Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2013/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0014/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,

улсын яллагч Н.Идэр,

хохирогч Ш.О түүний өмгөөлөгч З.Энхтуяа,

шүүгдэгч Б.С  түүний өмгөөлөгч П.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт С овогт ******* од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000607 дугаартай хэргийг 2012 оны 12 дугаар сарын 19ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С овогт *******  /РД:Е.../, 19. оны .. дугаар сарын .-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн . дуучинаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан сум ..дүгээр баг .. дугаар хороолол . дүгээр байрны .. тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч *******  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум . дүгээр баг Хээтэй хорооллын арын төв зам дээр Тоёото Прогрес ..... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж иргэн С.Ш ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******  хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “ 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр найзтайгаа цуг Роял буудалд 1 шил архи хувааж уусан. Орой 17 цаг өнгөрч байхад эхнэр хүүхдээ цэцэрлэгээс аваад гэрийн үүдэнд хүргэж өгчихөөд эргээд найзтайгаа уулзах болоод 380-н айлын уулзвараар эргээд явж байтал хажуу талаас гэнэт хүн гараад ирсэн. Машинаа зогсоож чадалгүй мөргөсөн. Миний барьж явсан машин Оюутны холбооны машин, машин нь хувь хүний нэр дээр байдаг юм. Би машиныг нь янзлаад өгье гээд авсан байсан юм. Хохиролд нийтдээ 8.160.000 төгрөг өгсөн, өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тэгээд талийгаачийн ар гэрийнхнээс дахин уучлалт гуйж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.

 

 

*******  215.3 шийтгэх тогтоол №23

Хохирогч Ш.О шүүхийн хэлэлцүүлэгт “2012 оны 11 дүгээр сарын 01-ний 18 цагийн орчим аав нь одоо харьлаа гэж ярьсан. Түүнээс хойш 19 цагийн үед утас нь холбогдохгүй байсан. 20 цаг 30 минутын үед Цагдаагийн байгууллагаас над руу яриад аав чинь нас барсан гэсэн. Оршуулгаас хойш болон 49 хоног дээр ч Б.С  ирж уулзаагүй. Эхний шүүх хурал дээр л түүнийг анх харсан. Ээж дээр ирээд уулзаж яагаад тайлбарлаж болоогүй юм болоо. Нилээн харсан. Манай аав “Монгол Алт” ХХК-д ажиллаж байгаад зүрхний шигдээсээр группид гарсан байсан. Группийн мөнгө сард 180,000 төгрөг авдаг байсан. 55 нас хүрээд тэтгэвэр тогтоолгох байсан. Тэгсэн бол хамгийн багаар  250,000 төгрөгөөр тогтоолгох байсан байх гэж бодсон“ гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-11 дүгээр тал,

Хохирогч Ш.О ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгэргийн 18 дугаар тал/,

Гэрч Х.М., Б.Ж., С.Б.т, насанд хүрээгүй гэрч А.Э. нарын мэдүүлгүүд эргийн 21, 22, 30, 26 дугаар талууд/

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 29-31 дүгээр тал/,

Шүүх химийн шинжилгээний дүгнэлт /хэргийн 36 дугаар тал/,

Замын Цагдаагийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 40 дүгээр тал/,

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний №120 дүгнэлт /хэргийн 42 дугаар тал/,

*******  нь Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 61 дүгээр тал/,

шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 62 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 63 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  • Шүүгдэгч *******  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2012 оны 11

дүгээр сарын 01-ний өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 9 дүгээр баг Хээтэй хорооллын арын төв зам дээр Тоёото Прогрес ..... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж иргэн С.Ш ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Замын Цагдаагийн шинжээчийн дүгнэлтэд: “*******  нь .... УБТ улсын дугаартай авто машин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 2.1а “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 2.7а “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн дүрмийн заалтыг тус тус зөрчсөн байна гэжээ.

 

Шүүх химийн шинжилгээний дүгнэлтэд ******* ын цусанд спирт 2,7 хувь илрэв гэжээ.

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний №120 дүгнэлтэд ...Талийгаачид учирсан гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач гавал тархины гэмтлээр нас баржээ” гэжээ.

 

Гэрч Х.М. ”2012 оны 11 дүгээр сарын 01-ний 18 цагийн үед ...С  ажил дээр .... УБТ дугаартай “Прогрес” маркийн машиныг бариад ирсэн. Бид 2 тэндээс шууд хүүгийнхээ цэцэрлэг дээр очоод хүүгээ аваад нөхөр хүү бид хоёрыг гэрт буулгаад хүнтэй уулзаад ирье гээд явсан” гэсэн мэдүүлэг,  

Гэрч Б.Ж. .... УБТ улсын дугаартай “Прогрес” маркийн авто машин нь миний нэр дээр байдаг боловч Монголын Оюутны Холбооны өмч юм. Уг тээврийн хэрэгслийг Дархан-Уул аймгийн оюутны холбооны үйл ажиллагаанд түр хэрэглүүлэхээр ашиглуулж байсан, С  гэх хүнд яг хариуцуулж өгөөгүй ээ” гэсэн мэдүүлэг

Насанд хүрээгүй гэрч А.Э. ”…2012 оны 11 дүгээр сарын 01ий өдрийн орой 18 цаг 40 минутын орчим хичээлээ тараад сургуулиасаа гараад зам гарах гээд замынхаа наад талд явж байхад зам дээр цайвар өнгийн жижиг машин 380 талаасаа замаар ирж яваад хүчтэй юм мөргөх чимээ гарсан. Би тэр дариуд нь харахад зам дээр хүн хэвтэж байсан, нөгөө машин нь тэр мөргүүлсэн хүнээс нилээд зайтай зогссон чинь тэр машины жолооч нь бууж ирсэн. Тэр жолоочийг харахад залуучууд театрын дуучин ах байсан. Дуучин ах ганцаараа машинаас бууж ирсэн” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Б. …2012 оны 11 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн  үед байх 17 дугаар сургууль руу явж байхад зам дээр эрэгтэй хүний малгай байсан. Цаашаа хартал зам дээр бараан хувцастай эрэгтэй хүн машинд мөргүүлээд даваад унасан байдалтай дээшээ харсан хэвтэж байсан, цагдаа нар ирчихсэн машин зохицуулаад байсан. Тэр хүнээс барагцагаар 2 метр орчим зайд хуучин Дархан чиглэл рүү хараад цайвар өнгийн жижиг тэрэг хараад зогсож байсан, урд шил нь хагарч хонхойсон байдалтай харагдсан” гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч ******* од Тээврийн хэрэглийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдын амь насыг хохироосон үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* ыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ /хэргийн 36 дугаар тал/ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцно.

 

Мөн шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил байдал, бага насны хүүхэдтэй /хэргийн 62 дугаар тал/ зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. С овогт ******* ыг Тээврийн хэрэглийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдын амь насыг хохироосон гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч ******* од тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******* ын эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1-д зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

           

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* од оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг ******* од анхааруулсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3-д зааснаар хохирогч Ш.О нь нотлох баримтаа бүрдүүлсний эцэст нэхэмжлэлээ иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт хураан ирүүлсэн 1 ширхэг СД бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,  .... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг болон Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа .... УБТ улсын дугаартай “Тоёото Прогрес” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Батсайханы Жигжидэд тус тус буцаан олгосугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* од урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МАНЛАЙБААТАР