Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 195

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2012/0174/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

шүүгдэгч С.Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт Б овогт С.Г т  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000399 дугаартай хэргийг 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Монгол Улсын иргэн, Б овогт С.Г  /ТК.../ 19.. оны .. дүгээр сарын ..-нд Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан сумын .. дугаар баг ...тоотод оршин суух, ял шийтгэл үгүй.  

 

Шүүгдэгч С.Г  нь 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дээр иргэн С.Б ы эзэмшлийн .... УНН Улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.15 "Жолооч саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" 9 дүгээр бүлгийн 9.2 "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 2 дугаар бүлгийн 2.7а "согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн,  мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарган иргэн И.Т ын биед хүнд, Ц.О , Д.Ч  нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, иргэн С.Б ы машиныг эвдэн 1.760.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Г  нь 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дээр иргэн С.Б ы эзэмшлийн .... УНН улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.15 "Жолооч саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалт, 9 дүгээр бүлгийн 9.2 "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж

 

 

 

C:\Users\VERITON\Documents\My Received Files\Altankhuyag\S.Ganzorig.doc

зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалт, 2 дугаар бүлгийн 2.7а "согтууруулах ундаа, ... хэрэглэсэн,... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарган иргэн И.Т ын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтууд болох:

хохирогч И.Т ын “2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн үед Дархан сумын 2, 3 дугаар багийн нутгаар дайран өнгөрөх асфальтан зам дээр нүхний засвар хийж байхад нэг мэдсэн би замын хажуугийн хашааны ёроолд цус болчихсон хэвтэж байсан. Ухаан алдсан юм шиг байна лээ. Нэг мэдэхэд эмнэлэгт ухаан ороод зам дээр засвар хийж байхад согтуу жолооч осол хийсэн гэдгийг мэдсэн. Гомдолтой байна. хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/

иргэний нэхэмжлэгч Ц.О ын “2012 оны 06 дугаар сарын 19-ний өглөө Тосгоны 7-гийн буудлын орчим зам засварын ажил асфальтан зам дээр хийж байхад тэмдэг дайраад машин ороод ирсэн. Манайхан согтуу жолооч байна гэсэн. Тэгээд би машиныхаа ард байсан учир замаас гарах гээд гүйтэл нэг мэдсэн газар хэвтэж байсан. Саран эмнэлэгт хэвтсэн, эмчилгээний эм тарианы мөнгийг осол хийсэн жолооч хийж өгч байгаа. Гарсан зардал мөнгийг буруутай жолооч бүрэн барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 21-22 дугаар хуудас/

иргэний нэхэмжлэгч С.Б ы “2012 оны 06 дугаар сарын 19-ний шөнө 3 цагаас эхлэн Дархан 2 дээр очоод Ш , би, Г , С  бид нар архи уусан. Хэдэн шил архи ууснаа мэдэхгүй байна. Хойно унтаад машин С  барьж яваад Г ийнд хоносон юм. Өглөө нь тосгон гүүр гарч Хараа гол ороод тэндээ С , Анхбаяр, Г , Ш , Идэрсайхан нар архи уугаад би шартаад үхэх гэж байхад цагийг нь санахгүй байна миний машинтай Ш , Г  хоёр яваад өгсөн. Тэгээд удаад байхаар нь араас нь С  яваад тосгоны зам дээр осол хийсэн байна гэж ирж хэлсэн. Тэгээд намайг очиход миний машинаар тосгоны 7-гийн буудлын орчим асфальтан зам дээр осол хийсэн байсан. Машины эвдрэл болон засварын хөлс 1760000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/

иргэний нэхэмжлэгч Д.Ч ын “2012 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 11 цагийн орчим гэрээсээ гараад тосгоны банк орох гээд явж байхад замд засвар хийж байсан том машин замын голд зогсоод байж байсан. Би машиныхаа хурдыг сааруулж баруун гар талаа бариад зөөлөн явж байтал гэнэт өөдөөс жижиг тэрэг гарч ирээд маш хүчтэй тоормос бариад чиглэл нь өөрчлөгдөөд зам дээр ажиллаж байсан хоёр хүнийг мөргөөд миний машиныг мөргөсөн. Би нөгөө талын жолоочтой тохиролцоод 500000 төгрөг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 26 дугаар хуудас/

гэрч Ж.Ш ын “2012 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 03 цагийн үед Г , С , Б  нар согтуу ирээд намайг ажил дээрээс дуудаад бид нар нэг шил 0.75 граммын архи, 2 литрийн боргио пиво ууцгаасан. Тэгээд ажил руугаа ороод унтаж байхад өглөө 8 цагийн үед амралтанд явъя гэж манай найз нар дуудахаар нь би Ихэр могойн урд ирээд найз нартайгаа уулзсан. Тэгээд бид нар Тосгоны гүүр гараад Хараа гол яваад тэндээ архи ууж байгаад Б  машиндаа хөгжим сонсож байхад нь би эгч рүү яваад идэж уух юм аваад ирье гэж хэлээд бид хоёр явж байгаад 7-ийн буудлын орчим урд машин байхаар нь зөв талаар нь Г  дараад засвар хийж байсан хүмүүсийг мөргөөд, зогсож байсан аксент машин мөргөсөн. Г  хажуу тийшээ дараад би урд шил мөргөөд хэвтчихсэн. Тэгээд хэн нь мэдэхгүй хүн хаалга онгойлгоод би машинаас буусан. Миний биед учирсан гэмтэл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27 дугаар хуудас/ 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №556 тоот дүгнэлтэнд “Д.Ч ын биед зүүн гуян дахь цус хуралтын гэмтэл тогтоодлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. /хэргийн 33 дугаар хуудас/

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 562 тоот дүгнэлтэнд “И.Т ын биед цээжний хөндийн цус хий хуралт, баруун талын 7-р хавирганы хугарал, зүүн хөлийн язарсан шарх, нүүр баруун гарын сарвуун дахь зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно” /хэргийн 39 дүгээр хуудас/

Шинжээчийн 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №6 тоот дүгнэлт, /хэргийн 47 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хэргийн 4-11 дүгээр хуудас/

Ослын улмаас учирсан .... УНН улсын дугаартай машинд учирсан хохирлын үнэлгээ, /хэргийн 62-66 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Г ийн “2012 оны 06 дугаар сарын 19-ний өглөө манай гэрээс Б ы .... УНН улсын дугаартай автомашинаар Анхбаяр, С , Ш , Идэрсайхан, эхнэр Сарантуяа нарын хамт Тосгоны гүүрээр гарч Хараа голын эрэг дээр 1 шил 0.75 грамм, 1 шил 0.5 граммын хэмжээтэй архи ууцгаасан. Тэгээд Б ы машиныг би бариад Ш тай хамт бирж орж эгчээс нь ууж идэх юм очиж аваад буцаж байгаад Тосгоны 7-гийн буудлын орчим би машин бариад Ш тай юм яриад явж байхад урд замын голд ачааны цэнхэр машин зогсож байхаар нь тоормослоод уг машины ард тулж ирээд зөв талаар нь дараад орсон. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. 2 хүн мөргөж, 1 машин мөргөсөн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруугаас болж хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулах болно” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-55 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд С.Г ийг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.15, 9 дүгээр бүлгийн 9.2, 2 дугаар бүлгийн 2.7а-д заасан заалтуудыг зөрчсний улмаас иргэн И.Т ын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч И.Т , иргэний нэхэмжлэгч Ц.О , С.Б , Д.Ч  нар нь шүүх хуралдаанд ирж оролцоогүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлж байсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгч С.Г оос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.   

 

Шүүгдэгч С.Г ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Шүүгдэгч С.Г  нь урьд ял шийтгүүлж байгаагүй бөгөөд хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж, үйлдсэн гэмт хэргээ чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзаж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

     Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

     1. Б овогт С.Г ийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар С.Г ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.Г т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

     4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар С.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурьдсугай.

 

     5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар С.Г оос энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

     6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар С.Г т оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоосугай.

 

     7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар С.Г т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

 

     8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар С.Г т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

     9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар С.Г  нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг түүнд сануулсугай.

 

     10. Шүүгдэгч С.Г ийн ¹... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тогтоолын хамт Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

 

     11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

     12. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл С.Г т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ