| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2017/0058/э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2017-02-05 |
| Зүйл хэсэг | 145.2., 1531.1., 261.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Х.Дашням,
улсын яллагч Б.Энэрэл,
хохирогч Б.Отгонбаяр,
шүүгдэгч Н.Ганжигүүр, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Содномынхон овогт Нармандахын Ганжигүүрт холбогдох эрүүгийн 201526012399 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг Дэлгэрхааны Царам гудамжны 2-04 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй,
Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилсөн, уг ялаа эдэлж байгаад 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 08 сар 07 хоногийн хорих ялыг өршөөн хасаж, суллагдсан Содномынхон овгийн Нармандахын Ганжүүр /РД:МО89100717/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Ганжигүүр нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 11-25 тоотод байх Б.Отгонбаярын байшингийн цонхоор нэвтрэн орж 1.500.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан,
2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа шалтаг шалтгаангүйгээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, үргэлжилсэн үйлдлээр Сонгиохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын гудамжинд байрлуулсан байсан Х.Эрдэнэбатын эзэмшлийн 29-88 УНИ улсын дугаартай “Соната-3” маркийн автомашины эд зүйлийг санаатайгаар эвдэж гэмтээснээс 257.000 төгрөгийн хохирол учруулсан, Н.Түмэндэлгэрийн эзэмшлийн 85-82 УНХ улсын дугаартай “Портер” маркийн автомашины эд зүйлийг санаатайгаар эвдэж гэмтээснээс 102.000 төгрөгийн хохирол учруулан догшин авирлаж танхайрсан,
Дээрх хэргийг шүүхээр шийдвэрлэх шатанд шүүхээс түүнийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр эх М.Болормаагийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг зөрчин шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийж 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Н.Ганжигүүр нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 11-25 тоотод оршин суух иргэн Б.Отгонбаярын байшингийн цонхоор нэвтрэн орж 1.500.000 төгрөгийн үнэ бүхий Samsung маркийн 40 инчийн зурагтыг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...байшингийн хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, баруун тийшээ харсан цагаан өнгийн вакум цонхны салхивч онгорхой, цонхны урд байсан гэх саарал өнгийн цэцэг газар унасан байдалтай байв. Том өрөөнд байх мөлхөө тавилгын дунд хэсэгт байх шилэн тавиур дээр зурагтын суваг хүлээн авагч болон цахилгааны утаснууд байв. ... онгорхой байсан цонхны гадаа цасанд үүссэн гутлын мөрийг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн /хх-ийн 5-12 х/
Хохирогч Б.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн үед гэртээ ирэхэд том өрөөнд байсан зурагт алга болсон байсан ба цонхнуудаа шалгахад баруун тийш харсан 3 цонхны голын цонхоор хулгайч орж, зурагтыг аваад явсан байсан. Уг зурагт “Самсунг” маркийн 40 инчийн ЛЕД зурагт байсан. Манайхаас өөр юм алдагдаагүй. Уг зурагтыг Америкт байдаг эхнэрийн дүүгээс худалдаж авсан. Манай зурагт нь 40 инчийнх бөгөөд шүүгдэгчийн хэлээд байгаа шиг 42 инчийн зурагт биш юм. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Эд зүйлийн үнэлгээнд: -Samsung зурагт 1.500.000 төгрөг гэжээ. /хх-ийн 14 х/
Гэрч Б.Цэрэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 13 цагийн үед Отгонбаяраас гэрийн түлхүүрийг нь авч үлдээд 14 цагийн үед Отгонбаярын гэрт очиж хувцаснуудаа угаачихаад 17 цаг болж байхад гэрээс нь гарсан. Тэдний хашаа гүйдэг хаалгатай ба гэрт нь ороход зурагт нь байсан. Гарахдаа хаалгыг нь түгжээд, хашааны хаалгыг хаагаад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 481 дугаартай дүгнэлтэд: Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авсан гэх 26.8 см урттай гутлын мөр ойролцоогоор 38-39 размерийн гутал, 160-165 см өндөртэй хүний гутлаар гарсан байж болно гэжээ. /хх-ийн 37-38 х/
Гэрч О.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марал” ломбарданд ажилладаг ба 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээрээ байхад Нармандахын Ганжигүүр гэсэн бичиг баримттай хүн “Самсунг” маркийн ЛЕД зурагтыг 10 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, 350.000 төгрөгийн барьцаанд тавьсныг зээлийн баримтаас харсан. Баримтаас харахад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 378.000 төгрөгөөр зарж борлуулсан нь харагдаж байна. Ямар хүнд зарсныг санахгүй байна...” /хх-ийн 82-83 х/
Н.Ганжигүүрийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Сэжигтний мэдүүлсний дагуу Их Нарангийн 11 дүгээр гудамж гэсэн гудамжаар явахад “25 гэсэн хаягтай хашаан дотор байрласан байшингийн 3 цонхны голын цонхыг гаднаас нь түлхэж орсон, хар өнгийн 42 инчийн зурагтыг хулгайлан авсан” гэснийг тэмдэглэв. Цааш сэжигтэн нь “хулгай хийсэн зурагтаа Хархорин захын зүүн хойд талд байх байрны ломбарданд өөрийн бичиг баримтаар тавьсан” гэж мэдүүлсний дагуу “Марал” барьцаалан зээлдүүлэх газрыг сэжигтнээр заалгав. /хх-ийн 79-81 х/
Шүүгдэгч Н.Ганжигүүрийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үдээс хойш гэртээ байж байгаад найз Галаагийн Их Наранд байх гэр рүү очиж уулзчихаад ганцаараа гэртээ харихаар гараад явж байхад зурагтыг нь хулгай хийдэг айлын хашаа нь онгорхой байсан ба цонх нь гэрэлгүй, эзэнгүй юм шиг байхаар нь хашааны төмөр гүйдэг хаалганы завсраар ороод хүн байгаа эсэхийг харахад байхгүй болохоор нь баруун тийшээ харсан 3 цонхны голын цонхны нарийн салхивчтай хэсгийн гараараа түлхэж онгойлгон ороод, том өрөөнд мөлхөө тавиур дээр байсан хар өнгийн Самсунг маркийн 42 инчийн зурагтыг хулгайлан аваад орсон цонхоороо буцаж гараад “Хар хорин” замын арын 19 дүгээр байранд байх “Марал” нэртэй ломбарданд өөрийн бичиг баримтаар 350.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Мөнгийг үрээд дуусгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102 х, 197 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Н.Ганжигүүр нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа үргэлжилсэн үйлдлээр Сонгиохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын гудамжинд байрлуулсан байсан Х.Эрдэнэбатын эзэмшлийн 29-88 УНИ улсын дугаартай “Соната-3” маркийн автомашины эд зүйлийг санаатайгаар эвдэж гэмтээн 257.000 төгрөгийн хохирол, иргэн Н.Түмэндэлгэрийн эзэмшлийн 85-82 УНХ улсын дугаартай “Портер” маркийн автомашины эд зүйлийг санаатайгаар эвдэж гэмтээн 102.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-55 х/
Хохирогч Х.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчим өөрийн “Соната-3” маркийн машинтай Орбитийн тойрог руу өгсөөд явж байтал машин гэнэт унтраад асахгүй байхаар нь дүү Ууганхүүг дуудахад “Портер”-той ирээд миний машиныг чирээд Тахилтад манай гэрийн орчимд чирж явсан машины дугуй хий эргээд явахгүй болохоор нь 2 машинаа зам дээр хаяж яваад эргээд ирэхэд 2 машины 2 талынх нь гэрэл ассан байхаар нь очиход “Портер”-ын кабинд 1 согтуу залуу суучихсан байсан ба буу гэхэд нөгөө залуу хаалга тайлж өгөөгүй тул цагдаа дуудахад ирээд миний машиныг онгойлгоод хартал машины жолооч талын хаалганы хөмсгийг хуга татаад, хугалаад, газар хаясан, салоны хөгжим байдаг хэсгийг бүгдийг эвдээд, кропны режакийг хажуу тийш нь мурийлгаад доод талын төмрийг хугалаад хаясан байсан. Мөн урд чирж явсан “Портер”-ын хаалгыг хөшиж эвдээд, урд талын хайрцгийг эвдээд дотор байсан зүйлийг гаргаж хаясан байсан. Авто үнэлгээний төвөөр хийлгэсэн үнэлгээгээр 257.000 төгрөгийн эвдрэл учирсан байгаа. Мөн ажлын хөлсийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-61 х/
Хохирогч Н.Түмэндэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нөхөр Ууганхүү хамаатныхаа Эрдэнэбат гэх ахын машиныг өөрийн “Портер” маркийн машинаар чирж яваад Тахилт гэдэг газар машинаа цоожилж яваад удахгүй машин дээрээ буцаад ирэхэд нь машинд танихгүй хүн орж сууж байсан гэсэн. Тэгээд тэр хүнийг гаргах гэхэд гарахгүй байхаар нь цагдаа дуудаж гаргасан гэсэн. Тэгэхэд машины жолооч талын хаалгыг хөшиж онгойлгож ороод урд хайрцагны тагийг хугалсан байсан гэсэн. Машин засах төлбөрийг албан ёсны үнэлгээний газраар хийлгэж баримт болгон гаргаж өгсөн. Энэ мөнгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63 х/
Эд зүйлийн үнэлгээнд: /Х.Эрдэнэбатын Соната-3 маркийн машин/:
- Толь 30.000 төгрөг
- Борооны хаалт 5.000 төгрөг
- Хаалганы бариул 8.000 төгрөг
- Хөгжимны 20.000 төгрөг
- Хөгжим 25.000 төгрөг
- Ричак 25.000 төгрөг
- Хаалга 25.000 төгрөг
- Хаалга 20.000 төгрөг, шууд зардлын дүн 158.000 төгрөг,
- 200 гр будаг, тус-мат, лак 24.000 төгрөг
- Будах зардал 60.000 төгрөг
- Эд анги солих 15.000 төгрөг, шууд бус зардлын дүн 99.000 төгрөг, нийт 257.000 төгрөг /хх-ийн 71-72 х/
Эд зүйлийн үнэлгээнд: /Н.Түмэндэлгэрийн Портер маркийн машин/:
- Салоны хайрцаг 20.000 төгрөг
- Хаалга 22.000 төгрөг, шууд зардлын дүн 42.000 төгрөг,
- 100 гр будаг, тус-мат, лак 15.000 төгрөг
- Будах зардал 45.000 төгрөг, шууд бус зардлын дүн 60.000 төгрөг, нийт 102.000 төгрөг /хх-ийн 69-70 х/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-66х/
Гэрч Х.Ууганхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай хамаатан Эрдэнэбатын машин эвдрээд би өөрийнхөө машинтай очиж чирээд Тахилт руу гэр рүү нь аваачиж өгсөн. Тэгээд Тахилт руу орж явтал гудамжинд миний машин чирж дийлэлгүй хий эргээд зогссон. Тэгээд бид 2 машинаа орхиод өөр машин авч ирэхээр яваад 20 гаруй минут болоод машин дээрээ иртэл 1 согтуу залуу миний машинд суучихсан, машиныг асаасан байхаар нь би “буу” гэтэл буухгүй, хаалга дотроос нь түгжсэн байсан. Тэгэхээр нь цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирээд тэр залууг авч яваад би машиндаа ортол машинаа урд хайрцаг, жолооч талын хаалга эвдсэн байсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68 х/
Гэрч Д.Батгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үүрэг гүйцэтгэж байхад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгай гудамжинд хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлага ирсний дагуу очиж шалгахад цэнхэр өнгийн “Портер”, ногоон өнгийн “Соната-3” маркийн машинууд цувраад зогссон. Гадаа нь 3-4 эрэгтэй хүн байснаас “юу болсон” талаар асуухад “машинд 1 согтуу залуу суучихаад хаалга тайлж өгөхгүй, дотроос цоожилчихоод байна” гэхэд нь машин дээр очиж гаднаас нь гар чийдэн тусгаад “цагдаа байна, хаалга тайл “ гэхэд тэр согтуу залуу хаалга тайлсан. Тэгээд тэр залууг хэлтэс дээр авч ирж саатуулсан. “Портер” машины салон болон хаалгыг эвдсэн, толийг хугалсан, “Соната-3” маркийн машины дотор салон хөгжимний хэсэг болон кропны речак зэргийг эвдсэн байсан. Машинаас ямар нэг зүйл алга болоогүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87 х/
Н.Ганжигүүрийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эрүүлжүүлэгдсэн тухай баримт /хх-ийн 105 х/
Шүүгдэгч Н.Ганжигүүрийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Машаа гэдэг залуутай найз Галаагийн машинд сууж байгаад 1 шил архи, 1 том пиво уугаад тэр хоёроос салаад гэр рүүгээ харьж байхдаа нилээн согтсон байсан ба гудамжинд зогсож байсан 2 машиныг эвдсэн байна лээ. Нэг ухаан орсон чинь ачааны “Портер” маркийн машин дотор ороод суучихсан. Хаалгыг нь дотроос нь түгжсэн байсан ба цагдаа нар ирэхэд буусан. Тэгээд цагдаа ирээд намайг цагдаагийн газар руу авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102 х, 197 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нолтох баримтуудаар,
Шүүгдэгч Н.Ганжигүүр нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр эх М.Болормаагийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн болох нь:
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр яллагдагч Н.Ганжигүүрийг эх М.Болормаагийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай баримт /хх-ийн 151-152 х/
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 40 дугаартай Шүүгдэгчийг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамж, холбогдох баримт /хх-ийн 162-163 х/
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай, 48 дугаартай Батлан даагчид торгууль ногдуулах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 164-166 х/
Тахарын ерөнхий газраас Н.Ганжигүүрийг эрэн сурвалжилсан тухай баримтууд /хх-ийн 167-171 х/
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 118 дугаартай Н.Ганжигүүрт холбогдох эрүүгийн 201526012399 дугаартай хэргийг түдгэлзүүлж, эрэн сурвалжлах тухай шүүгчийн захирамж, холбогдох баримт /хх-ийн 173-176/
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Н.Ганжигүүрийг эрэн сурвалжилсан тухай баримтууд /хх-ийн 173-176 х/
Гэрч Н.Мэнд-Амарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ах Ганжигүүр манай гэрт 2016 оны 12 дугаар сарын эхээр ирсэн. Ирэхдээ Сүхбаатар аймагт барилгын ажил хийж байгаад ирлээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86 х/
Гэрч Т.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатараас Эрдэнэтийн чиглэлийн суудлын 273-р галт тэргэнд цагдаа ахлах ахлагч Г.Түвшинбаатарын хамт үүрэг гүйцэтгэж 2017 оны 01 дүгээр сарын 14-ны өглөө 09 цагт Улаанбаатар хотод ирсэн. Эрдэнэтээс галт тэрэг хөдлөөд Хөтөл орох гээд явж байх үед нийтийн вагонд цонх хүн хагалчихлаа гэж дуудлага ирсний дагуу 5-р вагонд очиж сэжигтэй этгээдүүдийн бичиг баримтуудыг нэг бүрчлэн шалгаж үзэхэд Нармандахын Ганжигүүр гэгч нь регистрийн дугаараа буруу хэлж бичиг баримтгүй тасалбар авч галт тэргэнд суусан байсан ба Төмөр замын цагдаагийн газрын жижүүр рүү утсаар ярьж овог нэр бичиг баримтыг нь шалгахад эрэн сурвалжлахаар зарласан байсан хуяглан Улаанбаатар хотод ирж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Батсайханд хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 187-188 х/
Гэрч М.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү Н.Ганжигүүр нь 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс гэртээ хүүхэд харангаа шүүхэд очиж цагаа бүртгүүлээд явсан ба би хохирогчийнх нь хохирлыг барагдуулъя гээд ажилд орсон байхад гэрээсээ гарч яваад 2 хоноод ирэхгүй байхаар нь би ажлаасаа гарч хүүгээ аваад нөхөртэйгээ Багануур луу ажил хийхээр явсан ба Ганжигүүрийн хойноос ерөөсөө яваагүй. Сэлэнгэ аймгийн Сайхан суманд Ганжигүүрийн төрсөн дүү Мэнд-Амар гэж байдаг ба тэнд байгаа талаар Ганжигүүр надад хэлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 185 х/
Шүүгдэгч Н.Ганжигүүрийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би шүүхээс оргон зайлсан хугацаанд Сүхбаатар аймагт барилгын ажил хийж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Сэлэнгэ аймгийн Хөтөл/Сайхан/ суманд дүү Мэнд-Амарын гэрт байсан тэндээсээ цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102 х, 197 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.
Түүнчлэн шүүгдэгчийн өөрийнхөө үйлдсэн хэргийг хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болохыг дурдав.
Харин Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Н.Ганжигүүрт холбогдуулан ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн орчим Сонгиохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын гудамжинд байрлуулсан байсан Х.Эрдэнэбатын эзэмшлийн 29-88 УНИ улсын дугаартай “Соната-3” маркийн автомашины эд зүйл, иргэн Н.Түмэндэлгэрийн эзэмшлийн 85-82 УНХ улсын дугаартай “Портер” маркийн автомашины эд зүйлийг санаатайгаар эвдэж гэмтээсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар зүйлчилснээс, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.
Учир нь, шүүгдэгч Н.Ганжигүүр нь танхайрах явцдаа бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн болох нь тогтоогдоогүй байна.
“Танхайрах гэмт хэрэг” нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө өөрийн ичгүүр сонжуургүй , догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтаг шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, дарамтлах, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлсэн зэрэг үйлдлүүдээр илрэн гардаг.
Гэтэл хэргийн үйл баримтаар буюу хохирогч Х.Эрдэнэбатын “...2 машинаа зам дээр хаяж яваад эргээд ирэхэд 2 машины 2 талынх нь гэрэл ассан байхаар нь очиход “Портер”-ын кабинд 1 согтуу залуу суучихсан байсан ба буу гэхэд нөгөө залуу хаалга тайлж өгөөгүй тул цагдаа дуудаж ирүүлээд миний машиныг онгойлгоод хартал машины эд зүйлийг эвдээд, хугалаад хаясан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-61х/,
гэрч Х.Ууганхүүгийн “...2 машинаа орхиод өөр машин авч ирэхээр яваад 20 гаруй минут болоод машин дээрээ иртэл 1 согтуу залуу миний машинд суучихсан, машиныг асаасан байхаар нь би “буу” гэтэл буухгүй, хаалга дотроос нь түгжсэн байсан. Тэгэхээр нь цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирээд тэр залууг авч яваад би машиндаа ортол машинаа урд хайрцаг, жолооч талын хаалга эвдсэн байсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68 х/
гэрч Д.Батгэрэлийн “...үүрэг гүйцэтгэж байхад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгай гудамжинд хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлага ирсний дагуу очиж шалгахад цэнхэр өнгийн “Портер”, ногоон өнгийн “Соната-3” маркийн машинууд цувраад зогссон. Гадаа нь 3-4 эрэгтэй хүн байснаас “юу болсон” талаар асуухад “машинд 1 согтуу залуу суучихаад хаалга тайлж өгөхгүй, дотроос цоожилчихоод байна” гэхэд нь машин дээр очиж гаднаас нь гар чийдэн тусгаад “цагдаа байна, хаалга тайл “ гэхэд тэр согтуу залуу хаалга тайлсан. Тэгээд тэр залууг хэлтэс дээр авч ирж саатуулсан. ...Автомашинуудын эд зүйлийг эвдсэн байсан. Машинаас ямар нэг зүйл алга болоогүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87 х/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ганжигүүр нь танхайрсан болох тогтоогдоогүй, түүний үйлдэлд “Танхайрах” гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж болох обьектив талын шинжгүй байна. Өөрөөр хэлбэл, Н.Ганжигүүр нь олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэсэн үйлдэл хийсэн буюу хохирогч нарт хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр дайрсан, тэдгээрт агсам тавих, хэл амаар доромжлох, хэрүүл маргаан өдөх зэргээр нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл хийсэн нь тогтоогдоогүй байна.
Харин шүүгдэгч Н.Ганжигүүр нь бусдын эзэмшлийн автомашинуудын эд ангийг санаатайгээр эвдэж гэмтээсэн байх тул нийлмэл гэмт хэргээр бус зөвхөн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэсэн зүйл ангиар зүйлчлэх нь зөв гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Ганжигүүрийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэлийг оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч Н.Ганжигүүр нь Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан /хх-ийн 109-111 х/, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилсөн, уг ялаа эдэлж байгаад 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 07 хоногийн хорих ялыг өршөөн хасаж, суллагдсан байх бөгөөд уг өдрөөс эхлэн түүний ялтай байдал тоологдож эхэлсэн байна./хх-ийн 112, 199-202 х/
2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т зааснаар “...эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасныг үндэслэн мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганжигүүрийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Иймд шүүгдэгч Н.Ганжигүүрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхээр байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Н.Ганжигүүр нь гэмт хэргийн улмаас бусдад нийт 1.859.000 төгрөгийн хохирол учруулснаас, хохирогч Б.Отгонбаярт 1.500.000 төгрөг, хохирогч Х.Эрдэнбатад 257.000 төгрөг, хохирогч Н.Түмэндэлгэрт 102.000 төгрөгийг төлөх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Ганжигүүрт ял шийтгэл оногдуулахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Н.Ганжигүүр нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн 2017 оны 02 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 32 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов. /1 хх-ийн 192/
Шүүгдэгч Н.Ганжигүүрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 284, 286, 290, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганжигүүрийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
2.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ганжигүүрт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүгдэгч Содномынхон овогт Нармандахын Ганжүүрийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Шүүгдэгч Н.Ганжигүүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганжигүүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорихын зарим болох 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Ганжигүүрийн эдлэх 4 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганжигүүрийн цагдан хоригдсон 32 хоногийг түүний ял эдэлсэн хугацаан оруулан тоолсугай.
8. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганжигүүрээс 1.859.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Отгонбаярт 1.500.000 төгрөг, хохирогч Х.Эрдэнэбатад 257.000 төгрөг, хохирогч Н.Түмэндэлгэрт 102.000 төгрөгийг тус тус олгосугай.
9. Шүүгдэгч Н.Ганжигүүрт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ганжигүүрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ганжигүүрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ