ гэж асуусан. Би *** эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай охин 18 цагийн үед над уруу ярьсан байх. Би сайн санахгүй байна. Тэгтэл удалгүй тэр гурав ирсэн. Би микр орох гэж байгаагаа хэлсэн болохоор намайг тэнд явааг мэдэж байсан байх. Тухайн үед би архи согууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Цагдаагийн газар ирэхэд миний согтуурлыг шалгаад надад драйгер үлээлгээд 0 хувьтай гарсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28, 31 дэх тал/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “... Бадамцэцэг овогтой Мөнхцэцэгээс уучлалт гуйж байна. Уучлаарай” гэх хүсэлт,
Хохирогч *** хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр *** охин маань ярьж хичээлийн хэрэглэл авахаар болсон байсан. Би ажлаасаа гэрт ирэхэд 2 хүүхэд маань аав уруугаа явж хичээлийн хэрэглэл авахуулах гэж байна гэхээр нь ээж нь хамт яваад гадаа зогсож байя гээд хамт явсан. Тэгээд Нүүдэлчин буудал уруу очоод 2 хүүхэд маань түрүүлж ороод би араас нь 2 давхарт орсон чинь ***н өөдөөс үгийн зөрүүгүй шууд зүүн гарнаас чирээд миний хувцасны ханцуйг урж, шатаар буугаад явж байхад араас бөгс уруу нэг өшиглөсөн. Шатнаас буусны дараа үснээс зулгааж доош нь дараад дээшээ харахын завдалгүй зүүн талын эрүү уруу шанаадсан. Тэр үед хоёр хүүхэд маань аав аа болиоч гээд салгасан. Тэгсэн *** хоёр хүүхэд уруу хараад шүдээ зуугаад уурлаад байсан. Би цохиулаад толгой манараад сонин болоод 4 зам дээр цагдаа байхаар нь гүйж гараад очоод дуудлага өгөх дугаар асуугаад дугаар аваад цагдаа уруу залгаж байхад*** намайг алив наашаа хүрээд ир ярилцъя гээд байсан. Тэгэхээр нь хоёр хүүхэдтэйгээ нүүдэлчингийн гадаа очоод цагдаа нарыг хүлээсэн. Тэр үед *** хуримын ордны толгой дээр гарчхаад намайг хараад зогсоод байсан. Цагдаа ирэхгүй байсан чинь *** дүү *** гээд цагдаа энгийн хувцастай ирээд намайг чи согтуу байна харьж унт гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад дуудлага өгч байхад цагдаа ирэхгүй, дүү чинь ирж байгаа юм гэсэн чинь *** нь та хоёрын асуудал надад хамаагүй, чи яв гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би гэрт очоод хүүхдүүдээ цоожилчхоод цагдаа уруу явсан. Тэр хооронд *** над уруу “гэртээ хүрээд ир, гурвуулаа уулзъя, би цагдаа дагуулаад гэрт чинь оръё” гэсэн мессеж бичээд залгаад байсан. Би цагдаа дээр ирээд зодуулсан талаараа хэлэхэд *** уруу ор гэж хэлсэн. Би цагдаагийн газрын нэг давхарт нь хүлээгээд байж байтал үүдний жижүүр нь намайг гэмтлийн эмнэлэг ороод үзүүлээд ир гэсэн юм. Тэгээд би эмнэлэг орж үзүүлэхэд эмч бичиг хийж өгсөн, ... би хамаатныхаа Сэлэнгэ гэж эмэгтэйн хамт “***” пабад цай уугаад болсон асуудлын талаар яриад сууж байтал *** өөрийн найз болох Азаа гээд залуугаар дугаараа нууцлан над уруу залгуулаад *** байна, уулзъя гээд байсан. Би өөрөө яриагүй Сэлэнгэд утсаа өгч яриулсан. *** нэг удаа миний араас бөгс уруу өшиглөсөн, дараа нь үстэж дараад эрүү уруу нэг удаа шанаадсан. Өмнө нь 2014 онд миний хамар уруу цохиж хамрын яс хугалж байсан. Тэр үед би цагдаад мэдэгдэж байгаагүй. Хоёр хүүхэд түрүүлээд орохоор нь би араас нь орж, охин маань аав аа, би гээд юм хэлэх гэж байтал *** өөдөөс та хоёр яах гэж ирсэн юм гээд загнаад байхаар нь би *** чи хүүхдэдээ 3500 төгрөг өгч чадахгүй байна уу, би чамаас өөр юм гуйгаагүй шүү гэсэн чинь чи муу юу гээд байгаа юм бэ гээд хараал урсгаж
ирээд шууд намайг шатны уруу чирээд өшиглөсөн. Тэр үед цаана нь *** сууж байгаа хүүхэн нь тэр байтугай л өгдөг шүү гэж хэлсэн. Миний толгой байнга дүйнгэтэж
өвдөж байна. Орой гэртээ очоод толгойны эм болон пезам ууж унтаж байгаа. Эрүүний хэсэг цохисон газар нь жижиг булчирхай шиг цус хуралт үүсэн, тэр нь дарахад маш өвчтэй байна. Эмч эм бичиж өгсөн, цохисон талын чих дүнгэнэж, хатгуулаад байхаар нь эмчид үзүүлсэн чинь улайлттай байна гээд эм бичиж өгсөн. Эмчид үзүүлсэн болон эм тариа авсан зардал 120,000 төгрөг болон ажилдаа яваагүй 7 хоногийн шагналт цалингийн мөнгө, 2 жилийн өмнө цохиж хугалсан хамар болон оройдоо байнга битүүрч би хамраараа ярьж, орой болгон хамрын дусаагуур хэрэглэж байгаа учраас хамрын хагалгаанд ормоор байна. Тиймээс хамрын хагалгааны 350,000 төгрөг, хэвтэн эмчлүүлэх мөнгө зэргийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “...*** овогтой *** нь өөрийн биеэр албан ёсоор уучлалт гуйсан тул бусад хэн нэгний дарамт шахалтгүйгээр хүлээн зөвшөөрч байна. Тиймээс *** ямар нэгэн гомдолгүй гэдгээ хүлээн зөвшөөрөв.” гэх хүсэлт,
Насанд хүрээгүй гэрч *** хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... тэр өдөр би ангийнхаа *** гэж охины утсаар аав уруугаа залгаад “могойн шооны 3000 төгрөг өгөөч гэхэд аав ирээд ав гэж хэлсэн. Би хичээлээ тараад гэртээ очоод ээжид аав ирээд мөнгө ав гэж байна гэж хэлээд ах бид хоёр аавын ажил уруу буюу Нүүдэлчин буудал уруу явлаа гэсэн чинь ээж тэнд чинь согтуу хүмүүс их байгаа, ээж нь хамт явъя гээд бид гурав хамт явсан. Тэгээд бид гурав аавын ажил дээр очоод ажлынх нь 2 давхарт гарахад аав байсан. Тэгээд би ааваас шооны мөнгө гэж хэлсэн чинь аав мөнгө байхгүй, өгч чадахгүй гээд байхаар нь ээж хүүхдэд мөнгө өгөөч гэсэн чинь аав ээж уруу уурлаад түлхээд өшиглөж шатны уруу буулгаад гадаа гаргаад үснээс нь зулгааж, нүүр уруу нь нэг удаа цохисон. Нүүдэлчин буудлын гадаа ээжийг цохисны дараа ээж зам дээр зогсож байсан цагдаа уруу очсон. Тэгсэн аав, ах бид гурав ээжийн араас очих үед аав бид хоёрт эргүү, тэнэг ээжийгээ яах гэж дагуулж ирсэн юм тэрнээс чинь болж хэрүүлж болж байна гэж хэлсэн. Ээж цагдаад дуудлага өгсөн чинь цагдаа нар ирэхгүй байсан. Гэтэл аавын дүү *** ирээд ээжийг согтуу байна яв гээд байсан. Аав ээжийг мөнгө нэхлээ гэж уурлаад цохисон, ааваас архи үнэртэж байсан. Аав ажил уруугаа эргэж ороод орилж, чарлаад байсан. Аав архи уугаад согтуу ирээд ээжийг зодож нүд нүүрийг нь хөхрүүлчхээд яваад өгдөг байсан. Аавын ажил уруу ороход аавын шинэ эхнэр Нараа нь хамт байсан. Ээжийг цохиход Нараа эгч хараад зогсож байсан. Саяхан 2 өдөр аавын хөдөө гэрт очиход аав бид хоёрыг та хоёр яах гэж цагдаа дээр очоод намайг ээжийг чинь цохисон гэж хэлсэн юм бэ, би ээжийг чинь цохиогүй, гараараа далайлгаж, зааж чичилсэн биздээ. Та хоёр тэгж хэлэх юм бол аав нь шоронд ороод та хоёр хөдөө гэрт ирж чадахгүй, энд байгаа хүмүүс та хоёрыг хөөнө гэж хэлсэн. Аав “ээж чинь та хоёрыг айлгаж байгаад аав ээжийг зодсон гэж хэлүүлсэн гэж цагдаад хэлээрэй” гэж хэлсэн. Та хоёр хэрвээ намайг ээжийг чинь зодсон гэж хэлэх юм бол аав нь бүх малаа зарчхаад ор сураггүй алга болно шүү гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
Насанд хүрээгүй гэрч *** хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Би гэртээ ээжтэй хамт байж байтал дүү *** хичээлээсээ орж ирээд би ангийнхаа Номуун гэж хүүхдийн утсаар аавтай яриад 3000 төгрөг өгөөч шооны мөнгө хэрэгтэй байна гэсэн чинь аав хүрээд ир би ажил дээрээ байна гэж хэлсэн гэхээр нь ээж бид хоёр хамт яваад дүү бид хоёр аавын ажил уруу түрүүлж ороод, ээж араас орсон. Тэгсэн аавын шинэ эхнэр нь бид хоёрыг харчхаад цаашаа өрөө уруу орсон. Тэгтэл аав, ээж уруу дайраад чадахгүй, яахаараа өгдөг юм гэж хэлээд ээжийг түлхээд шатны уруу буулгаж, явж байхад араас нь өшиглөсөн. Шатнаас буусных нь дараа үснээс нь зулгааж, нүүр уруу нэг удаа цохиход ээж гүйгээд зам дээр зогсож байсан цагдаа дээр очсон чинь тэр цагдаа ээжийг тоохгүй байсан. Ээжийг зам дээр зогсож байсан цагдаа уруу явсан тэр хооронд аав, дүү бид хоёрт та хоёр яах гэж ээжийгээ дагуулж ирсэн юм бэ, ээж чинь ирээд ийм
хэрүүл үүсгэж байна гээд бид хоёрыг загнасан. Ээж утсаараа цагдаа уруу залгаад дуудлага өгөхөд аавын дүү *** гэх цагдаа ирсэн. Тэр цагдаа ирээд чи согтуу байна, гэртээ харьж унт гээд ээжийг доромжлоод байсан. Тэгээд ээж, дүү бид хоёрыг
гэрт цоожлоод цагдаа дээр очно гээд явсан. Аав тухайн үед согтуу байсан, ээжийг мөнгө нэхлээ гэж уурлаад цохисон. Ааваас архи үнэртэж байсан. 5 дахь өдрийнх нь орой вагоноор гэртээ ирээд дүү бид хоёрыг та хоёр яах гэж цагдаа дээр очиж намайг ээжийг чинь цохисон гэж хэлсэн юм бэ би ээжийг чинь цохиогүй гараараа далайлгасан биз дээ. Ээжийг чинь цохиогүй, мал байхгүй гэж хэлээрэй гэж хэлснийг яах гэж цагдаад хэлсэн юм, мэдэхгүй гэдэг үг чинь мянган үгний таглаа, мэдэхгүй гэж хэлээрэй гэж байхад та хоёр аавтайгаа хамт байя гэж бодож байвал цагдаа дээр очоод мэдэхгүй, аав ээжийг цохиогүй, ээжийг ажлын газрынх нь хүн цохисон гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг яах гэж цагдаад янз бүрийн юм ярьсан юм гээд оройжин загнасан. Аав “ээж чинь та хоёрыг айлгаж байгаад аав ээжийг зодсон гэж хэлүүлсэн гэж цагдаад хэлээрэй” гээд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Гэрч *** хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр би Монгол алтны 4 замын уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байх үед *** буудлын харалдаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хэрэлдээд бас хоёр хүүхэд дагуулчихсан байсан. Тэгсэн нөгөө эрэгтэй нь над дээр ирээд би чамайг цохиогүй биздээ гээд эхнэрээ загнаад байсан. Миний ойлгосноор 5000 төгрөг хүүхдэдээ өгсөнгүй, хармаллаа гээд хэрүүл болсон юм шиг байсан. Тэгээд хэрүүл хийгээд байхаар нь би тэр залууг чи яв гэж хэлээд явуулсан. Эмэгтэй нь хоёр хүүхдээ аваад явсан. Тэр эмэгтэй цагдаад дуудлага өгсөн, тухайн үед эмэгтэй нь миний эрүү уруу цохичихлоо гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 318 дугаартай шинжээчийн “...*** биед тархи доргилт, доод эрүүний зүүн хэсгийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20 дахь тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дахь тал/, согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/, өвчний түүх /хавтаст хэргийн 9-11, 18 дахь тал/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *** 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Дархан сумын 8 дугаар баг Нүүдэлчин буудлын гадна эхнэр *** хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч *** хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч ***, насанд хүрээгүй гэрч *** мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.
Шүүгдэгч *** үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байна.
Хохирогч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “...*** овогтой *** нь өөрийн биеэр албан ёсоор уучлалт гуйсан тул бусад хэн нэгний дарамт шахалтгүйгээр хүлээн зөвшөөрч байна. Тиймээс *** ямар нэгэн гомдолгүй
гэдгээ хүлээн зөвшөөрөв.” гэх хүсэлтээр *** нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *** бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч *** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул *** эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан *** холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар *** эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *** авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД