Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2016/ШЦТ/49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хэргийн индекс: 171/2016/0048/Э/
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Д.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, 
Шүүгдэгч Ж.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш  овогт Ж-ийн  Д д холбогдох 201509000692 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .....  оны ...  дугаар сарын ... -ны өдөр .....  аймгийн ..... суманд төрсөн, ....  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ....... мэргэжилтэй, ам бүл ... , ........  тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Ш  овогт Ж-ийн  Д  /РД: ....... /.

Үйлдсэн хэргийн талаар.
Шүүгдэгч Ж.Д  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн орчим ......... орцны подвальд О.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний зүүн далны доод хэсэгт хутгалж, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
 
ТОДОРХОЙЛОХ нь:
          Шүүхийн хэлэлцүүлэгт:                   
-Шүүгдэгч Ж.Д ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ хоолоо идчихээд салхинд гарангаа 8 дугаар орцын урд талын саравчинд сууж байтал О.Б  ах ирсэн. Тэгээд намайг цохиод “...надад мөнгө өг, өнөөдөр миний архи уудаг өдөр...” гэж хэлээд миний таягийг булааж авсан. Тухайн үед манай байрны ....  орцны ах гадаа байж тараад хөөе чи болиоч таягийг нь буцааж өг хөл муутай хүнийг битгий дээрэлхээд бай гэж хэлж байсан. Ер нь бол О.Б  ах архи уухаараа намайг дарамталж, зоддог, гэрт зарж мөнгө болох боломжтой зүйлийг зарчихдаг байсан. Байрны ахыг тэгж хэлсний дараа надад таягийг буцааж өгсөн. Ингээд би гэртээ ороод амрах санаатай гутлаа тайлаад орон дээрээ гараад хэвтэж байтал О.Б  ах орж ирээд хоол хийж иднэ, яс буцалгаад байж байгаарай гэж хэлчхээд гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би хоол хийх гээд орноосоо босоод гутлаа өмсөх гэсэн боловч олдохгүй байсан. О.Б  ах гэрээс гарч яваад 30-40 минутын дараа ирэхдээ 1 шил архи авч ирсэн. Ингээд бид хоёр тэр архийг хувааж уучхаад ярилцаад сууж байтал уурлаад намайг түлхэж унагаагаад миний дээр гарч суугаад над уруу хутга бариад далайхад би хутганы ирнээс барьж аваад хутга барьсан гарыг мушгиж байхдаа амь авраарай, аллаа гэж зөндөө хашхирсан. Ингээд би нэг мэдэхэд О.Б  ахыг хутгалчихсан байсан” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Ж.Д  надтай утсаар ярихдаа бид хоёр хоорондоо аав, хүү хоёр шиг амьдардаг, хоорондоо таарч тохирдог гэж хэлж байсан”, шаардлагатай үед мөнгө хувцас хунарыг Ж.Д  над уруу яриад хэлдэг байсан. Би тэр дагуу нь мөнгө төгрөг шилжүүлж хувцас явуулдаг байсан. Энэ хүн хүнийг санаатай алсан учир хуулийн дагуу арга хэмжээгээ авах биз, уг хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 15-16 дахь тал/,

- Гэрч Ж.С-ын О.Б  их сайн хүн, Ж.Д д их дэм тустай хоорондоо хэрүүл уруул хийдэггүй, эв найртай байдаг байсан. Ж.Д  архи уухаараа дорхноо согтдог хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хэргийн 19 дахь тал/,

- Гэрч Д.А-рийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2-3 хоногийн өмнө би Ж.Д тай тааралдсан. Тэгэхэд “О.Б  өвгөнтэй архи уухаар намайг монжоод байх юм” гэж байсан. гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,

-Гэрч Д.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ж.Д  хэвтэрт орсноос хойш их уудаг, сүүлийн үед гэртээ их архи уудаг болсон” гэх мэдүүлэг /хэргийн 98 дугаар хуудас/,

-Гэрч Ю.Ү-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ер нь бол байнга л маргалддаг юм, тухайн өдөр маргалдсан юм байхгүй, намайг ороход зүгээр байсан. Ж.Д  орон дээрээ хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/,

-Гэрч К.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.Д  болон О.Б  нар архинаас болоод маргалддаг байсан. Ж.Д  надад бага хийлээ гэж О.Б  уруу агсарч байхад О.Б  юм хэлэлгүй унтаад өгдөг байсан” гэх мэдүүлэг / хэргийн 100 дахь тал/,
-2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-7 дахь тал/,
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-9 дахь тал/,
- 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр О.Б ийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хэргийн 10-12 дахь тал/,
- 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 13 дахь тал/,
- 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн О.Б ийн цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 25 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 103 дугаартай
1.Талийгаачийн биед уушигны гялтан хальс, доод дэлбэн хатгагдсан, чээжний хөндийд нэвтэрсэн шарх, өвдөг, шилбэнд зулгаралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно.
3.Талийгаач нь хурц цус алдалтын улмаас зүрх, судас амьсгалын дутагдлаар нас баржээ.
4.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5.Талийгаачийн цусанд 3,5 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолт болно.
6.Талийгаачийн цус нь В3 бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт /хэргийн 26-27 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8879 дугаартай дүгнэлт,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4895 дугаартай дүгнэлт /хэргийн 39-44 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 9455 дугаартай дүгнэлт /хэргийн 48 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 8973, 8974 дугаартай дүгнэлт /хэргийн 52 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4894 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 57-66 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 121 дэх тал/,
-Шүүх сэтгэц гэм судлалын
1.Ж.Д  нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй эрүүл байсан ба сэтгэцийн эмчийн хяналтад байдаггүй болно.
2.Ж.Д  нь гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн өвчнөөр өвдөөгүй болно.
3.Ж.Д  нь өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгож, үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай бөгөөд хэрэг хариуцах чадвартай болно” гэх магадалгаа /хэргийн 125 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Д  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн орчим .........  орцны подвалд хамт архи ууж байсан О.Б тай маргаж, түүний зүүн далны доод хэсэгт нэг удаа хутгалж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Д ы: “…2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ...би хоол хийх гээд орноосоо босоод гутлаа өмсөх гэсэн боловч олдохгүй байсан. О.Б  ах гэрээс гарч яваад 30-40 минутын дараа ирэхдээ 1 шил архи авч ирсэн. Ингээд бид хоёр тэр архийг хувааж уучхаад ярилцаад сууж байтал уурлаад намайг түлхэж унагаагаад миний дээр гарч суугаад над уруу хутга бариад далайхад би хутганы ирнээс барьж аваад хутга барьсан гарыг мушгиж байхдаа амь авраарай, аллаа гэж зөндөө хашхирсан. Ингээд би нэг мэдэхэд О.Б  ахыг хутгалчихсан байсан” гэж бусдыг санаатай алах болсон сэдэлт шалтгааныхаа талаар мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2015 оны 10 дүгээр сарын 22-ны өдрийн 8973,8974 дугаартай ” Хохирогч О.Б ийн гэх хувцаснууд дээр цус илэрсэн. Энэ нь В/III/ бүлгийн харьяалтай хүний цус байна. Хутган дээр цус илэрсэн. Энэ нь В/III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна” гэх, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 9455 дугаартай” Сэжигтэн Ж.Д ы гэх гарын арчдас дээр цус илэрсэн.Энэ нь В/III/ бүлгийн харьяалтай хүний цус байна” гэх дүгнэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.Д  нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад “...О.Б  ах архи уухаараа намайг дарамталж, зоддог, гэрт зарж мөнгө болох боломжтой зүйлийг зарчихдаг байсан. ...бид хоёр тэр архийг хувааж уучхаад ярилцаад сууж байтал уурлаад намайг түлхэж унагаагаад миний дээр гарч суугаад над уруу хутга бариад далайхад би хутганы ирнээс барж аваад хутга барьсан гарыг мушгисан” тухай мэдүүлсэн байх ба хохирогч О.Б ийн зүгээс шүүгдэгч Ж.Д ыг дарамтлах, зодох зэргээр түүний санаа сэтгэлийг цочрон давчдуулах ажиллагааг эхэлж үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Хүнийг санаатай алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж бол гэм буруутай этгээдийн үйлдэл нь хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгаант холбоотой байхыг шаарддаг бөгөөд Ж.Д  хохирогч О.Б ийн зүүн далны доод хэсэгт нэг удаа хутгалснаас талийгаачийн биед уушигний гялтан хальс, доод дэлбэн хатгагдсан, чээжний хөндийд нэвтэрсэн амь насанд нь аюултай хүнд гэмтэл учирч амь хохирсон нь Ж.Д ы үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Ж.Д ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар хорих ял оногдуулах үндэстэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Д  нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, одоо 52 настай, хоёр таягтай, хохирогч Н.Э гийн ”... уг хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” /хэргийн 15 дахь тал/ гэх мэдүүлэг зэргийг харгалзан хуульд заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хөх өнгийн футболк 1 ширхэг, чернилэн ягаан өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг, бор өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн трико 1 ширхэг, ягаан өнгийн оймс 1 хос, хар өнгийн цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн майк 1 ширхэг, хар саарал өнгийн судалтай майк 1 ширхэг, хар хөх өнгийн футволка 1 ширхэг, бор өнгийн өмд 1 ширхэг, улаан өнгийн дотоож 1 ширхэг, хар хөх өнгийн оймс 1 хос, цагаан гутал 1 хос, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн бичлэг /Сиди/ 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Д  нь энэ хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 139 /нэг зуун гучин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш  овогт Ж-ийн  Д ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Ш  овогт Ж-ийн  Д д 10 /арав/ жил, 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Д д оногдуулсан 10 /арав/ жил, 10 /арав/ хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Ж.Д ы энэ хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 139 /нэг зуун гучин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хохирогч нь ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хөх өнгийн футболк 1 ширхэг, чернилэн ягаан өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг, бор өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн трико 1 ширхэг, ягаан өнгийн оймс 1 хос, хар өнгийн цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн майк 1 ширхэг, хар саарал өнгийн судалтай майк 1 ширхэг, хар хөх өнгийн футволка 1 ширхэг, бор өнгийн өмд 1 ширхэг, улаан өнгийн дотоож 1 ширхэг, хар хөх өнгийн оймс 1 хос, цагаан гутал 1 хос, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн бичлэг /Сиди/ 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр үлдээсүгэй.

7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай. 

8.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

     
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ЭНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ

ШҮҮГЧ                                                  Г.ГЭРЭЛТ-ОД