Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 31

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Иргэн О.О-ын нэхэмжлэлтэй ОАГХБХБГ-т холбогдох “Наран багийн 40 айлын 4.... тоот газарт орц, гарц гаргуулах шийдвэр гаргахыг ОАГХБХБГ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Наран багийн 40 айлын ..... тоот хашаа байшинг 2014 оны 03 дугаар сард худалдаж авсан. Худалдаж авахад байгууллагын хаалгаар орж гардаг хаалгатай байсан. Тухайн үед би замд ойрхон бэлэн хашаа байшин гэж бодоод авсан. Харин тухайн байшинд орсноос хойш дамжиж гардаг байгууллагын эзэд нь дургүйцэж эхэлсэн. Манай газрын 4 талд нь 4 айл байдаг учраас байгууллагын хашаагаар дамжиж орж, гарна эсвэл хойшоогоо 3 айл дамжиж байж төв зам руугаа гардаг. 2016 оны 05 дугаар сард Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт энэ талаараа өргөдөл өгсөн боловч Болдбаяр гэдэг хүн энэ асуудлыг шийдэх боломжгүй гэсэн. Би тухайн байгууллагатайгаа хэл ам хийгээд явдаг байсан боловч 2016 оны 11 дүгээр сард манай хаалгыг гаднаас нь 2 төмөр тавин гагнасан учраас ямар ч гарах боломжгүй болоод хойд 2 айлын 3 хашаа дамжиж явганаар гардаг. Анх тухайн газрыг худалдаж авахад машин тэрэг орж гарах орц гарц байдаг байсан. Жилдээ нэг удаа түлээ нүүрс буулгахдаа тухайн байгууллагаас гуйгаад буулгадаг байсан. Одоо түлээ нүүрс ч буулгах боломжгүй болоод 2016 оны 12 дугаар сарын 26-нд Орхон аймгийн Засаг даргад цахим хэлбэрээр өргөдөл гаргасан. Мөн ялгаагүй шийдвэрлэх боломжгүй гэсэн учраас шүүхэд хандаж байна. Судалж үзэхэд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Монгол Улсын Галын Аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т Барилга байгууламж, гэр хорооллыг гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбайтай, гал түймэр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөнө. гэсэн заалтыг зөрчөөд орц, гарцгүй газарт гэрчилгээ олгосон байна. Энэ нь кадастрын зураг ба кадастрын зураглалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар кадастрын зураглалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийнэ гэсэн заалтыг зөрчиж миний чөлөөтэй зорчих, галт түймэр гарсан үед амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах, цаашдаа эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг минь хязгаарласан. Манайх машин тэрэг оруулах гэхээр боломжгүй. ТҮЦ ажиллуулах гээд худалдаж авсан боловч тавих талбайгүй улмаас өөр айлын газар тавиад алдсан байгаа. Тиймээс Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг тухайн зөрчлөө арилгаж орц гарцтай болгож өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О нь Наран багийн 40 айлын ..... тоот хашааг 2017 оны 08 дугаар сард өмчилж авсан байдаг. Одоогоор өөрөө тэр газар амьдардаггүй. Бид нар газар дээр нь очиж хэмжилт хийх гээд очиход түрээсэлж байгаа 2 залуу байсан. Орц гарцгүй юм болов уу гээд очиход хойшоо нэг айлын хашаагаар дамжаад гардаг гэсэн. Танай наад талд Ж гэдэг хүн өргөтгөл хийж байгаа учраас аюулгүй байдлаа бодоод танай хаалгыг хаасан байсан. Анх тэр 40 айлын орон сууц байсан. Хашаа бариагүй байсан. Сүүлд хүмүүс хувьдаа өмчилж аваад тус тусдаа хашаа барьсан. Өөрийн чинь гарц, орцыг шууд хаасан зүйл байхгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй юм. О.О нь ТҮЦ ажиллуулах боломжгүй, айлуудын дунд байдаг. гэв.

Хэргийн оролцогчид эвлэрлийн гэрээндээ: Иргэн О.О-ын нэхэмжлэлийн дагуу орц, гарцыг гаргахаар харилцан тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн О.О-ын нэхэмжлэлтэй ОАГХБХБГ-т холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,119/2017/0028/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч О.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА