Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 123/ШШ2019/0044

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: ЭЗШУИС,

Хариуцагч: Төв аймгийн М Х-ын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Н

Гомдлын шаардлага: Төв аймгийн М Х-ын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Нийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0063856 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, хариуцагч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Баттөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч ЭЗШУИС, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг нар шүүхэд ирүүлсэн гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 09 сарын 13-ны өдрийн №0063856 тоот актаар Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар бүлгийн 10.1 дэх хэсэгт заасан Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан" гэх үндэслэлээр 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Газрын тухай хууль-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг гэж заасан байна. Гэтэл манай сургуулийн хувьд оюутнуудад ургамлын дадлага хийлгэхдээ хавар ургаж, намар хагдран унаж байгалийн жамаараа үгүй болдог биологийн зүй тогтолтой холбоотой асуудлыг танилцуулах, ургамал, цэцэгийн нэр төрөлтэй нүдээр үзэж танилцах ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн газар нутаг дээр ургамал түүх, газар ухах, хөндөх, үр шимийг хүртэх зэрэг газар ашиглахтай холбоотой буюу тухайн газар бүс нутгийн ашигтай чанарыг гаргаж хэрэглэсэн асуудал байхгүй юм. Мөн бид улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон тусгайлан хашсан хамгаалсан газар нутагт зөвшөөрөлгүй нэвтэрсэн асуудал байхгүй юм. Бид сүүлийн 5 жилийн хугацаанд жил бүр Төв аймгийн захиргаанд хүсэлтээ гаргасны үндсэн дээр Баянчандмань суманд оюутнуудьг ургамлын дадлага хийж байгаа. 2014 онд оюутнуудыг ургамлын дадлага хийлгэх гэрээг байгуулсан, энэ гэрээний 4.2-д гэрээг жил бүр сунгагдсан тооцохоор заасан, гэрээ хүчин төгөлдөр байгаа. 3-7 хоногт дадлага хийдэг. Газрын хөрс хөнддөггүй. Иймд дээрх нийгмийн буюу байгалийн биологийн зүй тогтолтой холбоотой асуудлыг газар ашиглах эрхтэй холбон зөрчлийн шинжгүй байхад үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд дээрх Төв аймгийн М Х-ын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 09 сарын 13-ний өдрийн №0063856 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн М Х-ын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төв аймгийн М Х-ын газрын 2019 оны 19/22, 19/11 дүгээр захирамжийн дагуу 2019.07.02-ны өдрөөс 2019.07.05-ны өдрүүдэд Сүмбэр, Жаргалант, Борнуур, Баянчандмань сумдад үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийхдээ Баянчандмань суманд оюутан хээрийн дадлага хийлгэж буй Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн үйл ажиллагаанд 2019.07.04-ний өдөр хяналт шалгалт хийсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт явуулж буй үйл ажиллагааны байгаль орчинтой холбогдох баримт бичгийг шалгахад дадлагын удирдагч Б.Бадрал гэх багшид аливаа баримт бичиг байхгүй байсан тул мэдэгдэх хуудас гардуулснаар дуудсан хугацаанд буюу 2019.07.09-ний өдөр Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн дэд захирал М.Алагаа гэх хүн Төв аймгийн М Х-ын газарт баримт бичгээ авчирч шалгуулсан. Баримт бичгийн бүрдэлд: Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн 9025001002 улсын бүртгэлийн 8172315 регистрийн дугаар бүхий 2015.04.13-ны өдрийн гэрчилгээний хуулбар, Баянчандмань сумын Байгаль хамгаалагч Г.Ганбаатартай байгуулсан оюутнуудыг эмийн ургамал судлал, эмийн ургамлын нөөц судлал хичээлүүдийн хээрийн дадлага хийлгэхэд хамтран ажиллах, харилцан туслалцах тухай 2014.08.20-ны өдрийн өдрийн 102 дугаартай гэрээний хуулбар, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2019.05.30-ны өдөр гаргасан 166 дугаартай оюутнууд хээрийн дадлагад гаргах тухай албан бичиг, Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын санхүүд 2019.07.05-ны өдөр 487500 төгрөг бэлнээр тушаасан орлогын баримт зэрэг байсан. Баримт бичгийн бүрдэл аливаа үйл ажиллагаа явуулах шаардлага хангаагүй тул тухайн илэрсэн зөрчилд 2019.07.16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр тусгай ангийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтыг үндэслэн 1934000421 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. 2019.09.13-ны өдөр 0063878 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг үндэслэн 5000.0 нэгжээр торгосон. Газрын тухай хуулийн 3.1.1 газар гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг, 3.1.3 газар эзэмших гэж газрын гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, Жич: Газар эзэмших эрх нь газар ашиглах эрхийг өөртөө давхар агуулж байдал ойлголт юм. Энэ нь субьектын хувьд Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хамаатай. 3.1.4 газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг, Жич: Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно гэж заасан... Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн ашиглаж байгаа газар нь Баянчандмань сумын газрын нэгдмэл сангийн ангиллаар бэлчээрийн сангийн газарт хамаардаг. ... Иргэн, хуулийн этгээдэд холбогдох шатны Засаг даргын шийдвэрийг үндэслэн газар эзэмших, ашиглах гэрээг байгуулсны үндсэн эрхийн гэрчилгээг Газрын албаны дарга, сумын Газрын даамал баталгаажуулж олгоно, газар ашиглагчдад Газар ашиглах эрхийн гэрчилгээ-г олгоно. ...Хяналт шалгалт явуулахад оюутнууд газрын хөрсийг хөндсөн зүйл харагдаагүй, ургамал судлаж байсан...булгын ойр байрласан байсан. ...Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн оюутнуудыг ургамалтай танилцах дадлага хийлгэж байгаа үйлдэл нь газрын харилцаанд орж газар эзэмших, ашиглах үйлдэлд хамаарах тул Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалтын үндэслэн 5000.0 нэгжээр торгосон 0063856 дугаартай шийтгэлийн хуудсыг гардуулан өгсөн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудад тулгуурлан дараахь үндэслэлээр ЭЗШУИС-ийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Төв аймгийн М Х-ын газрын даргын 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 19/22 тоот, 7 сарын 01-ний өдрийн 19/111 тоот Ой, ан, байгалын ургамал түүж бэлтгэж байгаа байдалд цаг үеийн шинжтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Н нь 2019 оны 07 сарын 01-05-ны өдрүүдэд ...Баянчандмань сумын нутагт байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа болон ургамал ашиглаж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг, ойн дагалт түүж бэлтгэж... байгаа иргэн аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулахдаа оюутнуудын хээрийн дадлага хийлгэж буй Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн үйл ажиллагаа, бичиг баримтуудтай танилцаж, сумын Засаг даргын зөвшөөрөлгүйгээр оюутны дадлага хийлгэж газрыг ашигласан гэх үндэслэлээр Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 0063856 дугаартай шийтгэлийн хуудсаар тус их сургуульд таван мянган нэгжээр /таван сая төгрөг/ торгох шийтгэл оногдуулжээ.

Зөрчилд холбогдогч нь сургуулийн оюутнууд ургамлын дадлага хийхдээ хавар ургаж, намар хагдран унаж байгалийн жамаараа үгүй болдог биологийн зүй тогтолтой холбоотой асуудал, ургамал, цэцгийн нэр төрөлтэй нүдээр үзэж танилцах ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн газар нутаг дээр ургамал түүх, газар ухах, хөндөх, үр шимийг нь хүртэх зэрэг газар ашиглахтай холбоотой буюу тухайн газар бүс нутгийн ашигтай чанарыг гаргаж хэрэглэх, зөвшөөрөлгүй нэвтэрсэн асуудал байхгүй гэж маргасан, хариуцагч нь Эм зүйн шинжлэх шинжлэх ухааны их сургуулийн оюутнуудыг ургамалтай танилцах дадлага хийлгэж байгаа үйлдэл нь газрын харилцаанд орж газар эзэмших ашиглах үйлдэлд хамаарна, газар ашиглах тухай сумын Засаг даргын шийдвэргүйгээр газрыг ашигласан, ...оюутнууд газрын хөрсийг хөндсөн зүйл харагдаагүй, ургамал судлаж байсан гэж тайлбарласан байна.

Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, концессын гэрээгээр ашиглуулах асуудлыг Улсын их хурал шийдвэрлэхээр заасан. Харин Байгалын ургамлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т иргэн, аж ахуй нэгж, байгууллага төрийн өмчийн газар дахь ургамлыг ашиглахдаа хууль тогтоомжид заасны дагуу төлбөр төлнө гэж, 11 дүгээр зүйлийн 11.1-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллага олгоно, 16 дугаар зүйлийн 2-т ургамлыг түүж бэлтгэх журам, хугацааг мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно гэж тус тус заасан байх тул хариуцагчийн оюутнуудыг ургамалтай танилцах дадлага хийлгэж байгаа үйлдэл нь газрын харилцаанд орж газар эзэмших ашиглах үйлдэлд хамаарах тул сумын Засаг даргын газар ашиглуулах захирамж, газар ашиглах эрхийн гэрчилгээтэйгээр үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэх тайлбар үндэслэлгүй байна.

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2014 оны А/78, А263, А/370 тоот тушаалаар эм зүй, уламжлал анагаах ухаан, эмийн үйлдвэрийн инженер технологич зэрэг мэргэжлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгосон, мөн Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.9-т сумын Засаг дарга ойн ангийн дарга болон ойн асуудал эрхэлсэн албан тушаалтныг томилох чөлөөлөх бүрэн эрхтэй гэж заасны дагуу Баянчандмань сумын байгаль орчны байцаагчаар томилогдсон Б.Ганбаатартай Оюутнуудыг эмийн ургамал судлал, эмийн ургамлын нөөц судлал хичээлүүдийн хээрийн дадлага хийлгэхэд хамтран ажиллах, харилцан туслах тухай гэрээ-г 2014 оны 08 сарын 20-ны өдөр байгуулсан, тухайн гэрээний 4.1-т гэрээ нь 2014.07.01-нээс 2014.09.01-ний хугацаанд хүчин төгөлдөр байна. 4.2-т оролцогч талуудын аль нэг нь гэрээг цуцлах талаар санал ирүүлээгүй бол түүнийг цаашид жил бүрийн 07.01-нээс 09.01-ний өдрийг хүртэл сунгагдсанд тооцно гэж заасан ба гэрч Б.Ганбаатар шүүхэд 2014 онд гэрээ хийснээс хойш оюутнууд дадлага хийж байгаа, гэрээ хүчин төгөлдөр гэж мэдүүлсэн байх тул гомдол гаргагчийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд 0063856 дугаартай шийтгэлийн хуудас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчим, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл , хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх зарчимд нийцээгүй байх ба гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул Төв аймгийн М Х-ын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0063856 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2 дахь хэсэгт ховор болон элбэг ургамлыг судалгаа шинжилгээний зориулалтаар ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ургамлын нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлнө гэж зааснаар ЭЗШУИС ургамал ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх эрхтэй. Харин гомдол гаргагч оюутны ургамлын дадлагыг ойд явуулсан нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд ойн нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх үндэслэлд ойн дагалт баялаг буюу ойгоос ургамал ашигласны төлбөрийг чөлөөлөх тухай заагаагүй, мөн ойд нэвтэрч орсны хураамжид гомдол гаргагч 400,000 төгрөг төлснийг дурьдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 8.1 дүгээр зүйлийн 10.1, Байгалийн ургамлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн М Х-ын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Нийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0063856 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН