| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2016/0056/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/55 |
| Огноо | 2016-02-25 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2016/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0056/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Хохирогч Ч.О ,
Хохирогчийн өмгөөлөгч З.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт Б овогт Т ын Э од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000717 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ...... оны ..... дугаар сарын ..... -ны өдөр ..... аймгийн .......суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... оюутан, ам бүл .... , ........-ын хамт ....... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Т ын Э . /РД: /,
Шүүгдэгч Т.Э нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн орчим ....... багийн нутаг дэвсгэрт байрлах “......... ” авто засварын төвийн харалдаа ....... аас хуучин Дархан явах чиглэлийн асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн ........ улсын дугаартай хөх өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 15 дугаар бүлгийн 15.1.а, 2 дугаар бүлгийн 2.3, 21 дүгээр бүлгийн 21.8.а-д заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж явган зорчигч С.Б ыг мөргөж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 18 цаг 30 минутад ....... -ийн интернетээс ахаасаа машины түлхүүрээ аваад ....... д хүнд мөнгө өгөхөөр ахын найз Э той явсан. ....... аас буцааж хуучин Дархан буцаж явах замдаа таксинд явах гэж 2 хүн, ....... ын урд талаас 2 хүн суулгаад ....... өнгөрөөд явж байхад замын хажуу талаас Б гэнэт гарч ирээд мөргүүлсэн. Би тухайн үед түргэн тусламж дуудаж, хэргийн газар хүлээж байсан” гэв,
Хохирогч Ч.О ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Т.Э ын ар гэрээс 12.173.000 төгрөг төлж хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй..” гэв.
Шүүгдэгч Т.Э-хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу өнөөдөр би гэртээ байж байгаад 18 цаг 30 минутын алдад гэрээсээ ахаасаа мөнгө аваад хүүхдэд мөнгө хүргэж өгөхөөр гарсан. Гэрээсээ гараад шүүхийн урд байх ПС-Ланд төвийн гадна байх өөрийн эзэмшлийн ....... улсын дугаартай хөх өнгийн тоёота приус маркийн автомашиныг ах Г оос авсан. Мөн ахаас 17 мянган төгрөг аваад хүнд аваачиж өгөх гэхэд ахын найз Э хоёулаа хамт явья гэсэн. Тэгээд би машинаа жолоодоод Э ах жолоочийн хажуугийн суудалд суусан. Ингээд би машинаараа ....... урагш эргээд эмнэлэг тал руу явж байхад Анагаахын тэнд хоёр танихгүй эмэгтэй таксинд суух гэж байгаа бололтой байхаар нь тэр хоёр охиныг машиндаа суулгахад тэр хоёр охин шүүхээр явна гэхээр нь тэр хоёр хүнийг хүргэж өгөхөөр хуучин Дарханы тойрог дөнгөж өнгөрөөд уруудаад .........-ийн орчим би машинаа 2 дугаар эгнээгээр жолоодож явахад “.... ” сервис талаас буюу щртөнцийн зүгээр баруун талаас миний машины урдуур гэнэт нэг эрэгтэй хүн гүйж гарч ирээд машинд маань мөргүүлсэн. Тэр залууг би машиныхаа баруун урд хэсгээр мөргөсөн ба тэр залуу миний машинд мөргүүлээд шууд зам дээр дээшээ хараад унасан. Би машинаа зогсоогоод буугаад хохирогч дээр очтол хохирогч дээшээ хараад зам дээр хэвтсэн байдалтай байхаар нь би гар утаснаасаа 103-т дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Намайг 103-т дуудлага өгч байхад миний машинд дайруулсан хохирогч залуугийн ам хамраас нь цус гараад байх шиг байсан. Тэгээд 103-ийн эмч нар ирж үзээд хохирогчид хиймэл амьсгаа хийгээд байх шиг байснаа зүрх нь зогсчих шиг боллоо гэсэн. Тэгээд цагдаа нар ирээд хохирогчийн цогцос дээр бүтээлэг бүтээж, хэмжилт хийгээд эхэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 134-135 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Т.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х бид хоёр 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн орчим .........-ийн орчим зам дээрээс дээрх машинд суухад машины жолооч болон жолоочийн хажуу суудалд нэг эрэгтэй хүн сууж явсан. Тэгээд Х бид хоёр машины ард сууж явсан. Тэгсэн ....... аас хоёр эрэгтэй мөн тухайн машины арын суудалд Х бид хоёртой шахаад суусан. Яг хаанаас суусаныг нь би анзаараагүй. Тэгээд тойрог дөнгөж уруудаад “...... ” авто засварын төвийн орчим зам дээр миний сууж явсан машин хүн мөргөж осол гаргасан. Миний сууж явсан машин замын 2 дугаар эгнээгээр явж байхад замын гол зүлэг ногоо тарьсан хэсгээр нэг эрэгтэй хүүхэд гарч ирээд машинд урд хэсэгт мөргүүлээд хойшоо мөргүүлсэн хүн шидэгдсэн. Тэгээд зам дээр дээшээ хараад унасан байсан. Толгой нүүр нь цус болсон байсан. Жолооч машинаа зогсоосон чинь ард сууж байсан хоёр хүн шууд буугаад тэр мөргүүлсэн хүнийг харангуутаа шууд яваад өгсөн. Хаашаа явсныг нь болон ямар хувцастай ямар дүр төрхтэй хэн гэдэг 2 хүн бууж явсныг мэдэхгүй, харвал танихгүй. Осол гаргах үедээ жолооч машинаа 70 орчим км цагийн хурдтай жолоодож явсан... Дээрх миний сууж явсан машинд мөргүүлсэн хүн машинд мөргүүлэх үедээ утсаар яриагүй, зүгээр гүйж зам гарах гэж байгаад мөргүүлсэн... осол болсон газрын замын гэрэлтүүлэг буюу замын хажуугийн шонгийн гэрэл асаалттай, гэрэл сайн байсан. Хүн гарч ирж мөргүүлж байгаа нь харагдсан. Миний сууж явсан машины жолооч машинаа зогсоож чадаагүй тухайн хүнийг мөргөж унагаасан... цаг агаар тогтуун, зам хальтиргаагүй хуурай байсан, гэрэлтүүлэг сайтай байсан учраас машин ч гэрлээ асааж явсан тул орчны юм сайн харагдаж байсан. Зам дээрх машины хөдөлгөөн оёол гарах үед бараг байхгүй, урд хойноос ирж явсан машин байхгүй байсан” гэх мэдүүлэг /хэргийн 71-72 дугаар хуудас/,
Гэрч Н.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Дээрх осол болох үед буюу 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Э ын хөх өнгийн приус машинтай /улсын дугаарыг нь мэдэхгүй байна/ Э бид хоёр ....... д явж байгаад ....... ы урдах зам дээрээс хоёр танихгүй эмэгтэйг авсан. Тэр хоёр эмэгтэйг таксигаар үйлчлүүлэх үү гэхэд тэр хоёр эмэгтэй шүүхээр явна гээд суусан. Э машинаа бариад би жолоочийн хажуугийн суудалд тэр хоёр эмэгтэй арын суудалд сууж явсан. Ингээд хээтэй хороолын арын замаар явж байхад хээтэй хороололын ........ байрны өнцөгөөс хоёр эрэгтэй танихгүй хүн таксинд суух гээд зогсож байхаар нь аваад тэр хоёр эмэгтэйтэй хойно шахаад суусан. Ингээд тойрог уруудаад “Анд” автозасварын төвийн ойролцоо замын ойролцоо хүн гарсан. Тэгээд би хөөе наана чинь хүн гээд орилоод дуусангуут Т.Э машинаа зогсоож чадалгүй тэр эрэгтэй хүнийг машиныхаа баруун урд хэсгээр очиж мөргөөд машинаа зогсоож чадалгүй хэсэг газар яваад машинаа зогсоосон. Тэгсэн Э ын машинд мөргүүлсэн эрэгтэй хүн машинд мөргүүлээд нэлээн хол шидэгдсэн. Мөргөх чимээ маш хүчтэй түк гэж гарсан, нэлээн хүчтэй мөргүүлсэн. Тухайн үед Т.Э машинаа их хурдан жолоодож яваагүй, дундаж хурдтай явсан. Осол гаргах үед Т.Э ын машины гэрэл асаалттай, замын байдал сайн харагдаж байсан. Замын хажуугийн гэрэл ч гэсэн асаалттайгэрэлтүүлэг сайтай цаг агаар тогтуун, ямар нэгэн цас болон шуурга болоогүй, зам хуурай хальтиргаа гулгаагүй байсан ..” гэх мэдүүлэг /хэргийн 78-79 дүгээр хуудас /,
Гэрч Т.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б зам хөндлөн гарахаасаа өмнө хэрэггүй ээ, хээтэй хороолол ойрхон юм чинь найз нь зам хөндлөн гараад зам дагаад алхчихья гэж хэлээд “анд” засварын төвийн харалдаа хэсгээр зам хөндлөн гарсан. Би замын ертөнцийн зүгээр баруун талд таксинд суухаар такси хүлээнгээ Б ыг хараад зогсож байсан. Хуучин Дарханаас ....... чиглэлийн замаар Б гарахдаа гүйхгүй, тайван алхаж яваад замын голд очоод зогссон. Тэгээд би такчи ирж байгааг харах хооронд л маш чанга хүчтэй “пид” гэх чимээ гарангуут чимээ гарсан зүг уруу хартал зам дээр Б машинд мөргүүлээд унасан байдалтай хөх өнгийн тоёота приус машин Б ын унасан газраас бага зэрэг өнгөрөөд зам дээр зогсож байсан. Тэгэхээр нь би зам хөндлөн гараад Б дээр гүйгээд очтол Б дээшээ хараад зам дээр, ямар ч ухаангүй хэвтэж байсан. Тухайн тоёота приус машины жолооч машинаасаа бууж ирээд Б ыг хараад байхаар нь би тэр залууд чи хүн дайрчихлаа ш дээ түргэн дуудаач гэж хэлсэн. Тэгсэн Б ын амнаас цус гарч эхэлсэн. Б юу ч хэлээгүй, ухаан ч ороогүй. Тэгээд түргэний эмч ирж Б ыг үзээд байхгүй гээд байсан..”...... ” сервисийн ойролцоо гарц байхгүй, бүр доошоо уруудаж байгаад “...... ” дэлгүүрийн тэнд, мөн цаашаа ....... чиглэлд бол тойргын замын цагдаагийн постны цаана нэг гарц байдаг. Б үг яриа цөөнтэй, зан харилцааны талаар ямар нэгэн доголдолгүй, сайн хүүхэд байсан. Гаж буруу зуршилгүй, архи ууж тамхи татдаггүй байсан.. тэр өдөр Б сэтгэл санаа байгаа байдал нь хэвийн урьд нь байдгаараа байгаад ярьж хөөрөөд инээж хөхрөөд л явж байсан..” гэх мэдүүлэг /хэргийн 76-77 дугаар хуудас /,
Хэргийн газрыг хамгаалсан тэмдэглэл /хэргийн 3 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-15 дугаар хуудас/,
Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Сү-ын Зам тээврийн осол дээр тогтоосон 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн акт /хэргийн 16-17 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийж хураасан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 21-23 дугаар хуудас/,
Харьцуулах шинжилгээний хэв хэлбэр авах тогтоол/хэргийн 85 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Л-ийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 9041 дугаартай дүгнэлт /хэргийн 92 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай .. техникийн хувьд бүрэн, урд талын тэнхлэгийн тохируулга алдагдсан байснаас ажлын тормос зөрүүтэй барьж байсан нь осол гарахад нөлөөлсөн байна.. гэх дүгнэлт /хэргийн 96-97 дугаар хуудас/,
Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас№037 /хэргийн 100 дугаар хуудас/,
Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Г.С-ын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан ослын дүгнэлт /хэргийн 104 дүгээр хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 175, 177-178 дугаар хуудас,
2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хэргийн 118 дугаар хуудас/,
Жолоочийн үнэмлэх хураан авсан тухай тэмдэглэл/хэргийн 144 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 107 дугаартай “ Талийгаачийн биед чамархай, дагз, суурь ясны цуурал, цөмрөл, хөндлөн хугаралт, тархины зөөлөн бүрхүүл доорх бусан хураа, хуйх цээжин хэсэг, бүсэлхий хуруу өгзгөнд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. Талийгаач нь гэмтлийн хүндрэл, тархи доргилт, цус алдалтын улмаас зүрх судас, амьсгалын хурц дутагдлаар нас баржээ. ” гэх дүгнэлт /хэргийн 111-112 дугаар хуудас/,
Хохирлын баримтууд /хэргийн 30-62 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 142 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 145 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Э нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн орчим .......... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “.... ” авто засварын төвийн харалдаа ....... аас хуучин .... явах чиглэлийн асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн ........ улсын дугаартай хөх өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 15 дугаар бүлгийн 15.1.а, 2 дугаар бүлгийн 2.3, 21 дүгээр бүлгийн 21.8.а-д заасан заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч С.Б ыг мөргөснөөс түүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Э ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын амь насыг хохироосон гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Т.Э од ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 12 173 000 төгрөг төлсөн, хохирогч Ч.О ээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн, түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлд хамааруулан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Э нь энэ хэргийн улмаас урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хураасан эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичиг баримт болох Т.Э ын .... дугаарын “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Т.Э гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн байдлыг үндэслэн Т.Э ын эзэмшлийн 7 500 000 төгрөгийн үнэ бүхий ........ улсын дугаартай Тоёото приус маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т ын Э ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Т.Э ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жил 6 /зургаа/ сар хасч, 3 /гурав/ жил, 10 \арав\ хоног хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Т.Э од оногдуулсан 3 /гурав/ жил, 10 \арав\ хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч Т.Э нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 12 173 000 төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор нөхөн төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргагдан ирсэн бичиг баримт болох Т.Э ын ........ дугаарын “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Т.Э од оногдуулсан 3 /гурав/ жил, 10 \арав\ хоног хорих ялыг тэнсэж, 1 \нэг\ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Т.Э ын засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Т.Э од мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Э од урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Т.Э ын эзэмшлийн 7 500 000 төгрөгийн үнэ бүхий ........ улсын дугаартай Тоёото приус маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Т.Э од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жил хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дуусан үеэс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Э од урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ