Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01503

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Н, Б.Т нарын хууль ёсны төлөөлөгч

Б.Элбэгзаяагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/01344 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Н, Б.Т нарын хууль ёны төлөөлөгч Б.Элбэгзаяа,

Хариуцагч “С” ХХК-д холбогдох,

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 155.98 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өв залгамжлагч нь Б.Н, Б.Т нар мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмагнай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Элбэгзаяа, Д.Бат-Эрдэнэ нар хамтран амьдарч өөрийн хүүхдүүд болох Б.Н, Б.Т нарыг төрүүлсэн. Гэвч Д.Бат-Эрдэнэ нь 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Дорноговь аймагт явж байгаад нас барсан. Хүүхдүүд одоогоор ээж Б.Элбэгзаяагийн хамт амьдарч байгаа.

Д.Бат-Эрдэнэ нь “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд тус компани өөрийн хөрөнгийг хувьцаа эзэмшигч нартаа өмчлүүлэхээр 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, Д.Бат-Эрдэнэ нь өөрийн эзэмшиж буй компанийн 5 хувийн хувьцааг Л.Баттөмөрт шилжүүлж, хариуд нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 155.98 м.кв газрыг өмчлөхөөр болж кадастрын зураг хийлгэсэн. “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар өөрсдийн газрыг өмчилж авсан боловч Д.Бат-Эрдэнэ нь 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр нас барсан тул газар өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй.

Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт заасны дагуу Б.Н, Б.Т нарыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах 155.98 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бат-Эрдэнийг амьд байхад “С” ХХК нь газраа хувааж, хувьцаа эзэмшигчиддээ өмчлүүлсэн бөгөөд талийгаачийн эгч нь ирж уулзан Д.Бат-Эрдэнийн ар гэр маш их хэмжээний өр зээлтэй үлдсэн учраас уг газрыг бидний хууль ёсны өмчлөлд шилжүүлж өгнө үү гэж санал тавьсны дагуу хүсэлт бичүүлэн авч гарын үсэг зурж газрыг шилжүүлж өгсөн. Манай компани нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч байгууллага нь Баянгол дүүргийн 20-р хорооны 155.98 м.кв газрыг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байхад шүүх үнэлээгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар Д.Отгонбаярыг гуравдагч этгээдээр оролцуулах боломжтой байхад уг ажиллагааг хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Элбэгзаяа нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 155.98 м.кв газрын хууль ёсны өв залгамжлагч нь Б.Н, Б.Т нар мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “С” ХХК-ийн зүгээс Д.Бат-Эрдэнийг амьд байхад компанийн газрыг хувьцаа эзэмшигчиддээ өмчлүүлсэн бөгөөд талийгаачийг нас барсны дараа түүний эгчийн хүсэлтээр газрыг шилжүүлсэн, манай компани нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж тайлбарлажээ.

“С” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн хувьцаа эзэмшигч гишүүн болох Д.Бат-Эрдэнэ нь өөрийн эзэмшлийн 5 хувийн хувьцаагаа тус компанийн захирал Л.Баттөмөрт компанийн эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлснээр компанийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 155.98 м.кв газрын эзэмших эрхийг Д.Бат-Эрдэнэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Д.Бат-Эрдэнэ нь тус шийдвэр гарсны дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нас барсан, газар эзэмших эрх түүний нэр дээр шилжээгүй байна. Өвлүүлэгч Д.Бат-Эрдэнийн төрсөн хүүхдүүд болох нэхэмжлэгч Б.Н, Б.Т нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч бөгөөд мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авахаас татгалзаагүй, 155.98 м.кв газрын эзэмших эрх нь мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлөгдөнө.

Гэвч Д.Бат-Эрдэнийн төрсөн дүү Д.Отгонбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахаар хүсэлт /хх112/ гаргаж, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах 156 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ Д.Отгонбаярт олгогджээ.

Хариуцагч “С” ХХК-ийн 155.98 м.кв газрын эзэмших эрхийг Д.Бат-Эрдэнэд шилжүүлэх шийдвэр хүчин төгөлдөр байхаас гадна Б.Н, Б.Т нарыг хууль ёсны өвчлөгч болохыг нь хүлээн зөвшөөрч байх тул тус компанийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн жинхэнэ хариуцагч гэж үзэх үндэслэлгүй байна. Харин өвлөгчийн өвийг хууль ёсоор өвлөх эрхгүй этгээд болох Д.Отгонбаяр 155.98 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлт гаргаж, улмаар түүний нэр дээр газар эзэмших гэрээ хийгдэж гэрчилгээ гарсан байх тул Б.Н, Б.Т нарын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан эрхийг зөрчсөн жинхэнэ хариуцагч нь Д.Отгонбаярыг гэж үзэхээр байна. Түүнчлэн нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг солих хүсэлт гаргаагүй тул шүүх “С” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэлийг ийнхүү хэрэгсэхгүй болгосон нь Д.Бат-Эрдэнээс 5 хувийн хувьцааг худалдан авч 155.98 м.кв газар эзэмших эрхийг түүнд шилжүүлэхээр шийдвэрлэсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлж авах, мөн Д.Отгонбаярын үйлдэл болон Нийслэлийн Засаг даргын шийдвэрт гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлахгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/01344 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгчөөс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                        ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ