| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0514/Э |
| Дугаар | 606 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | м.Энхбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 606
500/151/0032/Э
2020 05 14 2020/ДШМ/606
Г.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Энхбаатар,
хохирогч Ц.Д-ын өмгөөлөгч Ц.Батбаяр,
яллагдагч Г.А-,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/490 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Г.А-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2011001790123 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А-, 1986 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: /,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
Г.А- нь согтуугаар 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 82 дугаар гудамжны 971 тоотод буюу өөрийн гэртээ иргэн Ц.Д-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлыг тогтоох нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, хохирогчийн өмгөөлөгчийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан санал, хүсэлтийг шүүх хүлээн авч, хохирогчийн биед учирсан хохирол бодитой тогтоогдсон эсэх, хохирогч нь 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр эмнэлэгт хэвтэн 31-ний өдөр хагалгаанд орсон. Хагалгаанд ороод гэмтсэн хэсэг буюу баруун нүдний ухархайн дотор хана нөхөх хагалгаа хийлгэж, баруун нүдний ухархайд имплант суулгуулсан. Энэ талаар хавтас хэрэгт дурдагдаагүй, дүгнэлтэд тусгагдаагүй. Имплант суулгасан нь ямар нэгэн байдлаар гэмтлийн зэрэгт нөлөөлөх боломжтой эсэх талаар дурдагдаагүй, мөн гэрчээр хагалгаа хийсэн эмч н.Төмөрбаатарыг гэрчээр асуулгах, мөн бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах, гэмтлийн зэрэгт имплант нөлөөлөх эсэх талаар дүгнэлт гаргуулах, хэрэгт өвчтөний түүх авагдаагүй зэрэг нь хэргийн бодит байдалд нөлөөлж болзошгүй гэх үндэслэлээр Г.А-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Яллагдагч Г.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй гэсэн байна. Миний хувьд хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, нүдний ухархайд имплант суулгасан нь гэмтлийн зэрэгт нөлөөлөх эсэхийг тогтоох шаардлагатай гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчийн биед үүссэн гэмтэлд шүүх эмнэлгийн шинжээч эмч үзлэг хийж, нүдний ухархайд цөмрөлт үүссэнийг гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Иймд дахин шинжээчийн томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Нүдний ухархайд имплант суулгахад гэмтлийн зэрэгт нөлөөлөх эсэхийг шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулсан дүгнэлтээ тайлбарлуулах замаар тогтоох боломжтой. Нөгөө талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзвэл хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүхээс шинжээч томилох боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан. Гэтэл хавтас хэрэгт авагдаагүй нотлох баримтыг шалгуулахаар хэргийг прокурорт буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ц.Д-ын өмгөөлөгч Ц.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан учир захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. Мөн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан шинжээчээс мэдүүлэг авсан нь хэрэгт авагдсан байгаа. Тэрээр “...Ц.Д-ын биед учирсан гэмтлийн зэрэгт нүдний хагалгаанд орсон нь нөлөөлөхгүй, хугарлыг засах мэс ажилбарын дараа нүдний хараа хэвийн болно. ...” гэж мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.
Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул яллагдагчийн гомдлыг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/490 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.А-д холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН