Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 175

 

Б.Од-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ба-, иргэний хариуцагч Д.Эр-, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 477 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 154 дүгээр магадлалтай 1703000010066 дугаар эрүүгийн хэргийг иргэний хариуцагч Д.Эр-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй Б.Од- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Од-ыг 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Д.Эр-аас 1.815.370 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ба-ид олгож, насанд хүрээгүй хохирогч Б.Ги-гийн цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Д.Эр-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Д.Эр- гаргасан гомдолдоо “Шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4 дэх хэсгийг тайлбарлаж, иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан миний хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэн иргэний хариуцагч Д.Эр-аас 1.815.370 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Гэтэл иргэний хариуцагч Д.Эр- нь “Орос чанар” хүнсний цехэд хууль зүйн ямар хамааралтай, “Орос чанар” хүнсний цех нь эрх зүйн ямар статустай болох, уг цехийг үүсгэн байгуулагч мөн эсэх нь тодорхойгүй байхад Д.Эр-ыг иргэний хариуцагчаар татаж, түүнээс гэм хорын хохирол гаргуулж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх “Б.Од- нь “Орос чанар” хүнсний цехэд 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа нь үнэн болно” гэсэн бичгийг иргэний хариуцагч Д.Эр- нь шүүгдэгч Б.Од-ыг өөрөө томилсон буюу уг тээврийн хэрэгслийг ашиглуулах боломжийг олгосон баримт гэж үзжээ. Энэ бичиг бол Б.Од- тухайн цехэд ажиллаж байгааг тодорхойлсон баримт болохоос түүнийг Д.Эр- тээврийн хэрэгслийг ашиглуулахаар томилсон, уг хэрэгслийг шилжүүлэн өгснийг нотлох баримт биш юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалд заасан Д.Эр-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Энэ хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Иргэний хариуцагч Д.Эр- нь тээврийн хэрэгсэл ашиглах боломж олгож, шүүгдэгч нь ажил үүргээ явуулдаг болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар үүссэн гэм хорыг иргэний хариуцагч нь хариуцан арилгах үүрэгтэй талаар хуульд зохицуулсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хариуцагч Д.Эр-ын гаргасан гомдлыг үндэслэн Б.Од-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Од- нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний оройн 1840 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Экспресс капитал” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндай Старекс” загварын 1934 УНЯ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.6, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5.1, 5.3, 6.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас 5 настай Б.Ги-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Од-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүргийг хуулиар хүлээлгэсэн бөгөөд “Орос чанар” хүнсний цехийн захирал Д.Эр-ыг иргэний хариуцагчаар тогтоож, 1.815.370 төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ба-ид нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Д.Эр-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 477 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 154 дүгээр магадлал тус тусыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Д.Эр-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН