| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2013/0021/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/19 |
| Огноо | 2013-01-15 |
| Зүйл хэсэг | 153.2., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2013/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0021/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ё.Ринзаан, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч С.Банди, Ц.Цэндсүрэн, Ж.Шагдар,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч Н.Идэр,
шүүгдэгч Ч.Б түүний өмгөөлөгч Л.Цуурай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Ч.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000622 дугаартай хэргийг 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Ч.Б /РД:..../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын .. баг .. тоотод оршин суудаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын .. дугаар баг.. дүгээр хэсэгт оршин суух хаягтай, 2012 оны 6 сарын 13-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 6 сар хорих шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Ч.Б нь согтуугаар 2012 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын . баг .. тоотод оршин суух иргэн Н.Э гийн хашаа руу бинзен цацаж санаатайгаар гал гаргасан, мөн ... тоотод оршин суух иргэн Н.Т гийн байшин руу бинзен цацаж санаатайгаар шатаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн “Би айлуудаар явж мод хөрөөддөг байсан. 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 2 айлд мод хөрөөдөж өгчихөөд гэртээ харьсан. Аавтай цуг хоол хийж идчихээд орой нь 19 цагийн үед дэлгүүрээс 1 шил архи авч уусан. Тэгээд талийгаач эгчийн нөхөр болох Т ах дээр очмоор санагдаад гэрт нь очиход өөрөө байхгүй хоёр хүүхэд нь байсан. Бас хүргэний том ахынх нь 2 хүүхэд байсан. Эгчийнхээ бага хүүхдийг нь тэвэрч аваад би уйлсан. Тэгээд Т ахтай утсаар яриад бага сага маргаан болсон. Тэгээд эгчийгээ яриад тухайн үед сэтгэл хямраад уурлаж бухимдсан байсан. Дараа нь жаахан тайвшрах санаатай гэртээ харьсан. Манай эхнэр хүүхэд байгаагүй юм. Цахим үнэмлэхээ хөөцөлдөөд Сэлэнгэ рүү явчихсан байсан. Тэгээд амбаарт байсан цагаан конейстортой бензинийг авч гараад Т ахын эгч Э гийн хашаа руу цацаад шүдэнз зурчихаад урагшаа
Ч.Б шийтгэх тогтоол
Т гийн эзгүй байр руу очсон. Очоод амбаар руу нь үлдсэн бензинээ цацаад шүдэнзээ зурчихсан. Миний ар гэр, хөгшин настай эцгийг минь бодож хөнгөн ял оноож өгөхийг шүүхээс хүсэж байна“ гэв.
Хохирогч Н.Э , Н.Т нарын мэдүүлгүүд /хэргийн 19-21, 22-24 дүгээр тал/,
гэрч Г.Г , Д.А , Б.Б , Д.А , Н.У , Б.З нарын мэдүүлгүүд /хэргийн 25, 28, 30, 31, 32, 34 дүгээр тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 33-34 дүгээр тал/,
Гал унтраасан тухай нотломж /хэргийн 10-14 дүгээр тал/,
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын хэлтэс, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай акт /хэргийн 15 дугаар тал/,
шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 95 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 53 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.
аймгийн Шарын гол сумын Санжинт баг ....тоотод оршин суух иргэн Н.Э гийн хашаа руу бинзен цацаж санаатайгаар гал гаргасан, мөн .... тоотод оршин суух иргэн Н.Т гийн байшин руу бинзен цацаж санаатайгаар шатаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь
хохирогч Н.Э гийн “…2012 оны 11 дүгээр сарын 06-ны орой 22 цаг өнгөрч байхад би гэртээ нөхөр хүүхдүүдийнхээ унтахаар хэвтэж байсан. Тэгтэл хашааны хаалга хүн нүдээд машин сигналдаад байсан. Тэгээд би хувцсаа өмсөөд гарахад манай гудамжны Баяраа гэдэг залуу хашааны гадаа 1 залуутай зогсож байсан. Танай хашаа чинь шатаж байна шүү дээ та нар гарч ирэхгүй бид 2 сая цасаар унтраалаа дөнгөж л шатаж эхлэж байсан. Нил бензин үнэртэж байна бензин цацаад шатаасан байх гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө дуудаад гарч хашааны гадан гарч үзэхэд манай байшингийн харалдаа хашааны гадна талаас бензин асгасан байдалтай бензин ихээр үнэртэж байсан. 2-3 ширхэг хашааны банз дөнгөж өнгөц шатсан байдалтай харалсан харагдаж байсан. Энэ талаар Цагдаагийн газарлуу утсаар мэдэгдсэн. Ингээд Цагдаагийн хүмүүс ирж үзсэн. Тэгээд байж байхад манай нөхөр цонхоор хараад хөөе урд талын гудамжинд бас гал гарч байна, энэ танай дүү Т гийн хашаанд гал гарч байх шиг байх юм гэж надад хэлсэн. Тэгээд би цонхоор харахад дүү Т гийнх мөн юм шиг байсан. ...Тэгээд хэсэг хугацааны дараа манай нөхөр ирээд Т гийн үүдний амбаарт гал тавьсан байна цагдаа нар болон гал унтраах ангийн хүмүүс ирж галыг унтраалаа үүдний амбаар нь бүрэн шатсан байна гэж хэлсэн. Тэр үед цагдаа нар Т гийн талийгаач эхнэрийн дүү Б г бариад явчихлаа. Б согтуу байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг
хохирогч Н.Т гийн “....... тоот эзэнгүй байсан. ...Би ажилдаа Өмнөговь аймаг руу явсан байхад 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр миний .... тоот хашаанд байшинд гал гарч манай үүдний амбаар байшингийн хаалга, хаалганы дээд талын дээврийн хэсэг зэрэг шатсан юм аа. Манай байшинд манай талийгаач эхнэрийн төрсөн дүү Б бинзен асган гал тавьсан байсан. Талийгаач 2012 оны 5 дугаар сард цуу ууж түүнээсээ болж хордлогод орж нас барсан юм. Тэгээд манай талийгаачийн эгч, дүү нар намайг буруутгаж надад цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад шүүх дээр асуудал очсон байхад талийгаачийн дүү Б миний байшинг гал тавьж шатаасан байсан юм аа. Б мөн манай эгч Э гийн хашааны гадна талд бензин цацаж гал тавьсан үед нь тэнд гудамжинд явсан хүмүүс уг галыг унтраасан байсан. Тэгээд манай эгчийн гаднаас шууд манайх руу очиж гал тавьсан байсан юм” гэсэн мэдүүлэг
гэрч Г.Г ын “...2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр орой 22 цагийн орчим гэртээ унтах гээд байж байхад манай цонхон дээр улаан туяа гараад байсан би гайхаад хартал яг манай урд гудамжны Т гийн байшинд гал гарч байгаа харагдсан. Ингээд би өөрийн утсаараа Онцгой байдлын газар луу залгаж энэ тухай мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг
гэрч Д.А гийн “...Б 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр талийгаач эгчийнхээ нөхөр болох Т гийн байшингийн үүдний амбаар болон эгч Э гийн хашааг нь шатаасан байсан. Энэ өдрийн 23 цаг өнгөрч байхад манай нөхөр над руу залгасан. Тэр надад би Т ахын үүдний амбаар руу бензин цацаад шатаачихлаа чи утсаар гал каманд луу залгаад хэлээдэх гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг
гэрч Б.Б ын “…2012 оны 11 дүгээр сарын 06-ны 21 цаг өнгөрч байхад эхнэр хүүхэдтэйгээ машинтай гэр хороолол руу гэртээ харихаар явж байхад манай гудамжны 14-2 тоот айлын хашааны банз шатаж гал гарч харагдсан. Тэгэхээр нь би тэр айлын хашааны хаалгыг нүдэж айлынх нь хүмүүсийг дуудсан. Тэгээд галыг унтраасан. Тэгэхэд тэр айлын хүмүүс гарч ирсэн тэгэхэд би бензин үнэртэж байна гэхэд тэд ч тийм байна гэцгээж байсан” гэсэн мэдүүлэг
гэрч Д.А гийн “…би Б ах, түүний эхнэр хүүхдийн хамт машинтай тэднийг хүргэж өгөхөөр явж байсан тэгэхэд Санжинт багийн ...тоот хашааны хойд талд гал гарч байсан. Тэгээд машинаасаа бууж Баяраа ах тэр айлын хаалгыг нүдсэн тэгэхэд тэр айл хашааны хаалгаа тайлахгүй удаад байсан. Тэр үед нь Баяраа ах бид 2 тэр айлын хашаанд гарч байгаа галыг цасаар унтраасан” гэсэн мэдүүлэг,
гэрч Н.У ын “...Санжинт багийн .. тоотод гал гарч байна гэсэн дуудлага өгснөөр би 3 дугаар салааны бие бүрэлдэхүүн 3 гал сөнөөгч, 2 жолооч, 2 машинтай өөрөө удирдан тухайн гал гарч байгаа газарт 3 минутын дотор очсон. Очиход уг хашаанд байх 4 х 6 харьцаатай өвлийн байрны гадаах үүдний 3 х 4 харьцаатай амбаар шатаж байсныг гал унтраах ажиллагаа хийж 2 тонн ус зарцуулан галыг унтраасан” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.З ын “...2012 оны 11 дүгээр сарын 06-ны 22 цаг 55 минутад тасгийн мэдээлэл хүлээн авагч а/а Хосбаяр утсаар ..багийн .. тоот Э гэгчээс манай хашааг бензин цацаж шатаасан байна гэж мэдэгдлээ очиж шалга гэсэн. Ингээд би а/д Мэндбаяр, а/а Цогтбаяр нарын хамт 23 цаг 10 минутад очиход Мандах гэгч айл байсан ба тэдний хашаа гадна талаасаа өнгөц шатсан байдалтай хашаанаас бензин үнэртэж байсан. Тэгээд бид тэр хавиараа эргүүл хийж явахад ... .. дугаар гудамжинд гал гарч байгаа харагдсан. Ингээд бид 3 тийшээ гүйж очиход . .дугаар гудамжны.. тоот хашаанд гал гарч байсан. Тэгтэл хашааны дотор талд Б гэгч зогсож байгаа харагдсан. Түүн рүү явж очиход түүнээс маш их бензин үнэртэж байсан. Тэгээд түүнийг сэжиглэж тасаг дээр авчирсан. Б тэр үед согтуу байсан. Тэгээд Б тэй уулзахад Б Т миний эгчийн амийг хохироосон болохоор би шатаасан юм. Гэрээсээ бензин авчирч гал тавьсан, конеистороо Т гийн гал гарч байгаа амбаар луу шидсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 33-34 дүгээр тал/,
Гал унтраасан тухай нотломж /хэргийн-10-14 дүгээр тал/,
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын хэлтэс, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай акт /хэргийн 15 дугаар тал/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Б д Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт баг ....тоотод оршин суух иргэн Н.Э гийн хашаа руу бинзен цацаж санаатайгаар гал гаргасан, мөн .... тоотод оршин суух иргэн Н.Т гийн байшин руу бинзен цацаж санаатайгаар шатааж 460.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан хугацаа буюу тэнсэж хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэгт үйлдсэн байх нь ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Ч.Б г үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, ар гэрийн нөхцөл байдал, өндөр настай эцэг, бага насны 4 хүүхэдтэй мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээгээр хорих ял шийтгэж, уг ялыг эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Ч.Б г бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатаах аргаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар шүүгдэгч Ч.Б д 5 /тав/ жил 5 /тав/ хоног хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан шүүгдэгч Ч.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 5 /тав/ хоног хорих ял дээр 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас заримыг буюу 3 /гурав/ сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 3 /гурав/ сар 5 /тав/ хоног хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Б гийн эдлэх 5 /тав/ жил 3 /гурав/ сар 5 /тав/ хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ч.Б гийн 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Ч.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж эдлэх ялыг нь энэ өдрөөс тоолсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1, 298.2-т зааснаар шүүгдэгч Ч.Б гээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ё.РИНЗААН
Я.ТУУЛ