| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2015/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/46 |
| Огноо | 2016-02-15 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2016/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0063/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од би даргалж, шүүгч П.Баттулга, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
Иргэдийн төлөөлөгч Ж.Даваадорж,
Улсын яллагч Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт М овогт Д гийн А т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000776 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М овогт Д гийн А , ....... хотод ..... оны... дугаар сарын ... -ний өдөр төрсөн, эрэгтэй, .... настай, ...... аймгийн ... сум, ... дугаар баг, ... дугаар хороолол, ..... . дугаар байрны .... дугаар орцны подвалд оршин суудаг, “...... ” СӨХ-д үйлчлэгч ажилтай, бүрэн бус дунд боловсролтой, төмөр замын найруулагч мэргэжилтэй, ам бүл ...... , урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, /регистрийн дугаар: ....... /,
Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчим ........ аймгийн ............ сум, ... дугаар баг, .... дугаар хороолол, ...... дугаар байрны ........ дугаар орцны подвал дотор иргэн И.Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хэвлийн тус газар нь хутгалж бие махбодод нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Д.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би гэртээ эхнэр, хүүхдийн хамт байсан. Гэртээ ганцаараа нэг шил “Түмний хишиг” нэртэй 0,5 граммын архи уусан. Орой 19 цагийн үед би эхнэр, хүүхдүүдтэйгээ орцны айлуудаас цэвэрлэгээний мөнгө авах гээд гарч явтал гадаа үүдэнд Г ын эхнэр Ч ганцаараа согтуу манайх уруу орох гээд ирж явсан. Тэгээд Ч г гэртээ оруулаад үүдний орон дээр суулгаад би өөрөө том өрөөндөө зурагт үзээд сууж байтал удалгүй Г манайд согтуу орж ирсэн. Г орж ирээд надаас “Манай янхан хэзээ ирэв” гэж асуухаар нь би “чамайг орж ирэхээс 5 минутын өмнө орж ирсэн, манай үүдэнд согтуу явж байхаар нь оруулж ирээд унтуулж байна” гэж хэлсэн. Тэгээд Г ад “чи дандаа манайд согтуу орж ирж байх юм, архи ууж байхаар гэрт талх, идэж уух юм аваад ороод ирж болдоггүй юм уу” гэж хэлээд Г тай маргалдсан. Тэгтэл Г миний нүд уруу цохиод хамар уруу мөргөхөд миний хамраас цус гараад газар унасан. Тэрнээс хойш яг юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь баруун гартаа хутга барьсан зогсож байсан. Г надад “А чи намайг хутгалчихлаа ш дээ” гэж хэлсэн. Тэгээд би сандраад барьж байсан хутгаа ойрхон байсан угаадасны хувин уруу шидээд гадаа хүн дуудах гээд гартал манай эхнэр Э гадаа үүдэнд зогсож байсан. Тэгээд эхнэртээ цагдаа, түргэн дууд гэж хэлсэн. Эхнэр Э тай хамт гэртээ орсон чинь Г эхнэр Ч гийн хамт орон дээр сууж байсан. Эхнэр бид хоёр Г ын цамцаар шархийг нь боогоод байж байтал эмнэлгийн машин ирээд Г ыг аваад явсан. Г ыг эмнэлэг ирээд аваад явахын өмнө гадаа Г надад “А би зүгээр ээ намайг явуулчих, би өөрөө эмнэлэг дээр очоод шилэн дээр уначихсан гээд хэлчихье” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “чи тэгж болохгүй, одоо түргэний эмч ирнэ” гэж хэлээд байж байтал удалгүй түргэний машин ирээд Г ыг аваад явсан. Цагдаа нар ирээд намайг архи уусан, согтуу байна гээд эрүүлжүүлэх уруу авч явсан. Манай гэрийн ширээний нүдэнд байдаг хар иштэй, жижиг, төмс арилгадаг хутгаар хутгалсан байсан. Би хутга барьж байснаа санаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39, 41 дэх талууд/,
Шүүгдэгч Д.А ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... “Би Г ад гэрт идэж уух юм байхгүй, хүүхдүүд хоосон байна, мөнгөгүй байна, авгай айлаас мөнгө хураах гээд гарсан гэж хэлэхэд би таньд байгаа үедээ өгдөг биздээ гээд байсан. Манай эхнэрийг хэдэн удаа шаасан гэж надад хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ, авгай чинь дөнгөж сая орж ирээд унтаж байна гэж хэлтэл гэнэт тас хийтэл цохисон, би урдаас нь зөрүүлээд нэг цохисон, намайг зөрүүлээд мөргөсөн, би арагшаа саваад цементэн шалан дээр тархиараа унасан. Хамраас цус гараад босож ирээд үүдний угаалтуурт цусаа угаах гээд зогсож байтал араас алнаа гээд орилоод ирсэн. Эргээд хартал том өрөөнд байдаг миний багажны хайрцагнаас шовх үзүүртэй хайчийг аваад барьчихсан алнаа гээд над уруу дайраад байсан. Тэгээд би тонгойж, зугтаагаад нөгөө тийшээ болоод том өрөөнд хутга хийдэг шургуулгыг татаж онгойлгож хутга авснаа мэдэж байна. Тэгээд толгой манараад юу болсноо санахгүй байна. Гэнэт А чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлэхэд нь дахиж эргээд ухаан ороход Г хайчаа даацын хананы тийшээ шидсэн, би хутгаа хувин уруу шидсэн. Би гараад Г ах нь над уруу дайраад байхаар нь хутгалчих шиг боллоо гэхэд эхнэр маань чамд хэлээд байхад юугаа хийж оруулсан юм гэж загнасан. Тэгээд түргэн, цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,
Хохирогч И.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орой 17 цагийн орчим Ч тэй саадан дотор 1 шил 0,5 граммын архи хувааж уусан юм. Тэгээд архиа ууж дуусаад Ч А ийн гэр уруу ороход нь би хойноос нь орох гээд явж байтал өөдөөс А ийн эхнэр Энхээ гэрээсээ гарч ирэхээр нь би “Ч байна уу” гэж асуухад манай гэрт байна гэж хэлсэн. Тэгээд А ийн гэр уруу ороход А , Ч хоёр зурагт үзээд сууж байсан. А надад “ гэрт орж ирэхдээ хүүхдэд талх аваад ороод ирэхгүй яасан юм бэ” гэж хэлэхээр нь би мөнгөгүй байна, мөнгөтэй байхдаа авч өгдөг байсан биз дээ гэж хэлсэн. Бид хоёр маргалдаж, барилцаж аваад би А ийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиход А миний нүүрэн тус газар зөрүүлж гараараа цохисон. Тэр үед Ч больцгоо гэж хэлээд хамт гэрээс гарах гэтэл А миний хойноос дуудсан. Тэгээд би яасан бэ гээд А уруу ойртож очиход А миний хэвлий хэсэг уруу гараараа цохих шиг болсон. Тэр үед миний гэдэс эвгүй болохоор нь гараараа дарахад гар цус болсон байсан. Тухайн үед би А т хандаж “чи намайг хутгалчихлаа ш дээ” гэж хэлээд пудболкаараа цус гарч байгаа хэсгээ дарахад А эмнэлэг явъя гээд намайг дагуулаад гэрээс гарсан. Тэгээд гадаа гараад байж байтал түргэн тусламжийн машин ирээд намайг аваад эмнэлэг явсан. Мөн тухайн үед цагдаа нар ирээд А ийг аваад явсан юм. Би эмнэлэг дээр ирээд хагалгаанд орсон. Миний баруун хавирганы доод талд хутгалсан, хутга нь миний элгэнд хүрсэн байсан. Өөр гэмтэл бэртэл аваагүй. Ерөнхийдөө миний бие гайгүй болж байгаа, даралт маань буурахгүй байна. Би Дарханд хагалгаанд ороод 3 хоног хэвтэн эмчлүүлээд Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт ирж 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Тэрнээс хойш гэрээр эмчилгээ хийлгэж байсан. Би Дарханд гэр орон байхгүй, А ийн гэрт хамт амьдардаг байсан. Эмчилгээний зардлын мөнгө болох 500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр надад санал гомдол гэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч А.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би эцэг, эх, эгч нарын хамт айлуудаас цэвэрлэгээний мөнгөө олж авахаар гэрээс гарсан. Тэгсэн замд Ч эгч согтуу таарсан. Ааваас “Г г харсан уу” гэж асуусан. Тэгсэн манай аав А “хараагүй” гэж хэлсэн. Тэгээд Ч эгч манайх уруу орох гэтэл ээж “гэрт орохоор хүүхдийн хоол хамаад идчихдэг юм, боль” гэж хэлэхэд аав А “адилхан эмэгтэй хүн байж яах гэж тэгж байдаг юм” гэж хэлээд гэр уруу унтуулах гээд дагуулаад орсон. Ч эгч тухайн үед өмдөндөө шээчихсэн байсан. Тэгээд ээж бид нар Ч эгч, аав хоёрын араас орсон. Аав Ч эгчийг жижиг өрөөний орон дээр унтуулсан. Тэгээд ээж, эгч, бид гурав гэрээс гарч айлуудаар орохоор явсан. Аав А гэрт үлдээд, ээж, эгч, бид нарыг 5.3 дугаар байрны гадаа явж байтал Г ах согтуу таараад ээжээс “Ч харагдана уу” гэж асуухад Ч манайд байгаа, А гэрт хамт байгаа гэж хэлээд ээж бид нар айлуудаар орчхоод буцаад гэртээ ирсэн чинь манайд Г ах, аав хоёр хэрэлдэж, маргалдаад байсан. Тэгээд ээж бид нар айгаад гэрт ороогүй. Би гэрийн цонхоор хартал Г ах аав уруу сандал шидэж байсан. Г ахын шидсэн сандал нь аавыг оноогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
Гэрч Ө.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... манай нөхөр А Г тай маргалдаад байхаар нь би хоёр хүүхдээ дагуулаад гэрийн гадна байж байтал А Г ыг дагуулж гарч ирээд эмнэлэг дууд гээд орилоод байсан. Тэгэхээр нь би яасан юм бэ гэхэд хурдан түргэн дууд цус алдаад байна гээд байхаар нь дүү Саймийд цагдаад дууд гэж утсаар хэлсэн. Тэгтэл цагдаа нар ирээд түргэн дуудсан. Цагдаа ирэхэд А Г ыг хутгалсан талаар би мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
Гэрч Б.О-ын /Ч / мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тэгээд орой 17 цаг 40 минутын үед Г бид хоёр ....... байрны ........ орцны подвалд амьдардаг А ахын гэрт орсон. Гэрт нь ороход А ах согтуу эхнэр хүүхдийн хамт байсан. А нилээн согтуу байсан. Г , А ах хоёр юм яриад сууж байсан, би нойр хүрээд унтчихсан юм. Нэг мэдсэн чинь Э цонхоор “Ч сэрээрэй” гээд дуудаад байсан. Тэгэхээр нь би сэрээд орцны үүдэнд гараад ирсэн чинь А ах ”би хүн алчихлаа, цагдаа сэргийлэх дуудаарай, эмнэлэг дуудаарай” гээд орилоод савчаад байсан. Тэр үед Г ын хэвлийн тус газраас нь цус гарчихсан, ногоон пудболкаар дарчихсан байсан. Удалгүй эмнэлэг ирээд Г ыг аваад явсан. А ахыг цагдаа нар аваад явсан. Би эмнэлэг орсон чинь Г г жижүүрийн эмч үзээд хэвт гээд хагалгаанд оруулсан. 21 цаг өнгөрч байхад хагалгаанаас гарч ирээд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн өглөө сэхээний тасгаас энгийн тасаг уруу шилжсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1295 дугаартай: “...И.Г ын биед хэвлийн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шархтай зөөлөн эдийн гэмтэл тогоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц, ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтлийн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн ХХI хэмжээс бүхий ногоон алаг өнгийн пудболканы урд энгэр хэсэгт захны ирмэгээс эгц доош 250 мм зайд 2,5 см хэмжээтэй, хөндлөн байрлалтай, мурий хэлбэртэй үүссэн зүсэгдэл нь хурц, иртэй зүйлээр үүсгэгдсэн байна. Уг зүсэгдэл нь хэргийн газраас хураан авсан гэх хар өнгийн иштэй хутгаар үүсгэгдсэн байж болно” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 30 дахь тал/
Хохирогч И.Г-ын өвчний түүх /хавтаст хэргийн 66-93 дахь талууд/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7, 13-14, 31 дэх талууд/, согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дахь тал/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хавтаст хэргийн 49-53 дахь тал/, хохирол төлсөн баримтууд зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчим ......... орцны подвалд байх өөрийн гэртээ, хамт амьдардаг байсан иргэн И.Г тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хэвлийн тус газар нь хутгалж бие махбодод нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч И.Г, насанд хүрээгүй гэрч А.Г , гэрч Ө.Э , Б.О нарын өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1295 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Д.А-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А : “Эргээд хартал том өрөөнд байдаг миний багажны хайрцагнаас шовх үзүүртэй хайчийг аваад барьчихсан алнаа гээд гээд над уруу дайраад байсан. Тэгээд би тонгойгоод зугтаагаад нөгөө тийшээ болоод том өрөөнд хутга хийдэг шургуулгыг татаж онгойлгож хутга авснаа мэдэж байна. Тэгээд толгой манараад юу болсноо санахгүй байна. Гэнэт А чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлэхэд нь дахиж эргээд ухаан ороход Г хайчаа даацын хананы тийшээ шидсэн” гэж мэдүүлсэн боловч хохирогч И.Г “шүүгдэгч рүү хайч барьж дайрсан” гэх байдал хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Хохирогч И.Г нь эмчилгээний зардалд 500,000 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Д.А нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 100,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 100,000 төгрөг нийт 200,000 төгрөгийг хохирогч И.Г түүний эгч Х -ийн Хаан банкны /...... / дугаарын тоот дансанд шилжүүлсэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 300,000 төгрөгийг төлсөн /хавтаст хэргийн 64-р тал/ байх тул шүүгдэгч Д.А ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч И.Г ад хавтаст хэргийн материал танилцуулах, шүүх хуралдааны тов мэдэгдэх зорилгоор мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн шатанд түүний хохирогчоор байцаалт өгөхдөө өгсөн дугаар болон бусад утасны дугаараар төрсөн эгч, ээж, хамаатан садангуудтай нь холбоо барьсан боловч түүнийг “хаа байгааг мэдэхгүй, архи уугаад явж байдаг, оршин суух тодорхой хаяггүй” гэж хариу өгч байсан байх тул хуралдааныг хохирогчийн эзгүйд явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.А -т хорих ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9, 55.1.10 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, охин Б нь оюуны хоцрогдол сэтгэцийн өөрчлөлттэй, эцгийн асрамжид байсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар ногоон, эрээн өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.М овогт Д гийн А ийг бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар М овогт Д гийн А т 03 жил /гурав/ 04 сар /дөрөв/ 10 хоног /арав/ хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.А-т оногдуулсан 03 жил /гурав/ 04 сар /дөрөв/ 10 хоног /арав/ хоног хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар ногоон, эрээн өнгийн богино ханцуйтай цамц /1 ширхэг/, хар өнгийн иштэй хутга /1 ширхэг/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар Д.Алтантүлхүүрт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД
ШҮҮГЧИД П.БАТТУЛГА
Т.ЭНХЖАРГАЛ