Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 356

 

Т.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Т.М, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0415 дугаар магадлалтай, Т.М-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны  өдрийн 27 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 54 дүгээр зүйлийн 54.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.М-ийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.М-ийн Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

3. Нэхэмжлэгч Т.М-ийн ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0415 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтын дугаарыг 3, 5 дахь заалтын дугаарыг 4 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх дараах хууль зүйн үндэслэл байгаа тул энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

Хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай тушаалууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч миний Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон хөдөлмөрлөх, цалин хөлс авах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох зэрэг эрхийг хөндсөн, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан шинжээрээ сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарч байгаа юм.

Хариуцагч дээр дурдсан хоёр захиргааны акт болох тушаалуудынхаа хууль зүйн үндэслэлийг үндэстэй гэж шүүхэд тайлбар гаргаж маргасан ба анхан ба давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн хэрэгт болон шүүх хуралдаанд тайлбарласан тайлбаруудыг үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл дээрх 2 тушаал нь дараах хууль зүйн үндэслэлээр хууль бус болох нь нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Нэхэмжлэгч миний бие нь төрийн жинхэнэ албан хаагч байсан ба Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшсэн шалгалтад тэнцэж, Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтэн хэмээх албан тушаалд томилогдсон. Энэ тушаалаас хойш миний албан тушаал эрхлэхийг түр түдгэлзүүлснээс өөрөөр төрийн жинхэнэ албанаас халах, хөдөлмөрийн харилцааг ямар нэг хэлбэрээр дуусгавар болгосон шинжтэй эрхийн акт огт гараагүй болох нь хэрэгт байгаа бүхий л баримтаар тогтоогддог.

Энэ 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш ажлаас халагдах буюу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч миний ажил албан тушаал нь тухайн хэлтэстээ өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтэн болж өөрчлөгдсөн нь миний тайлбар болон гэрчийн мэдүүлэг ажлын төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, хариуцагчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаартай тушаал зэргээр тус тус нотлогдож байна.

Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь 2016 оны сонгуулийн үр дүнгээр Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөгдсөн нь нийтэд илэрхий баримт тул маргах зүйлгүй. Харин хэдийгээр ингэж өөрчлөгдсөн ч гэсэн нийгэмд үйлчлэх үйл ажиллагааны хэмжээ хязгаар, үйл ажиллагааны хүрээний хувьд хуульд заасан төрийн албаны чиг үүрэг нь хэвээрээ ба нэхэмжлэгч миний хийж байсан Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн гэх албан тушаалын хийж гүйцэтгэх ажил нь ч хэвээрээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан бүтэц орон тооны хүрээнд тус тус хадгалагдсан болох нь бүрэн нотлогдож байна.

Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн, жинхэнэ албан хаагчийг өөр ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тохиолдолд түүний өөрийнх нь хүсэл зоригийг харгалзан түүний зөвшөөрлөөр шийдвэрлэх нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдсан хэм хэмжээ юм.

Гэтэл байгууллагын бүтэц, орон тоо нь өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр бүтэц, орон тоо нь хэвээр хадгалагдаж, хуулиар хүлээсэн үүргээ хэвийн үргэлжлүүлж байгаа ажилтныг ямар ч шалтгаангүйгээр төрийн өөр албан тушаалд томилсон, томилохдоо түр томилсон нь төрийн жинхэнэ албан хаагч, нэхэмжлэгч миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн, эрх зүйн байдлыг минь дордуулсан хууль бус тушаал юм.

Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчийг түр томилох тухай зохицуулалт Монгол Улсын хууль тогтоомжид байхгүйн дээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөнөөрөө хууль бус гэж үзнэ. Гэтэл Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх байдлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь шүүхийн шийдвэр, хууль ёсны байх зарчмыг хангаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх уг байдлыг зөв гэж үзсэн нь дээрх байдалтай хууль зүйн маргаан үүсгэх үндэс болж байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийг дээр дурдсан хууль бусаар ажлыг нь өөрчилж, түр томилон тухайн ажил албан тушаалд нь огт хамааралгүй сургалтуудад суу гэж албадаж, түүнийг нь биелүүлээгүйн төлөө Төрийн албанд эргэж 1 жил орох эрхгүйгээр халсан маш ноцтой зөрчлийг хариуцагч гаргасан ба үүнийг хуулиар, шүүхээр хамгаалуулахаар шүүхэд хандахад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох замаар хариуцагчийн хууль бус үйлдлийг хаацайлсантай хэзээ ч эвлэрэх боломжгүй тул энэхүү хяналтын гомдлыг гаргах үндэслэл болж байна.

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай тушаалынхаа хууль зүйн үндэслэлийн талаар хариуцагч тайлбарлахдаа Т.М нь харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй, ажлын байрны үндсэн чиг үүргээ биелүүлээгүй гэж үндэслэл гаргадаг бөгөөд ямар дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэр гэдгийг тайлбарлаж, түүнийгээ нотлохдоо 2 удаагийн сургалтад суугаагүй гэж тайлбарладаг.

Энд дурдагдаад байгаа 2 удаагийн сургалтын нэг нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Монголын хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн ТББ хамтран зохион байгуулсан Аймаг, дүүргийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадваржуулах хөтөлбөр сургалт юм байна. Энэхүү сургалтын хөтөлбөр хэрэгт авагдсан байх ба уг хөтөлбөр болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1-4/788 дугаартай албан бичиг, Монголын хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн ТББ-ын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаартай албан бичиг зэргээс үзвэл тус сургалт нь Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадваржуулах зорилготой байх бөгөөд Хөдөлмөр, нийгмийн халамжийн байгууллагын 1 төлөөлөл тухайн хорооны гишүүн байхаар байна. Завхан аймгаас сургалтад хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалт гэх хэрэгт авагдсан баримтаас үзвэл тухайн сургалтад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 4 хүний нэр бичигджээ. Түүний дотор байгууллагын удирдлагууд орсон байгааг хэлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч намайг аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүнээр сонгосон, томилсон, батламжилсан ямар нэгэн шийдвэр байхгүй, ажил албан тушаалын хувьд хүүхдийн эрхийн хууль зүйн хороог хариуцан ажиллах хууль зүйн боломжгүй болох нь нотлогдож байна. Энэхүү сургалтад суугаагүйгээр Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалт зөрчигдөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Дараагийн сургалт нь Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3/621 дугаартай албан бичгээр ирүүлсэн сургалт байжээ. Уг албан бичгээс үзвэл уг сургалтад хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан нэг мэргэжилтэн оролцохоор байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 тушаалын 2 дахь заалтаас үзвэл тус газрын хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан ажилтан нь Н.Энхтуяа гэдэг хүн байхаар байна. Энэхүү тушаалын 3 дахь заалтад дурдагдсанаар миний бие тус газрын Нийгмийн халамжийн хэлтэст харьяалагдахаар байна. Өөрөөр хэлбэл халамжийн хэлтсийн мэргэжилтнийг хөдөлмөрийн харилцаа аюулгүй байдал хариуцсан ажилтны хамрагдах сургалтад суу гэж албадан эс суулаа гээд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтыг биелүүлээгүй гэж үзэж төрийн албанаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Гэтэл энэ 2 сургалтыг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасан дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэр гэж үзээд ажлаас халахдаа үндэслэл болгосон гэж хариуцагч тал удаа дараа тайлбарлаад байхад анхан шатны шүүх авч хэлэлцээгүй байж, хуулийн дагуу ажлаа хэвийн хийгээд явж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг хуулийн дагуу бүтэц орон тоо нь өөрчлөгдсөн ч гэсэн түүний чиг үүргийнх нь орон тоо хэвээр хадгалагдсаар байхад хүчээр өөр орон тоон дээр түр томилсон тушаалыг биелүүлээгүй нь үргэлжилсэн үйлдэлтэй сахилгын зөрчил гэж дүгнээд байгааг ойлгох боломжгүй, эс зөвшөөрөх шийдвэр гэж үзэх үндэслэл болж байна.

Эдгээрээс бусдаар Т.М-ийг ажил албан тушаалын хувьд хэн гэдэг дээд шатны албан тушаалтан хуульд нийцсэн ямар шийдвэр гаргаж, түүнийг нь Т.М ямар байдлаар биелүүлээгүй болох нь нотлогдоогүй байна.

Иймд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай тушаал нь хуульд нийцээгүй ба төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ 2 буюу түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн байхыг ажил олгогч өөрөө нотлох үүрэгтэй юм. Дээрх байдлаа нотлох зорилгоор шүүхэд ирүүлсэн 2 удаагийн сургалтууд нь Т.М-ийн албан үүрэгтэй холбоогүй болох нь дээр бичсэн нотолгоогоор тус тус тогтоогдоно. Нэгэнт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдсоор байтал нэхэмжлэлийн шаардлагуудын нэг хэсгийг нь хууль буруу тайлбарлан хэрэглэх замаар хүлээж авахаас татгалзаж, нэг хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгон, зарим хэсгийг хүлээн авахаас татгалзсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй байна.

Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.М-ийг нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн Өрхийн мэдээллийн судалгааны мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, Өрхийн хөгжил, хөтөлбөрүүдийн биелэлт хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  хүртэл түр томилж,

мөн даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар түүнийг төрийн албанд 1 жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халжээ.

Шүүхүүд маргаан бүхий 2016 оны Б/20 дугаар тушаалтай хамааралтай хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, энэ тушаалын холбогдох заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй.

Тодруулбал, нэхэмжлэгч нь энэ тушаалыг мэдээгүй гэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан шаардлагыг зөрчжээ.

Дээр дурдсанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудаас Т.М нь тушаал гарсан талаар мэдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул  захиргааны байгууллага түүнийг 2016 оны Б/20 дугаар тушаалаар томилогдсон ажлыг хийж гүйцэтгээгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

Мөн Т.М нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байх”, 13.1.4-д “харъяа дээд албан  тушаалтны  хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж,...төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж тус тус заасныг биелүүлэх  үүрэгтэй байхад Т.М нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй гэж 2 удаагийн сургалтад оролцоогүй нь буруу, захиргааны байгууллага үүнийг маргаан бүхий тушаал гаргах үндэслэлд хамруулсныг мөн буруутгахааргүй байна.

Иймээс Т.М-ийг төрийн албанд 1 жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халсан Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-д “Энэ хуулийн 13...т заасныг зөрчсөн...дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, “төрийн албанд 1 жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасантай нийцсэн, хууль ёсны шийдвэр болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй.

Харин анхан шатны шүүх ээлжийн амралтын нөхөх олговрын талаарх нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн шаардлага гэж үзсэн нь буруутай болохыг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шүүхийн шийдвэрт зохих  өөрчлөлт оруулсан нь зөв байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0415 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                   Л. АТАРЦЭЦЭГ