| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2012/0216/Э/ |
| Дугаар | 207 |
| Огноо | 2012-11-15 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Т.Оюунжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0216/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
улсын яллагч Т.Оюунжаргал,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл,
шүүгдэгч Б.Б , М.Л , Ш.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт Б овогт Б Б , Ц овогт М.Л , Б овогт Ш.Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000513 тоот хэргийг 2012 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, автын механик инженер мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Саmel” ХХК-нд гэрээт ажилчинаар ажилладаг, ам бүл 2, ээжийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын . тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б Б /ТД-./
Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 19. оны .дүгээр сарын .ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын компанид туслах ажилтанаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын. дүгээр баг Чулуутын 1-4 тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт М.Л /ТК-./
Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 19. оны . дугаар сарын .-ны өдөр төрсөн, 25 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .-р баг . тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ш.Д /ТД-../
Шүүгдэгч Б.Б , М.Л , Ш.Д нар нь 2012 оны 8 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р баг 4-р гудамжинд байрлах “Хайрхан” дэлгүүрийн орчимд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан иргэн С.С , А.Ц нарыг зодож, С.С ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
D:\Uyanga\Sh.Ts togtool\207 Delgermurun nar.docx
Шүүгдэгч Б.Б ас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: О ахынх тэр үед блокон хашаа барих гэж байгаа, ирж хайрга ачиж өгөөч гэхээр нь бид нар очсон юм. Тэгтэл машин эвдрээд ус халчихсан байсан бөгөөд машины ард байсан 1.5 литр монгол архийг бид 3 хуваагаад уусан. Тэгээд дэлгүүрээс дахиад архи авах гээд М.Л буухад 17-ны өдөр байсан болохоор архи зардаггүй гэж байна гэхээр нь бид нар явах гэтэл С.С машины гэрлээ шилжүүлэхгүй машиндаа сууж байсан. Тэгтэл машин барьж байсан О ах ямар хурц гэрэлтэй машин бэ? гэхэд Ш.Д гэрлээ унтраагаач гэж хэлж, М.Л буугаад Ш.Д араас нь буусан. Удалгүй О ах нөгөө хоёр зодоон хийгээд байна гээд бид хоёр очоод салгасан. Тухайн үед би Ш.Л ыг салгасан болохоос хохирогчийг цохиогүй. Гадаа харанхуй байсан болохоор таньж олуулах ажиллагаан дээр намайг цохисон гэж андуурч хэлсэн байна лээ. Тухайн үед архи уусан байсан нь миний буруу. Цаашдаа ийм хэрэгт оролцохгүй. Энэ хугацаанд их юм ойлгосон. гэв.
Шүүгдэгч М.Л аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед бид нар О ахынд хайрга ачиж өгсөн. Машины ард 1.5 литр монгол архи байхаар нь хувааж уугаад дэлгүүр орж дахиад архи авч ууя гээд явсан чинь 17-ны өдөр архи зардаггүй гэсэн. Дэлгүүрээс гарахад С.С дэлгүүрт байсан. Гарч ирээд С.С машин руугаа ороод гэрлээ шилжүүлэхгүй байсан юм. Машин асаах зуур Ш.Д гэрлээ шилжүүлээд холдоочээ гэж хэлэхэд хохирогч нэг юм хэлсэн. Тэгтэл Д бид 2 буу очоод би С.С ыг буулгаж ирээд хэд хэд цохисон. Ш.Д нөгөө залууг татаж буулгаж ирээд байж байхад намайг Б.Б , Ш.Д г О ах салгаж авсан гэв.
Шүүгдэгч Ш.Д гөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед С.С машины гэрлээ шилжүүлэхгүй байсан учир би машинаас бууж очоод С.С ыг цохисон. Бас дэлгүүрийн таамбарт очоод цохисон нь үнэн. Таамбар луу гүйгээд орохоор нь би араас нь гүйж очоод цохисон. Тэгээд А.Ц зодолдохоо больё гэхээр нь больсон гэв.
Шүүгдэгч Б.Б , М.Л , Ш.Д нар нь 2012 оны 8 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хайрхан” дэлгүүрийн орчимд машиныхаа гэрлийг шилжүүлсэнгүй гэдгээр шалтаглан иргэн С.С , А.Ц нарыг зодож, хохирогч С.С ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
-хохирогч С.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “-...тэгэхэд тэр өндөр залуу “ямар том пизда вэ” гээд зүүн гараараа хаалганаас татаад баруун гараараа миний нүүр рүү нэг удаа цохьсон. Тэр залуу машины хаалга гаднаас татаж онгойлгоод миний хувцаснаас зуураад гараараа миний нуруу, зүүн гар луу хэд хэдэн удаа цохьсон. Нэг харахад түүнтэй цуг дэлгүүр орсон залуу машиныхаа кабинаас буугаад ирчихсэн байсан бөгөөд нийлээд гараараа миний биеийн зүүн хэсэг рүү хэд хэдэн удаа бас цохьсон. Би тэр хоер залуугаас зугатаад нөгөө талын хаалга руугаа зүтгэсэн. Энэ үед өөдөөс ирээд зогсчихсон байсан машины кабины дотор байсан 2 залуу нь манай найз А.Ц ийг машины кабинаас чирээд буулгачихсан /машины баруун талын хаалгаар/
...би дэлгүүрээс буцаж гараад дэлгүүрийн үүдний амбаарт нь зогсож байтал 3 залуу орж ирээд өндөр залуу нь миний зүүн хөлний өвдөгний доод хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхэд нь би тэр залууг бүсэлхийгээр нь тэврээд хана руу шахсан. Тэгэхэд өндөр залуу нь наадхаа унагаж бай гэсэн. Тэгэхэд нөгөө 2 залуу нь намайг газар унагаачихсан. Тэгээд өндөр залуу нь миний куртикнээс зуураад дэлгүүрээс чирч гаргаад үүдний цементэн дээр аваачсан. Тэр 3 миний толгой руу дэвсээд, нүүр рүү өшиглөөд байсан. Миний толгойн зүүн хэсэгт хагарсан, уруул дотор талаараа язарч хавдсан, дээд үүдэн нэг шүд хөдөлсөн, ар нуруу зулгарсан, зүүн нүдний дээд зовхи шалбарсан, зүүн өвдөг халцарсан” гэсэн мэдүүлэг /хх-18-19/,
-хохирогч А.Ц ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...машинаа аваад зайл гэсэн залуу бууж ирээд “яасан том пизда вэ” гээд С.С ын сууж байсан талаар буюу жолооч талын хаалгаар ирээд С.С ыг гараараа нэг удаа цохьсон. Би машинаас бууж С.С ыг зодож байсан хүнийг салгах гэтэл машины хаалга дотор талаасаа онгойхгүй байсан.
...тэр залуу намайг машинаас буулгаад баруун гараараа миний зүүн талын шанаа руу нэг удаа цохьсон, би нүүрээ дараад нөгөө тийшээ харахад миний нүүр рүү бас нэг залуу нь цохьсон. Тэгтэл С.С ыг 3 залуу нь дэлгүүрийн урд талын цементэн дээр унагаачихсан тал талаас нь өшиглөж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-21-22/
-гэрч Т.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...удалгүй боорцог худалдаж авсан залуугийн хувцас хунар нь шороо тоос болчихсон, нүүр нь билүү уруул нь халцарчихсан дэлгүүр дотор ороод ирсэн. Би тэр залуугаас юу болсон бэ? гэхэд саяны хэдэн залуучууд зодчихлоо гэсэн.
...дэлгүүр рүү зодуулчихлаа гэж орж ирсэн залуу дэлгүүрийн үүдний таамбарт зогсож байтал 3 залуу орж ирээд нөгөө залууг чинь нийлээд зодсон. Тэр залуу газар унасан. Тэгээд дэлгүүрийн үүдний цементэн дээр чирч гаргаад тал талаас нь өшиглөөд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-26-28/,
-хүн таньж олуулах ажиллагаа хийсэн талаархи тэмдэглэл /хх-14-рт/
-хохирогч С.С ын биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 734 дугаартай актад: “...С.С ын биед 1 шүдний хөдөлгөөн орсон байдал, хуйхны шарх, дээд уруулын салтсын цус хуралт, их бие, хөлийн зөөлөн эдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн болно.” гэсэн дүгнэлт /хх-31-рт/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б нь би гэмт хэрэгт оролцоогүй гэсэн мэдүүлэг өгч байгаа боловч энэ нь хүн таньж олуулах ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэлд хохирогч С.С ын “№1 дугаарыг барьсан хүн намайг машины кабин дотор сууж байхад түрүүлж ирж намайг цохиж кабинаас чирч буулгасан.” гэх мэдүүлэг, хөндлөнгийн гэрчээс №1 дээр Б гэсэн нэр бичигдсэн байна.” гэх тэмдэглэл /хх-14-рт/, гэрч Т.Г ийн “...дэлгүүр рүү зодуулчихлаа гэж орж ирсэн залуу дэлгүүрийн үүдний таамбарт зогсож байтал 3 залуу орж ирээд нөгөө залууг чинь нийлээд зодсон.” гэсэн мэдүүлэг /хх-26-28/ зэргээр үгүйсгэгдэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Б овогт Б Б , Ц овогт М.Л , Б овогт Ш.Д нар нь 2012 оны 8 сарын 17-ны орой 21 цагийн үед Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хайрхан” дэлгүүрийн орчимд машиныхаа гэрлийг шилжүүлсэнгүй гэдгээр шалтаглан иргэн С.С , А.Ц нарыг зодож, хохирогч С.С ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирогч С.С , А.Ц нар нь хохиролд тус бүр 200.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүхийн тогтоол гарах үед шүүгдэгч Б.Б , М.Л , Ш.Д нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст тэд урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 88, 91, 93 дэх тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.
Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Иймд шүүгдэгч Б.Б , М.Л , Ш.Д нарыг үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т хэсэгт зааснаар тус бүр 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б , М.Л , Ш.Д нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б , М.Л , Ш.Д нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэснийг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б Б , Ц овогт М.Л , Б овогт Ш.Д нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар шүүгдэгч Б Б д 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих, шүүгдэгч М.Л т 3 /гурав/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Ш.Д д 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Б.Б , М.Л , Ш.Д нарт оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б , М.Л , Ш.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар Б.Б , М.Л , Ш.Д нарт оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жил 6/зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Б , М.Л , Ш.Д нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Б.Б , М.Л , Ш.Д нарт мэдэгдсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б , М.Л , Ш.Д нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ