| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0592/З |
| Дугаар | 221/МА2026/0295 |
| Огноо | 2026-05-05 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2026/0295
Г.Г-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Зоригтбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Д.Гнар
Нэхэмжлэгч: Г.Г
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Иргэн Б.Бт газар эзэмших эрх олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/287 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх олгохгүй байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид 1-41 тоот хаягт байрлалтай газрыг эзэмшүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0250 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Д.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0592/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0250 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-н Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан "Иргэн Б.Бт газар эзэмших эрх олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/287 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх олгохгүй байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид 1-41 тоот хаягт байрлалтай газрыг эзэмшүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:
2.1. “...2017 онд н.М-тай тохиролцсоны үндсэн дээр газрыг шилжүүлэн авч улмаас 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүсэлт гаргаж, 2024 оны 02 дугаар сарын 26-нд давхацсан гэсэн хариу өгсөн гэж нэхэмжлэгчийн байр суурийг илт бүрхэгдүүлэн дүрсэлж тодорхойлсноос “нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй” гэсэн шийдвэрт хүрэх шалтгаан болсон гэж үзээд давж заалдаж байна.
- 2017 онд худалдаж авсан.
- Зарсан н.М уг газар дээрээ амьдарч байсныг хэсгийн ахлах ч хэлсэн, өөрөө ч шүүх хурал дээр мэдүүлсэн.
- Чингэлтэй дүүргийн газрын албан дээр очиж материалуудаа бүрдүүлж, тамга тэмдэг бүхий гэрчилгээ авах тасалбар авсан. Кадастр дээр ч 2017 он тодорхой бий.
- Уг тамгатай бичгийг өгсөн, материал бүрдүүлж өгсөн газрын албаны ажилтан н.А 2017 онд хөөцөлдөж эхэлснийг гэрчилж мэдүүлсэн. Огт хүсэлт гаргахгүй 2022 онд л гаргасан мэтээр ойлгож болохгүй.
- 2017 оных нь материал бүртгэлд байхгүй үрэгдсэн гэж бодоход 2020, 2021 онд авсан материалуудын газрын албаны ажилтан н.Э яагаад бүртгэлд тусгаагүй 2022 яагаад албан ёсоор бүртгэлд авсан шалтгаан нь:
1. н.Б-ийн нэр дээр гэрчилгээг нь гаргасан.
2. н.А Чингэлтэй газрын албанд ажилдаа буцаж томилогдсон.
3. н.Н миний бүхэл бүтэн 7 жил ир! яв! гэсэн хугацаанд нь хэлснээр нь байсан ба анх материал бүрдүүлж өгсөн н.Ааас холбоо таслалгүй байнгын лавлагаатай байгаад байхаар материалыг маань авахаас өөр аргагүй болсон гэж үзэж байна. Ер нь тэр гэрчилгээг л ямар нэг заль аргаар авчихвал тэр нь хууль ёсны гэж үздэг байдал иргэдийг маш ирээх хохироодог юм байна. Ийм байдал олон гарч байгааг сонсож мэдэж байна. Хууль журмын дагуу ажиллах ёстой газрын алба буюу төрийн байгууллага, албан тушаалтан ийм шударга бус, хариуцлагагүй ажиллаж байгаад иргэн хүний хувьд жигшин зэвүүцэж байна.
2.2. Шүүх төрийн байгууллага, албан тушаалтан ном журмаараа ажиллаж байгаа гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байх шиг байна. Газрын албаны үйл ажиллагааг нягталбал:
2.3. Энэ 7 жилийн хугацаанд ямар процесс явагдаж байгааг л шалгуулж нягтлуулахыг хүсээд байгаагаас биш материал бүртгэлд авагдаагүй гэдгийг гэрчилгээ олгодог цонхноос маш олон янзаар шүүлгэж, лавлаж мэдсэн. Тийм болохоор анх материал бүрдүүлсэн н.А-г эрх хайгаад Баянзүрх дүүргийн Засаг даргын газрын албан дээр очиж уулзаж Чингэлтэй дүүргийн н.Этай яриулж материалаа удаа дараа өгч байсан.
2.4. Бид газрын албаны хашаа барьсан уу? Одоо амьдарч байгаа юу? Газар дээр юу байгаа вэ? Очиж шалгана, зуслан гарахаар гэх зэргээр асууж шалгаасан, зааварлаж зөвлөсний дагуу л хашаа байшингаа барьж төвхнөсөн. Гэтэл гэрчилгээ гаргуулсан гуравдагч этгээд н.Бээс мөн ингэж асуумаар юм. Энэ бол газрын албаныхны жижүүр үг гэдгийг бүхэл бүтэн 7-8 жил явж байгаа би мэддэг болсон. Тэгэхэд юу гэж хэлээд өөрийнх нь ширхэг банз ч ороогүй, огт тэр хавьд амьдарч байгаагүй, гаргуулсан кадастр нь манай хашаанаас зөрүүтэй, өөр хүмүүсийн амьдарч байгаа хашаа байшинг үзүүлчихдэг байна. Үзэлгүй, шалгаагүй, тулгалгүй, албаны ажиллагаа явуулалгүй, бариатай хашаа, кадастрын зөрүүг ч харалгүй, асуулгүй, зөрчлийг арилгуулахгүй гэрчилгээ олгочихдогийг огт ойлгохгүй байна. Гуравдагч этгээд газрын албаныхныг хуурч гэрчилгээ авсан уу? Хуйвалдсан гэх үү.
2.5. Ер нь гуравдагч этгээд худал мэдүүлэг өгч ирсэн. Шүүх хурал дээр болон тайлбар дээрээ зөөврийн сууц байрлуулсан, хүний газар хашаа байшин барихаа боль гэж хэлж байсан гэх мэтээр худал мэдүүлдэг. Газрын албаныхан ч гуравдагч этгээдийн талаар мэдэгдээгүй. Гуравдагч этгээд ч 2024 он гартал юу ч мэдэгдээгүй.
2.6. Уг нь энэ хэргийн нэхэмжлэгч нь бид биш гэрчилгээ авснаараа гуравдагч этгээд газрын албан биднийг хариуцагчаар татан нэхэмжилж байсан. 2020 онд материал өгөөд, 2022 онд гэрчилгээ авчихсан байж газрын албанд хандаж, хаалган дээр мэдэгдэл шаардлага наалгахгүй, наахгүй өдрийг хүрч байна. Газрын алба ажлаа хууль журмын дагуу явуулдаггүй, хариуцлагагүй, хяналтгүй, замбараагүй нь илт байна.
2.7. Төрийн байгууллага болон хувь хүнд итгэх итгэлээ алдаагүй учраас өөрийн хүрээнд зохих байгууллага дээр нь очиж лавлаад бичиг баримтаа бүрдүүлж өгсөн авснаа аман хэлцэл биш цаасан дээр баталгаажуулж гарын үсэг зуруулж авсан. Амралтын өдөр төрийн байгууллага дээр асуудал шийдвэрлүүлэхээр очоогүй, олон хүн хөлхсөн ажлын өдөр байсан. Тэгээд ч газрын алба амралтын өдөр ажилддаггүй, 2, 4 дэх өдөр ч иргэд хүлээж авдаггүй. Манай хашаа гуравдагч этгээдийн материал бүрдүүлж өгөхөөс өмнө бариулчихсан байсан тул бодит байдлаас зөрүүтэй кадастрыг шалгуулах хүсэлттэй.” гэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:
3.1. “...анхан шатны шүүхээс хэрэгт байгаа нотлох баримтыг дутуу үнэлсэн, огт үнэлээгүй орхигдуулан, хуулийг буруу хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20203 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн магадлалд шийдвэрүүдийн заалтуудыг бүрэн гүйцэт хангаж ажиллаагүй байна. Шүүгч нар нэхэмжлэлийн материалтай танилцаж, тогтоолд тусгахдаа 2017 оноос хойш амьдарч байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй гэж байгаа нь иргэн н.М уг газрын худалдсан, н.А 2017 онд уг газартай холбоотой материалыг Чингэлтэй дүүргийн газрын албанд материал хүлээлгэж өгсөн. Бичиг хэргийн ажилтан Т анх авч байхад нь материалаа удаа дараа шүүлгэж байсан. Н.Т-ийн томилогдсон он сар өдрийг тодруулж, гэрчээр оролцуулах хүсэлттэй байна.
3.2. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны А/127 тоот тушаалын хавсралтаар баталсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгож журмын 4.2-т эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь дэс дарааллын дагуу явагдана. 4.2.3-т хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Шүүх хуралдаанд шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-с “Хээрийн судалгаа хийсэн эсэх”-ийг тодруулахад хариулт өгч чадаагүй нь давж заалдах шатны тодруулах зайлшгүй биелүүлэх шаардлагатай үйл ажиллагаа хийгдээгүй байна. Мөн хуульд зөрчиж газрын гэрчилгээ олгогдсон нь байна гэж үзэж байна. Иймд гэрчилгээг хүчингүй болгох хүсэлттэй байна.
3.3. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хариуцагч байгууллага иргэдийн гаргасан өргөдлийг шат дараатай хүлээн авдаг ч иргэдтэй ямар нэгэн байдлаар харилцан холбоогүй ажиллаж байна. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д хүсэлт түүнд хавсаргасан баримт бичгийн сумын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч бүртгэлээс хасна” гэж заасныг ноцтой зөрчиж гэрчилгээ гаргасныг газар зохион байгуулалтын ажилтан Эыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, энэ хүнтэй холбоотой асуудлаар тодруулж асуух зүйл бидний зүгээс их байна. Давж заалдах шатны шүүхээс 32.32.5 дахь заалтыг тодруулахаар анхан шатны шүүх рүү буцаасан ч авч хэлэлцсэнгүй орхигдуулсан.
3.4. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан гэрчүүдийн мэдүүлэгт зөрүүтэй зүйл байвал нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно гэж заасны дагуу нүүрэлдүүлэн байцаалт авхуулах хүсэлттэй байна. Уг худалдаж авсан газар нь зуслангийн газар гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тавьж байгаа шаардлага, нотолж байгаа нотолгоо нь амьдарч байгаа нь тодорхойгүй, хаягийн зөрүүтэй, хаяг дээрээ байнга байдаггүй, бүртгэлд ороогүй гээд байгаа мөртлөө эдгээр шаардлагыг нотолгоо байхгүй н.Бт гэрчилгээ гаргасан нь хууль бус үйлдэл биш үү?
3.5. Шүүхээс манай газарт үзлэг хийснээ тогтоолд тусгахдаа зөөврийн сууц байх хэдий ч гэсэн нь маш хариуцлагагүй ноцтой дүгнэлтийг гуравдагч этгээдийн хуурамч мэдүүлэгт үндэслэн гаргасан гэж үзээд дахин нарийвчилсан үзлэгийг хийлгэх саналтай байна. Гуравдагч этгээд зөөврийн сууц гэж мэдүүлээд байсан тул үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэж шүүхэд хүлээлгэн өгсөн.
3.6. Үзлэг хийх үед өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүгд оролцсон. Уг байшин, хашааг барьсан хүмүүсийг гэрчээр оролцуулах шаардлагатай байна. Энэ хүмүүс хэдэн онд барьсан, хэдэн оноос амьдарч байсныг гэрчлэх юм. Байшин хашаа барьсан амьдарч байгаа үгүй нь гол асуудал биш. Хүсэлт гаргасан худалдан авсан нь чухал баймаар.
3.7. Гуравдагч этгээд байшин, хашаа бариагүй, амьдарч байгаагүй уг газрыг ашиглаж байсан н.Мтай ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй байгаа зэргийг шүүх дүгнэлтдээ анхаарал хандуулсангүй. Газрын албаны хамгийн шалгах үндсэн ажиллагааны нэг болох газар дээрх хашаатай кадастрын зургийг тулгаж авах ба гэрчилгээ олгохдоо зөрүүтэй байвал зөрүүг заавал арилгасны дараа гэрчилгээг олгох ёстой байдаг.
3.8. Иймээс н.М, н.Г нарын кадастрын зургийг гуравдагч этгээд н.Бийн кадастрын зургийг харьцуулахад одоо манай багаа хашаанаас их хэмжээний зөрүүтэй байгаа ба яг манай хашааны хойгуур авто замын усны зайлуулах сувгуудад цутгасан, зүүн талын хашаатай 2-3 цаг давхацсан байдаг. Иргэн н.Б-т газар эзэмших эрх олгосон 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/287 тоот захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1.Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулгаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Г.Г нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид 01-41 тоот 411 мкв газарт 2017 оноос амьдарч байгаа, 2017 оноос хойш уг газрыг эзэмших хүсэлтээ гаргасан гэж тайлбарлан тухайн үйл баримтыг нотлох зорилгоор тухай өргөдлийг бүртгэсэн тодорхойлолт болох иргэнд өгөх хувь гэх Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны тамга дарагдсан, хүлээн авсан хүний гарын үсэг хэсэгт Дгэж гараар бичсэн баримтыг нотлох баримтаар хавсарган ирүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
2.1 Нэхэмжлэгч Г.Г-ын дээрх хүсэлт 2017 оны өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэрт бүргэгдээгүй,
- өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягтаар нэхэмжлэгч Г.Г-ын өргөдөл 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 8 цаг 36 минутад № 01125-05-01055-22-т бүртгэгдэж, бичиг хэргийн ажилтан О.Т хүлээн авав гэсэн гарын үсэг зурсан бол гуравдагч этгээд Б.Бийн маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр № 01125-05-01004-20-т бүртгэсэн,
- нэхэмжлэгч Г.Г-ын 2022 оны гуравдагч этгээд Б.Бийн 2020 оны өргөдөл эх хувиараа,
- мөн 2021 оны сансрын зургаар шүүж үзэхэд уг маргаан бүхий газарт хашаа пин хоёроос өөр зүйл байхгүй байсан талаар,
- нэхэмжлэгч Г.Гын өргөдлийг хүлээн авсан гэх Д.Д-аас гэрчээр асууж мэдүүлэг авахад Д.Д нь мэдүүлэгтээ тус баримтад гарын үсэг зураагүй, өргөдлийг хүлээн аваагүй гэсэн мэдүүлэг өгсөн тул өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолтод зурагдсан гарын үсэг Д.Д-ийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр дээрх гарын үсэг Д.Д-ийн гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан,
- Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргаас / хуучнаар 19 дүгээр хороо/ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид 01-41 тоот хаягт хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрээр нэхэмжлэгч Г.Г амьдардаггүй З.Ж, Н.Чнар амьдардаг талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-н 40-54-р хуудас/ байна.
3. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан.
4. Гуравдагч этгээд Б.Б-ийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргасан өргөдлийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 287 дугаар захирамж гарган гуравдагч этгээд Б.Бт тус дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах маргаан бүхий нэгж талбарын 15012***** дугаартай 411 мкв газрыг эзэмшүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Г.Г-ын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тус дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргасан өргөдлийн дагуу гуравдагч этгээд Б.Б-т эзэмшүүлсэн газартай давхцуулан газар эзэмшүүлэх шийдвэр гаргах нь дээрх хуулийн шаардлагатай нийцэхгүй.
5. Өөрөөр хэлбэл маргаан бүхий 411 мкв газарт гуравдагч этгээд Б.Б-ийн эзэмших эрх түрүүлж үүссэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.Г нь гуравдагч этгээд Б.Б-т маргаан бүхий газарт 2022 онд газар эзэмших олгосноос хойш буюу 2022 оны 09 дүгээр сарын 23-нд маргаан бүхий газрыг эзэмшихийг хүсэж өргөдөл гаргасан нь бусдын эзэмшил газартай давхцаж байх тул түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх бөгөөд гуравдагч этгээд Б.Б-т маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн 2022 оны 287 дугаар захирамж хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч Г.Г-ын өргөдөлд албан бичгээр хариуг нь өгсөн баримт хэрэгт авагдсан тул хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 948 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР