Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 52

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Ц.Гансүлд /томилолт/,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Ей овогт Б.О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626012378 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү, дүүгийн хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, С-н 5-.... тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 3 сарын 01-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан Е овгийн Б.О /РД: ...../

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны 112-ын автобусны буудлын орчим согтуугаар иргэн Б.Д-г “том дуугарсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

 шүүгдэгч Б.О нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны 112-ын автобусны буудлын орчимд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн “том дуугарлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож Б.Д-д хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан Б.Д-ий өргөдөл /хх-ийн 4 х/

 

  1. Хохирогч Б.Д-ий гэрэл зураг /хх-ийн 9 х/

 

 3. Хохирогч Б.Д-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр манай 10 жилийн найз Хоохондой гэх залуу над руу утсаар яриад “өнөөдөр миний төрсөн өдөр болж байгаа, чи орой 20:00 цагт Баянхошууны Жанцан дээр GMG төв дээр хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдрийн орой 20:00 цаг орчимд Хоохондойгийн хэлсэн GMG нэртэй газар очиж Хоохондойтой уулзсан. Төрсөн өдөр тэмдэглэж байсан газарт түүний найзууд гээд 20 орчим хүн байсан. Бид 5-6 шил архи ууцгаасан байх. Мөн хүн бүр 1-2 шил пиво уусан. Ингээд орой 00:00-01:00 цагийн орчим төрсөн өдрийн баяр нь дуусаад би тэр баарнаас Хоохондойгийн найз Ундрах гэх залуутай хамт гараад Баянхошууны Жанцангийн орчим такси барих гээд зогсож байхад Хоохондойгийн төрсөн өдөр дээр байсан 4 залуу машинтай ирээд Ундрах бид хоёрыг дөхүүлээд өгье гэсэн. Ингээд бид 2 тэд нарын машинд суугаад явж байхад Ундрах тэр 4 залуугийн нэгэнтэй нь хамт Баянхошууны 112-н буудал дээр буугаад үлдсэн ба Ундрахыг буугаад яваад удаагүй байхад буюу бид хөдлөөгүй Баянхошууны 112-н буудал орчим машинтайгаа зогсож байхад машины урд сууж байсан Улака гэх /сүүлд нэрийг нь мэдсэн/ туранхай биетэй залуу нь над руу “чи ямар том дуутай юм бэ” гээд хэрүүл өдөөд байхаар нь би тэд нарт “за би ерөөсөө өөрөө явчихъя” гээд машинаас буугаад зам гарч байхад нөгөө машины урд суугаад надтай хэрүүл өдөөд байсан залуу нь миний араас ирээд “хоёулаа үзчихье” гээд хувцас хунараа тайлаад байсан. Тэгэхээр нь би тэрэнтэй нэг их юм яриагүй эргээд алхахад тэр залуу миний араас ирээд дагз руу цохиод газар унагаж байгаад л толгой түрийгүй гар хөлөөрөө зодсон. Тэгээд л тэд нар тэндээсээ яваад өгсөн. ...Хамт явсан 2 залуу нь хажууд зогсож байсан боловч намайг зодоогүй байх, зүгээр хажууд зогсоод байгаа харагдсан. ...Яг миний эд зүйлийг аваагүй. Цаг бол тасраад унасан байх, мөн гар утас халааснаас унасан байж магадгүй. Учир нь тэд нар гарнаас цаг тайлж аваагүй, халаас ухаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 х/

 

     4. Гэрч Г.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

                  “...2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр би сургуулийн найз болох Хоохондойтой утсаар ярьж байгаад түүний төрсөн өдөрт буюу Баянхошууны GMG төвийн бааранд 21:00-22:00 цагийн орчим очсон. Намайг Хоохондойгийн төрсөн өдөрт орохоор явж байхад мөн манай сургуулийн найз болох Улакатай /Б.Отгонбаатар/ таараад бид нар Хоохондойгийн төрсөн өдөрт нь орсон юм. Тухайн үед Хоохондойгийн төрсөн өдөрт 20 гаруй хүмүүс ирсэн ба манай ангийн хүүхдүүд ч тэнд байсан. Ингээд төрсөн өдөр шөнө 01:00-02:00 цагийн орчим тараад би гадаа гараад Сайнаа гэх зүс мэдэх залуугийн машинд суухад уг машинд Улака, Ундрал, Дөлгөөн, Оргил нар суусан ба бид нар Баянхошууны 112-ын автобусны буудлын орчим ирэхэд Оргил, Ундрал нар буугаад явсан. Тухайн үед Дөлгөөн гэх залуу ахын дүү нар одоо хаачих уу гэхэд Улака харихгүй юу гэхэд Д нь муу бацаан юу гээд байгаа юм, та нар Хоохондойгийн бацаанууд биз дээ гээд том дуугараад Улакатай маргалдаад эхэлсэн. Тэгээд уг хоёр хүн маргаж байгаад Дөлгөөн нь Улакаг буугаад ир гээд машинаас буучихаад машины шил хүчтэй цохиод хөөе чи буугаад ир гэхэд Улака тэгье гэж хэлээд машинаас буухаар нь Сайнаа гэх залуу бид хоёр мөн машинаас буусан. Машинаас буусан хойноо Дөлгөөнөө Улака 2 муудалцаж хэрэлдэж байгаад Дөлгөөн нь эхлээд Улакаг алгадаад авсан чинь Улака зөрүүлээд Дөлгөөний нүүр хавьцаа руу нь цохиж унагаад дээрээс нь гараараа цохиж байгаа харагдсан. Цааш юу болсныг бол мэдэхгүй байна. Би тэр зодоон нүдээнд огт оролцоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 х/

 

            5.Гэрч Б.У-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

             “...Оргил Соната-6 маркийн машинд суучихсан, дотор нь миний танихгүй 3-4 залуу суусан байгаа харагдсан. Ингээд Д бид 2 тэр машинд нь суугаад бөөнөөрөө Баянхошууны 112-ын буудал дээр ирээд Оргил бид 2 буугаад яваад өгсөн. Харин тэр Д гэх залуу нь "чи ёстой сайн залуу байна, чи яв, би эндээс явна” гээд үлдсэн. Тухайн үед Оргил бид нар тэгээд л салаад явсан. Намайг явахад лав тэр Дөлгөөн гэх залуу нь хэн нэгэнтэй маргалдаж муудсан зүйлгүй байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 х/

 

             6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12952 тоот дүгнэлтэд:

             а/ Дөлгөөний биед тархи доргилт, баруун чамархай, дээд уруулын дотор салстад шарх, нүүр, хүзүү, баруун өвдөгт зулгарал, хэлэнд цус хуралт үүсчээ.

            б/ Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

             в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             г/ Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө гэжээ. /хх-ийн 23 х/

 

             7. Гэрч Г.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

                “...Би сар, өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан цаг агаар дулаан байхад орой би өөрийн Соната-6 маркийн машинтай зогсож байхад Эрдүк ирээд намайг Жанцан дөхүүлээд өгөөч гээд гуйхаар нь би ойрхон юм чинь гээд хүргэж өгсөн. Тухайн үед Эрдүк “чи буцна биз дээ, би орчихоод л гараад ирье, түр хүлээж байгаач” гэж хэлчихээд Жанцангийн баар руу орсон. Эрдүк тэр баар руу орчихоод удаагүй гарч ирэхдээ 3-4 залуутай хамт гарч ирсэн. ... Машинд суусан хүмүүс бүгд л согтууруулах ундааны зүйл хэрэглээд дуу шуутай байсан. Тэд нар шуугилдаад явсан. Гэхдээ яг юу яриад байцгаасныг нь мэдэхгүй байна. Гэхдээ айхтар хэрүүл шуугиан машинд болоогүй. Би тэд нарыг 112-ын буудлын орчим буулгаад явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 58-59 х/

 

            8.Шинжээч Б.Ариунзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

                 “...Уг гэмтлүүд нь цохилт, уналт, багалзуурдах үед үүсэх ба олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэхдээ хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг нарийн тогтоох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 х/

 

            9. Шүүгдэгч Б.О-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

             “...Намайг мэддэг хүмүүс болон гэрийнхэн Улака гэж дууддаг. 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн орой би 10 жилийн найз болох Хоохондой гэх залуутай ярихад Хоохондой “миний төрсөн өдөр болж байна, Баянхошууны Жанцан дээр байдаг GMG төв дээр хүрээд ирсэн” гэсэн. Ингээд би тухайн өдрийн орой 21:00-22:00 цагийн орчим байх ганцаараа Хоохондойгийн хэлсэн газар нь очиход Баянхошууны Жанцан дээр байдаг GMG төвийн үүдэн дээр манай сургуулийн хүүхэд болох Ган-Эрдэнэ /бид нар бас Эрдүк гэж дууддаг/ таараад бид 2 хамт Хоохондойгийн төрсөн өдөр дээр нь орсон. Тухайн үед Эрдүк бид 2 Хоохондойгийн төрсөн өдөр дээр ороод байж байхад тэнд 20 гаруй хүмүүс байсан ба би тэнд жижиг хундагаар 3 удаа л байх архи уусан. ...Дөлгөөн нь машинд суучихаад над руу “ямар том бацаан бэ, чи Хоохондойгийн бацаан биз дээ, дуугүй байгаарай, гараад үзчих үү” гээд байхаар нь би түүнд тэгье гэж хэлээд бид 2 машинаас буусан. Дөлгөөн бид 2 машинаас буусан хойно би Дөлгөөн рүү “чи юу гээд байгаа юм” гэхэд Дөлгөөн эхлээд шууд гараараа миний нүүр рүү цохихоор нь би бултаад хальт миний шанаа руу цохьсон. Тэгэхээр нь би түүнийг зөрүүлээд нүүр рүү нь цохиход Дөлгөөн замын боржурт тээглээд унахаар нь би түүнийг гараараа 1-2 удаа нүүр болон цээж рүү нь цохьсон. Тэгээд л би тэндээс явсан. Ган-Эрдэнэ болон Сайнаа гэх хүмүүс бол зодоонд ерөөсөө оролцоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30, 31 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нь “хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэн нэгэн рүү дайрч давшлах, хэн нэгийг өдөж хоргоох, хэл амаар доромжлох зэрэг зүй бус үйлдэл гаргасан нь гэмт хэрэг гарах болсон сэдэлтийг төрүүлсэн байна, Б.О шинжээчийн дүгнэлт гаргуулсан бол түүний биед гэмтлийн зэрэг гарах байсныг үгүйсгэхгүй” гэсэн санал гаргасан. Үүнийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь; Б.О сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж мэдүүлсэн бөгөөд түүнийг шүүх эмнэлэгт үзүүлэх эрхийг нь хязгаарлахад нөлөөлсөн зүйл байхгүй байна.

Мөн Б.Дөлгөөн нь Б.О-г “ахын дүү, бацаан” гэх зэргээр хэлэн  машинаас буусны дараа Б.О араас нь бууж зориудаар олон нийтийн газар хүч хэрэглэж буюу нүүр рүү нь цохиж унагаагаад дээрээс нь 1-2 удаа цохиж байгаа үйлдэл нь танхайн гэмт хэргийн шинжтэй байна. 

          Иймд шүүгдэгч Б.О-г танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

           

           Шүүгдэгч Б.О нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан. Эрүүгийн хуулийн ерөнхий 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар /тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүй болно/ түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

          Хохирол төлбөрийн тухайд:

          Шүүгдэгч Б.Отгонбаатар нь хохирогч Б.Дөлгөөнд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 800.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 48 х, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 1 хуудас баримт/-аар тогтоогдсон ба хохирогч Б.Дөлгөөн цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул Б.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.О-т ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг  үйлдсэнийг хүндрүүлэн үзэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч Б.О нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хх-ийн 45х/, үйлдсэн  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх  шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.О-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Е овогт Б.О-г танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-н эдлэх 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  

 

 

4. Б.О-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Отгонбаатарт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 (нэг) жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ