Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2020/01911

 

    2020          7          23  

 181/ШШ2020/01911

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “К” ХХК/РД: /-д холбогдох,

 

43 509 738 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Билэгт, хариуцагчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Taco ХХК хэв хашмалын үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд К ХХК 2018 оны 11 сарын 19-ний өдөр ТГ-18/11/013 тоот түрээсийн гэрээ байгуулан хамтран ажилласан болно.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан, түрээсийн төлбөрт 29,006,492 төгрөг, алданги 14,503,246 төгрөг, нийт 43,509,738 төгрөг гаргуулах. 29,006,492 төгрөг, нэг өдрийн алданги 87,019 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж үзэж 14,503,246 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Үлдэгдэл төлбөр болох гөгрөгийг К ХХК нь одоо болтол төлөөгүй байгаа тул 2019 оны 12 сарын 31-ний тооцоо нийлсэн актын дагуу К ХХК-иас 43,509,738 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

Хариуцагч “К” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Билэгт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд “К” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч “Т” ХХК нь “Түрээсийн гэрээ”-ний төлбөрт нийт 43,509,738/дөчин гурван сая таван зуун есөн мянга долоон зуун гучин найм/ төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Манай компани 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20 хоногийн хугацаатай “Т” ХХК-тай “Түрээсийн гэрээ” байгуулсан. Уг гэрээний хавсралт-1-д дурдагдсан бараа материалыг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч түрээсэлж 2018 оны 11 сарын 30-ны өдөр буцаан хүлээлгэн өгсөн. Гэрээний үндсэн хугацаанд хариуцагч хавсралт-2-т дурдагдсан бараа материалыг өгөөгүй. Хоёр тал гэрээг дахин сунгаагүй бөгөөд аман хэлцлээр тохиролцон бараа материал түрээсэлж хамтран ажиллаж ирсэн.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Энэ гэрээний дагуу бараа материалуудаа хүлээж авсан. Бараа материалуудаа хүлээж аваад буцаагаад 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэж өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, 02 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөг, 02 дугаар сарын 18-ны өдөр 469,090.91 мөнгө, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус гэрээнийхээ дагуу нийт төлбөрөө төлөөд дуусгасан. Мөн бараа материалуудаа хүлээлгэж өгсөн. Энэ гэрээний харилцаа ерөнхийдээ ингээд дуусгавар болсон. Дараа нь гэрээний сунгалтаа хийгээгүй, дахин гэрээ байгуулаагүй ба аман тохиролцоо хийгээд явсан байдаг. Энэ материалуудынхаа төлбөрийн төлөөгүй байгаа. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээ байгуулагдаагүй, гэрээний сунгалт хийгдээгүй учраас алданги болох 14,503,246 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Хариуцагч “К” ХХК-ийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Түрээсийн гэрээний үндсэн төлбөр 29,006,492 төгрөгийг хариуцагч тал хүлээнэ зөвшөөрч байгаа. Зөвхөн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гол үндэслэл нь Түрээсийн гэрээний 4.1-д гэрээний нийт төлбөр 22,954,250 төгрөг гэж заасан. Гэхдээ энэ гэрээний нэмэлт хавсралт 2-т 20,377,500 төгрөг гэж гэрээний нийт үнийг талууд тохиролцож 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлт хавсралт хоёрыг байгуулсан. Гэрээний дагуу 20,377,500 төгрөгийн хэмжээнд алданги тооцохоор байгаа. Гэтэл 2018 онд нийт 27,888,650 төгрөгийн барааг түрээслэн авсан. Энэ түрээслэн авсан бараагаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буцаагаад бүгдийн өгсөн. 2019 онд цувуулж авсаар байгаад нийт 24,594,933.64 мөнгөний барааг дахиж нэмэлтээр түрээсэлж авсан. Нэмэлтээр түрээсэлж авахдаа ямар ч Түрээсийн гэрээ байгуулаагүй. Амаар хийсэн түрээсийн гэрээгээр төлбөрийг авсан байдаг. Ийм учраас гэрээнд заасан алданги 232.7 дахь хэсэгт зааснаар дараагийн 24,000,000 төгрөг дээр шаардах эрхгүй болчихож байгаа юм. Өмнөх 20,000,000 төгрөгийн алдангид хариуцлага хүлээнэ гэж 232 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулсан. Гэхдээ энэ үнийн дүнгээс 13 сая гаруй төгрөгийг 2019 оны 02 сард төлчихсөн. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. Сүүлд 2020 оны 01 сард 10,000,000 төгрөгийг төлсөн. Ингээд нийт 23 сая гаруй төгрөгийг төлсөн байгаа. Өөрөөр хэлбэл 2018 оны Түрээсийн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Түрээсийн гэрээний төлбөр дээр акт тавигдсан 2,000,000 төгрөгийн төлөлтүүд байгаа. 2,000,000 төгрөгийн төлбөр дээр ямар ч алданги бодохгүй. Гэрээний хугацааны нэгэнт дууссан учраас нэмэлтээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд алдангийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл байхгүй. Ийм учраас алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.     

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч “Т” ХХК хариуцагч “К” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт 29 006 492/хорин есөн сая зургаан мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг, алдангид 14 503 246/арван дөрвөн сая таван зуун гурван мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөгийг, нийт 43 509 738/дөчин гурван сая таван зуун есөн мянга долоон зуун гучин найм/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “К” ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, алданги болох 14 503 246/арван дөрвөн сая таван зуун гурван мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

   

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ТГ-18/11/013 дугаар Түрээсийн гэрээ байгуулсан болох нь ТГ-18/11/013 дугаар Түрээсийн гэрээгээр тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад ... зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

         

          ТГ-18/11/013 дугаар Түрээсийн гэрээний 1-ийн 1, 4-ийн 4.1-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээний Хавсралт-1-т дурьдсан түрээсийн эд хөрөнгийг түр хугацаагаар эзэмшүүлэн ашиглуулахаар хариуцагчид шилжүүлэн өгөх, хариуцагч нь хүлээн авч гэрээнд заасан хугацаанд түрээслэн, түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээний шинжтэй байх тул Түрээсийн гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Гэрээний 1-ийн 1.1, 3-ын 3.1, 3.2, 4-ийн 4.1-т зааснаар хариуцагч нь Хавсралт-1-т заасан эд хөрөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 20/хорь/ хоног түрээслэж түрээсийн төлбөрт 22 954 250/хорин хоёр сая есөн зуун тавин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээ болон Хавсралт 1-1-р тогтоогдож байна.   

 

          Гэрээний 1-ийн 1.1, 3-ын 3.1, 3.2, 4-ийн 4.1, Хавсралт 1-1 болон Нэмэлт хавсралт 2-т зааснаар хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хэв хашмал, дотор булан, гадна булан, сапуд, труба түрээсээр ашигласан түрээсийн төлбөрт нэхэмжлэгчид 22 954 250/2576750+20377500=22954250/ /хорин хоёр сая есөн зуун тавин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээ, Хавсралт 1-1 болон Нэмэлт хавсралт-2, 2018 онд авсан хэв хашмалын тооцоогоор тогтоогдож байна.

 

          Гэрээний 4-ийн 4.1-т зааснаар хариуцагч нь түрээсийн төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн байх боловч тус түрээсийн төлбөрт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000/арван сая/ төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3 000 000/гурван сая/ төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 469 090/дөрвөн зуун жаран есөн мянга ер/ төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 10 000 000/арван сая/ төгрөгийг, нийт 23 469 090/10000000+3000000+469090+10000000=23469090/ /хорин гурван сая дөрвөн зуун жаран есөн мянга ер/ төгрөгийг төлсөн болох нь Гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2019 оны түрээсийн тооцооллын товчоо, 2018 онд авсан хэв хашмалын тооцоо, 2019 онд авсан хэв хашмалын тооцоогоор тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1-т “Хөлслөгч нь дараахь үүрэг хүлээнэ:”, 289 дүгээр зүйлийн 289.1.2-т “эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх;”, 318 дугаар зүйлийн 318.5-д “... түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.” гэж заасан.

 

          Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь түрээсийн төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн байх боловч хугацаа хэтрүүлэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр түрээсийн төлбөрийг төлж барагдуулан 2018 оны түрээсийн төлбөрт 514 840/23469090-22954250=514840/ /таван зуун арван дөрвөн мянга найман зуун дөч/ төгрөгийн илүү төлөлттэй болсон байна.

 

 Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 14 503 246/арван дөрвөн сая таван зуун гурван мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.

 

Зохигчид Гэрээний 8-ын 8.1-ийн б-д өрийн дүнгийн 0.3/тэг аравны гурав/ хувиар өдөр бүр алданги тооцохоор харилцан тохиролцсон болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Гэрээний 4-ийн 4.1, 8-ын 8.1-ийн б-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сар хүртэл, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл алдангийг тооцох үндэслэлтэй болох нь Гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2019 оны түрээсийн тооцооллын товчоо, 2018 онд авсан хэв хашмалын тооцоо, 2019 онд авсан хэв хашмалын тооцоогоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сар хүртэлх 57/тавин долоо/ өдрийн алдангид 3 925 134/22954250х0.3%=68862, 68862x57=3925134/ /гурван сая есөн зуун хорин таван мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл алдангид 4 742 580/9485160:2=4742580/ /дөрвөн сая долоон зуун дөчин хоёр мянга таван зуун ная/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 8 667 714/3925134+4742580=8667714/ /найман сая зургаан зуун жаран долоон мянга долоон зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 5 835 532/14503246-8667714=5835532/ /таван сая найман зуун гучин таван мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

          Хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хэв хашмал, дотор булан, тулаас түрээсээр ашигласан түрээсийн төлбөрт нэхэмжлэгчид 24 594 933/хорин дөрвөн сая таван зуун ерэн дөрвөн мянга есөн зуун гучин гурав/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2019 оны түрээсийн тооцооллын товчоо, 2019 онд авсан хэв хашмалын тооцоогоор тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-т “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно.” гэж заасан.

 

          Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хэв хашмал, дотор булан, тулаас түрээсээр ашигласаар байсан байх ба нэхэмжлэгч нь татгалзаагүй байх тул Гэрээг сунгасанд тооцно.

 

          Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нь түрээсийн төлбөрт 24 080 093/24594933-514840=24080093/ /хорин дөрвөн сая наян мянга ерэн гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Нэхэмжлэгч нь нэхэмжилсэн түрээсийн төлбөрт актын тооцоо буюу түрээсийн эд хөрөнгийг эвдсэн төлбөр 2 101 200/хоёр сая нэг зуун нэг мянга хоёр зуу/ төгрөг багтсан гэж маргаж байна.

 

          Гэрээний 6-ийн 6.1-ийн е-д “Түрээслэгч нь түрээслэн авсан эд зүйлсийг их хэмжээгээр ... эвдэж гэмтээсэн, алдсан тохиолдолд ... үнийг Хавсралт-1.3 тоо ширхэгээр ... 100% хохиролгүй болгоно.” гэжээ.

         

          Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т “Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол ... түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно.” гэж заасан.

 

          Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд 2 101 200/хоёр сая нэг зуун нэг мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь Гэрээний Хавсралт 1-2, Хавсралт 1-3, Хавсралт 1-4, 2018 оны түрээсийн актын тооцоогоор тогтоогдож байна.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.2, 296 дугаар зүйлийн 296.3, 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К” ХХК-иас нийт 34 849 007/24080093+2101200+8667714=34849007/ /гучин дөрвөн сая найман зуун дөчин есөн мянга долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, үлдсэн 8 660 731/43509738-34849007=8660731/ /найман сая зургаан зуун жаран мянга долоон зуун гучин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.2, 296 дугаар зүйлийн 296.3, 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К” ХХК-иас нийт 34 849 007/гучин дөрвөн сая найман зуун дөчин есөн мянга долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, үлдсэн 8 660 731/найман сая зургаан зуун жаран мянга долоон зуун гучин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375 498 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 332 195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.ХИШИГБАТ