Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2020/01738

 

2020 оны 06 сары 26 өдөр

                          181/ШШ2020/01738

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Р” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Х” ХХК/РД: /-д холбогдох,

 

1 290 000 000 төгрөгийг гаргуулах, газрыг гэрээнд зааснаар хүлээлгэн өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Газар ашиглах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 125 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Р” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р ХХК нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах 148005/009118642310587295 талбарын дугаартай 21,052 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн засаг даргын А/563 тоот захирамжийн дагуу эзэмшиж үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа болно.

Тус газрыг манай компани 2011 оны 6 дугаар сарын 21-ны өдрөөс 5 жилийн хугацаатайгаар, мөн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулан 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа болно.

Х ХХК нь 2014 оноос Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд Аса циркийн баруун талд байрлах газар дээр оффис болон орон сууцны цогцолбор барих барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Х ХХК-ийн зүгээс манай компанид 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хандсан бөгөөд оффис болон орон сууцны барилгын ажил эхлүүлэхтэй холбогдуулан барилгын ажил хэвийн явагдахад Р ХХК-ийн эзэмшлийн газрыг ашиглах, газар дээр байрлах зам талбайг дайран өнгөрөх шаардлагатай байх тул газар ашиглах, түрээслэх гэрээ байгуулах саналыг гаргасан. Мөн манай компанийн эзэмшлийн зам талбай, хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулахгүй байх, Х ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн түрээсэлж буй газарт аливаа эвдрэл гарсан тохиолдолд нөхөн сэргээлт хийж, хуучин байдалд нь оруулах баталгаа гаргасан учир 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Газар ашиглах гэрээ байгуулсан.

Тус газар ашиглах гэрээгээр Р ХХК нь өөрийн эзэмшлийн газар, тодорхой зам талбайгаар Х ХХК-ийн бетон цутгалтын автомашиныг нэвтрүүлэн оруулж, гаргах, тодорхой тохиролцсон газрыг ашиглуулах, Хорскинг инвесмент ХХК нь газар ашигласны хөлсөнд сар бүр 30,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон бөгөөд гэрээний хугацаа барилгын ажил дуусгавар болсноор дуусахаар тохиролцсон байдаг.

Х ХХК нь газар ашигласны төлбөрийг сар бүрийн 06-ны өдрийн дотор төлж байхаар гэрээгээр тохирсон бөгөөд хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Гэтэл Х ХХК нь гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2014 оны 7, 8, 9, 10 дугаар сарын газар ашигласны төлбөрт 120,000,000 төгрөгийг барьцааны 5,000,000 төгрөгийн хамт төлсөн бөгөөд 2014 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд газар ашигласны төлбөрөө төлөхгүй, төлбөрөө төлөх шаардлага тавьсан ч тодорхой хариу өгөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Түүнчлэн Х ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Газар эзэмших гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.4.7-д Барилгын ажил дууссаны дараагаар ашиглаж буй талбайг цэвэрлэх арга хэмжээг авах, 3.4.7.1-т Талбайн цэвэрлэгээний ажлыг хариуцан ажиллах цэвэрлэгээний баг байгуулах, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т Газрын хэвийн байдлыг алдагдуулахгүйгээр ашиглах, алдагдуулсан тохиолдолд засан янзалж хэвийн болгох зэрэг үүргийг хүлээсэн боловч гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, барилгын талбай цэвэрлэх баг гаргаагүй, барилгын талбай цэвэрлэх ажлыг хийгээгүй, мөн барилга угсралтын ажил гүйцэтгэхтэй холбогдуулан том оврын автомашины хөдөлгөөнөөс шалтгаалан газрын хэвийн байдал алдагдсан, зам гудамж эвдэрсэн, гэмтсэн нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Х ХХК-ийн барилгын ажил дуусаагүй, өнөөдрийг хүртэл барилгын ажлын дараах цэвэрлэгээ нөхөн сэргээлт хийгээгүй, барилгын ажилтай холбогдуулан барьсан хашааг буулгаагүй, манай компанийн эзэмшлийн газрыг гэрээнд заасан ёсоор хүлээлгэж өгөөгүй, өнөөдрийг хүртэл талуудыг хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмших гэрээ-нд заасан газрыг ашигласаар байгаа болно.

Р ХХК болон Х ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Газар ашиглах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-2.1.3-д заасан ашиглуулах газрын нэг сарын төлбөр болох 30,000,000 төгрөг болно. Энэхүү төлбөрийг сар бүрийн 06-ны өдрийн дотор ... төлнө гэж заасныг мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т Барилгын ажил дууссанаар гэрээний хугацаа дуусгавар болно... гэж заасны дагуу гэрээгээр хүлээсэн газар ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй.

Иймд Р ХХК болон Х ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Газар ашиглах гэрээ-ний дагуу 2014 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 сарыг хүртэлх хугацааны газар ашигласны төлбөрт сар бүрийн 30,000,000 төгрөг буюу газар ашигласны төлбөрөө төлөөгүй 43 сарын төлбөрт 1,290,000,000 төгрөгийг Х ХХК-аас гаргуулж, гэрээний дагуу шилжүүлсэн манай компанийн эзэмшлийн газрыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

Газар ашиглах гэрээг байгуулахдаа Р ХХК-ийн удирдлагууд нь хууль зүйн мэдлэггүйн улмаас Газрын тухай хуульд заасан зөвшөөрлийг аваагүй боловч Х ХХК манай газрыг ашиглаж байгаа нь үнэн, сарын төлбөрийг 30,000,000 төгрөгөөр тохирсон нь үнэн тул төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Гэрээ хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Манай “Р” ХХК нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах нэгж талбарын 148005/009118642310587295 дугаар бүхий 21052 м.кв газрыг “цирк, автомашины зогсоол”-ын зориулалтаар эзэмшдэг. 2014 онд “Х” ХХК-ийн удаа дараагийн хүсэлтийг үндэслэн тус компанитай 2014 оны 06 сарын 26-ны өдөр “Газар ашиглах гэрээ”/цаашид “гэрээ” гэх/ байгуулсан.

Гэрээний 1.1-т “Энэхүү гэрээний зорилго нь А тал нь өөрийн эзэмшлийн тодорхой зам талбайгаар “Б” талын бетон цутгалтын помп машиныг нэвтрүүлж оруулж, гаргах, мөн гэрээгээр тохиролцсон газрыг ашиглуулах, Газар ашиглагч нь холбогдох үнэ хөлсийг төлөхтэй холбогдон Талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж заасан.

Мөн гэрээний 4.2-т “... ашиглуулах газрын нэг сарын нийт төлбөр болох 30,000,000/гучин сая/ төгрөг болно. Энэхүү төлбөрийг cap бүрийн 06 өдрийн дотор А талын ... дансанд шилжүүлэн төлнө” гэж тохиролцсон.

“Р” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, гэрээгээр тохиролцсон газрыг “Х” ХХК-д ашиглуулсан.

“Х” ХХК нь гэрээ байгуулагдсанаас дараа 2014 оны 7, 8, 9, 10 дугаар сарын/эхний 4 cap/ газар ашигласны төлбөр болох нийт 120,000,000 төгрөгийг төлсөн. Харин 2014 оны 11 дүгээр сараас хойш газар ашигласны төлбөрөө огт төлөөгүй.

Гэрээний 5.3-т “Гэрээний хугацаа: Барилгын ажил дууссанаар гэрээний хугацаа дуусгавар болох бөгөөд гэрээний эцсийн хугацаа 2014 оны 12 сарын 31 өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хугацаа дууссан тохиолдолд талууд харилцан тохиролцож хугацааг сунгаж болно.” гэж заасан. Гэрээний эцсийн хугацаа дуусахад талууд хугацааны талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй. Гэсэн хэдий ч “Х” ХХК нь “Р” ХХК-ийн газрыг ашигласан хэвээр байсан.

Тодруулбал, 2014 оны 4 сарын 02-ны өдрийн “Газар түрээслэх тухай хүсэлт”-д дурдсанаар, “Х” ХХК нь 2014 онд Сүхбаатар дүүргийн 2-р хороонд АСА циркийн баруун талд байрлах газар дээр “Horse king International Building” нэртэй оффис, орон сууцны цогцолбор барихаар бэлтгэл ажлаа хангаж, гүйцэтгэгч компаниа оруулахаар бэлдсэн байдаг. Барилгын ажил хийхэд талбайн хэмжээ багадаж байгаагаас шалтгаалан танай талтай зайлшгүй зөвшилцөн шийдэх асуудал үүсээд байна” хэмээн гэрээ байгуулах санал тавьсан.

Ингээд 2014 оны 06 сарын 26-ны өдөр “Газар ашиглах гэрээ” байгуулж, гэрээгээр дараах зүйлсийг тохиролцсон. Үүнд:

2.1 Б тал өөрийн барьж гүйцэтгэж буй барилга угсралтын ажлын аюулгүй байдлыг хангах, өөрийн барилга угсралтын ажилд зайлшгүй шаардлагатай машиныг оруулж гаргах зорилгоор А талын эзэмшлийн газраас дараахь газрыг энэхүү гэрээнд заасан нөхцөлийн дагуу ашиглана. Үүнд:

2.1.1. Б тал өөрийн хийж гүйцэтгэж буй барилгын суурийн ажпын хүрээнд ухсан нүхнээс 1 м-ийн зайтай хашаа барих шаардлагын улмаас өөрийн эзэмшлийн газрын зүүн талд байрлах А талын эзэмшлийн газраас 1 м-ийн өргөнтэй нийт 74 м.кв талбай бүхий газрыг 1 сарын хугацаатай ашиглах,

2.1.2. Б тал нь өргөх буулгах лифт байрлуулах зорилгоор өөрийн эзэмшлийн газрын зүүн талд байрлах А талын эзэмшлийн газраас 70 м.кв талбай бүхий газрыг 2.1.1-д заасан хугацаа дууссанаас хойш ашиглах,

2.1.3. Б тал нь бетон цутгалтын помп болон зуурмагийн машиныг 7 хоногт 2-3 удаа шөнийн цагаар Талуудын тохиролцсон маршрутын дагуу оруулж, зогсоож, гаргах зорилгоор А талын эзэмшлийн зам талбайг ашиглана.

“Х” ХХК нь гэрээний 2.1.1-2.1.2-т зааснаар ашиглахаар тохиролцсон газраа тойруулан цэнхэр өнгийн хашаа барьсан. Уг цэнхэр хашаагаа 2019 оны 9 сард хашаагаа буулгасан. Цэнхэр хашааг буулгах хүртэл хашаалсан газрыг “Х” ХХК өөрийн мэдэлдээ байлгаж ашигласан. Хашаагаа буулгахдаа гэрээний 3.4.5-д заасан “Газрыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу ашиглаж дууссаны дараа хэвийн байдлаар хүлээлгэн өгөх”, 3.4.7-д заасан “Барилга /бетон цутгалт/-ын ажил дууссаны дараагаар ашиглаж буй талбайг цэвэрлэх арга хэмжээг авах. Үүнд:” 3.4.7.1. талбайн цэвэрлэгээний ажлыг хариуцан ажиллах цэвэрлэгээний ажлын баг байгуулах; 3.4.7.2. Цэвэрлэгээг хурдан шуурхай хийж, талбайг усаар сайн угаах; 3.4.7.3 А талын эрх бүхий этгээдэд тухайн цэвэрлэсэн талбайг шалгуулах;” зэрэг үүргээ биелүүлээгүй.

Мөн “Х” ХХК нь газрыг ашиглах явцдаа гэрээгээр тохиролцсон 70 м.кв газрыг 165 м.кв-аар нэмэгдүүлэн нийт 235 м.кв газрыг хашаалж, 165 м.кв газрыг хууль бусаар газар ашигласан зөрчил гаргасан байна.

Энэхүү Газар ашиглах гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Хэдийгээр Газар ашиглах гэрээний 5.3-т гэрээний эцсийн хугацаа 2014 оны 12 сарын 31 өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан боловч уг хугацаа дуусахад “Х” ХХК нь “Р” ХХК-ийн газрыг үргэлжлүүлэн ашигласаар байсан тул Газар ашиглах гэрээг Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-т заасны дагуу тодорхой бус хугацаагаар, тухайн нөхцөлөөр сунгагдсанд тооцох үндэстэй юм.

Манай “Р” ХХК нь “барилгын ажил хийхэд талбайн хэмжээ багадаж байгаа...” гэх “Х” ХХК-ийн нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж, барилгын ажил явуулахад зайлшгүй шаардлагатай талбайг өөрийн эзэмшлийн газраас ашиглуулсан нь үнэн.

Гэтэл хариуцагч “Х” ХХК нь өдий олон жил манай газрыг ашиглахдаа гэрээгээр тохиролцсон үнэ хөлс төлөхгүй явж ирсэнд гомдолтой байна.

Иймд 2014 оны 11 сараас шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2018 оны 8 сарыг хүртэлх нийт 43 сарын газар ашиглуулсны хөлсийг гэрээгээр тохиролцсон сарын 30,000,000/гучин сая/ төгрөгөөр тооцон 1,290,000,000/нэг тэрбум хоёр зуун ерэн сая/ төгрөгийг “Х” ХХК-иас гаргуулж өгнө үү. Мөн “Х” ХХК нь ашигласан газраа тойруулан барьсан цэнхэр хашаагаа 2019 оны 9 сард буулгасан гэх боловч гэрээнийн 3.7-д заасан ёсоор хүлээлгэж өгөөгүй байгаа тул газрыг зохих ёсоор/гэрээнд зааснаар/ хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2 шаардлага байгаа. 1. Гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2. 125,000,000 төгрөгөө буцааж гаргуулах. Хариуцагч тал Иргэний хуулийн зохицуулалтуудаа мэдээд байна. Тухайлбал Иргэний хуулийн 56.1.8, 56.5-т зааснаар өгсөн авснаа буцаах ёстой. Гэрээ хүчин төгөлдөр бус бол буцаах боломжгүй үнийг нь төлөх ёстой гэсэн зүйлийг яриад байна. Үнийг нь төлөх ёстой гэдгээ мэдээд байгаа хэрнээ өөрсдийнхөө ашигласан газрын үнийг яагаад төлөхгүй гээд маргаад байгаа юм үүнийг ойлгохгүй байна. Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулахад тодорхой хэмжээгээр тухайн байгууллага буюу иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж зөрчигдсөн байх ёстой. “Х” ХХК-ийн эрх ашиг сонирхол яаж хөндөгдсөн юм, яаж зөрчигдсөн юм харин ч анх тохиролцсоноос илүү хэмжээгээр газрыг ашигласан. Бид нар зөвхөн нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацааны 43,000,000 төгрөгийн төлбөрийг шаардаж байхад хариуцагч компани 2019 он хүртэл газрыг үнэ төлбөргүй ашигласан байгаа шүү дээ. Энэ нөхцөл байдлаа хариуцагч тал ойлгохгүй байгаа. Зайлшгүй танайхтай тохиролцох зүйл байна гэж хүсэлт тавьж орж ирчихээд одоо болохоор бид нарыг хууль зөрчсөн, мөнгө төлөхгүй гээд тайлбар гаргаад байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэв.

 

Нэхэмжлэгч “Роял плаза” ХХК-ийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал хариуцагч талтай 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2014 оны 11 сараас 2018 оны 05 сар хүртэл 43 сарын төлбөрт 1,290,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагч “Х” ХХК-ийн барилгын ажил 2014 оны 04 сард эхэлсэн байдаг. Хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэгч “Р” ХХК-ийн газрыг ашиглахгүйгээр барилгыг барих ямар ч боломжгүй. Үүнтэй холбоотойгоор Газар ашиглах гэрээ байгуулах саналыг хариуцагч тал гаргасан. Мөн Газар ашиглах гэрээний хөлсөнд хариуцагч тал сар бүр 30,000,000 төгрөгийг төлье гэсэн хүсэлтийг гаргасан. Хариуцагч талын гаргасан санал хүсэлтийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн байгаа. Нэхэмжлэгч талын хувьд гэрээгээ хүчин төгөлдөр гэж үзээд гэрээнийхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа энэ гэрээ Газрын тухай хууль зөрчсөн, энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарладаг. Гэрээний хүчин төгөлдөр байдлыг шүүх өөрөө дүгнэх байх. Хэрвээ шүүх гэрээг хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэх юм бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой хуулийн зохицуулалтаар шийдвэрлэж өгөөч ээ гэсэн хүсэлттэй байна.” гэв.

 

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж “Роял плаза” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт манай “Х” ХХК нь хариуцагчаар оролцож байгаа болно.

Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн 2018 оны 08 сарын 27-ны өдөр гаргасан 1,290,000,000/нэг тэрбум хоёр зуун ерөн сая/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч “Х" ХХК нь 2018 оны 09 сарын 04-ний өдөр гардан авч, хуульд заасан хугацааны дотор нэхэмжпэлийн хариу тайлбарыг ийнхүү бичгээр гаргаж байна.

Манай компани нь нэхэмжлэгчтэй 2014 оны 06 сарын 26-ны өдөр “Газар ашиглах гэрээ“/цаашид “Гэрээ” гэх/-г байгуулж, тус гэрээний дагуу нэхэмжлэгчийн эзэмшлийн 70 м.кв талбай бүхий газар/цаашид “Газар” гэх/-ыг 2014 оны 06 сарын 26-ны өдрөөс 2014 оны 12 сарын 31-ний өдөр хүртлэх хугацаанд ашиглан үүний хариу төлбөрт нэг cap тутамд 30,000,000/гучин сая/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Бидний зүгээс 2014 оны 7, 8, 9, 10 дугаар сард газар ашигласны төлбөрт 120,000,000/нэг зуун хорин сая/ төгрөг, барьцаа төлбөрт 5,000,000/таван сая/ төгрөг, нийт 125,000,000/нэг зуун хорин таван сая/ төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд 2014 оны 11 сарын 20-ны өдрийн №130 дугаар бүхий мэдэгдэлд “... “Х” ХХК-ийн 2014 оны барилгын ажил 10 сарын 28-ны өдөр дууссан тул 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан “Газар ашиглах гэрээ”-г 2014 оны 10 дугаар сараар дуусгавар болгох хүсэлтээ энэхүү албан бичгээр хүргүүлж байгааг хүлээн авна уу...” гэж гэрээг дуусгавар болгох хүсэлтэй байгаа тухайгаа тодорхой дурдаж нэхэмжлэгчид мэдэгдсэн. Бид дээрх 2014 оны 11 сарын 20-ны өдрийн №130 дугаар бүхий мэдэгдлээс гадна хэд хэдэн удаа гэрээ цуцлагдсан талаарх мэдэгдэл, албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан болно.

Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт: “...Гэрээний хугацаа: Барилгын ажил дуусснаар гэрээний хугацаа дуусгавар болох бөгөөд гэрээний эцсийн хугацаа 2014 оны 12 сарын 31 өдөр хүртэл хүчин төгөлдөр үилчилнэ ...” гэж заасан.

Хариуцагчаас 2014 оны 11 сарын 20-ны өдрийн №130 дугаар бүхий мэдэгдлээр гэрээг дуусгавар болгох тухай хүсэлтээ нэхэмжлэгчид бичгээр хангалттай, тодорхой илэрхийлсэн бөгөөд гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээ 2014 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болсон болно. Үүнээс хойш нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрээний хугацааг сунгах буюу гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар нэг ч удаа харилцан тохиролцоогүй тул гэрээний хугацаа дуусгавар болсноор гэрээ дуусгавар болсон байдаг.

Тиймээс дуусгавар болсон гэрээг үндэслэн газрын төлбөрт 1,290,000,000/нэг тэрбум хоёр зуун ерөн сая/ төгрөг нэхэмжилж буй нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зевшөөрч байна. Хариуцагч нь 2014 онд гэрээ дуусгавар болсноос хойш холбогдох баримт бичиг, акт үйлдэн газрыг хүлээлгэж өгөхөөр удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдэж байсан хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс газраа хүлээн авалгүй өнөөдрийг хүрч, газрын төлбөрт 1,290,000,000/нэг тэрбум хоёр зуун ерөн сая/ төгрөг нэхэмжилж буй нь ёс зүйгүй үйлдэл юм.

Хариуцагч нь дээр дурдсанчлан нэхэмжлэгчид газар ашигласны төлбөрт 1,290,000,000/нэг тэрбум хоёр зуун ерөн сая/ төгрөг төлөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд манай компанийн хувьцаа эзэмшигчээс нэхэмжлэгч “Р” ХХК буюу түүний 100 хувийн хувьцаа эзэмшигчид 100,000/нэг зуун мянган/ ам.долларын зээл олгосон байдаг.

Нэхэмжлэгч буюу газар эзэмшигч “Р” ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр өөрийн эзэмшлийн газрыг бусдад ашиглуулах эрхтэй. Гэтэл “Р” ХХК нь өөрт нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан эрх бүхий этгээд болох Сүхбаатар дүүргийн засаг даргын зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулан газраа ашиглуулсан нь хууль бус байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид газар ашигласны төлбөрт 1,290,000,000/нэг тэрбум хоёр зуун ерэн сая/ төгрөг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул “Р” ХХК-ийн гаргасан 1,290,000,000/нэг тэрбум хоёр зуун ерэн сая/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, газар ашигласны төлбөрт 1,290,000,000/нэг тэрбум хоёр зуун ерэн сая/ төгрөг гаргуулах тухай хэрэгт манай “Х” ХХК нь хариуцагчаар оролцож байгаа ба дараах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Манай компани нь 2014 оны 06 сарын 26-ны өдөр “Р” ХХК-тай “Газар ашиглах гэрээ”/хх-1, 11-14-р тал/-г байгуулж, тус гэрээний дагуу “Р” ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг манай компанид 2014 оны 10 сарыг дуустал ашиглуулсан.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт “... газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно ...” гэж заасан байна.

Харин “Р” ХХК нь 2014 оны 06 сарын 26-ны өдрийн “Газар ашиглах гэрээ” байгуулахдаа өөрт нь газар эзэмшүүлэх асуудлаар шийдвэр гаргасан тухайн шатны Засаг даргаас зөвшөөрөл аваагүй байгаа нь Газрын тухай хуулийг зөрчсөн байна.

Ийнхүү 2014 оны 06 сарын 26-ны өдөр байгуулагдсан “Газар ашиглах гэрээ” нь Газрын тухай хуулийг зөрчсөн, Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 55.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Иймд 2014 оны 06 сарын 26-ны өдөр байгуулагдсан “Газар ашиглах гэрээ”-г хүчин төгөлдөp бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: “Хариуцагч “Х” ХХК нь 2018 оны 12 сарын 19-ний өдөр тус шүүхэд 2014 оны 06 сарын 26-ны өдрийн “Газар ашиглах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд тус сөрег нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна.

Нэхэмжлэгч “Р” ХХК нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсгийг зөрчиж, 2014 оны 06 сарын 26-ны өдөр “Газар ашиглах гэрээ” байгуулсан тул тус гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлсээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Тиймээс “Х” ХХК нь тус гэрээний дагуу “Р” ХХК-д 2014 оны VII-X сарын газар ашигласны төлбөрт төлсөн 120,000,000/нэг зуун хорин сая/ төгрөг, барьцаа төлбөрт төлсөн 5,000,000/таван сая/ төгрөг, нийт 125,000,000/нэг зуун хорин сая/ төгрөгийг Р” ХХК-иас нэхэмжилж байна.

2014 оны 06 сарын 26-ны өдрийн “Газар ашиглах гэрээ”-ний дагуу “Х” ХХК-иас “Р” ХХК-д төлсөн 125,000,000/нэг зуун хорин таван сая/ “Р” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь ийнхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэнтэй холбогдуулан “Х” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага дараах байдалтай болж байна. Үүнд:

2014 оны 06 сарын 26-ны өдөр байгуулагдсан “Газар ашиглах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай,

2014 оны 06 сарын 26-ны өдөр байгуулагдсан “Газар ашиглах гэрээ”-ний дагуу төлсөн 125,000,000/нэг зуун хорин таван сая/ төгрөгийг “Р” ХХК-иас гаргуулах тухай” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Р” ХХК хариуцагч “Хорсинг инвестмент” ХХК-д холбогдуулан 1 290 000 000/нэг тэрбум хоёр зуун ерэн сая/ төгрөгийг гаргуулах, газрыг гэрээнд зааснаар хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл, хариуцагч “Хорсинг инвестмент” ХХК нэхэмжлэгч “Р” ХХК-д холбогдуулан Газар ашиглах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 125 000 000/нэг зуун хорин таван сая/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

                                                                                                                                    

Хариуцагч “Хорсинг инвестмент” ХХК нь газрын төлбөрт 1 290 000 000/нэг тэрбум хоёр зуун ерөн сая/ төгрөг нэхэмжилж буй нь хууль зүйн үндэслэлгүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан эрх бүхий этгээд болох Сүхбаатар дүүргийн засаг даргын зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулан газраа ашиглуулсан нь хууль бус байна гэх тайлбар ирүүлсэн.

Нэхэмжлэгч “Р” ХХК нь “Х” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзэж байгаа учраас гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

 

2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одонтунгалагт 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одонтунгалаг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одонтунгалагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.           

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Газар ашиглах гэрээ байгуулсан болох нь Газар ашиглах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д “Энэ хуулиар ... шууд нэрлэгдээгүй боловч гэрээний ... өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ ...” гэж заасан.

 

Газар ашиглах гэрээний 1-ийн 1.1-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн тодорхой зам, талбайгаар хариуцагч талын бетон цутгалтын помп машиныг нэвтрүүлж, оруулж, гаргах, мөн гэрээгээр тохиролцсон газрыг ашиглуулах, хариуцагч нь холбогдох үнэ хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээний шинжтэй байх тул Нэрлэгдээгүй гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс нэгж талбарын 148005/0091 18642310587295 дугаар бүхий 21052/хорин нэгэн мянга тавин хоёр/ метр квадрат талбайтай газрыг газар эзэмших эрхтэйгээр эзэмшиж байгаа болох нь 0231480 дугаар Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний болон 000318692 дугаар Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

          Гэрээний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3-т зааснаар хариуцагч нь өөрийн хийж гүйцэтгэж буй барилгын суурийн ажлын хүрээнд ухсан нүхнээс 1/нэг/ метрийн зайтай хашаа барих шаардлагын улмаас өөрийн эзэмшлийн газрын зүүн талд байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас 1/нэг/ метрийн өргөнтэй нийт 74/далан дөрөв/ м.кв талбай бүхий газрыг 1/нэг/ сарын хугацаатай ашиглах, өргөх, буулгах лифт байрлуулах зорилгоор өөрийн эзэмшлийн газрын зүүн талд байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас 70/дал/ м.кв талбай бүхий газрыг 1/нэг/ сарын хугацаа дууссанаас хойш ашиглах, хариуцагч нь бетон цутгалтын помп болон зуурмагийн машиныг 7/долоо/ хоногт 2-3 удаа шөнийн цагаар талуудын тохиролцсон маршрутын дагуу оруулж, зогсоож, гаргах зорилгоор нэхэмжлэгчийн эзэмшлийн зам талбайг ашиглана гэж харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 4-ийн 4.2-т зааснаар зохигчид газрыг Гэрээний 2-ын 2.1.1, 2.1.2, 2.1.3-т зааснаар хэлбэрээр ашиглах нэг сарын төлбөрийг 30 000 000/гучин сая/ төгрөг байхаар харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

          Гэрээний 5-ын 5.3-д зааснаар зохигчид Гэрээний хугацааг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, хугацаа дууссан тохиолдолд харилцан тохиролцож хугацааг сунгахаар тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.  

 

Гэрээний 4-ийн 4.2-т зааснаар хариуцагч нь газар ашигласан 2014 оны 7, 8, 9, 10-р сарын төлбөрт нийт 120 000 000/4х30000000=120000000/ /нэг зуун хорин сая/ төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь Хаан банкны 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн, 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн, 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 2-ын 2.1.1-т зааснаар хариуцагч нь өөрийн эзэмшлийн газрын зүүн талд байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас 1/нэг/ метрийн өргөнтэй нийт 74/далан дөрөв/ м.кв талбай бүхий газрыг 1/нэг/ сарын хугацаатай ашиглахаар тохиролцсон байх боловч уг газрыг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ашиглаж байсан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээг 2014 оны 10 дугаар сараар дуусгавар болгох тухай мэдэгдлийг 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр [email protected] хаягаас нэхэмжлэгчийн ажилтны [email protected] хаягруу явуулсан байх боловч нэхэмжлэгчийн 74/далан дөрөв/ м.кв эзэмшил газрыг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ашиглаж байсан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Газар эзэмшигч дараахь эрхтэй:”, 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно.”, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:”, 56.1.8-д “... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид эзэмшил газрын зарим хэсгээ ашиглуулахдаа газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан Нийслэлийн Засаг даргын зөвшөөрлийг аваагүй байх тул Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.6 дахь заалт, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8 дахь заалтад зааснаар Гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч хариуцагч нь 74/далан дөрөв/ м.кв газрыг 2014 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл/нэхэмжлэгчийн нэхэмжилсэн/ үндэслэлгүйгээр ашигласнаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нэхэмжлэгчид төлөх байсан төлбөр буюу нэхэмжлэгчийн хувьд олох байсан орлогыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд ... үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;”, 493.1-т “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого ... бүх зүйл хамаарна.”, 493.6-д “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр ... олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс ... үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон ... орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх ... үүрэг хүлээнэ.” гэж заасан.

 

Гэрээний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3-т зааснаар хариуцагч нь газрыг 3/гурав/ хэлбэрээр ашиглахаар тохиролцож нэг сарын төлбөрт 30 000 000/гучин сая/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байх тул газрыг Гэрээний 2-ын 2.1.1-т заасан хэлбэрээр ашиглах нэг сарын төлбөрийг 10 000 000/30000000:3=10000000/ /арван сая/ төгрөг гэж үзэх үндэслэлтэй болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493.1, 493.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн хооронд үүссэн үүрэг хүчин төгөлдөр бус байх боловч хариуцагч нь 74/далан дөрөв/ м.кв газрыг 2014 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл 43/дөчин гурав/ сар үндэслэлгүйгээр ашигласнаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төлбөр буюу нэхэмжлэгчийн олох байсан орлогод хариуцагчаас 430 000 000/43х10000000=43000000/ /дөрвөн зуун гучин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан газрыг гэрээнд зааснаар хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Гэрээнд заасан нийт 144/74+70=144/ /нэг зуун дөчин дөрөв/ м.кв талбайтай газрыг ашигласан боловч буцааж өгөөгүй болох нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх ... үүрэгтэй.” гэж заасан.

 

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.6 дахь заалт, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493.1, 493.6 дахь хэсэгт зааснаар Гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч хариуцагч нь газрыг ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгч нь газар ашиглуулсны төлбөр буюу олох байсан орлогыг хариуцагчид буцааж өгөх үүрэггүй байх ба харин хариуцагч нь нэхэмжлэгчид 144/нэг зуун дөчин дөрөв/ м.кв талбайтай газрыг буцаан өгөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчид 144/нэг зуун дөчин дөрөв/ м.кв талбайтай газрыг нэхэмжлэгчид буцаан өгөхийг даалгаж, газрыг гэрээний 3-ын 3.7-д зааснаар хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь 144/нэг зуун дөчин дөрөв/ м.кв талбайтай газраас бусад газартай холбоотой маргаан үүссэн тохиолдолд тус маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Газар ашиглах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 125 000 000/нэг зуун хорин таван сая/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид эзэмшил газрын зарим хэсгээ ашиглуулахдаа газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан Нийслэлийн Засаг даргын зөвшөөрлийг аваагүй байх тул Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.6 дахь заалт, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8 дахь заалтад зааснаар Гэрээ хүчин төгөлдөр бус байх тул Гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлтэй.

 

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.6 дахь заалт, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493.1, 493.6 дахь хэсэгт зааснаар Гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч хариуцагч нь газрыг ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул хариуцагчийн газар ашигласан төлбөрт төлсөн 125 000 000/нэг зуун хорин таван сая/ төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй.

 

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас нийт 430 000 000/дөрвөн зуун гучин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож, үлдсэн 860 000 000/найман зуун жаран сая/ төгрөгийг гаргуулах, газрыг гэрээнд зааснаар хүлээлгэн өгөх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Газар ашиглах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч “Х” ХХК-д 144 метр квадрат талбайтай газрыг нэхэмжлэгч “Р” ХХК-д буцааж өгөхийг даалгаж, үлдсэн 125 000 000/нэг зуун хорин таван сая/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас нийт 430 000 000/дөрвөн зуун гучин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож, үлдсэн 860 000 000/найман зуун жаран сая/ төгрөгийг гаргуулах, газрыг гэрээнд зааснаар хүлээлгэн өгөх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Газар ашиглах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч “Х” ХХК-д 144 метр квадрат талбайтай газрыг нэхэмжлэгч “Р” ХХК-д буцааж өгөхийг даалгаж, үлдсэн 125 000 000/нэг зуун хорин таван сая/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “Р” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 6 748 350 төгрөгөөс 6 678 150 төгрөгийг, хариуцагч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 853 150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70 200 төгрөгийг, хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 307 950 төгрөгийг, шинжээчийн ажлын хөлсөд 340 340 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Р” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан хариуцагч “Х” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ