Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 50

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

            улсын яллагч А.Ганзориг,

            иргэдийн төлөөлөгч Ё.Сэрээнэн,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батжаргал,

            шүүгдэгч П.Төмөнбаяр, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Пүрэврагчаагийн Төмөнбаярт холбогдох эрүүгийн 201626011976 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Архангай  аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Хилийн 0151 дүгээр ангид сантехникчээр ажилладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 35 дугаар гудамжны 33 тоотод оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 44 дүгээр гудамжны 37 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Боржигин овогт Пүрэврагчаагийн Төмөнбаяр /РД:НЫ79021973/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч П.Төмөнбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 3:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 44 дүгээр гудамжны 37 тоот өөрийн гэртээ иргэн О.Дэнсмаатай “...та нар удам муутай хүмүүс, эхнэр чинь хужаагийн хүүхэд төрүүлсэн гэж доромжиллоо...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний хамар, хүзүүн тус газар нь гэмтээж, гэрээсээ хөөж гаргахдаа хоолойг нь багалзуурдаж бие махбодид нь “...бамбай мөгөөрсний зүүн талд суурь  хагас дугуй хэлбэрийн хугарал, орчны эд дэх  цус хуралт, ховч ясны хугарал, хамрын нуруунд шарх, хүзүүнд цус хуралт, зулгаралт...” бүхий гэмтэл учруулж, бусдыг санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч П.Төмөнбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 15-ны орой 16 цаг 30 минут өнгөрч байхад ажлаасаа тараад 17 цагт гэртээ ирсэн. Эрдэнэсүрэн ах 63-ын гарам дээр ажил хийж байгаад ирлээ гээд манай гэрт байж байсан. Эрдэнэсүрэн ах бид хоёр нэг шил архи хувааж уусан. Тухайн архи дуусаад би дэлгүүрээс дахин нэг шил архи авчирч Эрдэнэсүрэн ах бид хоёр хувааж ууж байхад талийгаач Дэнсмаа, манай эхнэр Нандинцэцэг хоёр 19 цагийн үед орж ирсэн. Бид дөрөв юм яриад тухайн архийг хувааж ууж байхад талийгаач Дэнсмаа, Эрдэнэсүрэн ах руу “танайхан удам судар муутай, надаас салах гэж энд ирлээ” гэж хэлэхэд манай эхнэр Нандинцэцэг “та хоёр манай гэрт битгий хэрэлдээд бай, гэр орондоо орж хэрэлд” гэж хэлсэн. Талийгаач Дэнсмаа, Нандинцэцэг рүү “чи хужаагийн хүүхэд төрүүлсэн, бузар эм” гэж дайрсан. Тэгэхээр нь би уурандаа түүний цамцны хоёр захнаас нь боогоод гэрийн зүүн талын орон дээр дарж унагаахад Эрдэнэсүрэн ах, Нандинцэцэг хоёр салгасан. Эрдэнэсүрэн ахын хоёр хүүхэд нь аав харъя гээд Эрдэнэсүрэн ахыг аваад явсан. Талийгаач Дэнсмаа цуг гараад явсан. Гэрт эхнэр Нандинцэцэг бид хоёр үлдсэн. Эхнэр Нандинцэцэг намайг унт гэж хэлсэн, би орон дээр очоод суухад хүүгийнхээ хөл дээр дарсан. Эхнэр намайг чи хүүхдийн хөл дээр суугаад хүүхэд алах нь уу гэж хэлээд бид хоёр хэрэлдэж эхнэр хүүхдийг минь булааж аваад гараад явсан. Би гэрт ганцаараа зүүн талын орон дээр хэвтэж байхад талийгаач орж ирсэн. Би манай эхнэр хүүхэд хаашаа явсан юм бэ гэж асуухад Энхжин, Эрдэнэсүрэнгийн гэр рүү орж явна гэж хэлсэн. Би гутлаа өмсөөд Эрдэнэсүрэн ахын гэрт талийгаачтай цуг орсон. Талийгаач Дэнсмаа, Эрдэнэсүрэн ахын гэрт үлдсэн, би гэр рүүгээ буцаж явсан. Талийгаач буцаж манай гэрт орж ирээд “баруун талын сандал доор чинь архи байгаа, хоёулаа хуваагаад ууя” гэхэд би “өглөө ажилтай унтаж амаръя” гэж хэлсэн. Талийгаач миний хажууд ирж хэвтэхэд би “Эрдэнэсүрэн ахынд очиж унт” гэж хэлээд хойд талын орон дээр очиход “талийгаач та муу нар санаатайгаар намайг Эрдэнэсүрэнгээс салгах гэж гэрийг нь энд авчирч барилаа, хоёр хүүхдийг нь хөдөөнөөс авчирч хажуудаа байлгалаа, муу сайн архичид, танай эхнэр чинь хужаагийн хүүхэд гаргасан, хоёр дахь хүүхэд чинь Эрдэнэсүрэнгийн хүүхэд” гэж над руу дайрч гэрийн яндан цохиж унагаагаад, сандал авч шидэхэд нь би сандлыг нь барьж аваад, түлхэхэд гэрэл хагарсан. Би сандлыг нь булааж аваад түлхэхэд зуухан дээр дамналдаад шүүгээний урд унасан. Би уурандаа зуухаа гаргаж шидээд “та манайхаас яв” гэж хэлээд талийгаачийн баруун талын мөрөн дээрээс чирэхэд талийгаач нэг гараараа унь бариад гэрээс гарахгүй байсан. Би хүчээр татаад хоолой руу нь түлхээд гэрээс гаргасан. Би өглөө 07 цаг 40 минут болж байхад босоод Эрдэнсүрэн ахынд орж ажилдаа явлаа гэж хэлээд ажилдаа явсан. Ажлаа тараад гэртээ ирэхэд гэрийн баруун талын хаяанд талийгаач хэвтэж байсан. Би очоод, өргөөд гэртээ оруулахад бие нь хүйтэн сонин болсон байсан. Би Эрдэнэсүрэн ахын гэрт гүйж ороод хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би шүүгдэгч Төмөнбаярыг сайн мэднэ, хэрэг хийх хүн биш, архинаас болоод тухайн хэрэгт холбогдсон байна. Би их архи ууж байна гэж хэлж байсан. Шүүгдэгч нь эхнэр, хүүхдүүдээ тэжээхийн төлөө явдаг байсан. Миний дүү талийгаач Дэнсмаад буруу байсан байх. Би Төмөнбаярын эхнэрт маш их гомдолтой байна. Миний дүүг дуудаагүй бол тухайн асуудал болохгүй байсан. Шүүгдэгч зөв сэтгэлтэй хүүхэд байсан. Шүүгдэгчид хөнгөн ял оноож өгнө үү. Хохиролд 5.000.000 төгрөг авсан, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Мөн хавтаст хэргээс:

1. Хэргийн газарт үзлэг  хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 3-9 х/

2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 10-12 х/

3. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 18-24 х/

4. Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл: “...амь хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тухай” /1 хх-ийн 25 х/

 

5. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл:

Үүнд: “... талийгаач зуух өшиглөж хөдөлгөсөн, намайг урдаас нь босоход миний урдаас манай гэрийн модон сандлыг авч цохих гэж далайгаад шидэхэд сандал гэрийн 2 баганы голд зуух байсан хэсэгт унасан. Тэгэхээр нь би  Дэнсмаа/ амь хохирогч/-ийн энгэр, мөр хэсгээс нь 2 гараараа бариад чирээд гаргах гэхэд гэрийн баруун талын багананд тээглээд амь хохирогч гэрийн зуухан дээгүүр тэгнэлдэж унасан. ...Амь хохирогч Дэнсмаа гэрээс гарахгүй гээд толгойгоо хаалганы дээд хэсэгт шахаж тээглүүлээд /гэрэл зургаар харуулсан/ байхаар нь би зүүн гараараа хоолой, хүзүү хэсэгт багалзуурдаж /гэрэл зургаар харуулсан/ түлхэхэд гарахгүй гацаад байхаар нь мөрөн дээрээс нь татаад зүүн гараараа багалзуурдсан чигээрээ гэрээс түлхэж гаргаад хаалгаа хаасан гэх...” /гэрэл зургаар харуулав/ /1 хх-ийн 32-41 х/

 

6. Туршилт хийх тухай тогтоол, туршилт хийсэн тэмдэглэл:

Үүнд: яллагдагч П.Төмөнбаярын “...амь хохирогч Дэнсмаагийн хоолой хүзүүнээс нь зүүн гараараа багалзуурдаж түлхэж гаргасан” гэх мэдүүлгийг сэргээн дүрслэх зорилгоор амь хохирогчтой ижил өндөртэй хүн оролцуулан туршилт хийсэн тухай:  ...П.Төмөнбаяр нь зүүн гараараа багалзуурдсан чигээрээ баруун гараараа амь хохирогчийг зүүн гарын тохой хэсгийн хувцаснаас барьж татаж гэрээс түлхэж гаргасан гэснийг 3, 4, 5, 6 дугаартай зургаар харуулав. Мөн амь хохирогчийг хамгийн сүүлд харсан газрыг гэрийн буурины хаалганы үүд хэсгийг заасныг 9 дугаартай зургаар харуулав/  /1хх 43-49 х/

 

7. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол: цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн хөнжил 1 ширхэг /1 хх-ийн 53 х/

 

8. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл:

“...цагаан ягаан өнгийн  2м20смх1м50см харьцаатай 2 хүний хөнжил байх ба уг хөнжил нь зах ирмэгээрээ задарсан урагдалттай, нэг талын өнгө нь  ягаан, нөгөө тал нь цагаан ягаан өнгийн хөнжил байв. Уг хөнжил дээр цус мэт  зүйлээр бохирлогдсон хэсгийг хэмжиж үзэхэд 40смх30см харьцаатай байв.  /1 хх-ийн 52 х/

 

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 21:00 цагийн үед Дэнсмаа бид хоёр ажлаа тараад гэртээ хариад байж байтал Дэнсмаагийн утас руу Төмөнбаярын эхнэр Нандинцэцэг залгаад дуудаад байна гэж хэлсэн. Тэгээд урд өмнө ажиллаж байсан 10.000 төгрөгийг нь өөрсдөөсөө өгье гэж хэлэхэд Дэнсмааг аваад ирээч гэж Нандинцэцэг хэлсэн байсан. Тэгэхээр нь “өөрсдөө ирээд ав” гэж хэл гээд Дэнсмаад хэлэхэд “за” гээд байж байснаа Дэнсмаа надад хэлэлгүй яваад өгсөн байсан. Тэгээд тэр шөндөө гэртээ ирж хоноогүй. Тэгээд Дэнсмаагийн араас утас руу нь залгаж “мөнгийг нь өгсөн бол одоо эртхэн шиг гэртээ ирээрэй” гэхэд “за” гэсэн. Тэгээд эргээд шөнийн 00:00 цагаас хойш залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Төмөнбаярын эгч Галиндэв манай гэрт ирээд Дэнсмаа сонин болчихсон байна гээд дагуулаад Төмөнбаярын гэрт очиход Дэнсмаа нь Төмөнбаярын гэрийн үүдний шалан дээр дээшээ харчихсан, өмдний тэлээний түдүүл нь тасарсан, товч нь тайлагдсан байдалтай хамрынх нь дээр шалбарсан цус гарсан, нүд нь хөхөрсөн байдалтай дээшээ хараад нас барсан байсан. Тэгээд юу болсон талаар Төмөнбаяраас асуугаад “чи л ингэсэн байна, чи алсан байна” гээд Төмөнбаярт хандаж хэлэхэд юу ч болоогүй юм шиг “тамхи байна уу” гээд надаас асууж байсан. Тэгээд би хүргэн Эрдэнэсүрэнг очиж алгадаад “чи ингэсэн юм уу” гэхэд Эрдэнэсүрэн “би хүрээгүй” гээд савчаад уйлаад байхаар нь сүүлдээ Эрдэнэсүрэнг тайвшруулсан. Тэгээд Эрдэнэсүрэн надад мэдэж байгаа зүйл байхгүй, Төмөнбаяр эхнэр Нандинцэцэгтэй хамт гэртээ талийгаачтай үлдсэн гэж надад хэлж байсан. Тэр өдөр Төмөнбаяр надад ямар ч юм хэлэлгүй тамхи татаад суугаад байсан...”

“...Хохирол баримттайгаар 1.408.480 төгрөг, баримтгүйгээр 3.155.000 төгрөг болсон. Үүнээс Төмөнбаярын эгч Галиндэвээс нийт 2.800.000 төгрөгийг хоёр тасалж авсан. Одоо гомдол, санал байхгүй. Хохирлын үлдэгдэл 1.763.840 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 55-56, 57 х, 2 хх-ийн 19х/

 

            10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1527 дугаартай дүгнэлтэд:

  а/ Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр бамбай мөгөөрсний зүүн талд суурь хагас дугуй хэлбэрийн хугарал, орчны эд дэх цус хуралт, ховч ясны хугарал, хамрын нуруунд шарх, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            б/ Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

   в/ Талийгаачийн цусанд 1,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

   г/ Талийгаачийн цогцост өөрийгөө хамгаалан тэмцэлдсэнийг гэрчлэх шинж тэмдэг, ул мөр байхгүй байна.

   д/ Талийгаач нь бамбай мөгөөрсний хугарал, орчны эд дэх цус хуралт буюу рефлексийн бүсийн битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Дээрхи гэмтлийг авсан хүн тэр даруйдаа нас барна.

   е/ Талийгаач нь бэлгийн замын халдварт өвчингүй, талийгаачийн үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй....” гэжээ. /1 хх 100-102 х/

 

11. Шинжээч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Тэр даруй гэдэгт хугацаа заах боломжгүй /ойролцоогоор/ хэдэн секундээс 5 минут хүртэлх хугацааг ойлгож болно. Дээрх гэмтлийг авсан хүн ухамсарт үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүй, ухамсаргүй, өөрийн хяналтгүйгээр /алхах, босох, суух гэх мэт/ үйлдэл, хөдөлгөөн хийсэн байхыг үгүйсгэхгүй. ...Ховч яс болон бамбай мөгөөрс нь ойролцоо нэг түвшинд байрладаг. Ховч ясны хугарал болон бамбай мөгөөрсний хугарал нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ховч яс, бамбай мөгөөрсний хугарал нь тухайн тохиолдолд гараар багалзуурдах үед үүсгэгдсэн байх боломжтой. ...Талийгаачийн хүзүүнд үүссэн зулгаралт, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн цамцны захаар боох шахах үед үүсгэгдсэн байх боломжтой, амьддаа үүсгэгдсэн гэмтэл байна. Ховч яс болон бамбай мөгөөрсний хугаралтай шууд холбоотой байж болно, шууд холбоогүй байж ч болно. Тогтоох боломжгүй. Хүзүүнд үүссэн зулгаралт, цус хуралт гэмтэл нь ховч яс болон бамбай мөгөөрсний хугарал гэмтлээс тус тусдаа үүссэн гэмтэл байж болно...”

“...2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл болон туршилт хийсэн байдалтай танилцахад амь хохирогч О.Дэнсмаагийн биед учирсан гэмтлийг П.Төмөнбаяр үүсгэсэн байх боломжтой байна. Мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаагаар П.Төмөнбаяр нь амь хохирогчийг орон дээр цамцных нь захаар боосон гэж мэдүүлсэн нь амь хохирогчийн хүзүүнд үүссэн цус хуралт зулгаралт гэмтлийг учруулсан байх боломжтой байна. Харин гэрийнхээ үүднээс гаргах явцдаа амь хохирогчийг зүүн гараар багалзуурдаж байгаа байдал нь бамбай мөгөөрсний зүүн талд суурь хагас дугуй хэлбэрийн хугарал орчны эд дэх цус хуралт, ховч ясны хугарал гэмтлүүд учирсан байх боломжтой байна. Учир нь туршилтын явцад  үзүүлсэн байдлаас харахад П.Төмөнбаярын зүүн гараараа багалзуурдахад түүний зүүн эрхий хуруу нь бамбай мөгөөрсний хугарлын түвшинд байрлаж байна. ...Амь хохирогч биедээ дээрх гэмтлийг аваад монгол гэрийн үүд хаалга хэсгээс гэрийн зүүн хойд хэсэг хүртэл ухамсарт ухаангүй буюу цаг хугацаа орон зайн баримжаагүй нөхцөл байдлаас дээрх зайг туулан гэрийн зүүн хойд хэсэгт очих боломжтой. ... амь хохирогч О.Дэнсмааг гэрийн баруун талын багана хэсгээс гэрийн зуух давуулан түлхэн унагаах үед амь хохирогчийн хамрын нуруунд 1,5x0,4 хэмжээтэй няцарсан шарх гэмтэл үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 140-142, 143-144, 2 хх-ийн 32х/

 

             12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7209 дугаартай дүгнэлтэд:

  а/ О.Дэнсмаа гэсэн цус АВО системээр Ав /II/ бүлгийн харьяалалтай байна.

   б/ О.Дэнсмаа бэлгийн замын халдварт өвчингүй байна...” гэжээ. /1 хх-ийн 105 х/

 

              13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7260 дугаартай дүгнэлтэд:

Хэргийн газраас бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл нь цус мөн байна. Дээж нь хүний цус байна. Хэргийн газраас бэхжүүлж авсан цус нь Ав /II/-р бүлгийн харьяалалтай байна...” гэжээ. /1 хх-ийн 112 х/

 

14.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7928 дугаартай дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн хөнжилд цус илэрч байна. Илэрсэн цус нь А /II/ бүлгийн харьяалалтай байна. ДНХ-ийн шинжилгээний урвалж бодисын хангалт хийгдээгүй тул ДНХ-ийн шинжилгээ хийх боломжгүй байна...” гэжээ. /1 хх-ийн 139 х/

 

             15. Гэрч А.Доржнамжимийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

              “...2016 оны 8 дугаар сарын 15-нд 22:00 цагийн үед гэрээсээ бие засах гээд гарахад манай хөрш айл болох Төмөнбаярын гэрт хүмүүс дуулалдаад байсан дуу чимээ сонсогдож байсан. Тэгээд би эргээд гэртээ орсон. Гэртээ ороод байж байхад Төмөнбаярын гэрт хүмүүс дуулалдсан хэвээрээ байсан. Тэгээд шөнийн 00:00 цаг өнгөрч байхад би орондоо ороод унтах гээд хэвтэж байтал манай урд айлын зүгээс “ааваа болиочээ, хүн аллаа” гэсэн эмэгтэй хүүхдийн дуу сонсогдсон. Тэгээд би тухайн үедээ ямар нэгэн юм бодолгүй гэрээсээ гарч харалгүй шууд унтсан. Маргааш өглөө нь босоод гэрээсээ гарахад “алаад хаячихсан байна ш дээ” гээд орилоод байсан. Тэгээд би хүн үхсэн юм шиг байна гэж бодоод байж байтал удалгүй манай гэрт цагдаа ирж надаас юм асуусан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 78 х/

 

16.Гэрч Б.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Хэрэг болсон өдөр Эрдэнэсүрэн, талийгаач Дэнсмаа, Төмөнбаяр бид дөрөв архи уугаад сууж байхад талийгаач Дэнсмаа гэнэт агсраад манай нөхөр Төмөнбаяр, хадам ах Эрдэнэсүрэн нарыг “удам угсаагаараа эхнэр хүүхдээсээ салж байсан удам муутай хүмүүс” гэж хэлэхэд Эрдэнэсүрэн ах “балай юм яриад байх юм болиоч” гэж хэлэхэд талийгаач Дэнсмаа “яадаг юм, үнэн юм чинь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би талийгаач Дэнсмаад хандаж “та одоо болиоч яах гэж хэрүүл гаргадаг юм” гэхэд “чи ч гэсэн хятадын хүүхэд төрүүлсэн биз дээ” гэж хэлснээс болж Төмөнбаяр дуугүй сууж байснаа талийгаач Дэнсмааг өмсөж байсан улаан өнгийн ноосон цамцаар нь хүзүү, хоолойг нь боосон. Тэгэхээр нь Эрдэнэсүрэн ах бид хоёр салгасан. Тэр үед манай охин Энхжин, Эрдэнэсүрэн ах бид 3 хараад байж байсан. Аззаяа утсаа оролдоод байж байсан. Тэгээд би Төмөнбаяр, талийгаач Дэнсмаа нарт хандаж “яах гэж маргалддаг юм, зүгээр сайхан дуулж, хуурдаад сууцгаая” гэсэн. Тэгэхэд талийгаач Дэнсмаа “тэгье Төмөнбаяраа миний дүү одоо больё” гээд хэрүүл маргаан намжсан. ...уранхай 10.000 төгрөгийг би Аззаяаг наагаад өг гэж хэлэхэд Аззаяа үгүй, чадахгүй гэж хэлсэн. Тэгэхэд би чи яагаад аавыгаа хараад маяглаад байгаа юм гэж загнасан чинь Аззаяа уурлаад гэрээс гараад явсан. Тэгээд удалгүй Эрдэнэсүрэн ах охин Аззаяагаа хайхаар манай гэрээс гарч, гэртээ орж үзчихээд, буцаж манай гэрт орж ирээд Эрдэнэсүрэн ах надад хандаж чи миний охиныг гэрээсээ хөөлөө, газар мэдэхгүй хүүхэд гэж уурласан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм, гадаа л байгаа биз гээд Эрдэнэсүрэн ахыг би гэрээсээ хөөгөөд зайл гээд түлхээд гэрээс гаргах гээд хаалганы босгоны наана, цаана зогсож байхад цаанаас нь Аззаяа ирээд ааваа та болиоч гээд чанга орилсон энэ чимээнээр манай гэрт унтаж байсан Азжаргал сэрээд эгч Аззаяатай хамт аав Эрдэнэсүрэнгээ аваад гэртээ орсон. Тэр үед Төмөнбаяр, Эрдэнэсүрэн ах, Аззаяа, Азжаргал нарыг дагаад гэрээс гарах гэхээр нь би Төмөнбаярыг одоо унт гээд гэрээс гаргахгүй түлхэхэд Төмөнбаяр гэрийн хойморт газар унтаж байсан хүү Тэлмүүний/3 настай/ хөл дээр суугаад уйлуулсан. Тэгэхээр нь би Эрдэнэсүрэн ахтай маргалдсан байсан уурандаа Төмөнбаярыг хүүхэд аллаа гээд уурлахад Төмөнбаяр би юу гэж хүүхдээ алдаг юм гэж хэлэхээр нь би аятайхан ууж идэж чадахгүй юм байж боль гэхэд Төмөнбаяр Балдангийн Баатарынхан гэж миний аавын нэрийг овогтой нь дуудахаар нь би уурлаад шөнийн 02:00 цагийн орчим дүү Адъяасүрэнгийн утас руу залгаж эгч нь очлоо гэж хэлээд Төмөнбаярт хандаж би очих ах дүүгуй хүн гэж бодож байна уу гэхэд зайл гэсэн. Тэгээд би хүүхэд Тэлмүүнээ тэврээд гадаа гараад хашааныхаа буланд очоод суухад талийгаач Дэнсмаа миний араас манай гэрээс гарч ирээд надад хандаж миний дүү явж яах гээд байгаа юм гэж хэлэхээр нь би яадаг юм, би явлаа, та ороод манайд хоночихгүй юу гэж хэлээд байж байтал Энхжин бага дүүгээ тэврээд хувцаснуудаа аваад гарч ирсэн. Тэгээд талийгаач Дэнсмаа манай гэрийг чиглээд явсан би хүүхдүүдээ аваад зам чиглээд явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 81-82, 86-88, 2 хх-ийн 20-22 х/

 

            17. Насанд хүрээгүй гэрч Н.Энхжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

              “...Хэрэг болсон өдөр эхлээд аав Төмөнбаяр, ээж Нандинцэцэг, ах Эрдэнэсүрэн, Дэнсмаа эгч нар архи ууж байгаад Дэнсмаа эгч согтоод гэнэт агсраад аав Төмөнбаяр, ах Эрдэнэсүрэн нарт хандаж та нар удам угсаагаараа эхнэр хүүхдүүдээсээ салсан удам муутай хүмүүс гэж хэлж байсан. Тэгэхэд Эрдэнэсүрэн ах, аав Төмөнбаяр хоёр тоогоогүй сууж байсан. Тэгээд яагаад ч юм мэдэхгүй, манай ээж Нандинцэцэгийг хятадын хүүхдүүд төрүүлсэн гэж хэлсэн. Тэгэхэд аав Төмөнбаяр уурлаад Дэнсмаа эгчийг өмсөж байсан цамцных нь захаар боосон. Тэгэхэд Эрдэнэсүрэн ах, ээж Нандинцэцэг хоёр салгасан. Тэгээд маргаан дууссан. Тухайн үед манай гэрт ээж, аав, Эрдэнэсүрэн ах, Дэнсмаа эгч нар байсан. Азжаргал унтаж байсан. Аззаяа чихэвч зүүчихсэн утсаараа оролдоод сууж байсан. Аззаяа харсан үгүйг нь мэдэхгүй байна. Дараа нь ээж Нандинцэцэг, талийгаач Дэнсмаа, Аззаяа гурав хүнсний дэлгүүр яваад ирсний дараа талийгаач Дэнсмаа халааснаасаа уранхай 10.000 төгрөг гаргаж ирэхээр нь ээж Нандинцэцэг Аззаяаг энэ уранхай мөнгийг наачих гэхэд Аззаяа чадахгүй гэсэн. Тэгээд ээж Аззаяаг аавыгаа хараад маяглалаа гэж уурлаж загнахад Аззаяа гэрээс гараад явчихсан. Энэ үед би гэрийн хойморт аав Төмөнбаярын хажууд тараг идээд байж байсан. Тэгээд удалгүй 5-10 минутын дараа Эрдэнэсүрэн ах гэрээс гарч Аззаяаг гэртээ орж үзээд байхгүй байна гээд гэрт орж ирээд ээж Нандинцэцэгт миний охин байхгүй байна, миний охиныг гэрээсээ хөөлөө гэж уурлахад ээж Нандинцэцэг урдаас нь уурлаад зайл гээд түлхээд гэрээс гаргах гээд зууралдаад гэрийн үүдэнд байж байхад унтаж байсан Азжаргал сэрсэн. Аззаяа цаанаас ирээд аав болиоч гэж чанга хэлээд дүү Азжаргалын хамт Эрдэнэсүрэн ахыг аваад гэртээ орсон. Тэгэхэд аав Төмөнбаяр гэрээс гарах гэхэд ээж Нандинцэцэг гэрээс гаргахгүй гэхэд аав суух гэж байгаад дүү Тэлмүүний хөл дээр нь суучихсан. Тэгэхэд Тэлмүүн уйлсан чинь ээж аавыг хүүхэд аллаа ш дээ гэхэд аав би юу гэж хүүхдээ алдын гээд Тэлмүүнийг аав тэврэхэд ээж Тэлмүүнийг ааваас булааж аваад алив явъя гээд ээж гэрээс гараад явсан. Тэгээд би бага дүүгээ тэврээд Эрдэнэсүрэн ахын гэрт очиж Аззаяад бага дүүгээ түр өгөх гэхэд Аззаяа хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд би буцаж гэртээ ороод хувцсаа бэлдээд хашааны буланд сууж байсан ээж Нандинцэцэг дээр очиход ээж талийгаач Дэнсмаатай хамт сууж баисан. Тэгээд би ээж дүү нарын хамт зам руу такси барихаар явж талийгаач зөрөөд манай гэр рүү явсан. Тэгээд доошоо зам руу алхаж явахдаа гэр рүүгээ эргээд харахад аав Төмөнбаяр, Эрдэнэсүрэн ахын гэр рүү чиглээд алхаж байсан, араас нь талийгаач Дэнсмаа алхаж байхыг би харсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 83-84, 97-98, 2 хх-ийн 23-25 х/

        

            18. Насанд хүрээгүй гэрч Э.Аззаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

              “...Хэрэг болсон өдөр Төмөнбаяр ахын гэрт юм түжигнэж дугарахад аав гэрээс гарах гээд байхаар нь би өмнөөс нь очиж харчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд бас цаг харахаар дүү Азжаргалын хамт орсон. Тухайн үед 03:20 цаг болж байсан. ...Гэрийнх нь зуух нь гэрийнхээ гадаа шалан дээр нь шалбааг болоод, гэрийнх нь үүдний довжоон дээр нь үнс асгарчихсан гэрэл нь унтарсан байдалтай байсан. Төмөнбаяр ах гэрийнхээ хойморт газар хэвтэж байсан, талийгаач гэрийнх нь зүүн талын орон дээр сууж байсан, өөр зүйл ажиглаж хараагүй, буцаад гэртээ орсон. Маргааш өглөө нь 09 цагийн үед Төмөнбаяр ах гэрт орж ирээд “Дэнсмаа манай гэрийн хаяанд нас барсан байна”  гэсэн. Тэгээд Төмөнбаяр ах Нандинцэцэг эгч рүү залгаад хэлсэн. ...Би талийгаачийг нас барсаныг хальт харсан. Намайг харахад талийгаачийн хамар дээр нь шалбараад цус гарчихсан байсан. Тэгээд энэ талаар Энхжинд хэлсэн....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 90-93, 2 хх-ийн 26-27 х/

 

            19. Насанд хүрээгүй гэрч Э.Азжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...Намайг унтаж байхад хэн нь хэнтэйгээ маргалдаад байгааг нь би ойлгоогүй, ямар ч байсан маргалдаад хэрүүл хийгээд байгаа чимээнээр сэрсэн. ...Ямар шалтгаанаас болж хэн нь хэнтэйгээ хэрэлдээд байгааг ойлгоогүй. Би унтах гээд аавын хажууд хэвтэж байтал гаднаас Төмөнбаяр ах орж ирээд Нандинцэцэг эгчийг асуусан. Тэгэхэд аниа Нандинцэцэг эгч байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд Төмөнбаяр эргээд гараад явсан. Тэр үед аав Дэнсмаа эгчийг хоноод яваач гэж хэлэхэд Дэнсмаа эгч үгүй гээд гурилаа бариад гараад явсан. Тэгээд удалгүй /цаг минут санахгүй байна/ Төмөнбаяр ахын гэрийн зүгээс түжигнэсэн чимээ гараад, аав Эрдэнэсүрэн гэрээс гараад цаг харчихаад ирье гэсэн. Тэгэхэд аниа аавыг гаргаагүй, бид 2 харчихаад ирье гээд түжигнэсэн чимээ сонсогдохоо больсны дараа байж байгаад аниа бид хоёр ороод харахад Төмөнбаяр ахын гэрийн зуух, гэрийнхээ гадаа үүдний шалан дээр нь үнс асгарчихсан байдалтай байсан. Тэгээд гэрт нь ороод харахад Төмөнбаяр ах хоймортоо газар хэвтэж байсан. Дэнсмаа эгч орон дээр сууж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 94-95, 2 хх-ийн 28-30 х/

 

            20. Гэрч Д.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...09:00-10:00 үед Эрдэнэсүрэнгийн эгч нь манай хадмын гэрт ирээд Дэнсмааг сонин болчихсон байна гэж хэлэхээр нь хадам эх Төмөр, Батжаргал бид гурав ирэхэд Дэнсмаа нь зүүн талын гэрт шалан дээр дээшээ харсан байдалтай нас барсан хэвтэж байсан. Нүүр ам нь шалбарсан, хувцас нь нил цус болсон байдалтай байсан. Доогуураа жинсэн өмд, улаан ноосон цамц, цагаан фудболк өмссөн байсан. Хар пүүзэн гуталтай байсан байх. Өчигдөр орой яг л энэ хувцастайгаа явсан байх. Талийгаач ямар шалтгаанаар нас барсныг мэдэхгүй. Төмөнбаяр, эхнэр Нандиа, Эрдэнэсүрэн, талийгаач нар хамт архи уусан юм шиг байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 66-67 х/  

 

            21. Гэрч П.Галиндэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...2016 оны 8 дугаар сарын 16-ны өглөө 09:00 цаг өнгөрч байхад манай нөхөр Буянтогтох над руу утсаар яриад ажлаасаа гараад ир гэхээр нь ажлаасаа гараад очсон. Тэгсэн нөхөр Буянтогтох “Нандинцэцэг над руу утсаар ярилаа, хоёулаа Төмөнбаярын гэрт очоод ирье” гээд бид хоёр ажлаас гараад шууд Төмөнбаярын гэрт очсон. Тэгэхэд Төмөнбаяр гэрийнхээ гадаа зогсож байхаар нь “юу болсон бэ” гэж асуусан. Тэгэхэд Төмөнбаяр “Дэнсмаа манай гэрийн хаяанд хэвтэж байхаар нь би өргөөд оруулчихлаа” гэж хэлэхээр нь “тэгээд зүгээр юм уу” гэж асуусан чинь “гар, хөл нь хөдлөхгүй байна, та ороод үз” гэхээр нь би орж үзээгүй. Би тэгээд Дэнсмаагийн ар гэрийнхэн рүү очоод эгч, ээж хоёрт нь “Дэнсмаа Төмөнбаярын гэрийн хаяанд хэвтэж байна, Төмөнбаяр гэр рүүгээ өргөөд оруулчихлаа гэнэ” гэж хэлсэн. Тэгээд Төмөнбаярын гэрт Дэнсмаагийн ээж, эгч, хүргэн гурав нь ирээд Төмөнбаярын гэр рүү орсон. Би тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...Намайг Төмөнбаярын гэрт яваад очиход Төмөнбаяр гэрийнхээ гадаа зогсож байсан ба архи үнэртэж байсан. Гэрийнх нь урд зуух, тогоо нь доошоогоо харсан, үнс нь асгарсан байдалтай гэрийнх нь зүүн хойно унь, жижигхэн шуудайтай гурил зэрэг эд зүйлс эмх цэгцгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 70-72-р хуудас/

 

22. Гэрч Д.Чулуундоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Эрдэнэсүрэн нь манай ээж Дэнсмаатай 2013 оноос хойш хамтран амьдарч байгаа. Төмөнбаяр нь Эрдэнэсүрэн ахын төрсөн дүү нь гэдгийг сонсож байсан.  Манай ээж хүнд гэм хоргүй, цагаахан сэтгэлтэй, миний ажилд тусалж ар гэрээ авч явдаг хүн байсан. Хуучин 22-ын товчооны хажууханд өнчин цагаан гэдэг газар хятадын хөрөнгө оруулалттай ноос ноолуурны үйлдвэрт 6-7 жил ажилласан. Архаг хууч өвчин эмгэг байгаагүй, сэтгэц нь эрүүл хүн байсан. Хааяадаа цалин мөнгөө авахаараа гэртээ ганц нэг пиво уудаг байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн зан авиргүй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61х/

 

            23. Гэрч Б.Адъяасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...2016 оны 8 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 02:04 цагт Нандинцэцэг эгч залгаад гэр лүү чинь ойртоод ирлээ гэж ярихаар нь би мөнгө аваад тосоод гарахад эгч Нандинцэцэг, охин Энхжин, хүү Тэлмүүн, Мөнхжурамт нартай ирсэн. Тэгээд манай гэрт ороод цай уугаад сууж байхад 3:00 цаг болж байсан... Гэртээ ганц нэг шил архи уугаад Төмөнбаяртай маргалдах гээд болохгүй байхаар нь гараад ирлээ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь муудалцсан юм уу, яг юу болсон юм гэж лавшруулж асуухад сүртэй юм болоогүй яагаа ч гүй гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 75 х/

 

            24. Гэрч Ж.Аманжолын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...Би хамгийн сүүлд хэдэн сарын хэдний өдөр Төмөнбаярыг ажилдаа ирснийг санахгүй байна. Ямар ч байсан хамгийн сүүлд ажилдаа нэг өглөө 08:15 цаг болох гэж байхад Төмөнбаяр ажилдаа ирсэн. Тэгээд 0151 дүгээр анги өглөө 08:30 цагт нэгдэж дууссаны дараа тус тусдаа ажилд хуваарилагдаад, ангийн уурын зуух руу явсан. Уурын зуух дээр очиж спорт заалны дээвэр дээр Чимэд, Төмөнбаяр хоёр ажиллахаар томилогдсон. Тэгээд албаны дарга Пүрэвдоржийн өрөөнд очиход Чимэд ганцаараа сууж байсан. Төмөнбаярыг асуухад урьд шөнө нойргүй хоносон, гэртээ харьж амраад ирье гэж хэлээд явсан гэж хэлсэн... ...Төмөнбаяр бид 2 урд өмнө нь “Төмөнбаярыг ахын хөөрхөн дүү” гээд тоглож наргиад цохиж тоглодог байсан, тэгэхэд хамгийн сүүлд ажилдаа ирдэг өдрөө ямар нэгэн тоглох наргих сөхөөгүй нэг л унжигар байсан. Сүүлд ажлын хамт олон Төмөнбаярыг хүн амины хэрэгт холбогдсон гэж яриа гарахаар нь би ажлынхаа хүмүүст даанч хамгийн сүүлд ажилдаа ирдэг өдрөө нэг л сонин унжигар сонин байсан юм гэж би ярьж байсан...” гэсэн мэдүүлэг/1 хх-ийн 77 х/

             

            25. Сэжигтэн П.Эрдэнэсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...Хэрэг болсон өдөр 23:00 цаг өнгөрч байх үед талийгаач Дэнсмаа архи уугаад сууж байхдаа надад хандаж хоёулаа манай гэр рүү харья гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоёр хүүхэдтэйгээ хоночихоод өглөө очъё гэхэд гэнэт уурлаад агсраад удам судар муутай эхнэр хүүхдээсээ салцгаадаг гэж хэлсэн. Тэгэхэд Нандинцэцэг одоо хэрүүл уруул хийгээд яахав гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач Дэнсмаа, Нандинцэцэгийг “чи хятадын хүүхэд төрүүлсэн” гэж дайрч эхэлсэн. Тэр үед Төмөнбаяр талийгаач Дэнсмааг гэрийн зүүн талын орон дээр өмсөж явсан улаан ноосон цамцны захаар хоолойг нь боосон. Тэгэхээр нь Нандинцэцэг бид хоёр салгасан. Тэгэхэд Нандинцэцэг, Дэнсмаа, Төмөнбаяр хоёрт хандаж ууж идэж чадахгүй бол одоо больцгоо гэхэд Дэнсмаа за за зүгээр дуулж хуурдаад сууя гэж хэлээд хэрүүл маргаан зогссон. Тэгээд удалгүй Нандинцэцэг, Аззаяа, талийгаач Дэнсмаа 3 дэлгүүр явж авчирсан архийг уугаад байж байтал талийгаач халааснаасаа уранхай 10.000 төгрөг гаргаж ирснийг Азазяаг наагаад өг гэхэд чадахгүй гэсэн. Тэгэхэд Нандинцэцэг манай охиныг “аавыгаа хараад чи ондоо болчихлоо” гэж загнасан чинь охин Аззаяа уурлаад гараад явсан. Тэгэхээр нь би эргэж орж ирэхийг нь хүлээгээд байсан чинь орж ирэхгүй болохоор нь би гэр рүүгээ ороод үзэхэд охин Аззаяа гэртээ байхгүй байхаар нь би буцаад Төмөнбаярын гэрт орж Нандинцэцэгт хандаж “Аззаяа гэртээ байхүй байна, хот мэдэхгүй хүүхэд алга болчихлоо, чи гэрээсээ хөөлөө” гэж уурлахад Нандинцэцэг “би яаж мэддэг юм, өөрөө гарч олохгүй юу” гээд намайг гэрээсээ түлхэж гаргасан. Тэгэхэд хойноос нь манай охин Аззаяа намайг бариад “ааваа, та болиоч” гэж чанга орилж “гэртээ оръё, одоо боль” гэхэд Азжаргал Төмөнбаярын гэрт унтаж байгаад сэрээд Аззаяа, Азжаргал бид гурав гэртээ орсон. Төмөнбаярын гэрт Төмөнбаяр, Нандинцэцэг, талийгаач Дэнсмаа, Энхжин, Тэмүүлэн, бага хүүхэд нь үлдсэн. Тэгээд гэртээ ороод би эргээд гэрээсээ гарч нуусан 0,5 литрийн архиа авахаар гарч Төмөнбаярын гэрт оролгүй гадна талаас нь хаягаар гаргасан архиа аваад гэртээ орж шанаганд хийж 2 удаа уучихаад архиа авдартаа хийсэн. ...Тэгээд удалгүй 10-20 минутын дараа манай гэрийн хаалгыг Төмөнбаяр, талийгаач Дэнсмаа хоёр тогшсон. Тэгэхэд охин Аззаяа хаалга тайлж өгөөгүй. Төмөнбаяр “агаа үүдээ онгойлгооч” гээд байсан. Тэгээд удалгүй чимээгүй болсон. Тэгээд удалгүй 10-15 минутын дараа байх талийгаач Дэнсмаа ганцаараа ирж хаалга тогшиж “аниа нь байна” гэж хэлэхээр нь би охин Аззаяад “үүдээ онгойлго” гэж хэлээд хаалгаа онгойлгуулсан. Тэгээд талийгаач Дэнсмаа орж ирээд “миний халаасанд байсан 40.000 төгрөг байхгүй болсон байна” гээд хайж байгаад “Нандинцэцэг мөнгө аваад явчихсан юм байхдаа” гэж ярьж байсан. Тэгээд байж байтал Төмөнбаяр манай гэрт орж ирээд “Нандинцэцэг байна уу” гэж асуухаар нь  манайд байхгүй гэж хэлэхэд Төмөнбаяр гэрэл тусгаж харчихаад гараад явсан. Тэгэхэд талийгаач Дэнсмаа унтах гэж орон дээр хэвтэж байснаа “би харилаа” гэж хэлэхээр нь би “хоёулаа маргааш цуг танайх руу явъя” гэж хэлэхэд “ээжийн санаа нь зовчих байх, одоо би явлаа” гээд гартаа 5 кг гурилаа бариад гараад явсан. Тэгээд 20-30 минут орчмын дараа Төмөнбаярын гэрийн зүгээс түжигнэж, юм унагаж, нурааж, тараах чимээ сонсогдохоор нь би орноосоо босоод гэрээсээ гарах гэхэд охин Аззаяа, Азжаргал “боль та гарч яах гээд байгаа юм, бид хоёр гарч харчихаад ирье” гээд чимээ гарснаас хойш 5-10 орчим минутын дараа манай хоёр хүүхэд Төмөнбаярын гэрт орчихоод эргэж орж ирээд “Төмөнбаяр ахын гэрт Төмөнбаяр ах, Дэнсмаа эгч хоёр байна, гэрийнхээ хамаг эд зүйлийг нураачихсан, зуухаа гаргаад шидчихсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би нилээн согтолттой байсан болохоор тоолгүй унтсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 182-184 х/

 

            26. Шүүх сэтгэц эмгэг судлалын 860 дугаартай дүгнэлтэд:

а/ П.Төмөнбаяр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

б/ П.Төмөнбаяр нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна.

в/ П.Төмөнбаяр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

г/ П.Төмөнбаяр нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй..." гэжээ. /1 хх-ийн 119-120 х/

 

27. Шүүгдэгч П.Төмөнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Хэрэг болдог өдөр эхлээд Эрдэнэсүрэн ах, Нандинцэцэг, Дэнсмаа бид 4 архи уугаад сууж байтал Дэнсмаа гэнэт л согтоод агсарч эхэлсэн. Агсрахдаа “та нар удам муутай архичид, эхнэр хүүхдүүдээсээ салж сарнидаг, удам муутай хүмүүс” гэж Эрдэнэсүрэн ах руу дайрч эхэлсэн. Тэгэхэд манай эхнэр Нандинцэцэг “одоо боль, гэрт битгий хэрүүл маргаан хийгээд бай, дандаа манай гэрт хэрүүлээ хийж байх юм” гэж уурлахад Дэнсмаа нь Нандинцэцэгийг “хужаагийн хүүхэд гаргасан бузар эм” гэж хэлэх зэргээр миний үр хүүхдийг үндэс угсаагаар нь доромжлоод байхаар нь би тэсэлгүй Дэнсмааг гэрийн зүүн талын орон дээр цамцных нь захаар боосон. Тэгэхэд Нандинцэцэг, Эрдэнэсүрэн ах хоёр салгасан. ...Мөн өдөр манай эхнэр Нандинцэцэг, ах Эрдэнэсүрэн нар хоорондоо хүүхдүүдээс болж маргалдсан. Тэгээд Нандинцэцэг Эрдэнэсүрэн ахыг гэрээс хөөгөөд Эрдэнэсүрэн ахын 2 хүүхэд нь Эрдэнэсүрэн ахыг манай гэрээс аваад гэр рүүгээ орсон. Тэгээд би орон дээр суухдаа хүү Тэлмүүнийг унтаж байхыг харалгүй хөл дээр нь суучихсан юм. Тэгэхэд Нандинцэцэг надтай маргалдаж хүүхэд аллаа гээд уурлахаар нь би өөрийнхөө хүүхдийг мэдэж байна, ах Эрдэнэсүрэнг гэрээсээ хөөлөө гэж уурлаад чи өөрөө тэгвэл зайл гэхэд эхнэр Нандинцэцэг очих газаргүй гэж бодоод байна уу гэж уурлаад охин Энхжингийн хамт хүүхдүүдээ аваад явсан. Эхнэр Нандинцэцэгийг явсны дараа удалгүй гэрийн гаднаас талийгаач Дэнсмаа орж ирсэн. Тэгээд Эрдэнэсүрэн ахын гэр рүү талийгаач Дэнсмаа бид хоёр очсон. ... Би Эрдэнэсүрэн ахын гэрт орж Нандинцэцэгийг хайж орчихоод гэртээ ороод унтах гээд байж байтал миний араас манай гэрт Дэнсмаа орж ирээд “надад ганц шил архи байгаа” гэж хэлэхээр нь би “маргааш ажилтай, би унтлаа” гээд орон дээрээ хөнжил нөмрөөд хэвтэхэд миний урдуур орж ирж хэвтээд надтай бэлгийн харьцаанд орох гээд байхаар нь би “та ер нь манай эхнэрийг хужаагийн хүүхэд төрүүлсэн гэж үр хүүхдүүдийг минь гэрээс хөөж явуулчихаад одоо яагаад байгаа юм, ах Эрдэнэсүрэнгийн гэрт орж унт би ажилтай” гэж хэлэхэд “чи урд өмнө нь унтаж хэвтээд болоод байдаг байсан, одоо яагаад байгаа юм” гэж над руу уурласан. Тэгэхээр нь би “эхнэр хүүхэд хөөж явуулчихаад юу гээд байгаа юм, зайл Эрдэнэсүрэн ахын гэрт орж унт” гэж хэлэхэд “та нар ер нь намайг Эрдэнэсүрэнгээс салгах гэж л хашаандаа байлгаж, хүүхдүүдийг нь авчирсан, та нар санаатай салгах гэж байна” гэж над руу агсраад гэрийн зуухны яндан гараараа цохиж унагаасан. Тэгээд над руу ширээн дээр байсан хундага авч шидээд газар байсан модон сандал аваад над руу шидэх гэж далайх үед гэрийн гэрэл цохиж хагалсан. Тэр үед би гэрийн хойморьт сууж байгаад босоод сандлыг гараас нь авч салгаад зууралдаж байгаад түлхэхэд Дэнсмаа суурин дээрээсээ хөдөлчихсөн байсан зуух дээгүүр дамнаад унахдаа гэрийн тогооны шүүгээ мөргөж унасан. Тэгэхээр нь “зайл гээд байгаа юм биш үү” гэж хэлж уурлаад гэрийнхээ зуухыг гэрээс гаргаж шидсэн. Энэ үед Дэнсмаа гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Би гэрийн гэрэл асаах гээд хойморьт байсан залгуураа хайгаад олохгүй болохоор нь Дэнсмааг “одоо манай гэрээс зайл, хүний эхнэр, хүүхэд хөөж явуулчхаад манай гэрт одоо юу хийгээд байгаа юм зайл” гээд гэрээс гаргах гэхэд манай гэрээс гарахгүй гэрийн хаалганы хажуугийн баганаас гараараа барьчихаад гэрийн зүүн талын ханыг нуруугаараа налаад толгойгоороо хаалганы дээд хэсэгт гацаагаад гарахгүй байхаар нь би баруун гараараа мөрөн дээрээс нь барьж татаж байгаад зүүн гараараа хоолой хүзүүг нь багалзуурдаж байгаад түлхэж гаргаад хаалгаа хаасан. Эргэж манай гэрт орж ирэх гэж тэмцэлдэхгүй цаашаагаа болсон.

...Талийгаач зуух дамнаж унахдаа шүүгээ мөргөсөн. Тэгээд ёолоод байхаар нь би гэрээс зайл гэж зуух гаргаж шидчихээд гэрлээ асааж харах гэхэд талийгаач чи муу миний хамрыг шалбалчихлаа пизда минь гээд байхаар нь би уур хүрээд зайл гээд гэрлээ асаалгүй гэрээс гаргах болсон. ...Хэрэг болсон өдөр болон урд өмнө нь талийгаачийн зүгээс архи уусан байх үедээ манай дунд хүү Тэлмүүнийг Эрдэнэсүрэн ахын хүүхэд гэж доромжилдог байсан. Мөн хэрэг болсон өдөр танай эхнэр чинь хужаагийн хүүхэд төрүүлээ биз дээ, танаи ах дүү нар дандаа эхнэр хүүхдээсээ салдаг удамтай хүмүүс гэж хэлснээс болж би эхнэр хүүхэдтэйгээ маргалдаж, эхнэр хүүхдээ гэрээсээ хөөж явуулсан. Тэгээд энэ асуудлаас болж талийгаачтай маргалдаж амь насыг нь хохироосон...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 188-192, 2 хх-ийн хавтас 39-41 х/

 

            28. Шүүгдэгч П.Төмөнбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд Үүнд:

            -Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хх-ийн 195-200, 201 х/

            - Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /1 хх-ийн 210 х/

            - Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1 хх-ийн 202 х/

            - Хилийн 0151 дүгээр ангийн тодорхойлолт: П.Төмөнбаярын ажил байдлын болон зан байдлын талаар /1 хх-ийн 204 х/

            - Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх-ийн 213 х/

            - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 215 х/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: шүүгдэгч П.Төмөнбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө 3:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 44 дүгээр гудамжны 37 тоот өөрийн гэртээ иргэн О.Дэнсмаатай  хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу үндэс угсаа, эхнэр, үр хүүхдийг нь доромжиллоо гэх шалтгаанаар маргалдан гэрээсээ түлхэж гаргах явцдаа хоолойг нь багалзуурдаж  бие махбодид нь “...бамбай мөгөөрсний зүүн талд суурь хагас дугуй хэлбэрийн хугарал, орчны эд дэх  цус хуралт, ховч ясны хугарал...” бүхий гэмтэл учруулж, бусдыг санаатай алсан болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 21:00 цагийн үед Дэнсмаа бид хоёр ажлаа тараад гэртээ хариад байж байтал Дэнсмаагийн утас руу Төмөнбаярын эхнэр Нандинцэцэг залгаад дуудаад байна гэж хэлсэн ба надад хэлэлгүй яваад өгсөн байсан. Тэгээд тэр шөндөө гэртээ ирж хоноогүй. Тэгээд Дэнсмаагийн араас утас руу нь залгаж “мөнгийг нь өгсөн бол одоо эртхэн шиг гэртээ ирээрэй” гэхэд “за” гэсэн. Тэгээд эргээд шөнийн 00:00 цагаас хойш залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Төмөнбаярын эгч Галиндэв манай гэрт ирээд Дэнсмаа сонин болчихсон байна гээд дагуулаад Төмөнбаярын гэрт очиход Дэнсмаа нь Төмөнбаярын гэрийн үүдний шалан дээр дээшээ харчихсан, өмдний тэлээний түдүүл нь тасарсан, товч нь тайлагдсан байдалтай хамрынх нь дээр шалбарсан цус гарсан, нүд нь хөхөрсөн байдалтай дээшээ хараад нас барсан байсан. Тэгээд юу болсон талаар Төмөнбаяраас асуухад тэр юу ч болоогүй юм шиг “тамхи байна уу” гээд надаас асууж байсан. ...Шүүгдэгчээс 5 сая төгрөг авсан. Цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхэд болох Хүрэлсүхийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгосон байгаа. Шүүгдэгчээс гэм хорын төлбөр нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 55-56, 57 х, 2 хх-ийн 19х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1527 дугаартай дүгнэлтэд:

  Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр бамбай мөгөөрсний зүүн талд суурь хагас дугуй хэлбэрийн хугарал, орчны эд дэх цус хуралт, ховч ясны хугарал, хамрын нуруунд шарх, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 1,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост өөрийгөө хамгаалан тэмцэлдсэнийг гэрчлэх шинж тэмдэг, ул мөр байхгүй байна. Талийгаач нь бамбай мөгөөрсний хугарал, орчны эд дэх цус хуралт буюу рефлексийн бүсийн битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Дээрхи гэмтлийг авсан хүн тэр даруйдаа нас барна. Талийгаач нь бэлгийн замын халдварт өвчингүй, талийгаачийн үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй....” гэжээ. /1 хх 100-102 х/

 

Шинжээч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр даруй гэдэгт хугацаа заах боломжгүй /ойролцоогоор/ хэдэн секундээс 5 минут хүртэлх хугацааг ойлгож болно. Дээрх гэмтлийг авсан хүн ухамсарт үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүй, ухамсаргүй, өөрийн хяналтгүйгээр /алхах, босох, суух гэх мэт/ үйлдэл, хөдөлгөөн хийсэн байхыг үгүйсгэхгүй. ...Ховч яс болон бамбай мөгөөрс нь ойролцоо нэг түвшинд байрладаг. Ховч ясны хугарал болон бамбай мөгөөрсний хугарал нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ховч яс, бамбай мөгөөрсний хугарал нь тухайн тохиолдолд гараар багалзуурдах үед үүсгэгдсэн байх боломжтой. ...Талийгаачийн хүзүүнд үүссэн зулгаралт, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн цамцны захаар боох шахах үед үүсгэгдсэн байх боломжтой, амьддаа үүсгэгдсэн гэмтэл байна. Уг гэмтэл нь ховч яс болон бамбай мөгөөрсний хугаралтай шууд холбоотой байж болно, шууд холбоогүй байж ч болно. Тогтоох боломжгүй. Хүзүүнд үүссэн зулгаралт, цус хуралт гэмтэл нь ховч яс болон бамбай мөгөөрсний хугарал гэмтлээс тус тусдаа үүссэн гэмтэл байж болно. ...Мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаагаар П.Төмөнбаяр нь амь хохирогчийг орон дээр цамцных нь захаар боосон гэж мэдүүлсэн нь амь хохирогчийн хүзүүнд үүссэн цус хуралт зулгаралт гэмтлийг учруулсан байх боломжтой байна. Харин гэрийнхээ үүднээс гаргах явцдаа амь хохирогчийг зүүн гараар багалзуурдаж байгаа байдал нь бамбай мөгөөрсний зүүн талд суурь хагас дугуй хэлбэрийн хугарал орчны эд дэх цус хуралт, ховч ясны хугарал гэмтлүүд учирсан байх боломжтой байна. Учир нь туршилтын явцад  үзүүлсэн байдлаас харахад П.Төмөнбаярын зүүн гараараа багалзуурдахад түүний зүүн эрхий хуруу нь бамбай мөгөөрсний хугарлын түвшинд байрлаж байна. ...Амь хохирогч биедээ дээрх гэмтлийг аваад монгол гэрийн үүд хаалга хэсгээс гэрийн зүүн хойд хэсэг хүртэл ухамсарт ухаангүй буюу цаг хугацаа орон зайн баримжаагүй нөхцөл байдлаас дээрх зайг туулан гэрийн зүүн хойд хэсэгт очих боломжтой. ... амь хохирогч О.Дэнсмааг гэрийн баруун талын багана хэсгээс гэрийн зуух давуулан түлхэн унагаах үед амь хохирогчийн хамрын нуруунд 1,5x0,4 хэмжээтэй няцарсан шарх гэмтэл үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 140-142, 143-144, 2 хх-ийн 32х/

 

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7209 дугаартай дүгнэлтэд:

  О.Дэнсмаа гэсэн цус АВО системээр Ав /II/ бүлгийн харьяалалтай байна. О.Дэнсмаа бэлгийн замын халдварт өвчингүй байна...” гэжээ. /1 хх-ийн 105 х/

 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7260 дугаартай дүгнэлтэд: Хэргийн газраас бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл нь цус мөн байна. Дээж нь хүний цус байна. Хэргийн газраас бэхжүүлж авсан цус нь Ав /II/-р бүлгийн харьяалалтай байна...” гэжээ. /1 хх-ийн 112 х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7928 дугаартай дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн хөнжилд цус илэрч байна. Илэрсэн цус нь А /II/ бүлгийн харьяалалтай байна. ДНХ-ийн шинжилгээний урвалж бодисын хангалт хийгдээгүй тул ДНХ-ийн шинжилгээ хийх боломжгүй байна...” гэжээ. /1 хх-ийн 139 х/

             Гэрч А.Доржнамжимийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 18-нд 22:00 цагийн үед гэрээсээ бие засах гээд гарахад манай хөрш айл болох Төмөнбаярын гэрт хүмүүс дуулалдаад байсан дуу чимээ сонсогдож байсан. Тэгээд шөнийн 00:00 цаг өнгөрч байхад би орондоо ороод унтах гээд хэвтэж байтал манай урд айлын зүгээс “ааваа болиочээ, хүн аллаа” гэсэн эмэгтэй хүүхдийн дуу сонсогдсон. Тэгээд би тухайн үедээ ямар нэгэн юм бодолгүй гэрээсээ гарч харалгүй шууд унтсан. Маргааш өглөө нь босоод гэрээсээ гарахад “алаад хаячихсан байна ш дээ” гээд орилоод байсан. Тэгээд би хүн үхсэн юм шиг байна гэж бодоод байж байтал удалгүй манай гэрт цагдаа ирж надаас юм асуусан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 78 х/

 

Гэрч Б.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэрэг болсон өдөр Эрдэнэсүрэн, талийгаач Дэнсмаа, Төмөнбаяр бид дөрөв архи уугаад сууж байхад талийгаач Дэнсмаа гэнэт агсраад манай нөхөр Төмөнбаяр, хадам ах Эрдэнэсүрэн нарыг “удам угсаагаараа эхнэр хүүхдээсээ салж байсан удам муутай хүмүүс” гэж хэлэхэд Эрдэнэсүрэн ах “балай юм яриад байх юм болиоч” гэж хэлэхэд талийгаач Дэнсмаа “яадаг юм, үнэн юм чинь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би талийгаач Дэнсмаад хандаж “та одоо болиоч яах гэж хэрүүл гаргадаг юм” гэхэд “чи ч гэсэн хятадын хүүхэд төрүүлсэн биз дээ” гэж хэлснээс болж Төмөнбаяр дуугүй сууж байснаа талийгаач Дэнсмааг өмсөж байсан улаан өнгийн ноосон цамцаар нь хүзүү, хоолойг нь боосон. Тэгэхээр нь Эрдэнэсүрэн ах бид хоёр салгасан. Тэгээд би Төмөнбаяр, талийгаач Дэнсмаа нарт хандаж “яах гэж маргалддаг юм, зүгээр сайхан дуулж, хуурдаад сууцгаая” гэсэн. Тэгэхэд талийгаач Дэнсмаа “тэгье Төмөнбаяраа миний дүү одоо больё” гээд хэрүүл маргаан намжсан. Тэгж байгаад уранхай 10.000 төгрөгийг би Аззаяаг наагаад өг гэж хэлэхэд Аззаяа үгүй, чадахгүй гэж хэлэхээр нь би чи яагаад аавыгаа хараад маяглаад байгаа юм гэж загнасан чинь Аззаяа уурлаад гэрээс гараад явсан. Энэ асуудлаас болж Эрдэнэсүрэн ах бид хоёр маргалдаад би гэрээсээ хөөгөөд зайл гээд түлхээд ... Аззаяа, Азжаргал хоёр аав Эрдэнэсүрэнгээ аваад гэртээ орсон. ...хүүхдийн хөлөнд ээр суусан асуудлаас болоод Төмөнбаярт би уурлаад шөнийн 02:00 цагийн орчим дүү Адъяасүрэнгийн утас руу залгаж эгч нь очлоо гэж хэлээд хүүхэд Тэлмүүнээ тэврээд гадаа гараад хашааныхаа буланд очоод суухад талийгаач Дэнсмаа миний араас манай гэрээс гарч ирээд надад хандаж миний дүү явж яах гээд байгаа юм гэж хэлэхээр нь би яадаг юм, би явлаа, та ороод манайд хоночихгүй юу гэж хэлээд байж байтал Энхжин бага дүүгээ тэврээд хувцаснуудаа аваад гарч ирсэн. Тэгээд талийгаач Дэнсмаа манай гэрийг чиглээд явсан би хүүхдүүдээ аваад зам чиглээд явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 81-82, 86-88, 2 хх-ийн 20-22 х/

 

            Насанд хүрээгүй гэрч Н.Энхжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:              “...Хэрэг болсон өдөр эхлээд аав Төмөнбаяр, ээж Нандинцэцэг, ах Эрдэнэсүрэн, Дэнсмаа эгч нар архи ууж байгаад Дэнсмаа эгч согтоод гэнэт агсраад аав Төмөнбаяр, ах Эрдэнэсүрэн нарт хандаж та нар удам угсаагаараа эхнэр хүүхдүүдээсээ салсан удам муутай хүмүүс гэж хэлж байсан. Тэгэхэд Эрдэнэсүрэн ах, аав Төмөнбаяр хоёр тоогоогүй сууж байсан. Тэгээд яагаад ч юм мэдэхгүй, манай ээж Нандинцэцэгийг хятадын хүүхдүүд төрүүлсэн гэж хэлсэн. Тэгэхэд аав Төмөнбаяр уурлаад Дэнсмаа эгчийг өмсөж байсан цамцных нь захаар боосон. Тэгэхэд Эрдэнэсүрэн ах, ээж Нандинцэцэг хоёр салгасан. Тэгээд маргаан дууссан. ... Тэгээд би ээж дүү нарын хамт зам руу такси барихаар явж талийгаач зөрөөд манай гэр рүү явсан. Тэгээд доошоо зам руу алхаж явахдаа гэр рүүгээ эргээд харахад аав Төмөнбаяр, Эрдэнэсүрэн ахын гэр рүү чиглээд алхаж байсан, араас нь талийгаач Дэнсмаа алхаж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 83-84, 97-98, 2 хх-ийн 23-25 х/

        

            Насанд хүрээгүй гэрч Э.Аззаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:             “...Хэрэг болсон өдөр Төмөнбаяр ахын гэрт юм түжигнэж дуугарахад аав гэрээс гарах гээд байхаар нь би өмнөөс нь очиж харчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд бас цаг харахаар дүү Азжаргалын хамт Төмөрбаяр ахын гэрт ороход тухайн үед 03:20 цаг болж байсан. ...Гэрийнх нь зуух нь гэрийнхээ гадаа шалан дээр нь шалбааг болоод, гэрийнх нь үүдний довжоон дээр нь үнс асгарчихсан гэрэл нь унтарсан байдалтай байсан. Төмөнбаяр ах гэрийнхээ хойморт газар хэвтэж байсан, талийгаач гэрийнх нь зүүн талын орон дээр сууж байсан, өөр зүйл ажиглаж хараагүй, буцаад гэртээ орсон. Маргааш өглөө нь 09 цагийн үед Төмөнбаяр ах гэрт орж ирээд “Дэнсмаа манай гэрийн хаяанд нас барсан байна”  гэсэн. ...Би талийгаачийг нас барсаныг хальт харсан. Намайг харахад талийгаачийн хамар дээр нь шалбараад цус гарчихсан байсан. Тэгээд энэ талаар Энхжинд хэлсэн....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 90-93, 2 хх-ийн 26-27 х/

 

            Насанд хүрээгүй гэрч Э.Азжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг унтаж байхад хэн нь хэнтэйгээ маргалдаад байгааг нь би ойлгоогүй, ямар ч байсан маргалдаад хэрүүл хийгээд байгаа чимээнээр сэрсэн. ...Би унтах гээд аавын хажууд хэвтэж байтал гаднаас Төмөнбаяр ах орж ирээд Нандинцэцэг эгчийг асуухад аниа Нандинцэцэг эгчийг байхгүй гэж хэлэхэд Төмөнбаяр эргээд гараад явсан. Тэр үед аав Дэнсмаа эгчийг хоноод яваач гэж хэлэхэд Дэнсмаа эгч үгүй гээд гурилаа бариад гараад явсан. Тэгээд удалгүй /цаг минут санахгүй байна/ Төмөнбаяр ахын гэрийн зүгээс түжигнэсэн чимээ гараад, аав Эрдэнэсүрэн гэрээс гараад цаг харчихаад ирье гэсэн. Тэгэхэд аниа аавыг гаргаагүй, бид 2 харчихаад ирье гээд түжигнэсэн чимээ сонсогдохоо больсны дараа байж байгаад аниа бид хоёр ороод харахад Төмөнбаяр ахын гэрийн зуух, гэрийнхээ гадаа үүдний шалан дээр нь үнс асгарчихсан байдалтай байсан. Тэгээд гэрт нь ороод харахад Төмөнбаяр ах хоймортоо газар хэвтэж байсан. Дэнсмаа эгч орон дээр сууж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 94-95, 2 хх-ийн 28-30 х/

 

            Гэрч Д.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эрдэнэсүрэнгийн эгч нь манай хадмын гэрт ирээд Дэнсмааг сонин болчихсон байна гэж хэлэхээр нь хадам эх Төмөр, Батжаргал бид гурав ирэхэд Дэнсмаа нь зүүн талын гэрт шалан дээр дээшээ харсан байдалтай нас барсан хэвтэж байсан. Нүүр ам нь шалбарсан, хувцас нь нил цус болсон байдалтай байсан. Талийгаач ямар шалтгаанаар нас барсныг мэдэхгүй. Төмөнбаяр, эхнэр Нандиа, Эрдэнэсүрэн, талийгаач нар хамт архи уусан юм шиг байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 65-67 х/ 

 

            Гэрч П.Галиндэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Төмөнбаярын гэрт очиход Төмөнбаяр гэрийнхээ гадаа зогсож байхаар нь “юу болсон бэ” гэж асуусан. Тэгэхэд Төмөнбаяр “Дэнсмаа манай гэрийн хаяанд хэвтэж байхаар нь би өргөөд оруулчихлаа” гэж хэлэхээр нь “тэгээд зүгээр юм уу” гэж асуусан чинь “гар, хөл нь хөдлөхгүй байна, та ороод үз” гэхээр нь би орж үзээгүй. Би тэгээд Дэнсмаагийн ар гэрийнхэн рүү очоод эгч, ээж хоёрт нь хэлсэн. Тэгээд Төмөнбаярын гэрт Дэнсмаагийн ээж, эгч, хүргэн гурав нь ирээд Төмөнбаярын гэр рүү орсон. ...Намайг Төмөнбаярын гэрт яваад очиход Төмөнбаяр гэрийнхээ гадаа зогсож байсан ба архи үнэртэж байсан. Гэрийнх нь урд зуух, тогоо нь доошоогоо харсан, үнс нь асгарсан байдалтай гэрийнх нь зүүн хойно унь, жижигхэн шуудайтай гурил зэрэг эд зүйлс эмх цэгцгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 70-72 х/

 

            Гэрч Б.Адъяасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 02:04 цагт Нандинцэцэг эгч залгаад гэр лүү чинь ойртоод ирлээ гэж ярихаар нь би мөнгө аваад тосоод гарахад эгч Нандинцэцэг, охин Энхжин, хүү Тэлмүүн, Мөнхжурамт нартай ирсэн. Тэгээд манай гэрт ороод цай уугаад сууж байхад 3:00 цаг болж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 75 х/

 

            Гэрч Ж.Аманжолын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би хамгийн сүүлд хэдэн сарын хэдний өдөр Төмөнбаярыг ажилдаа ирснийг санахгүй байна. Ямар ч байсан хамгийн сүүлд ажилдаа нэг өглөө 08:15 цаг болох гэж байхад Төмөнбаяр ирсэн. Тэгээд 0151 дүгээр анги өглөө 08:30 цагт нэгдэж дууссаны дараа тус тусдаа ажилд хуваарилагдахад уурын зуух дээр очиж спорт заалны дээвэр дээр Чимэд, Төмөнбаяр хоёр ажиллахаар томилогдсон. Тэгээд албаны дарга Пүрэвдоржийн өрөөнд очиход Чимэд ганцаараа сууж байсан. Төмөнбаярыг асуухад урьд шөнө нойргүй хоносон, гэртээ харьж амраад ирье гэж хэлээд явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг/1 хх-ийн 77 х/

             

Шүүгдэгч П.Төмөнбаярын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэрэг болдог өдөр эхлээд Эрдэнэсүрэн ах, Нандинцэцэг, Дэнсмаа бид 4 архи уугаад сууж байтал Дэнсмаа гэнэт л согтоод агсрахдаа “та нар удам муутай архичид, эхнэр хүүхдүүдээсээ салж сарнидаг, удам муутай хүмүүс” гэж Эрдэнэсүрэн ах руу дайрч эхэлсэн. Тэгэхэд манай эхнэр Нандинцэцэг “одоо боль, гэрт битгий хэрүүл маргаан хийгээд бай, дандаа манай гэрт хэрүүлээ хийж байх юм” гэж уурлахад Дэнсмаа нь Нандинцэцэгийг “хужаагийн хүүхэд гаргасан бузар эм” гэж хэлэх зэргээр миний үр хүүхдийг үндэс угсаагаар нь доромжлоод байхаар нь би тэсэлгүй Дэнсмааг гэрийн зүүн талын орон дээр цамцных нь захаар боосон. Тэгэхэд Нандинцэцэг, Эрдэнэсүрэн ах хоёр салгасан. ... Би Эрдэнэсүрэн ахын гэрт орж Нандинцэцэгийг хайж орчихоод гэртээ ороод унтах гээд байж байтал миний араас манай гэрт Дэнсмаа орж ирээд “надад ганц шил архи байгаа” гэж хэлэхээр нь би “маргааш ажилтай, би унтлаа” гээд орон дээрээ хөнжил нөмрөөд хэвтэхэд миний урдуур орж ирж хэвтээд надтай бэлгийн харьцаанд орох гээд байхаар нь би “та ер нь манай эхнэрийг хужаагийн хүүхэд төрүүлсэн гэж үр хүүхдүүдийг минь гэрээс хөөж явуулчихаад одоо яагаад байгаа юм, ах Эрдэнэсүрэнгийн гэрт орж унт би ажилтай” гэж хэлэхэд “чи урд өмнө нь унтаж хэвтээд болоод байдаг байсан, одоо яагаад байгаа юм” гэж над руу уурласан. Тэгэхээр нь би “эхнэр хүүхэд хөөж явуулчихаад юу гээд байгаа юм, зайл Эрдэнэсүрэн ахын гэрт орж унт” гэж хэлэхэд “та нар ер нь намайг Эрдэнэсүрэнгээс салгах гэж л хашаандаа байлгаж, хүүхдүүдийг нь авчирсан, та нар санаатай салгах гэж байна” гэж над руу агсраад гэрийн зуухны яндан гараараа цохиж унагаасан. Тэгээд над руу ширээн дээр байсан хундага авч шидээд газар байсан модон сандал аваад над руу шидэх гэж далайх үед гэрийн гэрэл цохиж хагалсан. Тэр үед би гэрийн хойморьт сууж байгаад босоод сандлыг гараас нь авч салгаад зууралдаж байгаад түлхэхэд Дэнсмаа суурин дээрээсээ хөдөлчихсөн байсан зуух дээгүүр дамнаад унахдаа гэрийн тогооны шүүгээ мөргөж унасан. Тэгэхээр нь “зайл гээд байгаа юм биш үү” гэж хэлж уурлаад гэрийнхээ зуухыг гэрээс гаргаж шидсэн. Энэ үед Дэнсмаа гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Би гэрийн гэрэл асаах гээд хойморьт байсан залгуураа хайгаад олохгүй болохоор нь Дэнсмааг “одоо манай гэрээс зайл, хүний эхнэр, хүүхэд хөөж явуулчхаад манай гэрт одоо юу хийгээд байгаа юм зайл” гээд гэрээс гаргах гэхэд манай гэрээс гарахгүй гэрийн хаалганы хажуугийн баганаас гараараа барьчихаад гэрийн зүүн талын ханыг нуруугаараа налаад толгойгоороо хаалганы дээд хэсэгт гацаагаад гарахгүй байхаар нь би баруун гараараа мөрөн дээрээс нь барьж татаж байгаад зүүн гараараа хоолой хүзүүг нь багалзуурдаж байгаад түлхэж гаргаад хаалгаа хаасан. Эргэж манай гэрт орж ирэх гэж тэмцэлдэхгүй цаашаагаа болсон. ...Тэгээд дээрх асуудлаас болж талийгаачтай маргалдаж амь насыг нь хохироосон...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 188-192, 2 хх-ийн хавтас 39-41 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хэргийн газар үзлэг  хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 3-9 х/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 10-12 х/

 Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 18-24 х/

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл: “амь хохирогчийн хувцсанд үзлэг хийхэд цус мэт зүйл илэрсэн тухай” /1 хх-ийн 25 х/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол: цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн хөнжил 1 ширхэг /1 хх-ийн 53 х/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл: “...цагаан ягаан өнгийн  2м20смх1м50см харьцаатай 2 хүний хөнжил байх ба уг хөнжил нь зах ирмэгээрээ задарсан урагдалттай, нэг талын өнгө нь  ягаан, нөгөө тал нь цагаан ягаан өнгийн хөнжил байв. Уг хөнжил дээр цус мэт  зүйлээр бохирлогдсон хэсгийг хэмжиж үзэхэд 40смх30см харьцаатай байв.  /1 хх-ийн 52 х/

 

 Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл: “...Амь хохирогч Дэнсмаа гэрээс гарахгүй гээд толгойгоо хаалганы дээд хэсэгт шахаж тээглүүлээд /гэрэл зургаар харуулсан/ байхаар нь би зүүн гараараа хоолой, хүзүү хэсэгт багалзуурдаж /гэрэл зургаар харуулсан/ түлхэхэд гарахгүй гацаад байхаар нь мөрөн дээрээс нь татаад зүүн гараараа багалзуурдсан чигээрээ гэрээс түлхэж гаргаад хаалгаа хаасан гэх...” /гэрэл зургаар харуулав/ /1 хх-ийн 32-41 х/

 

Туршилт хийх тухай тогтоол, туршилт хийсэн тэмдэглэл “...амь хохирогч Дэнсмаагийн хоолой хүзүүнээс нь зүүн гараараа багалзуурдаж түлхэж гаргасан гэх мэдүүлгийг сэргээн дүрслэх зорилгоор амь хохирогчтой ижил өндөртэй хүн оролцуулан туршилт хийсэн тухай: /П.Төмөнбаяр нь зүүн гараараа багалзуурдсан чигээрээ баруун гараараа амь хохирогчийг зүүн гарын тохой хэсгийн хувцаснаас барьж татаж гэрээс түлхэж гаргасан гэснийг 3, 4, 5, 6 дугаартай зургаар харуулав. Мөн амь хохирогчийг хамгийн сүүлд харсан газрыг гэрийн буурины хаалганы үүд хэсгийг заасныг 9 дугаартай зургаар харуулав/  /1хх 43-49 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар, шүүгдэгч, хохирогч нар өмнө нь бие биеэ таньдаг төдийгүй үе үе нийлж гэр бүлийн хүрээнд архи ууцгаадаг байсан байх бөгөөд  гэмт хэрэг гарсан өдөр буюу тухайн өдөр амь хохирогч О.Дэнсмаа нь шүүгдэгчийг удам судар, ах, эхнэр, үр хүүхдийг нь зүй бус үг хэллэг хэрэглэн хэл амаар доромжлох,  эд зүйлийг авч шидэх зэрэг өдөөн хатгасан үйлдэл, зан авир гаргасан түүний зан байдалд нь дургүйцсэн байдлаар илэрч байгаа шүүгдэгчийн үйлдлийн сэдэлт, субъектив санаа зорилгыг хувийн сэдэлттэй гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч П.Төмөнбаярын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлэхдээ “...амь хохирогч О.Дэнсмааг гэрээс гарахгүй болохоор нь зүүн гараараа хоолойг нь багалзуурдаж, баруун гараараа түлхэж гаргасан” гэж мэдүүлсэн нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар буюу туршилт хийсэн тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтын эх сурвалжаар давхар нотлогдсон тул шүүгдэгчийн үйлдэл, О.Дэнсмаагийн амь хохирсон хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой гэж дүгнэхээр байна.

 

 Иймд шүүгдэгч П.Төмөнбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дугаар зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч П.Төмөнбаяр нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 215 х/-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П.Төмөнбаярт ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг  үйлдсэнийг хүндрүүлэн үзэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батжаргал нь шүүгдэгч П.Төмөнбаяраас оршуулгын зардалд 4.563.480 төгрөг төлүүлэхээр  нэхэмжилснээс, 1.587.116 төгрөгийг холбогдох баримтын хамт, үлдэх 2.976.364 төгрөгийг ямар нэгэн баримтгүйгээр нэхэмжилсэн /2хх-ийн 1-10х/ боловч  шүүгдэгч П.Төмөнбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батжаргал нарын аль аль нь оршуулгын зардалд 5.000.000 төгрөгийг өгч, авалцсан, О.Батжаргал нь цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн болно. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Амь хохирогч О.Дэнсмаа нь 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 25 настай Д.Чулуундорж, 2008 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр төрсөн, 8 настай Д.Хүрэлсүх гэх хүүхдүүдтэй болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр тогтоогдсон байна. /1хх-ийн 62-63х/

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ бага насны хүүхэд болох Д.Хүрэлсүхийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгосон, шүүгдэгчээс гэм хор учруулсаны төлбөрийг цаашид нэхэмжлэхээс татгалзаж байна гэх тул шүүгдэгч П.Төмөнбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Дэнсмаа овогтой Чулуундорж нь амь хохирогчийн төлөөлөгчөөр томилогдохоос татгалзаж, амь хохирогчийн төрсөн эгч Осорын Батжаргалыг томилуулах талаар санал гаргаж, гэрчээр мэдүүлэг өгсөнийг тэмдэглэв./1хх-ийн 59-60х/ 

Шүүгдэгч П.Төмөнбаярын үйлдсэн гэмт хэрэг нь онц хүнд гэмт хэргийн ангилалд хамаарагдсан, согтуугаар үйлдсэн, тухайн гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон хор уршигт хүргэсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч П.Төмөнбаярын хувийн байдал /бага насны хүүхдүүдтэй/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан түүний хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч П.Төмөнбаяр нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 176 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн 2 метр 20 см урттай, 1 метр 50 см өргөнтэй 2 хүний хөнжлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Пүрэврагчаагийн Төмөнбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар П.Төмөнбаярыг 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Төмөнбаярт оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Төмөнбаярын цагдан хоригдсон 176 /нэг зуун далан зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 метр 20 см урттай, 1 метр 50 см өргөнтэй 2 хүний хөнжлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.

 

 7. Шүүгдэгч П.Төмөнбаярын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

 

 8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Төмөнбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

 

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан П.Төмөнбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                      ШҮҮГЧИД                               Б.БАТАА

 

 

                                                                                      Г.ГАНБААТАР