Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
Хэргийн индекс | 111/2020/0016/З |
Дугаар | 111/ШШ2020/0023 |
Огноо | 2020-10-30 |
Маргааны төрөл | Газар, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 111/ШШ2020/0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгох, Л.*******д олгосон сумын 1 дүгээр багт байрлах гэх өвөлжөө, гэх хаваржааны газруудад Д.******* намайг хамтран эзэмшигчээр бүртгэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.*******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Жавзансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ийн ******* миний бие 2015 оноос эхлэн сумын 1 дүгээр багт байрлах гэх өвөлжөөний газар мөн гэх хаваржааны газруудад хашаа хороо барьж, буулгаж айл хаваржиж, өвөлжихөд тав тухтай болгож барьж бүтээсэн. Энэхүү өвөлжөө, хаваржааны газар дээрээ гэрчилгээ гаргуулахаар 2015 оны 05 дугаар сард тус сумын 1 дүгээр багийн иргэн ******* овогтой *******тэй /айл саахалтаар хамт бууж амьдардаг/ хамтран эзэмшихээр болж тус газруудад газар эзэмших гэрчилгээг гаргуулан авч, өвөлжөө, хаваржааны ямар нэгэн маргаангүй өдийг хүртэл хамтран эзэмшиж ирсэн. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 20-ны үед сумын газрын даамал ******* гэх эмэгтэй надад хандан газрын гэрчилгээ шинэчлэгдэж байгаа аймгийн төвөөс манай дээр шалгалт ирэх гэж байгаа танайхан газрын гэрчилгээгээ авчирч өгч солиулаарай гэж хэлсэн.
Ингээд би газрын гэрчилгээгээ *******т 2020 оны 03 дугаар сарын сүүлчээр авчирч өгчхөөд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр суманд ирж газрын даамал *******ээс гэрчилгээгээ авъя гэхэд гэрчилгээнд таныг хамтран эзэмшигчээр оруулаагүй. Хамтран эзэмшигчээс хассан гэж хэлсэн. Хариуд нь би яагаад намайг хасаж байгаа юм бэ гэхэд танд хэлэх шаардлага байхгүй Л.*******гийн өргөдлийн дагуу өөрийг чинь гэрчилгээнээс хассан гэж хэлсэн. Хамтран эзэмшигчийн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрхийг минь хууль бусаар зөрчсөн үйлдэл гаргасанд миний бие гомдолтой байна.
Дээрх гомдлоо аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан бөгөөд гомдлын хариуг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гардан авсан. Мөн Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 111/Ш32020/0058 дугаар шүүгчийн захирамжийн дагуу аймгийн Засаг даргад 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өргөдөл гаргаж, өргөдлийн хариуг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гардан авсан. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Л.*******д сумын 1 дүгээр багт байрлах гэх өвөлжөөний газар мөн гэх хаваржааны газруудыг эзэмшүүлэхээр гаргасан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгож, энэхүү өвөлжөө, хаваржааны газарт Д.******* намайг хамтран эзэмшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар өөрчлөөд Л.*******д эзэмшүүлсэн гэрчилгээн дээр хамтран эзэмшигчээр бүртгүүлэхийг захиргааны байгууллагад даалгаж өгнө үү гэж өөрчилж, сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Монгол улсын Үндсэн хуулийн 6.2-т зааснаар Монгол улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар түүнчлэн газрын хэвлий, баялаг ой, уусны нөөц, ан амьтан төрийн нөөц, төрийн нийтийн өмч гэж заасан байдаг. Газрын тухай хуулийн 52.7-т зааснаар өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж заасан. Д.******* нь 2015 оноос хойш гэх өвөлжөө гэх хаваржааны газар дээр бууж өөрийн зардал, хөдөлмөрөөр хашаа, хороо барьж байгуулж байсан. 2020 оны 03 дугаар сард сумын газрын даамал ******* нь гэрчилгээгээ солиул гэж хэлэхээр нь гэрчилгээгээ аваачиж өгөөд буцааж авах гэтэл хамтран эзэмшигч байсныг хассан гэсэн. Л.******* нь хүсэлт гаргасан учир хамтран эзэмшигчээс хассан гэж хэлсэн. Захиргааны байгууллага хамтран эзэмшигчээр хуулийн шаардлага хангаад бүртгэсэн бол буцаад хасахдаа Д.*******г дуудаж, тухайн үйл явдлыг зөв зүйтэй ойлгуулж, яагаад хасаж байгаа ямар үндэслэлээр хасах болсон талаар тайлбарлах нь зүйтэй байсан гэж үзэж байна. Өмгөөлөгч миний зүгээс хамтран эзэмшигчээр гэрчилгээн дээр бүртгэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг нь дэмжиж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* нь анх 2005 онд өвөлжөө , хаваржаа Саамал гэх газруудад газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байдаг. Уг гэрчилгээгээ солиулах хүсэлтээ 2016 онд өргөдлөө гаргаж, мөн Д.*******г хамтран эзэмшигчээр оруулах хүсэлтээ өгсөн байдаг. 2016 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг сольж, мөн гэрчилгээний ар талд Д.*******г хамтран эзэмшигчээр бүртгэсэн. 2018 оноос хойш Д.******* мөн Л.*******гийн эхнэр нарын хооронд маргаан үүссэн. Уг маргаан нь Д.******* нь Л.*******гийн гэрчилгээг нь авчхаад өгөхгүй өдий хүрсэн тухай, энэ 2 айл хоорондоо таарч тохирохгүй бие биеэ муу муухай үгээр доромжилж байдаг тухай гомдол, санал зөндөө ирдэг байсан. Миний зүгээс Д.*******тай удаа дараа уулзаж заавар зөвлөгөө өгч Л.*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь өгчих гэж хүртэл хэлсэн. Ингээд 2020 оны 03 сард надад Л.*******гийн гэрчилгээг солиулахаар өгсөн. 2016 оны гэрчилгээ нь тухайн үед багийн иргэдийн Нийтийн Хурлаар ороогүй учир 2016 онд бичигдсэн газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон. Энэ хүчингүй болсон тухайгаа 2019 оны хавар буй 4 сард Л.*******д хэлж багийн иргэдийн Нийтийн Хурлаар оруулж, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж гэрчилгээг шинэчлэн олгосон. 2020 оны 03 сард гэрчилгээг нь өгөхдөө Д.******* нь миний нэр дээр гэрчилгээг шууд гаргаад өгчих гэж хүртэл надад хэлж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 29-нд Л.******* нь гэрчилгээгээ авах гэж ирэхдээ Д.*******г хамтран эзэмшигчээс хасуулах өргөдлөө өгсөн. Ямар ч үндэслэлгүйгээр Д.*******гийн гэрчилгээг би Л.******* гэх хүнд гаргаж өгөөгүй бүгд хууль, дүрэм, журмын дагуу хийгдсэн. Д.******* мөн эхнэр нь намайг элдэв бусаар дуудаж Л.******* гэх хүнээс хонь авсан гэж хүртэл доромжилсон миний хувьд ч гомдолтой байна. Д.******* нь Л.*******г өвөлжөө, хаваржааны газартаа буух гэхээр буулгадаггүй хөөдөг гэж хүртэл айл саахалтын хүмүүс хүртэл удаа дараа гомдол ирүүлж байсан гэв.
Гуравдагч этгээд Л.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.******* би тус шүүхэд сумын иргэн Д.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцож байна. Д.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Д.*******гийн нэхэмжлэлд дурдсан сумын нэгдүгээр багийн нутаг өвөлжөөний, " " хаваржааны газруудад миний аав, ээж насаараа мал маллаж амьдарч ирсэн бөгөөд ээж маань нас барахаасаа 2010 оны үед надад эзэмшүүлэхээр хүсэлт гаргаж улмаар уг 2 газар миний нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ нь гарч байсан. Нэхэмжлэгч Д.******* нь 2015 онд манайхтай айл буухаар болсон бид дургүйцээгүй буулгасан удалгүй танай газрыг хамтран эзэмшье гэсэн би тодорхой хариу хэлээгүй манай эхнэр болохгүй гэж хэлж байсан. Гэтэл өвөлжөөний газрыг хамтран эзэмшихээр гэрчилгээ гаргуулсан байсныг саяхан мэдсэн. Биднээс тухайн үед зөвшөөрөл аваагүй бичиг баримтыг гаргуулаад өөрөө авчхаад надад өгөөгүй. Д.******* өөрөө олон тооны газартай байж ядарсан бидэнтэй өвөг дээдсээс өгсөн алга дарам газрыг авах гээд булаацалдаад байгаад үнэхээр гомдолтой байгаа. Манай эхнэр ******* сумын газрын даамал Номинчимэгтэй очиж уулзахад Д.******* танай хаваржааг дангаараа эзэмшихээр өргөдөл өгсөн байгаа, та зөвшөөрөх үү гэхээр нь юу гэсэн үг юм бэ 2015 онд манай газрыг хамтран эзэмшүүлэхээр гэрчилгээ гаргасан сураг байсан тэр үед биднээс хэнээс нь ч зөвшөөрөл аваагүй хууль бус юм хийсэн байсан. Тэгвэл би хамтран эзэмшүүлэхээр гаргасан гэрчилгээг хүчингүй болгуулна. Тэр гэрчилгээг одоо хүртэл бид үзэж хараагүй байгаа гэж хэлээд өргөдөл өгсөн байсан. Ингээд 2020 оны 06 дугаар сарын 26-нд гарсан гэрчилгээг очиж авсан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тоот захирамж нь хууль зүйн үндэслэлтэй үзэж байна. Би өөрөө сэтгэцийн өвчний учир группэд байдаг. Намайг ядарсан амьдралтай болохоор Д.******* нь манай эхнэр бид 2-ыг байнга дарамталж, зодож доромжилдог. Сүүлд эхнэртэйгээ нийлж 2020 оны 02 дугаар сарын 28-нд зодож бид 2 биедээ гэмтэл авч эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн бөгөөд энэ асуудал одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Иймээс Д.*******гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хоорондын харилцаа түүний үр дагавар нь захиргааны байгууллагуудын үйл ажиллагаагаар баталгаажиж явдаг. Гуравдагч этгээд, нэхэмжлэгч хоёр нь эвлэрэх боломжтой. Гэхдээ нэхэмжлэгчийн тал дээр захиргааны байгууллагаар л шийдвэрлүүлэх хүсэлтэй тэрнээс биш эвлэрэх талаар Л.*******тэй очиж ярилцсан зүйл байхгүй. Л.******* гэдэг хүний газар нь 2005 оноос үүдэлтэй газар 2010 онд эцгээс нь өвлөгдөн ирж одоог хүртэл явж байгаа. Хамтран эзэмшигчээр хэнтэй хамт бүртгүүлэх эсэх нь Л.*******гийн хуулиар олгогдсон эрх, хамтран эзэмшигч нь өөрөө хүсэлтээ гаргаад захиргааны байгууллагад хандвал захиргааны байгууллага бүртгэхэд татгалзах зүйлгүй. Хэрвээ захиргааны байгууллага хууль зүйн үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзаж байгаа бол нэхэмжлэгчийн гаргаж байгаа хамтран эзэмшигчээр даалгах эрх байгаа. Гэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Д.******* нь хамтран эзэмшигчээр бүртгүүлээд өгөөч гэсэн хүсэлт байдаггүй, тийм учраас захиргааны байгууллагад бүртгэхийг даалгах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Д.******* үндсэн эзэмшигчийн эрхийг хязгаарлаж гэрчилгээг нь өгөхгүй сүүлд газрын даамал ******* авч өгсөн байдаг. Хамтран эзэмшихэд үндсэн эзэмшигч, хамтран эзэмшихийг хүссэн иргэн хоёрын харилцан зөвшилцөж гаргасан хүсэлт байх ёстой, гэтэл тийм зүйл байдаггүй. Харин Л.******* нь 3 жилийн турш Д.*******г хамтран эзэмшигчээс нь хасаад өгөөч гэж удаа дараа хүсэлт тавьж байж, хасуулсан. Энэ зүйл нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд хандаж, Баянхонгор аймгийн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгох, Л.*******д олгосон сумын 1 дүгээр багт байрлах гэх өвөлжөө, гэх хаваржааны газруудад Д.******* намайг хамтран эзэмшигчээр бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа гэх өвөлжөө, гэх хаваржааны газруудыг Д.******* надад хамтран эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, Л.*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр бүртгэхийг даалгах гэж өөрчилсөн.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.******* сумын 1-р багт байрлах гэх өвөлжөө, гэх хаваржааны газруудыг Л.*******д эзэмшүүлэхээр гаргасан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Нэг. гэх өвөлжөө, гэх хаваржааны газруудыг Д.******* надад хамтран эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, Л.*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр бүртгэхийг даалгах шаардлагын тухайд:
Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багт байрлах гэх өвөлжөө, гэх хаваржааны газруудыг сумын Засаг даргын 2005 оны 27 дугаар захирамжийн дагуу 2010 онд Л.*******тэй газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээг олгож, хамтран эзэмшигчээр *******, ******* нар бүртгэгджээ.
сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжаар Л.*******д гэх өвөлжөө, гэх хаваржааны газруудыг эзэмшүүлж, Л.*******гийн гаргасан хүсэлтийн дагуу хамтран эзэмшигчээр Д.*******г бүртгэсэнбайна.
Гэтэл сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаар захирамжаар ...Өвөлжөө, хаваржааны зориулалттай газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй 2014 оны 21, 78 дугаартай захирамж, 2015 оны 81 дугаартай захирамж, 2016 оны 01, 52, 90 дугаар тоот захирамжуудыг хүчингүй болгосугай... гэснээр сумын Засаг даргын 2016 оны 52 дугаар захирамжаар Л.*******д гэх өвөлжөө, гэх хаваржааны газруудыг эзэмшүүлж, хамтран эзэмшигчээр Д.*******г бүртгэсэн байсан нь хүчингүй болжээ.
Уг захирамжид иргэд болон нэхэмжлэгч Д.******* нь гомдол, нэхэмжлэл гаргаагүй нь хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэхүү захирамж өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчлэлтэй байна.
Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Л.*******д дээрх өвөлжөө, хаваржааны газруудыг эзэмших эрхийн гэрчилгээг олгож, хамтран эзэмшигчээр Д.*******г бүртгэсэн гэрчилгээн дээр ... сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар захирамжийг үндэслэн... гэсний дагуу уг захирамжийг эрх бүхий байгууллагаас шаардахад тус гэрчилгээн дээр андуурч, буруу бичигдсэн, ийм захирамж гараагүй гэснийг дурдах нь зүйтэй.
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, 21.4.3-т энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах. 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна., 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж заасан гэж тус тус хуульчилжээ.
сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр захирамжаар Л.*******д гэх өвөлжөө, гэх хаваржааны газруудыг эзэмшүүлж, гэрээ байгуулан, гэрчилгээг олгосон байна.
Л.******* нь сумын Засаг дарга, газрын даамал нарт хандаж, 2018 оны 11 дүгээр сарын 26, 2019 оны 12 дугаар сарын 10, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус тус гаргасан хүсэлтдээ ...газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр байгаа Д.*******г хамтран эзэмшигчээс хасуулмаар байна, шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.
Харин Д.******* нь сумын Засаг дарга, газрын даамал нарт хандаж, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ...хуулийн дагуу хамтран эзэмшдэг өвөлжөөг Д.******* миний нэр дээр гэрчилгээ олгож, шинэчилж өгнө үү... гэсэн хүсэлтийг гаргасан байх ба харин гэх өвөлжөө, гэх хаваржааны газруудыг Л.*******тэй хамтран эзэмшигчээр Д.*******г бүртгэж, гэрчилгээнд бичилт хийлгэх тухай хүсэлтийг сумын Засаг дарга болон газрын даамалд гаргаж байгаагүй нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, мөн нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, энэ талаар баримт байхгүй зэргээс харагдаж байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан гэх өвөлжөө, гэх хаваржааны газруудыг Д.*******д хамтран эзэмшүүлэх захирамж гаргаж, Л.*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Түүнчлэн Л.******* энэ талаар хүсэлт гаргаагүй бөгөөд Л.*******, түүний эхнэр Н.*******, Д.******* нар нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн хуудсаар Д.*******д торгох шийтгэл ногдуулсныг дурдах нь зүйтэй.
Хоёр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдааны явцад сумын 1-р багт байрлах гэх өвөлжөө, гэх хаваржааны газруудыг Л.*******д эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг батлах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гаас Баянхонгор аймгийн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан гэх өвөлжөө, гэх хаваржааны газруудыг Д.******* надад хамтран эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, Л.*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч Д.******* сумын 1-р багт байрлах гэх өвөлжөө, гэх хаваржааны газруудыг Л.*******д эзэмшүүлэхээр гаргасан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА